Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00986

 

 

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2023/00116 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч С-, Т-р нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 9,894,735 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Т-рийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч С-, Т-р нар нь манай компанитай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 20,771,700 төгрөг зээлж авсан. Гэвч С-, Т-р нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэлд дахин гэрээ байгуулан 15,041,700 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөгийг М- ХХК-ийн захирал Б-гийн хаан банкны 5029703313 тоот дансанд шилжүүлэхээр тохирсон. Хэдийгээр зээлийн гэрээнд хариуцагч Т-р гарын үсэг зураагүй боловч зээлийн гэрээтэй хамааралтай болохоо хариуцагч хариу тайлбар дээрээ тусгасан байдаг. Хариуцагч С-, Т-р нар өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 14,078,218 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж зээлийн үлдэгдэл 6,596,700 төгрөг, алданги 3,298,035 төгрөг, нийт 9,894,735 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг багасгаж байна. Иймд хариуцагч нараас 9,894,735 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

2.Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Зээлийг төлөх үүрэг хүлээсэн этгээд нь С- биш. Хариуцагч талаас алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Хариуцагч нар нэхэмжлэгчийн бусдад төлөх өр төлбөрт тооцож, н.О-д 260,000 төгрөг, М- ХХК-д ажиллаж байсан Т.Н-т 730,000 төгрөгийг төлсөн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд нэхэмжлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Б- нь нэхэмжлэгчийн төлөөлөх эрх бүхий этгээд биш байна. Иймд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч Т-р 5,106,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа, харин үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т-рөөс зээлийн гэрээний үүрэг 6,596,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,341 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т-рөөс 120,497 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч Т-рийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Миний бие М- ХХК-аас тухайн үед авлагатай байсан. М- ХХК нь шинэ Налайх хороолол барьж буй барилгын компанид нийлүүлсэн элсний мөнгөө авч чадахгүй байсан тул миний захиалгаар авч буй орон сууцны үнэд бартерт тооцуулж байрыг зарагдахаар мөнгөө авахаар харилцан тохиролцсон байдаг. Тус орон сууц нь бартерт тооцсон байснаас болж уг байгууллага нь барьцаанд тавьж гэрчилгээ нь гарахгүй 2022 онд гарсан. Боломжоороо түлш, бууз бэлэн мөнгөөр төлж ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр харилцан ярилцаж, 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэн уг мөнгийг тус байгууллагаас авлагатай н.О- гэх эмэгтэйд өгнө гэсэн хүсэлт манай эхнэр С-ор бичүүлж авсан. Уг баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн. Үүнээс хойш н.О-д нийт 260,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон бараагаар өгсөн байхад шүүх хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж хасаж тооцсонд гомдолтой байна.

4.а.Мөн тухайн байгууллагын менежер Р.Н- гэх эмэгтэйд хүлээлгэн өгсөн, өөрөө авснаа хүлээн зөвшөөрч 740,000 төгрөгийг мөн шүүхээс хассанд гомдолтой байна. Зарим бэлэн өгсөн мөнгө болон түлшинд баримт аваагүйгээс болж хохирсон байхад нэмж баримтаар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа Р.Н-т өгсөн 740,000 төгрөг н.О-д өгсөн 260,000 төгрөгийг нийт 1,000,000 төгрөгийг нотлогдохгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 6,596,700 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж 5,596,700 төгрөг болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Т-рийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч С-, Т-р нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 14,078,218 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,894,735 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг багасгасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Т-рт 2016 онд элс, хайрга худалдаж, мөн оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,771,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулжээ. /хх-ийн 8-р тал/.

 

3.б.Хэдийгээр талууд дээрх гэрээг зээлийн гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө бодитоор шилжээгүй, харин өмнөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул тэдгээрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч М- ХХК-ийн өмнө төлбөрийн үүрэг хүлээсэн этгээд нь хариуцагч Т-р байна.

 

3.в.Мөн хэргийн 7 дугаар талд нэхэмжлэгч М- ХХК, хариуцагч С- нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй болно.

 

3.г.Нэхэмжлэгч М- ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 6,596,700 төгрөг, алданги 3,298,035 төгрөг, нийт 9,894,735 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хариуцагч Т-рөөс 6,596,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлээс С-д холбогдох хэсэг болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд журмын дагуу үнэлсэн байна.

 

4.Хариуцагч Т-р давж заалдах гомдолдоо ... нэхэмжлэгч Мон Элс ХХК-аас авлагатай н.О- гэх эмэгтэйд 260,000 төгрөг төлсөн, мөн тус компанийн менежер Р.Н-т 740,000 төгрөгийг тус тус төлсөн байхад нэхэмжлэлээс хасаж тооцоогүй гэжээ.

 

4.а.Гэвч хариуцагч дээрх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Хэргийн 12-13 дугаар талд авагдсан баримтад зөвхөн С- гарын үсгээ зурсан буюу энэ нь нэг талын баримт байна. Иймд тус баримтад үндэслэн, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн өмнөөс 260,000 төгрөгийг н.О-д төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

4.б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Р.Н- нь ... хариуцагчаас 730,000 төгрөг авч, М- ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч тус мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй, мөн гэрч Р.Н- нь хариуцагч Т-ртэй төрөл садангийн холбоотой байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2023/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т-рөөс 6,596,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлээс С-д холбогдох хэсэг болон 3,298,035 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ