Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2023/00219

 

 

 

 

 

 

 

 

2023 3 03

130/ШШ2023/00219

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.М. Хаяг: Б аймаг, Ө  сум 11 дүгээр багт оршин суух

Хариуцагч: Т.О. Хаяг: Б аймаг, Ө  сум 11 дүгээр баг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдаж авсан үнээс үлдсэн төлбөрт 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,273,500 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М ,

Хариуцагч Т.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Т.О д холбогдуулан түүнээс орон сууц худалдаж авсан үнээс үлдсэн төлбөрт 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,273,500 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Манай Т  төвөөс Т.О  нь 84,07 м.кв 3 өрөө байрыг м.кв-ыг нь 1,050,000 төгрөгөөр тооцож, 88,273,500 төгрөгт худалдан авсан. Байрны урьдчилгаа болох 60 сая төгрөгийг гэрээ хийхээс өмнө бэлэн төлөөгүй.

1.2 Т.О  нь 2020 оны 3 дугаар сарын 09-нд байрны урьдчилгаанд 10 сая төгрөг төлсөн. Үлдсэн 78,273,500 төгрөгийг банкнаас зээл авч өгөхөөр тохиролцсон. Банкнаас зээл авахын тулд манайхаас авах гэж байгаа байрыг Т.О ийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн. Тухайн үед байрыг барьцаанд тавьж зээл авч өгнө гэхээр бид итгэж Т.О ийн нэр дээр байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн ба банкны шаардлага хангасан гэрээ хийсэн болно.

1.3 Уг байрыг барьцаалж Т.О  нь 2020 оны 3 дугаар сард Х  банкнаас их хэмжээний зээл авсан боловч байрны үлдэгдэл мөнгийг төлөлгүй өөрийн хувийн бизнесийг өргөжүүлэн эргэлтэд оруулж биднийг залилсан. Гэрээндээ 60 сая төгрөгийг бэлэн өгсөн гэж бичигдсэн нь банкны төлөө тэгж гэрээ хийсэн. Байрны урьдчилгаа мөнгийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 10 сая төгрөгийг миний Х  банкны дансанд, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20 сая төгрөгийг миний хүү А йн дансанд, 2021 оны 4 дүгээр сарын 13-нд эхнэр А.М ы дансанд 5 сая төгрөг, 2021 оны 7 дугаар сард 8 сая төгрөгт цемент, 2021 оны 9 дүгээр сард 3 сая төгрөгт цемент, 2021 оны 12 дугаар сарын 18-нд 10 сая төгрөгийг миний дансанд, 2022 оны 4 дүгээр сард 4 сая төгрөгт цемент, нийт 45 сая төгрөг ба 15 сая төгрөгт цемент өгсөн байна. Т.О ийн бичсэн тайлбарт өгсөн гэх 15 сая төгрөг болон цемент бүгд дээрх тооцоо болох 60 сая төгрөгт орсон байгаа ба 7 сая төгрөгийн тээврийн хөлс гэдэг нь үндэслэлгүй худлаа.

1.4  Орон сууны үнээс 60сая төгрөг төлбөр төлсний дараа нэг ч төгрөг өгөөгүй. Хэрэв Т.О  нь  хэлснээр бидэнд төлөөд үлдэгдэл төлбөр болох 28,273,500  төгрөгийг дараа нь хувааж төлсөн бол  дээрх 45 сая, 15 сая төгрөгийн цемент хамт нийт 50сая төгрөг болж илүү төлбөр төлсөн харагдаж байна.Иймд Т.О ийн тайлбар ямар ч үндэслэлгүй байгаа нь үүгээр нотлогдож байна.

1.5 Гэрээнд алданги төлөх тухай заалт байгаа.Т.О  нь зээл аваад үлдэгдэл төлбөрөө удаахгүй шууд өгнө гэсэн болохоор итгээд тус хэсгийг бөглөөгүй байсан. Гэвч хуулийнд алдангийн хувь хэмжээ нь төлөх ёстой төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой юм байна.  Иймд би хуулийн дагуу байрны төлбөрөөс үлдсэн 28,273,500 төгрөгийн 50хувь болох 14сая төгрөгийн алданги болгон нэхэмжилж байна. Алданги нэхэмжилж байгаа учир нь би барилга барих үед Х  банкнаас сарын 1,7 хувийн хүүтэй зээл авсан байсан. Тус зээлийг Т.О аас авах ёстой мөнгөөр барагдуулах байсан ба тэрээр хоёр жилийн хугацаанд өгөөгүй тул илүү хүүтэй мөнгө төлж хохирсон.

1.6 Хариуцагчтай анх орон сууцаа барьж эхлэх үед цемент худалдаж авах үед танилцсан. Гэвч бид хариуцагчид итгэж урьдчилгаа 60,000,000 төгрөг төлсөн болгож гэрээ байгуулсан юм. Тухайн үед хариуцагч байрыг миний нэр дээр буулгаж өгсөн тохиолдолд  би банкнаас зээл авах боломжтой гэж хэлж байсан. Хэдэн төгрөгийн зээл авах гэж байгаа талаар асуухад хариуцагч 200,000,000 төгрөгийн зээл авна гэдгээ тайлбарласан. Тухайн 200,000,000 төгрөгийн зээлийг авсан тохиолдолд орон сууцны үлдэгдэл зээлээ төлж өөртөө үлдсэн мөнгөөр бизнесээ өргөжүүлээд явна гэж хэлж байсан. Тэгээд бид байрыг хариуцагчийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээ авч өгсний дараа байрыг барьцаанд тавьж 7 хоногийн дотор банкнаас 180,000,000 төгрөгийн зээл авсан байна. Гэтэл хариуцагч маш бага хэмжээний зээл авсан гэж 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг өгсөн. Тэгээд хариуцагчаас байрны зээлийг яах уу гэж асуухад, Т.О  надад өөр нэг орон сууц байгаа. Тухайн орон сууцаа худалдаж зээлээ төлж өгнө гэж хэлсэн. Бид итгэсэн боловч хариуцагч зээлээ төлөөгүй. 2021 оны 5 дугаар сард хоёр дахь орон сууцны өргөтгөлийн ажлаа эхлэх гэж байсан. Тухайн үед цемент өгнө гэж хэлснээр бид итгэж явж байгаад өдий хүртэл хариуцагч зээлээ төлж өгөөгүй. Харин Т.О  2021 оны 7 дугаар Н  хуримын ордны хажууд байдаг орон сууцаа зарсан байна. Тухайн үед бидэнд мөнгө өгөөгүй. 88,273,500 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг дансаар, 15,000,000 төгрөгт 3 хувааж цемент өгсөн. Өнөө маргаашдаа орон сууц худалдаж авсан үнээс үлдсэн мөнгө өгнө гэж өдий хүрсэн. Хариуцагчийн зүгээс орон сууцны мөнгийг өгч дууссан гэж хэрүүл маргаан гаргаж, эхнэр нь хэл амаар доромжилсон. Гэхдээ бид анх 2022 оны 11 дүгээр сард Б аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул Б аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орон сууцны захиалгын гэрээнд хугацаанд мөнгө төлөөгүй тохиолдолд алданги төлнө гэсэн заалтыг оруулсан байгаа.

1.7 Иймд Т.О аас Байрны үлдсэн төлбөр 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг нийтдээ 42,273,500 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

2.Хариуцагч Т.О ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Миний бие Т.О  анх А.М тай ямар нэгэн захиалгын гэрээ хийгээгүй байсан. Эхлээд нэхэмжлэгч өөрийнхөө зарагдахгүй байгаа байраа надад санал болгож би очиж үзсэн. Тухайн үед А.М урьдчилгаа өгөөд үлдэгдэл төлбөрөө 2 жилийн хугацаанд хувааж төлж болно гэж хэлж байсан. А.М тэй 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр захиалгын гэрээ хийж 84.07 м.кв талбайтай 3 өрөө байранд захиалга өгч байсан. Захиалга өгөхдөө нэгж м.кв үнэ 1,050,000 төгрөгөөр бодож 84.07 м.кв орон сууцны үнэ 88,273,500 төгрөг болж байсан.

2.2 Тухайн үед 60,000,000 төгрөг урьдчилгаа өгч, үлдэгдэл 28,273,500 төгрөг үлдсэн байсан. Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж, үлдсэн 13,273,500 төгрөгийн 3,500,000 төгрөгт барилгын труба, туулаас төмөр авч, Т  2 дугаар байранд ачиж ирсэн тэдгээрийн хөлс, мөн 3,000,000 төгрөгт 18 тн арматур ачсан тээврийн хөлсийг төлж өгсөн. Үлдсэн 3,773,300 төгрөг 360 шуудай цемент өгөхөөр тохиролцож, тухайн үед өгч тооцоогоо дуусгасан байсан юм. Банкнаас зээл авсны дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А.М ын хүү М.А йн дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Цемент өгсөн баримт маань байхгүй. 2022 оны 5 дугаар сарын эхэнд өөрийн амбаартай KIA Bongo3 машинаар А.М нь ажилчтай хамт ирж, ачиж авсан.

2.3 А.М тэй тооцоогоо дуусгасан атлаа одоо надаас 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Гэрээ хийхдээ хүү, алданги тооцох тухай тохиролцоогүй, дурдаагүй байсан юм. Иймд нэхэмжлэгч А.М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №16 дугаар захиалгын гэрээний хуулбар хувь, нэхэмжлэгч А.М ээс А.М д олгосон итгэмжлэл болон тэдний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн 2023.01.24-ний өдөр гаргасан нэмэлт тайлбар, А.М ы Х  банк дахь 000  дугаартай дансны 2020.03.05-2020.03.15-ний өдөр дуустал хугацааны мөн 2021.04.10-2021.04.16-ны өдрийн хугацааны хуулга, М.А йн Х  банк дахь 000  дугаартай дансны 2020.03.31-ний өдрийн хуулга, А.М ийн Х  банк дахь 000  дугаартай дансны 2021.12.14-2021.12.20-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Х  банкны Б салбарын Төв тооцооны эрхлэгч Х.Сабиханы 2023.01.24-ний өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх 2023.01.23-ны өдөр гаргасан хүсэлт,

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2023.01.16-ны өдөр гаргасан хариу тайлбар, 2019.09.13-ны өдрийн 00 дугаартай Захиалгын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.О ийн Х  банк дахь 000  дугаартай дансны 2021.12.18-2023.01.12, 2021.04.13-2023.01.12 хугацааны хуулга, 2020.03.11-ний өдрийн  00 дугаартай тус аймгийн Тойргийн нотариатчийн үйлчилгээний боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Х  банкны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар болон 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00 дугаар албан бичгээр тус тус Т.О ийн Х  банктай хийсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №000 тоот зээлийн гэрээ болон №000  тоот барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, иргэний цахим үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд, итгэмжлэл, захиалгын гэрээ, барьцаалбар зэргийн тус тус хуулбаруудыг шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Т.О аас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 28,273,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М эд олгож, илүү нэхэмжилсэн 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч А.М ээс даарах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай Т  төвөөс Т.О  нь 84,07 м.кв 3 өрөө байрыг м.кв 1,050,000 төгрөгөөр тооцож 88,273,500 төгрөгт худалдан авсан. Байрны урьдчилгаа болох 60 сая төгрөгийг гэрээ хийхээс өмнө бэлэн төлөөгүй. Тухайн үед байрыг барьцаанд тавьж зээл авч өгнө гэхээр бид итгэж Т.О ийн нэр дээр байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн ба банкны шаардлага хангасан гэрээ хийсэн болно. Гэрээндээ 60 сая төгрөгийг бэлэн өгсөн гэж бичигдсэн нь банкны төлөө тэгж гэрээ хийсэн. Байрны урьдчилгаа мөнгийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 10 сая төгрөгийг миний Х  банкны дансанд, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20 сая төгрөгийг миний хүү А йн дансанд, 2021 оны 4-р сарын 13-нд эхнэр А.М ы дансанд 5 сая төгрөг, 2021 оны 7 дугаар сард 8 сая төгрөгт цемент, 2021 оны 9 дүгээр сард 3 сая төгрөгт цемент, 2021 оны 12 дугаар сарын 18-нд 10 сая төгрөгийг миний дансанд, 2022 оны 4 дүгээр сард 4 сая төгрөгт цемент, нийт 45 сая төгрөг ба 15 сая төгрөгт цемент өгсөн байна. Т.О ийн бичсэн тайлбарт өгсөн гэх 15 сая төгрөг болон цемент бүгд дээрх тооцоо болох 60 сая төгрөгт орсон байгаа ба 7 сая төгрөгийн тээврийн хөлс гэдэг нь үндэслэлгүй худлаа. Орон сууны үнээс 60 сая төгрөг төлбөр төлсний дараа нэг ч төгрөг өгөөгүй тул би хуулийн дагуу байрны төлбөрөөс үлдсэн 28,273,500 төгрөгийн 50 хувь болох 14 сая төгрөгийн алданги болгон нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

8.Хариуцагч Т.О  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Захиалга өгөхдөө нэгж м.кв үнэ 1,050,000 төгрөгөөр бодож  84.07 м.кв орон сууцны үнэ 88,273,500 төгрөг болж байсан. Тухайн үед 60,000,000 төгрөг урьдчилгаа өгч, үлдэгдэл 28,273,500 төгрөг үлдсэн байсан. Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж, үлдсэн 13,273,500 төгрөгийн 3,500,000 төгрөгт барилгын труба, туулаас төмөр авч, Т  2 дугаар байранд ачиж ирсэн тэдгээрийн хөлс, мөн 3,000,000 төгрөгт 18тн арматур ачсан тээврийн хөлсийг төлж өгсөн. Үлдсэн 3,773,300 төгрөгт 360 шуудай цемент өгөхөөр тохиролцож, тухайн үед өгч тооцоогоо дуусгасан байсан.

9.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

9.1 Хариуцагч Т.О  нь нэхэмжлэгч А.М ийн барьсан Т  төвөөс нэгж м.кв-ийг 1,0500,000 төгрөгөөр тооцож 88,273,500 төгрөгт 84.07 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, захиалгын гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон ба энэхүү орон сууц худалдах худалдан авах гэрээний талууд маргаагүй болно.

9.2 Хэрэгт авагдсан захиалгын гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

9.3 Хариуцагч Т.О  нь нэхэмжлэгчээс худалдаж авсан 84.07 м.кв 3 өрөө бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

Учир нь, нэхэмжлэгч А.М болон хариуцагч Т.О  нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай захиалгын гэрээндээ хариуцагч 84.07 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 88,273,500 төгрөгөөс урьдчилгаа 60,000,000 төгрөгийг бэлэн төлсөн талаар тусгасан байх боловч 60 сая төгрөгийг тухайн үед нэхэмжлэгчид бэлэн өгөөгүй, хариуцагчийн Х  банкнаас зээл авахын тулд банкны шаардлагыг хангахын тулд хийсэн гэрээ болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

9.4 Харин хариуцагч Т.О  нь 84.07 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 88,273,500 төгрөгөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.М , итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М  нарын Х  банкны 000  тоот дансанд, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүү М.А йн Х  банкны 000  тоот дансанд, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М ы Х  банкны 000  тоот дансанд, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.М ийн Х  банкны 000  тоот дансанд, нийт 45,000,000 төгрөгийг дансаар, мөн 15,000,000 төгрөгт цемент өгсөн болох нь талуудын гаргаж өгсөн Х  банкны дансны хуулгаар болон талуудын тайлбараар нотлогдож байна.

9.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч Т.О  нь нэхэмжлэгч А.М ээс худалдаж авсан 84.07 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 88,273,500 төгрөгийг бүрэн төлж өгсөн эсэх, мөн нэхэмжлэгчид 3,500,000 төгрөгт барилгын труба өгсөн эсэх, 3,000,000 төгрөгт 18тн арматур ачсан тээврийн хөлсийг төлж өгсөн эсэх, 6,773,300 төгрөгт 360 шуудай цемент өгсөн эсэхийг тус тус бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

9.6 Мөн хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...84.07 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 88,273,500 төгрөгөөс тухайн үед 60,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн...” гэж тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй болно.

10.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч А.М нь хариуцагч Т.О д худалдсан 84.07 м.кв, 3 өрөө орон сууцны үнээс үлдсэн төлбөрөө хариуцагчаас шаардах эрхтэй байна.

11.Нэхэмжлэгч А.М нь нэхэмжлэлийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай захиалгын гэрээний хуулбар хувийг ирүүлж, уг гэрээний 3.8 дахь заалтын дагуу 0,5 хувийн алданги болох 14,000,000 төгрөгийг хариуцагч Т.О аас нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

12.Гэтэл уг гэрээний 3.8 дахь заалт нь гэрээнд заасан хугацаандаа үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан ба энэхүү заалтаар хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхгүй болно.

Учир нь, тухайн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, нөгөөтээгүүр гэрээний 3.8 дахь заалт нь хариуцагч Т.О  орон сууцны үнийг төлөөгүй тохиолдолд худалдагчид 0,5 хувийн алданги төлөх бус, нэхэмжлэгч А.М нь үл хөдлөх хөрөнгийг захиалагч талд хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тусгасан заалт байна гэж үзлээ.

13.Түүнчлэн хариуцагч Т.О  болон нэхэмжлэгчийн хүсэлтээр Х  банкны Б салбараас нотлох баримтаар ирүүлсэн талуудын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай захиалгын гэрээний 3.8 дахь заалтад талууд алдангийн талаар харилцан тохиролцсон талаарх бичилт хийгдээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч А.М нь хариуцагч Т.О аас алданги нэхэмжлэх эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 28,273,500 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 299317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.А аас орон сууц худалдаж авсан үнээс үлдсэн төлбөрт 28,273,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М д олгож, илүү нэхэмжилсэн 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О аас улсын тэмдэгтийн хураамжид 299,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М эд олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.Ж