Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/00176

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/00176

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ...... регистрийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, зайсан 8/4 дүгээр байрны 3 тоотод оршин суух Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ...... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, голден вилл 105 дугаар байрны 1002 тоотод оршин суух Л.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Б.Таас маргааш өгье яаралтай мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд зээлийн гэрээ байгуулахгүйгээр аман тохиролцоо хийсэн. 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн худалдаа хөгжлийн банкны 420003401 гэсэн дугаартай данснаас 3,000,000 төгрөг, 822005390 дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хариуцагч Л.Бын 1601363914 тоот Голомт банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл Б.Таас зээлж авсан 4,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2022.09.07-ны өдөр Б.Т нь машин авна гээд урьдчилгаа 4,000,000 төгрөг надад өгсөн. 2022.09.09-ны өдөр Б.Т надаас хар өнгийн crown 210 маркийн машин 40 сая төгрөгт тохироод аваад явсан. Тэр өдөртөө үдээс хойш нь буцаагаад авчирч өгсөн өөр машин үзье гэхээр нь би машинаа буцаагаад авсан. Тухай үед надад crown маркийн 4 машин япон улсаас ирж байсан. 9 сарын 16-ны өдөр Б.Т 2 машин буусан зах дээр 1 машин байна 1 машиныг хүн авахаар гэрийн доор гражид тавьсан чи зах дээр байгаа машиныг үзэх үү гэж хэлсэн. Тэгээд Б.Тыг очиж авахад Өвөр Монгол Далай гэх залуутай хамт байсан. Бид 3 зах явах гэж байгаад манай гражид байгаа машиныг эхлээд үзье гээд байхаар нь очиж үзсэн энэ машиныг хүн 45 саяар авахаар тохирсон гэсэн чинь энийг авъя гээд шууд гарах гээд зүтгээд тэр өдөр 9/16-ны 5 дахь өдөр байсан тэгээд 45 саяар тохироод 41 саяын 20 саяыг нэгдэх өдөр өгнө үлдсэнийг удахгүй дараагийн долоо хоногт өгнө гээд гуйсаар байгаад аваад явсан. Урдаас энэ Далай гэх залуу ирлээ нүүрс авна би 5 толгойгоос нүүрс авч өгөхөөр тохирсон, Монгол росцветметэд бараа нийлүүлсэн мөн Далайн мөнгө урдаас байрны мөнгө машины мөнгө, нүүрсний мөнгө удахгүй орж ирнэ бас нэг найзынхаа байрыг барьцаалж 97 сая төгрөгөөр авсан байгаа тэр мөнгөө хүүтэйгээ орж ирнэ таны мөнгийг удахгүй өгнө гэхэд би тооцоогоо дуусгаад чи нэр лүүгээ шилжүүлж аваа гэсэн. Ингээд 2022.09.16-ны өдөр машин аваад явсан. Тэгээд 1 дэх өдөр өгөх ёстой 20 сая төгрөг өгөөгүй 17-18 хоног мөнгө өгөөгүй сүүлийн 2 хоног утсаа авахгүй байсан ба машинаа авахгүй болохоор нь би 3 хоногийн дараа зах руу машинаа угааж цэвэрлээд бензин тос хийгээд машин зардаг ченж залуутай өдрийн 5000 төгрөг зогсоолын үнэ тохироод заруулахаар 22-ын авто худалдааны зах дээр тавьсан олоо хүртэл зарагдаагүй зах дээр угааж цэвэрлүүлээд байж байна. монголд номер авсан машин номер аваагүй үнэлгээ хямд болдог энэ машиныг болж өгвөл 45 саяар зарах гээд байж байгаа надад хүний мөнгө хэрэггүй. Б.Т нь их худалч залуу надаас 2014 онд би Турк, паар радиатор худалдаалж байхад надаас 1 ширхэг 22х50х80 хэмжээтэй паар аваад одоог хүртэл мөнгийг өгөөгүй. Одоо уг паар зэх зээлийн ханш 380,000 төгрөг болсон байна. 2022.10.09-ны өдөр 2 залуутай гэрт ирж намайг зодож, машинаар мөргөж танхайрсан. 62-02 УАС улсын дугаартай машин дээр байсан утасны дугаар нь 89176118 байсан. Тэр нэг залуу надаас мөнгө нэхэхэд би Б.Таа худалдаж авсан машинаа зах дээр очоод зараа чи миний 41 сая төгрөгийг өгөөд өөрийнхөө 4 сая төгрөгөө аваа надаа хүний мөнгө хэрэггүй гээд хэлж гуйсан. Их танхай залуучууд байсан над руу дайрч намайг зөндөө заамдаж зодсон. Машины цонх хагална гэж хэлэх хэлэхгүй үгээр дайрсан би гомдолтой байна. Надад Өвөр Монгол залуу Далайн зураг wechat байгаа. Манай байрны харуул гэрч байгаа. Өнөөдрийн байдлаар машин зах дээр 50 хоног зогсоолын түрээс 250,000 болж байна. машин зарагдаж байж хэн нь хохиролтой болох нь тодорхой. Машин бол 45 саяар зарагдахгүй нь ойлгомжтой боллоо. Иймд эрхэм шүүгч та байгаа байдлыг харж намайг машин зарсны дараа уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгчээс Худалдаа хөгжлийн банкны 420003401, 822005390 дугаартай дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Л.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагчид мөнгөний яаралтай хэрэг гараад байна гээд гуйсных нь дагуу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн данснаас 3,000,000 төгрөг болон 1,000,000 төгрөгөөр нийт 4,000,000 төгрөг зээлдүүлсэн тул уг гэрээний үүргийг хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... мөнгө зээлээгүй нэхэмжлэгч надаас автомашин худалдаж авахаар тохиролцож урьдчилгаанд 4,000,000 төгрөг өгсөн бөгөөд авах гэж байсан машиндаа номер авсныхаа дараа авахаа больсны улмаас машины үнэ унасан уг машиныг худалдан борлуулсны дараа мөнгийг өгнө гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Т нь Худалдаа хөгжлийн банкны 420003401 дугаартай данснаас 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн Худалдаа хөгжлийн банкны 822005390 дугаартай данснаас 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг Голомт банкны 1601363914 дугаартай хариуцагч Л.Бын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 3-4 дэх талд/

Нэхэмжлэгч уг 4,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж, хариуцагч тээврийн хэрэгслийн урьдчилгаанд өгсөн мөнгө зээлээгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгчийн хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нотлох боловч зээлийн гэрээ байгуулахаар зээлдүүлэгч тал 4,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, зээлдэгч тал тухайн мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн хүсэл зориг харилцан илэрхийлсэн гэдгийг шууд тодорхойлохгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэг талын мөнгө шилжүүлсэн баримт нь зээлийн гэрээний гол нөхцөлийг нөгөө тал хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж харилцан үүрэг хүлээсэн болохыг нотлох боломжгүй, мөнгө шилжүүлсэн буюу нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр тал тохиролцсон гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулах зорилгоор 4,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаж маргаж байх боловч ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн татгалзлын үндэслэл болох crown маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, ийнхүү хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргийг хэрэгжүүлээгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүснэ.

Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 4,000,000 төгрөгийг автомашин зарагдсаны дараа өгнө гэсэн тайлбар нь хуульд нийцэхгүй тул түүнд уг 4,000,000 төгрөгийг үлдээх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Баас 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 79,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ