Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01854

 

 

Т.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ө-ын хариуцагч Б.А-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.А- нь ... мөнгөний хэрэг болоод байна гэж мөнгөн хөрөнгө зээлэхээр тохиролцож Т.Ө- өөрийн эзэмшлийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Б.А- нь зээлсэн 4,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.Ө- нь Б.А-аас 40,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдан авахаар тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг шилжүүлсэн боловч тэрээр автомашиныг худалдан авахгүй гэж буцаан өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хоёр автомашин бууснаас Б.А- үзэж 45,000,000 төгрөгөөр худалдах гэж байсан автомашиныг худалдан авахаар тохиролцож бичиг баримтыг шилжүүлэн авч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан. Б.А- 45,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрөөс 20,000,000 төгрөгийг 1 дэх өдөр нь төлнө гэж жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан. Гэвч Б.А- үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, автомашин авахаа больсон гэж хэлсэн. Улсын дугаар аваад 4, 5 сар болсон, гүйлгэлтийн хэмжээ их автомашиныг 45,000,000 төгрөгөөр зарах боломжгүй. Иймээс автомашиныг 40,000,000 төгрөгөөр зарсан.

Т.Ө- нь 2 залуутай ирж Б.А-ыг зодсон боловч цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Б.А- авто зогсоолын болон угаалгын төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн. Т.Ө-аас 4,000,000 төгрөг зээлээгүй тул төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө-т олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 79,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.А- нь Т.Ө-тай 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Toyota Crown (Тоёота краун) 210 маркийн автомашин худалдахаар тохиролцсон тул тэрээр урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн. Т.Ө- нь дээрх автомашиныг худалдан авахгүй гэж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буусан хоёр автомашинаас нэгийг нь 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон үлдэгдэл 41,000,000 төгрөгийг удахгүй төлнө гэсэн боловч төлөөгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр автомашиныг буцаан авсан. Автомашиныг худалдахын тулд угааж, автозогсоолын төлбөрт өдрийн 5,000 төгрөгөөр тооцож нийт 1,100,000 төгрөг төлсөн. Автомашинаас 1,000,000 төгрөгийн алдагдал, нийт 2,100,000 төгрөгийн хохирол учирсан тул үүнийг Т.Ө-аас гаргуулна. Т.Ө- Б.А-аас 1 ширхэг 22х50х80 хэмжээтэй паар аваад төлбөрийг төлөөгүй. Паарны үнэ зах зээлд 380,000 төгрөг байгаа. Т.Ө- 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 залуутай ирж Б.А-ыг зодсон. Тухайн үед нэг залуу нь Б.А-аас мөнгө нэхэхэд ...би Т.Ө-ыг худалдаж авсан автомашинаа зараад 41,000,000 төгрөгөө өгөөд өөрийнхөө 4,000,000 төгрөгийг ав гэж хэлсэн. Т.Ө- 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр автомашиныг даатгалд даатгуулсан нь 4,000,000 төгрөг зээлээгүй болохыг батална. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.  

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар, татгалзал гаргаагүй болно.  

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд хянахад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

1. Нэхэмжлэгч Т.Ө- хариуцагч Б.А- холбогдуулан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... дээрх мөнгөн хөрөнгийг автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс автомашиныг буцаан авч бага үнээр худалдаж хохирол учирсан тул төлөхгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлавал, тэдгээрийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх боловч уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нь автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр гэж тайлбарлан, нэхэмжлэгчийн нэр дээр жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан гэрээг нотлох баримтаар гаргаж ирүүлснийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байх тул Зохигчид Toyota Crown (Tоёота Кроун) маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн гэж дүгнэх нь хэргийн нөхцөл байдалд нийцэхээр байна.

 

1.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

1.2. Худалдан авагч Т.Ө- автомашины үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс худалдагч Б.А- автомашиныг буцаан авснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Т.Ө- нь автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагч Б.А-аас шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.А-аас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

2. Хариуцагч Б.А- ... нэхэмжлэгч Т.Ө-ын буруутай үйлдлийн улмаас автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдаж 4,000,000 төгрөгөөр болон авто зогсоол, угаалгын хөлс төлж хохирсон гэж маргасан боловч өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу Т.Ө-т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгч автомашины төлбөрийг төлөөгүйгээс хохирсон гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243.1-д гэсний дараа , 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.А-ын төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ