Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2023/00110

 

 2023           03            07          

     132/ШШ2023/00110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханбогд сум *-р багт оршин суух, Т ов Н-ын О******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х сум, Х тосгон *** тоот хаягт оршин суух, Д ов Х-гийн Б*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Сэлэнгэ сум, * дугаар баг, С З*******-3 гудамжны *** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, тус орон сууцны өмчлөгчөөр тоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай 132/2021/00429 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.О*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн

Хариуцагч Х.Б*******

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.О******* нь хариуцагч Х.Б*******т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гаргаж байсан боловч шүүх хуралдааны шатанд Булган аймаг Сэлэнгэ сумын 3 дугаар баг, С З*******-3 гудамжны 316 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр тоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.О******* миний бие Булган аймгийн Сэлэнгэ сум, 3 дугаар баг, С З*******-3 гудамжны ** *** ** тоот хаягт байршилтай 178.66 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч билээ. Гэвч тус орон сууцны ** тоот хаягт Хүрлээгийн Б******* нь хууль бусаар оршин сууж байна. Миний бие нь А.Б*******тай орон сууцыг чөлөөлж өгөх талаар ярилцаж байсан боловч тодорхой ойлголцолд хүрээгүй болно. Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Сэлэнгэ сумын 3 дугаар баг, С З*******-3 гудамжны ** тоот Орон сууцны өмчлөгчөөр тоож өгнө үү гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Х.Б******* нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон З******* хотхоны дан байрны ** тоот байрыг 2017 онд Б.Г гэх хүнээс 7,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд анхны эзэмшигч нь Б.Г гэх хүн байсан гэдэг бөгөөд олон жил амьдарсан хүн нь Л.Ц гэх хүн бий гэж надад хэлж байсан. Тухайн байрыг анх авахад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажилтан Д.Э гэх ажилтнаас лавлахад дан болон давхар байрууд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, байрныхаа мкв-ыг тоолгоод газрын хамт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч болно, гэхдээ эхлээд газрын гэрчилгээ аваарай гэсэн. Ингээд газрын гэрчилгээ солиулах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулна гэж байтал Сэлэнгэ сумын харъяалалтай газар учир Сэлэнгэ суманд бүртгэл хийлгэнэ гэх болсон. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ унтаж байтал 3 цагийн орчим гал гарч, эхнэр хүүхдүүд бид өмссөн хувцастайгаа үлдсэн. Галд бүх зүйл бичиг баримт, хогшил бүрэн шатсан бөгөөд газрын гэрчилгээ бусад баримтын хамт шатсан. Одоо уг байр байхгүй байгаа атал байгаа мэт гэрчилгээ гаргуулж авсан байх ба тухайн байр шатаж байхгүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Б******* миний өмчлөлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Сэлэнгэ бүрэн З******* 3 гудамж ** тоот 2 өрөө орон сууцыг Б.Г гэх хүнээс 2017 онд худалдан авч 2020.09.14 ны өдрийг хүртэл хууль ёсны дагуу эзэмшиж байсан .1991 оны өмч хувьчлах дуудлага худалдаа болоход Н.О******* тухайн байрыг өмчлөх гэж дуудлага худалдаанд орсныг зогсоож маргаан үүсгэж, түүнд орон сууцыг олгоогүй хуучин эзэмшигч Б.Г өөрийн өмчлөлдөө ягаан тасалбараар уг байрыг өмчлөн авсан боловч баримт бичгийн дутуу архивлалт, байгууллага татан буугдсантай холбоотойгоор өмчлөх эрхээ нотлох баримтыг өнөөдөр хүртэл гаргуулж авч чадаагүй. Тухайн 2 өрөө байр гал түймэрийн улмаас бүрэн шатсан бөгөөд тухайн хөрөнгө байхгүй болсон байхад гэрчилгээ олгосныг хууль бус гэж үзэж байна. Мөн тус байранд 4 айл байдаг бөгөөд байрны талбайн хэмжээ 178.66 мкв гэдэг нь буруу. Би хууль ёсны дагуу орон сууцыг эзэмшиж байсан тул Х.Б******* намайг Булган аймаг Сэлэнгэ сумын С З******* -3 гудамжны 316 тоот байрыг хууль ёсны өмчлөгч болохыг тоож өгнө үү гэв.

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: Булган аймаг Сэлэнгэ сумын С З******* -3 гудамжны ** тоот байр минийх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 4-р хуудас/

 

4.Хариуцагчаас хариу тайлбар болон дараах баримтуудыг ирүүлсэн байна.

-Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/44 дугаар албан бичиг /хэргийн 13-р хуудас/,

-Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 039/21 дугаартай дүгнэлтийн хуулбар,  039/08 дугаартай актын хуулбар /хэргийн 17-19-р хуудас/,

-Хялганат хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа /хэргийн 20-22-р хуудас/,

Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримт хэргийн 92-109-р хуудас.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Булган аймаг, Сэлэнгэ сум, 3 дугаар баг, С З*******-3 гудамж, ** тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тоож өгнө үү гэв.

3.Хариуцагч тухайн орон сууцыг худалдан авсан ба үл хөдлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хөөцөлдөж байсан боловч гал гарч бүхэлдээ шатсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа миний өмчлөлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг С З******* 3 гудамж *** тоот 2 өрөө орон сууцыг Б.Г гэх хүнээс 2017 онд худалдан авч 2020.09.14 ны өдрийг хүртэл хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Гэвч тухайн байр шатсаны улмаас суурин дээр нь би өөрийн хөрөнгөөр орон сууц барьсан тул өмчлөгчөөр тоолгон гэж тодорхойлж байна.

5.Нэхэмжлэгч Н.О******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

6.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тоогдож байна.

7.Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколд ... өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр нь худалдан авав. Байр худалдан авсан хүмүүсийн нэрсийг жагсаав гэсний  3 дугаарт “Дан байр №75, 33 ширхэг  тасалбар Н.О*******” гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 96-р хуудас/ байх тул  нэхэмжлэгч Н.О******* Дан байрны 75 тоотыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаанд оролцож, худалдан авсан  болох нь тоогдож байна.

            Гэвч уг протоколд “Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тов” /хх-ийн 96-р хуудас/ гэжээ. Энэхүү дуудлага худалдааны протоколоос харахад дуудлага худалдаанд оролцож, байр худалдан авсан иргэд тодорхой бичиг баримтыг бүрдүүлэн өмч хувьчлалын комисст өгснөөр худалдан авсан байраа өөрийн эзэмшилд авсныг нотлох баримт бичгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Н.О******* нь Өмч хувьчлалын комисст материалаа бүрдүүлэн өгөөгүйн улмаас түүнд эрхийн гэрчилгээг олгоогүй үйл баримт шүүх хуралдааны явцад мэдүүлсэн түүний “эрхийн гэрчилгээ олгоогүй” гэх тайлбараар тоогдож байна.

8.Дээрх дуудлага худалдааны протоколын хавсралт “Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа”-нд нийт 57 байрны мэдээлэл орсон бөгөөд уг мэдээлэлд “байрны дугаар, авсан хүний нэр, албан тушаал, байрны орц сууцын тоо, худалдагдах үед амьдарч байсан айлын тоо, худалдан авсан хүн тухайн байранд амьдардаг эсэх” болон “айлуудын нэрс” зэргийг тусгаж, маргаантай эсэх талаарх тэмдэглэгээг хийхдээ маргаантай бол “+” тэмдгээр, маргаангүй бол “-“ тэмдэгээр /хх-ийн 20-22-р хуудас/  тэмдэглэсэн байх ба нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тоолгох гэж буй орон сууц тухайн үеийн хаягаар 75 дугаартай дан байр нь “+” тэмдэглэгээтэй, маргаантай байсан нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Мөн тухайн судалгаанд дүгнэлтэд хийхэд дуудлага худалдаагаар авсан эзэн нь өөрөө амьдарч байсан байрны ард “-“ тэмдэг, дуудлага худалдаагаар авсан эзэн нь өөрөө амьдарч байгаагүй байрны ард “+” тэмдэг тавьсан байгаа нь /хх-ийн 20-22-р тал/ ” +” тэмдэглэгээ хийгдсэн байр маргаантай байсан нь давхар нотлогдож байна.

9.2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, С з******* 3 дугаар гудамж, ** *** *** тоот хаягт байршилтай 178.66 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.О*******ийг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.О*******д хэрэгт өгсөн  байна. /хэргийн 4-р хуудас/,

Гэтэл Б.Гантөмөр, Х.Б*******, Н.Уртнасан нар нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэ бүрэн з******* 3 дугаар гудамж, ** тоот 3 өрөө, ** тоот 3 өрөө, *** тоот 2 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр Н.О*******ийг бүртгэсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********* тоот дугаартай ****** тоот гэрчилгээ олгож, өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаснийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 149-155-р хуудас/,

10.Маргаан бүхий 316 тоот орон сууцанд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гал түймэр гарч, орон сууц бүхэлдээ шатсан болох нь Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 039/21 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. /хх-ийн 16-р хуудас/

11.Иймд дээрх үндэслэлүүдээр Н.О******* нь маргаан бүхий одоогийн хаягаар 316 тоот орон сууцныг дуудлага худалдаагаар авсан боловч эзэмших эрхээ баталгаажуулаагүй, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө галд шатсан байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

            12.Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг С З******* 3 гудамжны  316 тоот хаягт байрлаж байсан 2 өрөө орон сууц нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр галд шатсан болох нь тоогдсон.

            13.Хариуцагч Х.Б******* тухайн хаягт өөрийн хөрөнгөөр 3 өрөө орон сууц барьсан тул өмчлөгчөөр тоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нь нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар эхэлж, Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, өмчлөх эрхээ бүртгүүлэхээр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд нийцнэ.

            14.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Х.Б*******т холбогдох Булган аймгийн Сэлэнгэ сум, 3 дугаар баг, С З*******-3 гудамжны *** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х.Б*******ын нэхэмжлэлтэй, Н.О*******д холбогдох, Булган аймгийн Сэлэнгэ сум, 3 дугаар баг, С З*******-3 гудамжны **** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР