Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2023/00236

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедецин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М,

Хариуцагчийн өмгөөлөгч К,

Гэрч Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е  нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газарт  холбогдуулан Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедецин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн.

1.2 Гэтэл тус газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас маань чөлөөлсөн.

1.3 Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө 2022 оны 06 дугаар сарын 20-24-ны буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

 

1.4 Энэ нь үндэслэлгүй бөгөөд миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслаагүй, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаагүй. 2022 оны 06 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Б аймгийн Алтай таван богд ууланд зохион байгуулагдах Алтай Таван Богд 2022 ALPINIAD-д оролцох болсон тул 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газрын дарга С-тэй утсаар холбогдож хувийн ажил төрөл гарсан тул 06 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд 3 хоногийн чөлөө олгохыг хүсэхэд ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Б.Нуржайнад би өөрөө хэлнэ, явж болно гэсэн.

1.5 Би тэр өдөр орой тийшээ хүний нөөцийн ажилтан Б.Нуржайнатай холбогдож асуухад С дарга надад хэлсэн, 3 хоногийн чөлөө олгосон, ээлжийн амралтаас хасаж тооцоорой гэсэн гэж хэлсэн.

1.6 Тус газрын хөдөлмөрийн дотоод журамд харьяа хэлтсийн дарга нэг хоногийн чөлөө олгох эрхтэй тул дарга И-аас нэг хоногийн буюу 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн чөлөөг авсан.

1.7 Бид Алтай таван богд руу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орой тийш явах маршруттай байсан учир би тухайн өдөр ажилд ирээд орой явахаар төлөвлөж байсан боловч ажлын хэсгээс 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр замд гарч 20-ны өглөө бэлэн байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Би тэрний дагуу 06 дугаар сарын 19-ний өдөр тийшээ явахаар болж газрын дарга С-тэй холбогдох гээд утас руу нь залгахад тухайн өдөр Улаанбаатар хот руу явсан учир утас нь холбогдохгүй байсан.

1.8 Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Алтай таван богд руу явж 06 дугаар сарын 22-ны өдөр авиралт хийж 4374 метрийн өндөртэй Хүйтэн оргилд авирч ажлаа дуусгаад 06 дугаар сарын 24-ний өдөр буцаж Өлгийд ирсэн. Өлгийд ирсний дараа хүний нөөцийн ажилтан Б.Нуржайнатай холбогдоход газрын дарга таныг ажил тасалсан гээд ажлаас чөлөөлөх гэж байна, тушаал гарга гэж байна гэж хэлсэн.

1.9 Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажилд ирсэн. Шуурхай хурал болж С дарга ажилтнуудын ажилтай танилцаж миний ээлж ирэхэд чи миний байхгүй байдлыг далимдуулж 06 дугаар сарын 20-ны өдөр ажил тасалж намайг дээрэлхэж байна, би чамд 3 хоногийн чөлөөг бичгээр өгөөгүй, чи чөлөө олгосон гэдгийг юугаар нотлох юм вэ, би чамайг 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас хална гэсэн.

1.10 Би тухайн өдөр ажил дээрээ байгаад маргааш өглөө ажилд очиж өрөөний үүдэнд хүлээж байгаад С даргатай уулзаад учир байдлаа хэлэхэд чиний тушаал гарна гэсэн. Би тушаал гаруулмааргүй байна, би чөлөө аваад явсан гэхэд тушаал гарна, би чамд 3 сар 20% цалин буруулах арга хэмжээ аван гэсэн би тэгэхээр нь ажил таслаагүй учир цалин бууруулах арга хэмжээ авхуулахгүй гэж хоорондоо маргалдсан.

1.11 Иймд миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Е-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1 Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 тоот тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан мэргэжилтэн Е ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь мэргэжилтэн Е  нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болно.

2.2 Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “ажил ологч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ”, 122.2 дахь хэсэгт “ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ...Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж хуульчилсныг үндэслэн Эрүүл мэндийн газрын даргын А/24 тоот тушаалаар шинэчлэн баталж, мөрдөж байгаа болно.

2.3 Энэхүү Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.33 дугаар зүйлд дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.33.1-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй гэж журамласан бол Е тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад сахилгын ноцтой зөчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол гэж энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчих гэж тодотгож өгсөн бол мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу /Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам/ хариуцлага хүлээнэ гэж талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээнд тусгасан.

2.4 Харин мэргэжилтэн Е  2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу 5 дахь өдөр нь миний өрөөнд орж ирж, чөлөө хүссэн, ингэхдээ тэрээр надаас чөлөө хүсэхдээ Дэлүүн суманд өвчтэй байгаа төрөл, төрөгсдийн талаар ярьж байсан. Өөрөөр хэлбэл, Дэлүүн суманд байгаа хамаатны бие муу байгаа юм байна би танаас чөлөө авах гэсэн гэж хэлсэн. Надаас яг хэд хоногийн чөлөө авах талаар яриагүй. Тэгэхээр нь би та нар ингэж байгууллагын хурал болгон дээр чөлөө хүсэхээ боль, би үүнээс хойш та нарт зөвхөн хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр чөлөө олгоно шүү, чөлөө авч болно, яг ямар асуудал гарсан, чи өөрөө мэдэж байгаа өргөдлөө бичгээр бичиж, нарийн бичигт өгчих, би судалж байгаад, хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байвал чөлөө олгоё, учир нь та нарт чөлөө олгохдоо би тушаал гаргана, энэ чинь цалинтай, цалингүй гээд сүүлд цалин бодоход асуудал болж байгаа, бас би нэг дэх өдрөөс хойш хот руу ажлаар явж байгаа энд ажил их байгаа шүү, байгууллагын гаднах гүйдэг самбар юу болсон вэ? Та хэд бас хариуцлагатай байгаарай гэж хэлээд өрөөнөөс гаргасан.

2.5 Үүнээс хойш Е  надаас чөлөө хүссэн албан ёсны өргөдлөө бичиж ирээгүй, дахиж надаас чөлөө олгох талаар аман болон бичгээр хүсэлт тавьж байгаагүй болно. Ингээд би бүтэн сайн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу ажлаар явсан. Гэтэл Е  нь намайг Улаанбаатар хот явсан өдөртэй давхцаад, миний байхгүйг далимдуулан 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүтэн сайн өдөр Алтай таван богд явж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд ирэх боломжгүй гэж хэлтсийн дарга Ид мэдэгдэж 1 хоногийн чөлөө авсан болоод үлдсэн 21, 22, 23, 24-ний ажлын өдрүүдэд ор сураггүй алга болж, байгууллагын нэг ч удирдлагад мэдэгдээгүй ажил тасалсан байдаг.

2.6 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс Е-Монголия-ийн сургалт зохион байгуулж, уг сургалтад төрийн захиргааны байгууллагын бүх IT-ийн ажилтан оролцоно гэж Е-ыг сургалтад оролцуулахаар дуудахад тэрээр ажлын байранд байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, танаас чөлөө авсан уу гэж миний ажлыг хариуцсан НЭМХ-ийн дарга Е.Сауле над руу болон манай дотоод чатад мессеж бичсэн юм. Тухайн үед Е  ажилд ирээгүй талаар олж мэдсэн.

2.7 Энэхүү Е  нь хариуцсан ажил албаны чиг үүрэгтээ хайнга хандаж, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн хувийн сонирхлоор Алтай таван богд руу авирахаар 5 хоногийн ажил тасалсан нь төрийн албан хаагч хууль дээдлэх, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

2.8 Иймээс ажил олгогчийн зүгээс Е-ыг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан гэж үзэн, түүнийг хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1, 5.33.15 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.14-т заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй болно.

2.9 Түүнчлэн ажилтны ажил, амралтын цаг, чөлөө олгохтой холбоотой харилцааг манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан ба хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.14-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрийн чөлөөг авах тохиолдолд Газрын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах бас урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно, 9.15-т ... ажилтан 1-ээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ. 10 дугаар зүйлийн 10.6.1-т цалингүй чөлөө олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Уг тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална. 10.6.2-т Ахуй амьдралд нь гачигдал, өвчин зовлон тохиолдсон, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай, гадаад болон дотоодод өндөр өртөгтэй эмчлүүлсэн тохиолдолд ажиллагсдад ажлын 30 хоног хүртэл цалинтай чөлөө олгож болно. Ажилтан гэрлэхэд 5 хоног, эхнэр нь амаржсан эрэгтэй ажиллагсдад 5 хоног, хүүхэд нь гэр бүл болоход 5 хоног, өвөө, эмээ, эцэг, эх төрсөн ах, дүү, хадам аав, хадам ээж, эхнэр, хүүхэд, нөхөр, өөрийн асрамжид байсан гэр бүлийн бусад гишүүн нас барсан бол 7-22 хоног тус тус цалинтай чөлөө олгоно/ гэж, мөн журмын 10.6.3 дахь заалтад Ажилтан өвчилсөн тохиолдолд ажлын байгууллагад албан ёсоор мэдэгдэж, эмчийн магадалгааг авчирч өгнө. Хэрэв эмчийн магадалгааг тухайн үед авчирч өгөөгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно гэж тус тус журамласан болно. Мөн журмын 12 дугаар зүйлийн 12.10-т Ажилтан ажлын цагийг нарийн чанд баримтлах бөгөөд ажлаас хоцрох, таслахыг тус тус хатуу хориглосон байдаг.

2.10 Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэх хуулийн хэм хэмжээнд нийцнэ гэж үзэж байна. Талууд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр байгуулах, өөрчлөлт оруулах шаардлагагүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож, өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан. Ийм учраас 2015 онд байгуулсан ажилтан ажил олгогч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

2.11 Үүнээс гадна Е  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газрын дарга С-тэй утсаар холбогдож хувийн ажил төрөл гарсан тул 6 сарын 22-24-ний өдрүүдэд 3 хоног чөлөө олгохыг хүсэхэд ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Б.Нуржайнад би өөрөө хэлнэ, явж болно гэсэн гэх тайлбар бүгд худал, үндэслэлгүй зүйл болно.

2.12 Ажилтан Е  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тухайд тайлбарлахад ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын дотоод сүлжээ, техник хангамж болон программ хангамжийн аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн технологийн чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, албан бичгийн хэрэгжилтийг хангах, байгууллагын вэб хуудсыг тогтмол шинэчилж, тогтвортой байдлыг хангах, мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай зардлыг тооцож улсын төсөвт тусгуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байдаг.

2.13 Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас 8/1068 дугаар үнэлгээний дүн хүргүүлэх албан бичигт Б аймгийн Эрүүл мэндийн газрын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, цахим хуудасны мэдээлэл баяжилт хийгдээгүй байгаад анхаарч мэдээллийн шинэчлэл баяжилтыг тогтмол хийх шаардлагатай гэж анхааруулах албан бичиг явуулсан. Энэ бол шууд мэргэжилтэн Е ы албан ажил чиг үүрэгтэй холбоотой болно.

2.14 Үүнээс гадна Б аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн төрийн захиргааны байгууллагуудын гадна гэрэлтүүлгийг засаж, ажиллагаатай болгох албан тоотын дагуу мэргэжилтэн Е д үүрэг даалгавар өгсөн боловч янз бүрийн шалтгаан хэлж, тэрээр удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг мөн биелүүлээгүй болно.

Ийм учраас Е-ыг дээрх 2 үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаал, 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Албан тушаалын тодорхойлолт зэргийн хуулбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Е-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/24 дүгээр тушаал, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монголын Уулчдын Үндэсний холбооны ерөнхийлөгчөөс олгосон Батламж зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө-сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2/371 дугаар албан бичиг, Б аймгийн Шуудан Үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн лавлагааны хариу, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс гаргасан нэмэлт тайлбар, аймгийн Засаг даргын тамгын газраас хуулбарлаж олгосон 202 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Монголын Уулчдын цугларалт-авиралт Альпиниад 2022 арга хэмжээний удирдамж, уг удирдамжийн хавсралт, Б аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Монголын Уулчдын цугларалт-авиралт Альпиниад 2022 арга хэмжээг зохион явуулах ажлын хэсэг байгуулах тухай А/42 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, уг арга хэмжээнд Б аймгаас оролцох баг, тамирчдын мэдүүлэг, Б аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт, нэхэмжлэгчээс өмгөөлөгч Б-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, түүнээс өмгөөлөгч Х.Бакенд олгосон 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон 0814 дугаартай итгэмжлэл, хүсэлтийг гаргаагүйд тооцох тухай хүсэлт, удирдамж, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын Уулчдын Үндэсний холбооноос тус тус олгосон Сертификат 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин Аялал жуулчлалын газар, Монголын Уулчдын Үндэсний холбооноос тус тус олгосон Сертификат, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэнд спорт яам, Монголын Уулчдын Үндэсний холбооноос тус тус олгосон 126 дугаартай Сертификат, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Е-ыг ажлаас түр чөлөөлөх тухай Б/46 дугаар болон мөн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Е-ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаалууд зэргийг,

 

4.Хариуцагчаас ажилтнуудын цагийн бүртгэл 4 хуудас, тус байгууллагын ажилтнуудын чөлөө олгох тухай өргөдөл, уг өргөдлүүдийг хүлээж авсан бүртгэлийн журнал, тухайн өргөдлүүдийг шийдвэрлэлтийн талаарх 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хурлын протокол, ирц, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 8/1068 дугаар албан бичиг, уг албан бичгээр тус газарт хүргүүлсэн байгууллагын 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус газрын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай А/24 дугаар тушаал, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 582 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, мөн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 613 дугаар албан бичгээр М-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон албан бичиг, Мобикомын корпораци ХХК-ийн Б салбараас хуулбарлаж олгосон Сий гэрийн 21654364 дугаар, 95162728 дугаар утасны 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан тушаалын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н ын тодорхойлолт зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

5.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр И, Р, Н  нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, Мобиком корпораци ХХК-ийн Б салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар албан бичиг, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 175 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, хариуцагч байгууллагын хүсэлтээр С, М , Е, Н  нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Нэхэмжлэгч Е ы Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж басан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Б аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж байсан ба тус газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Газрын даргаас 3 хоногийн чөлөө олгохыг хүсэхэд ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Б.Нуржайнад би өөрөө хэлнэ, явж болно гэсэн. Газрын хөдөлмөрийн дотоод журамд харьяа хэлтсийн дарга нэг хоногийн чөлөө олгох эрхтэй тул дарга И-аас нэг хоногийн буюу 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн чөлөөг авсан. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө 2022 оны 06 дугаар сарын 20-24-ний буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлгүй тайлбарлажээ.

 

8. Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Е  тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөө олгох хүсэлт гаргаагүй бөгөөд түүнд ажил олгогчийн зүгээс чөлөө олгох талаар шийдвэр гараагүй. Е  нь хариуцсан ажил албаны чиг үүрэгтэй хайнга хандаж, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн хувийн сонирхлоор Алтай Таван Богд руу авирахаар 5 хоногийн ажил тасалсан нь төрийн албан хаагч хууль дээдлэх, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх үүргээ зөрчиж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, түүнийг Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1, 5.33.15 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

 

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд.:

9.1 Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 15 дугаартай тушаалаар Е  нь тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдсон байна.

9.2 Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтан Е-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1,5.33.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 20-24-ний буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

9.3 Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн протоколоор хийгдсэн ажлын талаар болон Е  шалтгаангүй ажил тасалсан талаар хэлэлцсэн болох нь тогтоогджээ.

9.4 Тус Эрүүл мэндийн газрын цагийн бүртгэлээр Е  нь  2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд ажил дээр байгаагүй болох нь тогтоогдсон байна.

9.5 Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар тус газрын Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх ба уг журмын 5.33-т “Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үйлчилнэ”, 5.33.1-д “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон Газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол” гэж тус тус зохицуулжээ.

9.6 Гэрч Н-аас “ ...Е  нь даргаас чөлөө авсан гэж хагас сайны өдөр надтай утсаар ярьсан. Хагас сайны өдөр дарга хот руу явах тул шагналын материалыг янзалж, дугтуйлахаар ажил дээр ирсэн. Би ажилд ирээд даргын өрөөнд ороход Е  нь дараачийн 3, 4, 5 дахь өдөр чөлөө авна гэж ярьсан гэж дарга хэлсэн. Түүнд чөлөө олгох эсэх асуудлыг тухайн үед шийднэ гэсэн. Тухайн өдрийн 16-17 цагийн үед Е  над руу залгаж даргад хэлсэн, дарга танд хэлсэн үү? би дараачийн 3, 4, 5 дахь өдрүүдэд чөлөө авахаар болсон. Уг чөлөө авах 3 хоногийг ээлжийн амралтаас хасуулахаар болсон гэхээр нь дарга чамайг чөлөө авна гэж байсан гэж тухайн үед хэлсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хурал дээр Е  өөрөө байсан ба түүний ажил тасалсан асуудлын талаар ярьсан. Тухайн үед би даргад та Е  нь чөлөө авахаар ярьсан гэж надад хэлсэн ш дээ гэхэд дарга чөлөө олгохыг хүссэн бичгээр гаргасан хүсэлт байна уу, тэр хамаагүй бичгээр гаргасан хүсэлт нь байна уу гэсэн”... гэж,  гэрч Р-ээс “хурал эхлэхдээ дотоод асуудлыг хэлэлцсэн ба дараа нь байгууллагын бусад асуудлыг ярьж, хамгийн сүүлд Е ы ажил тасалсан асуудлын талаар ярилцсан. Тухайн үед дарга Е д чи амаар чөлөө авсан, би бичгээр өгөөгүй тул ажил тасалсан гэж үзнэ гэсэн. Е  нэг өдрийн чөлөөг хэлтсийн даргаас авсан, 3 өдрийн чөлөөг танаас авах ёстой тул танд утсаар ярьсан гэсэн” гэж тус тус мэдүүлжээ.

9.7 Мобиком корпораци ХХК-ийн Б аймгийн салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 128 дугаар албан бичгээр тус салбараас техникийн нөхцөл байдлын улмаас буюу сүүлийн 3 сарын хугацааны мэдээллийг л гаргах боломжтой байдаг тул хэрэглэгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны гадагш ярьсан яриа .. дугаарын жагсаалтыг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар хариу ирүүлжээ.

 

10. Нэхэмжлэгч Е-аас ажил олгогчийн уг тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж уг шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн ийн 80 дугаар зүйлийн  80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж тус тус заажээ.

Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна. Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмаар “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үйлчлэхээр зохицуулжээ.

 

12.Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл чөлөө авсан тул ажил тасалсан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг  цуцалсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно”, 100.2 дахь хэсэгт “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэж тус тус заасан байна. Б аймгийн  Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын есдүгээр зүйлээр ажил олгогчоос хувийн чөлөө олгох журмыг зохицуулсан байх ба уг журмын 9.4-т “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд Газрын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно”, 9.15-д “Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл ажилтанд сард 1 удаа ажлын нэг өдрийн цалинтай чөлөөг олгож болно.  Ажилтны 1-ээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Е  нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулсан журмын дагуу чөлөө авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Гэрч Н-ын мэдүүлэг нь - аас чөлөө авна гэж хэлж байсныг нотлохоос ажил олгогч буюу Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь түүнд чөлөө олгохоор шийдвэрлэснийг нотлохгүй байгаа тул нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, мөн 06 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ажил тасалсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч Е ы Монголын Уулчдын цугларалт-авиралт Альпиниад 2022 арга хэмжээнд оролцсон байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

 

13.Харин Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга И нь эрх хэмжээний хүрээнд Е д 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэг өдрийн чөлөө олгосон тогтоогдсон болно.

 

14.Нэхэмжлэгч Е ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн ба эдгээр зөрчил нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, албаны ямар үүрэгт ажилд хариуцлагагүй хандсан талаарх мөн удирдлага болон ажил олгогчоос ажилтанд ямар үүрэг даалгавар, хэзээ өгсөн, эдгээрийг хэрхэн дүгнэсэн эсэх зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Е  нь ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж дүгнэх боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгч Е ы Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж басан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Е ы Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж басан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х