Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2023/00014

 

 

   

 

                                

 

М.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00912 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух М.Е-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С-/-д холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахимаар/  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие М.Е- нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн.

1.2. Гэтэл тус газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас маань чөлөөлсөн.

1.3. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. Энэ нь үндэслэлгүй зүйл бөгөөд миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслаагүй, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаагүй. 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Алтай таван богд ууланд зохион байгуулагдах “Алтай Таван Богд 2022 ALPINIAD”-д оролцох болсон тул 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр газрын дарга Н.С-тэй утсаар холбогдож хувийн ажил төрөл гарсан тул 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд 3 хоногийн чөлөө олгохыг хүсэхэд “ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Б.Н-д би өөрөө хэлнэ, явж болно” гэсэн.

1.4. Би тэр өдрийн орой хүний нөөцийн ажилтан Б.Н-тай холбогдож асуухад “Н.С- дарга надад хэлсэн, 3 хоногийн чөлөө олгосон, ээлжийн амралтаас хасаж тооцоорой” гэсэн гэж хэлсэн.

1.5. Газрын хөдөлмөрийн дотоод журамд харьяа хэлтсийн дарга нэг хоногийн чөлөө олгох эрхтэй тул дарга Ш. И-аас нэг хоногийн буюу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн чөлөөг авсан. Бид Алтай таван богд руу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн орой явах маршруттай байсан учир би тухайн өдөр ажилд ирээд орой явахаар төлөвлөж байсан боловч ажлын хэсгээс 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр замд гарч 20-ны өглөө бэлэн байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Би тэрний дагуу 6 дугаар сарын 19-ний өдөр явахаар болж газрын дарга Н.С-тэй холбогдох гээд утас руу нь залгахад тухайн өдөр Улаанбаатар хот руу явсан учир утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 6 дугаар сарын 19-ний өдөр Алтай таван богд руу явж 6 дугаар сарын 22-ны өдөр авиралт хийж, 4374 метрийн өндөртэй Хүйтэн оргилд авирч ажлаа дуусгаад 6 дугаар сарын 24-ний өдөр буцаж Өлгийд ирсэн. Өлгийд ирсний дараа хүний нөөцийн ажилтан Б.Н-тай холбогдоход газрын дарга таныг ажил тасалсан гээд ажлаас чөлөөлөх гэж байна. Тушаал гарга гэж байна гэсэн.

1.6. Би 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажилд ирсэн. Шуурхай хурал болж Н.С- дарга ажилтнуудын ажилтай танилцаж миний ээлж ирэхэд “чи миний байхгүй байдлыг далимдуулж 6 дугаар сарын 20-ны өдөр ажил тасалж намайг дээрэлхэж байна, би чамд 3 хоногийн чөлөөг бичгээр өгөөгүй, чи чөлөө олгосон гэдгийг юугаар нотлох юм вэ, би чамайг 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас хална” гэсэн.

1.7. Би тухайн өдөр ажил дээрээ байгаад маргааш өглөө ажилд очиж өрөөний үүдэнд хүлээж байгаад Н.С- даргатай уулзаад учир байдлаа хэлэхэд “чиний тушаал гарна” гэсэн. Би “тушаал гаруулмааргүй байна, би чөлөө аваад явсан” гэхэд “тушаал гарна, би чамд 3 сар 20% цалин буруулах арга хэмжээ авна” гэсэн би тэгэхээр нь “ажил таслаагүй учир цалин бууруулах арга хэмжээ авхуулахгүй” гэж хоорондоо маргалдсан. Тэгээд намайг ажлаас хална гэхээр нь би гэр руу явсан.

1.8. Иймд миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье. 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 тоот тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан мэргэжилтэн М.Е-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь мэргэжилтэн М.Е- нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй.

2.2. ...ЭМГ-н хөдөлмөрийн дотоод журмын 5.33 дугаар зүйлд дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.33.1-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй” гэж журамласан, М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт сахилгын ноцтой зөчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд гэж, энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчих гэж тодотгож өгсөн бол мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу /Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам/ хариуцлага хүлээнэ гэж талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээнд тусгасан.

2.3. Харин мэргэжилтэн М.Е- 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр буюу 5 дахь өдөр миний өрөөнд орж ирж, чөлөө хүссэн, ингэхдээ тэрээр надаас чөлөө хүсэхдээ Дэлүүн суманд өвчтэй байгаа төрөл, төрөгсдийн талаар ярьж байсан. Өөрөөр хэлбэл “Дэлүүн суманд байгаа хамаатны бие муу байгаа юм байна би танаас чөлөө авах гэсэн” гэж хэлсэн. Надаас яг хэд хоногийн чөлөө авах талаар яриагүй. Тэгэхээр нь би “та нар ингэж байгууллагын хурал болгон дээр чөлөө хүсэхээ боль, би үүнээс хойш та нарт зөвхөн хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр чөлөө олгоно шүү, чөлөө авч болно, яг ямар асуудал гарсан, чи өөрөө мэдэж байгаа өргөдлөө бичгээр бичиж, нарийн бичигт өгчих, би судалж байгаад, хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байвал чөлөө олгоё, учир нь та нарт чөлөө олгохдоо би тушаал гаргана, энэ чинь цалинтай, цалингүй гээд сүүлд цалин бодоход асуудал болж байгаа, бас би нэг дэх өдрөөс хойш хот руу ажлаар явж байгаа энд ажил их байгаа шүү, байгууллагын гаднах гүйдэг самбар юу болсон вэ? Та хэд бас хариуцлагатай байгаарай” гэж хэлээд өрөөнөөс гаргасан.

2.4. Үүнээс хойш М.Е- надаас чөлөө хүссэн албан ёсны өргөдлөө бичиж ирээгүй, дахиж надаас чөлөө олгох талаар аман болон бичгээр хүсэлт тавьж байгаагүй. Ингээд би бүтэн сайн өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу ажлаар явсан. Гэтэл М.Е- нь намайг Улаанбаатар хот явсан өдөртэй давхцаад, миний байхгүйг далимдуулан 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүтэн сайн өдөр Алтай таван богд явж, 6 дугаар сарын 20-ны өдөр ажилд ирэх боломжгүй гэж хэлтсийн дарга Ш.И-д мэдэгдэж, 1 хоногийн чөлөө авсан болоод үлдсэн 21,22,23,24-ний ажлын өдрүүдэд ор сураггүй алга болж, байгууллагын нэг ч удирдлагад мэдэгдээгүй ажил тасалсан.

2.5. Угтаа бол 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс Е-Монголия-ийн сургалт зохион байгуулж, уг сургалтад төрийн захиргааны байгууллагын бүх IT-ийн ажилтан оролцоно гэж М.Е-ыг сургалтад оролцуулахаар дуудахад тэрээр ажлын байранд байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, танаас чөлөө авсан уу гэж миний ажлыг хариуцсан НЭМХ-ийн дарга Е.С над руу болон манай дотоод чатад мессеж бичсэн. Тухайн үед М.Е- ажилд ирээгүй талаар олж мэдсэн.

2.6. М.Е- нь хариуцсан ажил албаны чиг үүрэгтэй хайнга хандаж, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн хувийн сонирхлоор Алтай таван богд руу авирахаар 5 хоногийн ажил тасалсан нь төрийн албан хаагч хууль дээдлэх, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх үүргээ зөрчсөн.

2.7. Иймээс ажил олгогчийн зүгээс М.Е-ыг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан гэж үзэн, түүнийг хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1,5.33.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.14-т заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй.

2.8. Түүнчлэн ажилтны ажил, амралтын цаг, чөлөө олгохтой холбоотой харилцаа манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан ба хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.14-т “ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрийн чөлөөг авах тохиолдолд Газрын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах бас урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно”, 9.15-т “... ажилтан 1-ээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ”. 10 дугаар зүйлийн 10.6.1-т “цалингүй чөлөө олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Уг тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална”. 10.6.2-т “Ахуй амьдралд нь гачигдал, өвчин зовлон тохиолдсон, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай, гадаад болон дотоодод өндөр өртөгтэй эмчлүүлсэн тохиолдолд ажиллагсдад ажлын 30 хоног хүртэл цалинтай чөлөө олгож болно. Ажилтан гэрлэхэд 5 хоног, эхнэр нь амаржсан эрэгтэй ажиллагсдад 5 хоног, хүүхэд нь гэр бүл болоход 5 хоног, өвөө, эмээ, эцэг, эх төрсөн ах, дүү, хадам аав, хадам ээж, эхнэр, хүүхэд, нөхөр, өөрийн асрамжид байсан гэр бүлийн бусад гишүүн нас барсан бол 7-22 хоног тус тус цалинтай чөлөө олгоно”/ гэж, мөн журмын 10.6.3 дахь заалтад “Ажилтан өвчилсөн тохиолдолд ажлын байгууллагад албан ёсоор мэдэгдэж, эмчийн магадалгааг авчирч өгнө. Хэрэв эмчийн магадалгааг тухайн үед авчирч өгөөгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно” гэж тус тус журамласан. Мөн журмын 12 дугаар зүйлийн 12.10-т “Ажилтан ажлын цагийг нарийн чанд баримтлах бөгөөд ажлаас хоцрох, таслахыг тус тус хатуу хориглосон” байдаг.

2.9. Үүнээс гадна М.Е- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр газрын дарга Н.С-тэй утсаар холбогдож хувийн ажил төрөл гарсан тул 6 сарын 22-24-ний өдрүүдэд 3 хоног чөлөө олгохыг хүсэхэд “ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Б.Н-д би өөрөө хэлнэ, явж болно” гэсэн гэх тайлбар бүгд худал, үндэслэлгүй зүйл болно.

2.10. Ажилтан М.Е- ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын дотоод сүлжээ, техник хангамж болон программ хангамжийн аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн технологийн чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, албан бичгийн хэрэгжилтийг хангах, байгууллагын вэб хуудсыг тогтмол шинэчилж, тогтвортой байдлыг хангах, мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай зардлыг тооцож улсын төсөвт тусгуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байдаг.

2.11. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас 8/1068 дугаар үнэлгээний дүн хүргүүлэх албан бичигт Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хангалтгүй, цахим хуудасны мэдээлэл баяжилт хийгдээгүй байгаад анхаарч мэдээллийн шинэчлэл баяжилтыг тогтмол хийх шаардлагатай гэж анхааруулах албан бичиг явуулсан. Энэ бол шууд мэргэжилтэн М.Е-ы албаны ажил чиг үүрэгтэй холбоотой.

2.12. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн төрийн захиргааны байгууллагуудын гадна гэрэлтүүлгийг засаж, ажиллагаатай болгох албан тоотын дагуу мэргэжилтэн М.Е-д үүрэг даалгавар өгсөн боловч янз бүрийн шалтгаан хэлж, тэрээр удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг мөн биелүүлээгүй. Ийм учраас М.Е-ыг дээрх 2 үндэслэлээр үүрэг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00912 дугаар шийдвэрээр:

3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Е-ыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд:  

4.1. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

4.2. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн.

4.3. ...хавтаст хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн ЭМГ-ын даргын 2022.05.06-ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай” тушаалын 5.33 дугаар зүйлд дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтын нэгэн адил үйлчилнэ гэж мөн журмын 5.33.1-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол” гэж тус тус журамласан.

4.4. Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх хавтаст хэрэгт авагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүчин төгөлдөр байдал, дотоод журмаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн сахилга, хүлээх хариуцлагын талаар маргаагүй.

4.5. Хавтаст хэрэгт авагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.33 дугаар зүйлд дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтын нэгэн адил үйлчилнэ гэж, мөн журмын 5.33.1-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол гэж тус тус журамлаж, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийн шинжтэй асуудлыг дотоод журмаар тухайлан зааж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж заасанд нийцсэн хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн харилцаа болно.

4.6. Харин энэхүү хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан ажилтны хөдөлмөрийн “ноцтой” гэж тооцогдохуйц зөрчлийг ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэх хуулийн хэм хэмжээнд нийцсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Е-ы ажил олгогчтой байгуулсан 2015 оны хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд гэж, энэ нь хөдөлмөрийн дотоод журам зөрчих гэж тодотгож өгсөн бол, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээнэ гэж талуудын харилцан тохиролцож, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн “ноцтой” зөрчлийн талаар тусгагдсан нь талууд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

4.7. Энэ тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр байгуулах, өөрчлөлт оруулах шаардлагагүй. Угтаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-т ...хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож, өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг хуулиар хориглосон.

4.8. Дээрх бүхнээс дүгнэхэд хариуцагч ЭМГ нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн шинэчлэн найруулсан хууль 2022-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан ажил олгогч өөрт нь хуулиар үүрэг болгосон “Хөдөлмөрийн дотоод журмыг” шинээр баталсан бөгөөд энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинээр батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан зааж, уг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчил нь ажилтантай урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байхаар журамласан нь талууд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн талаар харилцан тохиролцсон гэж үзнэ.   

4.9. Иймээс анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2, мөн хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дахь хэсэг, хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.33 дугаар зүйлийн 5.33.1, ажилтны хөдөлмөрийн гэрээний 2.3, 4.9 дэх заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, талууд хөдөлмөрийн ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.  

4.10. Анхан шатны шүүх ...маргааны зүйлийн талаар дүгнэлт хийхдээ... нэхэмжлэгч М.Е- нь хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.С-тэй 2022 оны 6 дугаар 18-ны өдөр утсаар холбогдож чөлөө хүссэн нь талуудын хүсэлтээр гэрчээр асуугдсан тус газрын хүний нөөц Б.Н-, М.Р- нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн.

4.11. Гэтэл хэрэгт авагдсан М.Р- болон Б.Н- нарын гэрчийн мэдүүлэгт...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ЭМГ-н зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаарх шүүгчийн асуултад хариулсан байдлыг шүүх М.Е-ы чөлөө авсан гэх 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн үйл баримтад холбогдуулан дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй М.Р-ийн гэрчийн мэдүүлгийн нэг хэсэг болох “...тухайн үед дарга М.Е- чи амаар чөлөө авсан, би бичгээр чөлөө өгөөгүй тул ажил тасалсан гэж үзнэ” гэсэн хэсгийг шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. Гэтэл гэрчийн энэхүү мэдүүлж байгаа мэдүүлэг нь мэдүүлгийн нэг хэсэг бөгөөд уг мэдүүлэг нь шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар ямар асуудал яригдсан вэ гэх асуултад хариулж байгаа болохоос Н.С- дарга 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр М.Е-д амаар чөлөө олгосон асуудлыг гэрчилж байгаа асуудал биш. Түүнчлэн мөн өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд Н.С- дарга М.Е-д амаар чөлөө олгосон талаарх хэлсэн зүйл хурлын тэмдэглэлд ч бичигдээгүй байгааг анхаарч үзнэ үү.

4.12. Харин гэрч Б.Н-гийн мэдүүлэгт “...М.Е- тухайн өдрийн 16-17 цагийн үед М.Е- над руу залгаж даргад хэлсэн, дарга танд хэлсэн үү би дараагийн 3-5 өдрүүдэд чөлөө авахаар болсон, уг чөлөө авах 3 хоногийг ээлжийн амралтаас хасуулахаар болсон гэхээр нь дарга чамайг чөлөө авна гэж байсан гэж тухайн үед хэлсэн” гэж мэдүүлсэн бол шүүгчийн “танд чөлөө авсан 3 хоногийг ээлжийн амралтаас хасаж тооцно гэж М.Е- хэлсэн үү, аль эсвэл Н.С- хэлсэн үү” гэх асуултад хариулахдаа “М.Е- хэлсэн, Н.С- нь тухайн үед чөлөө авахаар ярьсан, чөлөө өгөх эсэхийг харж байж тухайн үед шийднэ” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй хоёр гэрчийн мэдүүлгээр М.Е-д Н.С- дарга 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр чөлөө олгосон гэх үйл баримтыг тогтоох ямар ч боломжгүй. Учир нь дээрх гэрчийн мэдүүлэгт Б.Н-гийн хувьд Н.С- дарга М.Е-д 3 хоногийн чөлөө олгосон талаар мэдүүлээгүй, тэрээр М.Е- болон Н.С- дарга нараас сонссон зүйлийн талаар шүүхэд мэдүүлсэн ингэж мэдүүлэхдээ, М.Е- 3 хоногийн чөлөө авсан, ээлжийн амралтаас хасаж тооцно гэж зүйл ярьсан бол Н.С- чөлөө олгох асуудлыг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн үед шийдвэрлэнэ гэсэн зүйл ярьж байгааг гэрчилсэн болохоос чөлөө олгосон, олгоогүйтэй холбоотой гэрчийн мэдүүлэгт ач холбогдолтой зүйл байхгүй.

4.13. Гэрч М.Р-ын мэдүүлэгт мөн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн үйл явдалтай холбоотой мэдүүлсэн зүйл байхгүй.

4.14. Харин М.Е- 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Н.С- даргатай утсаар холбогдож чөлөө авсан гэх боловч энэ байдлаа нэхэмжлэгч өөрөө нотлох, утасны ярианы түүхийг гаргаж өгөх боломжтой боловч уг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, харин хэрэгт авагдсан Н.С- даргын утасны ярианы түүхчилсэн лавлагаанаас М.Е- 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Н.С-тай ярьсан үйл баримт тогтоогдоогүй.

4.15. Дээрхээс үзэхэд гэрчийн мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, маргааны үйл баримтад хамааралтай ач холбогдолтой гэж үзэх боломжгүй. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М.Е- 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр биш 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр буюу 5 өдөр өрөөнд орж ирээд чөлөө хүссэн талаар маргаж байхад гэрчийн мэдүүлэгт илт худал, бие биеэ хамгаалсан агуулгаар шүүхэд бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлээгүй болно.

4.16. Үүнээс гадна чөлөө олгох асуудал байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан, ямар журмаар хэрхэн яаж чөлөө олгох асуудлыг ажилтан мэдэж байгаа, М.Е-ы хувьд өмнө нь чөлөө авахдаа дандаа бичгээр чөлөө хүссэн өргөдлөө бичиж чөлөө авч байсан талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Чөлөө олгох асуудал нь өөрөө бичгээр олгогддог бөгөөд сарын эцэст цалин олгоход санхүүгийн баримт болох тул амаар чөлөө олгох асуудал нь байж боломгүй. Тэр тусмаа 3 өдөр дараалан чөлөө олгосон асуудалд бичгээр өргөдөл гаргах ёстой. Иймээс анхан шатны шүүх дан ганц 2 хүний эргэлзээтэй гэрчийн мэдүүлэгт үндэслэн байгууллагын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байгаа харилцаа, тогтсон хэм хэмжээг үгүйсгэж чөлөө олгосон гэж ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад туйлын их гомдолтой байна.

4.17. Хариуцагчийн тайлбар болон татгалзал үндэслэлтэй талаар: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар маргахдаа... “Би 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явсан, мөн өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан тул би тэр өдөр чөлөө олгоогүй, харин 6 дугаар сарын 17-ны өдөр буюу 5 өдөр М.Е- миний өрөөнд орж ирсэн, чөлөө хүссэн, тэрээр Дэлүүн суманд байгаа хамаатны бие муудсан талаар хэлсэн, би ...зөвхөн хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр чөлөө олгоно, та чөлөө хүссэн өргөдлөө бичгээр аваад ир, би тэр шалтгааныг чинь харж байгаад чөлөө олгоё гэж гаргасан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Гэтэл нэхэмжлэгч М.Е- 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр буюу 5 өдөр би даргаас чөлөө аваагүй зөвхөн 6 дугаар сарын 18-ны өдөр буюу хагас сайн өдөр утсаар чөлөө хүсэхэд дарга ээлжийн амралтаас чинь хасаж тооцно гэж чөлөө олгосон гэж тайлбар гаргаж маргасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Н.С- даргын гар утасны түүхчилсэн лавлагаа, гэрч А.С-ын “...Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга нар нь 2022 оны 3 дугаар сараас хойш ямар нэгэн чөлөө олгохгүй байгаа бөгөөд чөлөө авахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ чөлөө хүсэгч нь эхлээд бичгээр чөлөө хүсэх тухай өргөдлөө харьяа хэлтсийн дарга нарт гаргаж улмаар хэлтсийн дарга нар нь газрын даргад уламжилж үүний дараа газрын дарга чөлөө олгох эсэх асуудлыг шийддэг” гэх мэдүүлгийг маргааны зүйлд холбогдуулан үнэлээгүй нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

4.18. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 18 дахь заалтад “... нэхэмжлэгч М.Е- нь ажил олгогчоос утсаар болон амаар чөлөө хүсэхдээ Монголын Уулчдын цугларалт арга хэмжээнд оролцох тухайгаа хэлээгүй, хөдөө явах шаардлагатай болсон гэж 3 хоногийн чөлөө олгохыг хүссэн ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрийн хугацаагаар ажил тасалсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоодохгүй байна” гэж дүгнэж байгаа нь шүүх зөвхөн хуульд захирагдах, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

4.19. Үндэслэл нь нэхэмжлэгч М.Е- анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа “...Н.С- даргаас чөлөө хүсэхдээ ямар асуудлаар чөлөө хүссэн, та зайлшгүй чөлөө авах шаардлага байсан уу гэх хариуцагчийн өмгөөлөгчийн асуултад хариулахдаа тэрээр “би Таван богд уул руу гарах талаар хэлээгүй чөлөө хүссэн шалтгаан нөхцөлийн талаар зөвхөн хөдөө явах шаардлагатай болсон” гэж хэлсэн гэх тайлбарыг гаргаж байсан. Гэтэл хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам мөн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 тоот тушаалаар зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаанаар төрийн албан хаагчид чөлөө олгох харилцаа, байгууллагын дэг журам, ёс жаягийн талаар хуульчилсан байхад анхан шатны шүүх ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөө аваагүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэхээс гадна төрийн албан хаагчийн сахилга хариуцлагагүй байдлыг өөгшүүлж байгаа гэж үзэхээр байна.

4.20. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00912 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч талаас тайлбар гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд тухайн хүнд чөлөө олгоно. М.Е- хувийн ажлаар явсан шалтгаанаа хэлээгүй гэдэг асуудал ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно” гэж заасан. Тэрнээс биш хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд чөлөө олгоно, бусад тохиолдолд чөлөө олгохгүй гэсэн зохицуулалт байхгүй. М.Е- тухайн үед чөлөө хүссэн гэдгээ С- дарга шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан. Хамгийн гол маргаан нь надаас бичгээр чөлөө аваагүй гэдэг асуудал яригдаж байна. 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бямба гараг байсан. Тухайн өдөр М.Е- С-ий 89562728 дугаар луу залгаад ярьсан. Хариуцагч тал нотлох баримт гаргаж өгөхдөө С-ий мобикомын дугаарын жагсаалтыг гаргаж өгөөд, юнител дугаарын жагсаалтыг гаргаж өгөхгүй байгаа. Тэр үед М.Е- С- дарга руу залгаад “...би 3 хоногийн чөлөө авъя, ээлжийн амралтаас хасуулъя” гэж хэлэхэд, тэгээд хүний нөөцийн ажилтнаас тодруулж “...С- дарга ярьсан” гэхээр нь явсан.

5.2. 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаан зөрчил гаргасан асуудлын талаарх хуралдаан биш байсан. Тэр 7 хоног болгон болдог шуурхай хурал байсан.  Энэ хуралдааны үед С-, М.Е- хоёр чөлөө олгох асуудлын талаар маргалдсан. М.Е- тухайн үед чөлөө хүссэн тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. М.Е-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил гаргасан байна гэж дүгнэж байгаа нь хэр үндэслэлтэй вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой.

5.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 130/ШШ2022/00912 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Анхан шатны шүүх М.Е-ы нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн буюу шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан тус газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн Б/24 дугаар “М.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтан М.Е-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1,5.33.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийг үндэслэн, 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

9. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаартай хөдлөмөрийн гэрээ /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,  албан тушаалын тодорхойлолтод /хавтаст хэргийн 11-15 дугаар тал/ хариуцагч Эрүүл мэндийн газрын тэмдэг бүхий “хуулбар үнэн” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

10. Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

11. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд буюу маргааны үйл баримтыг сэргээн тогтоох, дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой нотлох баримт буюу талуудын хооронд багйуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолт нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

12. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00912 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                      М.НЯМБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ