Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1305

 

                                                                                                           

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр     даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01077 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1129 дугаар захирамжаар Г.Г-аас 251.091.475 төгрөгийг гаргуулан “Жем трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбэ 3 гудамж 00 тоот хаягт байрлах 424 м.кв талбайтай хувийн сууц, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулах гэж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 348.777.857 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь буюу 244.144.499 төгрөгөөр анхны дуудлага худалдааг явуулах болсныг 2018 оны 12 дугаар сарын 26-ны 4/1259 дугаар мэдэгдлээс мэдсэн. Бидний хувийн сууц, орон сууц үйлчилгээний цогцолборыг үнэлэхдээ төлбөр төлөгчийн үнийн саналыг аваагүй ба зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур үнээр үнэлэн, хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулаагүй дуудлага худалдаанд оруулах болсон нь төлбөр төлөгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд үл хөдпөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1129 дүгээр захирамжаар “Ундармал сод рашаан” ХХК, Г.Г-ын нараас 251.091.475 төгрөгийг гаргуулж, “Жем трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК-ийн захирал Г.Г-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК, Г.Г-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3 гудамжны 00 тоот хаягт байршилтай 424 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн саналыг авсан. Төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК-ийн захирал Г.Г-т барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус газарт ирүүлэхийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19528, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/406 тоот албан бичгээр оршин суух хаягаар хүргүүлж, мөн 94997512 дугаарт мессэж хэлбэрээр тус тус мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3 гудамжны 00 тоот хаягт байршилтай, 424 м.кв талбай бүхий хувийн сууц, гарааш зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 348.777.857 төгрөгөөр үнэлсэн байна. Төлбөр төлөгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/1259 дугаартай албан бичгээр мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК-ийн захирал Г.Г нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Г-ын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Сэлбэ 3 гудамж, 00 тоот хаягт байрлах 424 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, цаашид нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөх нотлох баримтыг бүрдүүлэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэж газраас явуулсан ажиллагаа, тухайн барьцааны зүйлийг үнэлсэн үнэлгээ зэрэг нь хуулийн үндэслэлтэй эсэх талаар тайлбар гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгчийн үл хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүхий өндөр үнэ өртөг бүхий хөрөнгөтэй холбоотой асуудал тул уг шүүхээс асуудалд илүү нухацтай хандаагүй нь нэхэмжлэгчээс хуулийн хүрээнд эдлэх эрхийг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Сэлбэ 3 гудамж 00 тоот хаягт байрлах 424 м.кв талбайтай хувийн сууц, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Мөн уг үнэлгээнээс 70 хувь бууруулан албадан дуудлага худалдаанд оруулах болсонд ихэд гомдолтой байгаа. Иймд цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин сэргээн явуулах, шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд хууль зүйн оновчтой тайлбар гаргах, хэргийн оролцогчийн хувьд хуульд заасан эрхээ эдэлмээр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Г.Г өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд удаа дараа илэрхийлсэн байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “хууль зүйн туслалцаа авах” эрхийг зөрчсөн байна. /хх-ийн 83-85/

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч талд хэрэгт авагдсан нотлох баримтыг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  баримтуудыг огт танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар  дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийг оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. /хх-ийн 79/

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                              ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                    Н.БАТЗОРИГ