Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох, 

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1129 дугаар захирамжаар Г.Г надаас 251 091 475 төгрөгийг гаргуулан Жем трейд ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо,Сэлбэ 3 гудамж 22 тоот хаягт байрлах 424 м.кв талбайтай хувийн сууц, гражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулах гэж буй юм байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг 348 777 857 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь буюу 244 144 499 төгрөгөөр анхны дуудлага худалдааг явуулах болсныг 2018 оны 12 сарын 26-ны 4/1259 дугаар мэдэгдлээс миний бие мэдлээ.

Тус үл хөдлөх хөрөнгө нь бүх үйлчилгээндээ ойрхон, хотын А бүсэд байрладаг, 2015, 2017 онд засвар хийж байсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд 244 144 499 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад туйлын харамсалтай байгаа болно.

Бидний хувийн сууц, орон сууц үйлчилгээний цогцолборыг үнэлэхдээ төлбөр төлөгчийн үнийн саналыг аваагүй ба зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур үнээр үнэлэн, хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулалгүй дуудлага худалдаанд оруулах болсон нь төлбөр төлөгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбэ 3 гудамж, 22 тоот хаягт байрлах 424 м.кв талбайтай, хувийн сууц гражны зориулалттай, үл хөдпөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК, Г.Гын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1129 дүгээр захирамжаар “Ундармал сод рашаан” ХХК, Г.Гын нараас 251 091 475 төгрөгийг гаргуулж, “Жем трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК-ийн захирал Г.Гт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 28-нд, 2018 оны 9 дүгээр сарын 11-нд, 2018 оны 9 дүгээр сарын 25-нд, 2018 оны 11 дүгээр сарын 22-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК, Г.Гын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3 гудамжны 22 тоот хаягт байршилтай 424 м.кв талбай бүхий хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн саналыг авсан.

Төлбөр төлөгч “Ундармал сод рашаан” ХХК-ийн захирал Г.Гт барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус газарт ирүүлэхийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19528, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/406 тоот албан бичгээр оршин суух хаягаар хүргүүлж, мөн 94997512 дугаарт мэссэж хэлбэрээр тус тус мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Шинжээч 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3 гудамжны 22 тоот хаягт байршилтай, 424 м.кв талбай бүхий хувийн сууц, граж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 348 777 857 төгрөгөөр үнэлсэн байна.

Төлбөр төлөгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/1259 дугаартай албан бичгээр мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан.

Н эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн хандлагын арга учир дутагдалтай тул зах зээлийн харьцуулах аргаар үнэлж хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоожээ.

Төлбөр төлөгч Ундармал сод рашаан ХХК-ийн захирал Г.Г нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1129 дугаар захирамжаар “Ундармал сод рашаан” ХХК, Г.Г нараас 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 1 091 475/нэг сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан “Жем трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэж, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сэлбэ 3 гудамж, 22 тоот 424/дөрвөн зуун хорин дөрөв/ м.кв талбайтай хувийн сууц/цаашид “Үл хөдлөх эд хөрөнгө” гэх/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдаж, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 8646 дугаар захирамж гарч, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 728 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1129 дугаар захирамжийн болон 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8646 дугаар захирамжийн хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 728 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 000374506 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураасан болох нь 12880826/06 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 18280826/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр төлөгч “Жем Трейд” ХХК нар нь Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй болох нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 4/19528 албан бичгийн хуулбар, “Жем трейд” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 551-1/18 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинжээчээр “Дамно” ХХК-ийг томилж, шинжээч “Дамно” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийг 348 777 857/гурван зуун дөчин найман сая долоон зуун далан долоон мянга найман зуун тавин долоо/ төгрөгөөр үнэлсэн болох нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч ... шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан.

 

          Хариуцагч нь шинжээчийн дүгнэлт буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3/гурав/ хоногийн дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан болно.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд гомдол гаргах хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн болон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай 2599 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сэлбэ 3 гудамж, 22 тоот 424/дөрвөн зуун хорин дөрөв/ м.кв талбайтай хувийн сууцны үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сэлбэ 3 гудамж, 22 тоот хаягт байрлах, 424/дөрвөн зуун хорин дөрөв/ м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сэлбэ 3 гудамж, 22 тоот хаягт байрлах 424/дөрвөн зуун хорин дөрөв/ м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ