Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2023/00216

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Б овогт Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, И овогт А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүний газар, байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг буцаан гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х., түүний өмгөөлөгч Б,

Хариуцагч А,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Ад холбогдуулан А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүний газар, байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1  2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б зар мэдээ зарын группэд “13 дугаар сарын багт 2500 м.кв газартай, газар ба байшин зарна. Тодорхой мэдээллийг 9525-3900 дугаараас авна уу” гэсэн зар тавьсан байсан. Зар тавьсан хүн А.М нэртэй хүн байсан.

1.2 Уг зарын дагуу миний нөхөр болох Ж.Жарыс нь очиж үзсэн ба тэр үед төмрөөр хашаа татсан газар байсан ба хашаан дотор 3 өрөө байшин, бие засах газар байсан.

1.3 Харин газар болон байшингийн гэрчилгээ, бичиг баримт нь байхгүй байсан бөгөөд бичиг баримт нь банканд барьцаанд байгаа ба мөнгөө бүрэн авсны дараа банкнаас гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд төмрөөр хашаа татсан 2500 м.кв газар болон 105.35 м.кв талбайтай 3 өрөө байшинг гараажийн хамт нийт 70,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Хамгийн эхлээд 4 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилгаа 5,0 сая төгрөг өгсөн.

1.4 Гэтэл газар, байшингийн гэрчилгээг үзье гэж хэлж байсан боловч үзүүлэхгүй татгалзаж, мөнгө нэхээд байхаар нь бид 7 дугаар сарын 29-ний өдөр тооцоог бүрэн хийж дуусгасан боловч бичиг баримтыг авчирч өгөхгүй нэлээд сунжруулж байсан. 70,0 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байсан ба түүнээс 700000 төгрөгийг нь эд хөрөнгийг нэр дээр шилжүүлсний дараа тооцоо хийхээр болсон.

 

1.5 Тухайн үед 607 м.кв газарт гэрчилгээ байхгүй гэдгийг бид нарт огт хэлээгүй, нуун дарагдуулж байгаад мөнгөө бүрэн авсны дараа хэлж, төөрөгдөлд оруулсан юм. Тухайн үед А нь үнэн хэлсэн бол би ч гэсэн тэр газар байшинг авахгүй байх байсан. Эцэст нь огт бичиг баримтгүй эрхийн доголдолтой газрыг бэлэн мөнгөөр авчхаад ийнхүү чирэгдэж байна.

1.6  Харин түүнээс 1 сар гаруй хугацаа өнгөрсний дараа буюу 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 ширхэг эзэмших, 2 ширхэг /500+500 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээ/, мөн 893 м.кв эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 105.35 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн. Үлдсэн 607 м.кв газрын гэрчилгээг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн /даамал/ Б.Аманбек бүтээж өгнө гэсэн, түүний шаардсан мөнгийг нь бүрэн өгөөд бүтээж өгөх болно, санаа зовсны хэрэггүй гэж хэлсэн тул түүнд итгэж, 3 өрөө байшинд нүүж ирээд их засвар хийж, шинээр худаг гаргаж, бохирын шугамд холбосон.

1.7 Бид 7 дугаар сард тэр худалдаж авахаар болсон газар дээр очоод ашиглаж байх хугацаанд буюу 8 дугаар сарын үед аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ажилтнууд ирээд “...та нарын хашаа өндөр хүчдэлийн шугамын доор байгаа юм байна, энэ газарт газар эзэмшүүлдэггүй юм” гэж хэлсэн. Харин аймгийн кадастрын зургийг харахад надад худалдсан газар кадастрт ороогүй байсан нь тодорхой болсон тул хууртагдсанаа мэдэнгүүтээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсаныг дээд шатны прокурорт гомдол гаргахад гомдлыг хүлээн авахаас татгалзан, иргэний эрх зүйн шинжтэй маргаан байх тул маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн тул ийнхүү шүүхэд хандаж байгаа юм.

1.8 Урьд нь би А-д “надад худалдсан 2500 м.кв газрын 607 м.кв газарт нь нэгэнт газрын гэрчилгээ олгогдох боломжгүй болсон тул уг 607 м.кв газарт ногдох үнэ болох 15,0 сая төгрөгийг буцаагаад өгчих, тэгээд тооцоогоо дуусгая” гэж хэлэхэд мөн зөвшөөрөхгүй байсан.

1.9 А-ын надад өгсөн 2 ширхэг өмчлөх гэрчилгээнд 500 м.кв +500 м.кв газар, нөгөө эзэмших гэрчилгээнд 893 м.кв газар байсан ба одоо 607 м.кв газар дутуу байна. Тэр үлдсэн 607 м.кв газарт гэрчилгээ олгогдох боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон. Харин Аын хувьд өөрийн 1893 м.кв газартай залгаа 607 м.кв газарт хууль бусаар зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа татсан болох нь тодорхой болсон, биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө түр шилжүүлэн, мөнгөө бүрэн авсан нь нотлогдож байна. Мөн өгсөн газрын гэрчилгээнүүдийн кадастрын зураг байгаагүй.

1.10 Ингээд худалдагч А нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...”, 243.2 дахь хэсэгт заасан “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн ...үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх...” үүргээ тус тус биелүүлээгүй, намайг хохироож чирэгдүүлж байгаа, худалдагч А-ын эд хөрөнгө миний эзэмшилд бүрэн шилжээгүй байгаа тул авсан өгснөө харилцан буцаахаар ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд иргэн А-тай амаар хийсэн газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүнээс газар байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Хийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Миний бие Х.Х-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, харин Жтай байгуулсан гэдгийг дурдаж хэлмээр байна.

2.2 Би тухайн 3 өрөө байшин, гарааж, 2500 м.кв газрыг худалдахаар 2022 оны 3 дугаар сарын үед зар тавьсан байсан ба дээрх зарын дагуу Ж гэдэг залуу ирж уулзаад 70,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

2.3 Эхлээд 5,0 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нэг сарын дараа өгөхөөр тохиролцсон боловч хэлсэн хугацаанд өгч чадаагүй.Мөнгө төгрөг бүтэхгүй байна гэж элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаад 8 дугаар сарын эхээр нийтдээ 69,300,000 төгрөг төлсөн.

2.4 Ж нь Казахстан улсын иргэн байсан бөгөөд өөрийн гэсэн дансгүй гэж найз охин нь гэх Х.Хийн дансаар мөнгийг шилжүүлж өгч байсан. Ж нь 3 өрөө байшин, гарааш, хашааг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр надаас хүлээн авч дотор талын том өрөөнүүдийг хоёр хувааж жижгэрүүлж засвар үйлчилгээ хийж, хашаан дотор худаг гаргаж цэвэр ус оруулсан. Нэхэмжлэлд бичсэнчлэн бохирын шугамд холбосон гэдэг нь худал, өмнө нь бохирын шугамтай байсан.

2.5 Би тухайн байшин, гарааш, хашааны газрыг 2021 онд Барилгын цэргийн 340 дүгээр ангийн штабын даргаар ажиллаж байсан нэг офицерээс худалдаж авсан. Намайг анх авахад байшин, гараажийн гадна талд 1893 м.кв газарт хашаа татагдсан, мөн хашаатай залгаа 607 м.кв газарт хашаа татагдаагүй байсан.Тухайн залуу 607 м.кв газар сул байгаа, хашаа татаад авч болно гэхээр нь би хашаа нэмж татсан.

2.6 Тухайн газрыг Жт худалдах үед нэмж хашаа татсан 607 м.кв газарт гэрчилгээ байхгүй байсан. Би гэрчилгээг нь бүтээж өгөхөөр тохирч Газрын албаны холбогдох хүмүүстэй уулзахад тухайн газрын дээд талд өндөр хүчдэлийн шугам өнгөрч байгаа учир тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй, гэхдээ нэгэнт хашаа татсан бол үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн хариу өгсөн. Үүнээс болж Ж, бид хоёрын хооронд 607 м.кв газрын маргаан үүссэн.

2.7 Ж нь тухайн байшин, гарааш, газрыг худалдаж авч одоо хүртэл тэнд амьдарч байгаа. Өндөр хүчдэлийн шугамын асуудал зөвхөн нэмж хашаа татсан хэсэгтэй холбоотой байгаа. Үлдсэн газар, байшин, гарааш байгаа хэсэгт өндөр хүчдэлийн шугам огт хамааралгүй. Ж анх надтай тохирохдоо мөнгийг 1 сарын дотор өгнө гэсэн боловч бараг 4 сарын дараа өгсөн. Би тухайн байшинг худалдаж өөр газар байшин барих төлөвлөгөөтэй байсан ба Ж мөнгийг өгөөгүй учир маш их хохирч байшинг хугацаанд барьж чадаагүй.

2.8 Бид худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед 15,000 төгрөгийн үнэтэй байсан 1 уут цемент 28,000 төгрөг болж, барилгын бүх материалын үнэ өссөн. Нэгэнт Ж нь тухайн байшин, гарааш, газрыг хүлээн авч зохих засвар үйлчилгээ хийж одоо хүртэл хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа учир байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, газар, байшингийн үнэд шилжүүлсэн 69,300,000 төгрөгийг буцаах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Хийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 0000000000 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000001 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000681041 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.М гэх хаягаас тавьсан зар, А-ийн цахим зурвасууд, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 299 дугаартай прокурорын тогтоол, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 167 дугаартай мэдэгдэх хуудас,  өмгөөллийн гэрээ, Ж, Х.Х нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Х.Х-ийн хариуцагч А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүнээс газар, байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэгч Х.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б аймгийн Ө сумын 13 дугаар багт 2500 м.кв газартай, газар ба байшин зарна гэсэн зарын дагуу миний нөхөр болох Ж.Жарыс очиж үзэж бид харилцан тохиролцож төмрөөр хашаа татсан 2500 м.кв газар болон 105.35 м.кв талбайтай 3 өрөө байшинг гараажийн хамт 70000000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Эхний ээлжид урьдчилгаа 5.0 сая төгрөгийг өгсөн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тооцоог бүрэн хийж дуусгасан болно. Анх бидэнд 607 м.кв газрын гэрчилгээ байхгүй гэдгийг хэлээгүй ба мөнгөө бүрэн авсны дараа хэлсэн. Худалдагч А нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх,...” гэж, 243.2 дахь хэсэгт “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн .. үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх ...” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас миний бие хохирч байна. Иймд А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүнээс газар байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие худалдах худалдан авах гэрээг Ж-тай байгуулсан. Би тухайн 3 өрөө байшин, гарааж, 2500 м.кв газрыг худалдахаар зар тавьсан байсан ба зарын дагуу Ж гэдэг залуу ирж уулзаад 70 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Газрыг Ж-т худалдах үед нэмж хашаа татсан 607 м.кв газарт гэрчилгээ байхгүй байсан. Би гэрчилгээг нь бүтээж өгөхөөр болж тохирч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хүмүүстэй уулзахад газрыг эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс болж Т.Жарас бид хоёрын хооронд 607 м.кв газрын маргаан үүссэн. Нэгэнт Ж нь тухайн байшин, гарааж, газрыг хүлээн авч зохих засвар үйлчилгээ хийж одоо хүртэл хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа учир байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, газар байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг буцаах үндэслэл байхгүй болно гэжээ. 

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

7.1 ХААН банкнаас гаргаж өгсөн харилцагч Х-ийн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх  депозит дансны хуулгаар газар, байшингийн үнэ гэсэн агуулгаар зарлага гарч байсан нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нь байшингийн үнэ 69300000 төгрөгийг авч өгсөн талаар маргаагүй байна.

7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олгосон 0000001, 0000002 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр А нь Б аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж 17 гудамжны 000 тоот хаягт байршилтай 000202, 000203 нэгж талбарын дугаартай нийт 1000 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогджээ.

7.3. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр А-д сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/179 дугаартай захирамжийг үндэслэн Б аймгийн Ө сумын 13 дугаар баг Т-16 гудамжны 001 тоот хаягт байрлах нэгж талбарын 0002033000 дугаар бүхий 893 м.кв газрыг Гэр орон сууцны хашааны зориулалтаар 45 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон байна.

7.4. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр А, К нар нь Б аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж-16 гудамжны 001 тоот хаягт байрлалтай 105.35 м.кв талбайтай, хувийн сууц гаражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогджээ.

7.5. Марган бүхий газарт шүүхийн зүгээс үзлэг хийсэн ба үзлэгийн тэмдэглэлээр Х.Х-ийн хашаа татсан газрын  нийт талбайн хэмжээ нь 2485.5 м.кв, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж тайлбарласан газрын талбайн хэмжээ нь 1895.9 м.кв, байшингийн талбайн хэмжээ нь 139.8 м.кв, газар эзэмших гэрчилгээгүй, нэмж хашаа татсан гэх газрын талбайн хэмжээ 589.6 м.кв, нэмж хашаа татсан хэсэгт дээгүүр дайрсан өндөр хүчдэлийн шугам байгаа нь тус тус тогтоогджээ. 

8.Нэхэмжлэгчээс худалдагч А-аас анх бидэнд 607 м.кв газрын гэрчилгээ байхгүй гэдгийг мэдэгдээгүй тул түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус  гэж маргасан ба хариуцагч түүнийг эс зөвшөөрч маргажээ.

 

9.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар хариуцагч А нь Ө сумын 13 дугаар багт байрлалтай 2500 м.кв газар болон 105.35 м.кв талбайтай 3 өрөө байшинг гараажийн хамт худалдахаар зарласны дагуу талууд харилцан тохиролцож тухайн газар болон байшинг худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнэ 69300000 төгрөгийг төлж өгсөн ба худалдагч А-аас Б аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж-17 гудамжны 1700 тоот хаягт байршилтай 00000201, 00000203 нэгж талбарын дугаартай нийт 1000 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 0006001, 00000203 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг,  Б аймгийн Ө сумын 13 дугаар баг Толбо нуур-16 гудамжны 1601 тоот хаягт байрлах нэгж талбарын 000000 дугаар бүхий 893 м.кв газрыг Гэр орон сууцны хашааны зориулалтаар 45 жилийн хугацаатай эзэмшүүлсэн  Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг, Б аймгийн Ө сумын 13-р баг, Ж 16 дугаар гудамжны 0001 тоот хаягт байрлалтай 105.35 м.кв талбайтай, хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус худалдан авагчид хүлээлгэж өгсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Нэхэмжлэгч Х.Х нь нэхэмжлэлийн үндэслэлээ худалдан авахаар харилцан тохиролцсон 2500 м.кв газраас 607 м.кв газрын гэрчилгээ байхгүй болохыг хариуцагч А-аас  мэдэгдээгүй, үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөчсөн гэж тайлбарлажээ.  Энэхүү үндэслэл нь худалдагч нь  худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж  үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлд хамаарч байх ба нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэгчээс  үүргээ гүйцэтгэхийг шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй байх тул гэрээний үүрэг зөрчсөний улмаас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгч Х.Хийн хариуцагч А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүнээс газар байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504450 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн хариуцагч А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүнээс газар байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 /жаран есөн сая гурван зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504450 /таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х