Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2023/00104

 

 

 

 

 

 

 

  2023          02           28          

           132/ШШ2023/00104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байранд байрлах, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба -ны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Булган аймаг, Т сум, * дугаар баг, * дүгээр хороо, * тоотод байрлах, “Ш*******” ХХК-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: 1,218,698,142.22 /нэг тэрбум хоёр зуун арван найман сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун дөчин хоёр төгрөг,хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай 132/2022/00660 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд:

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий /цахимаар/

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*******

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч “Ш*******” ХХК-д холбогдуулан 1,218,698,142.22 /нэг тэрбум хоёр зуун арван найман сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун дөчин хоёр төгрөг,хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХХААЯ-ЗГ 150511/007 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 93.5-д “тэг цомхотгосон технологиор боловсруулсан уриншийн эзлэх хувийг нэмэгдүүлэх” гэснийг тэмдэглэн, Хүнс Хөдөө аж Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №А/57 тушаалыг үндэслэн зээлдэгчид худалдан авах техник төхөөрөмжийн 80% буюу 477,900,000 төгрөгийн зээлийг тус компанид олгох зээлийн нийт дүнгийн 2% 9,558,000 төгрөгийг хяналтын зардалд суутган үлдэгдэл төлбөр 468,342,000 төгрөгийг техник нийлүүлсэн Вагнер ази индастриал ХХК-ний дансанд шилжүүлсэн. Зээл төлөх хуваарийг гэрээний 2.6-д заасны дагуу эргэн төлнө. Гэрээний хугацаа 5 жил байна.

-2016.01.01-10% буюу 46,834,200 төгрөг

-2017.01.01 20% буюу 93,668,400 төгрөг

-2018.01.01 20% буюу 93,668,400 төгрөг

-2019.01.01 20% буюу 93,668,400 төгрөг

-2020.01.01 20% буюу 93,668,400 төгрөг

-2020.05.31 10% буюу 46,834,200 төгрөг нийт 468,342,000 төгрөг төлөх байснаас зээлийн үндсэн төлбөрт 415,334,829.50 төгрөг, хүү 87,902,077.40 төгрөг, үндсэн төлбөр хүүгийн хамт 503,236,906.90 төгрөг, үүнээс алдангид 251,618,453.45, нийт 754,855,360.35 төгрөг нэхэмжилнэ.

2.2017 оны 9 сарын 11-ний өдрийн ОХУ-Т17-71 дугаар Санхүүгийн дамжуулах гэрээгээр 107,926,6 /нэг зуун долоон мянга есөн зуун хорин зургаа аравны зургаа/ ам долларын үр тарианы комбайн 1 ширхэг ПСМ-101 Вектор-410 1 ширхэг байна. Санхүүгийн үлдэгдлээр 297,254,773.59 төгрөг, хүү 11,973,747.66 төгрөг. Үндсэн төлбөр хүүгийн хамт 309,228,521.25 төгрөг. Үүнээс алдангид 154,614,260.625 төгрөг. Нийт 463,842,781.875 төгрөг байна.

          Иймд хариуцагчаас дэмжпэг үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 712,589,603,09 төгрөг, хүүнд 99,875,825.06, алдангид 406,232,714.075 төгрөг нийт 1,218,698,142.22 /нэг тэрбум хоёр зуун арван найман сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун дөчин хоёр зууны хорин хоёр/ төгрөг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Манай компанийн зүгээс талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломж, арга хамтын ажиллагааны талаар санал бүхий албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч нэг ч удаа албан бичгээр хариу ирүүлдэггүй. Мөн тус сангийн Д.Б******* тэргүүтэй комисс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай суманд хүрэлцэн ирж уулзалт хийн буудайнаас дээж авч явсан төдийгүй шаардлага хангасан дээжид хамаарах буудайг ачин Булган аймаг дахь мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулан хүргэж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан. Талуудын тооцоо нийлсэн актыг үнэн зөв тогтоохоор тодруулга хүсэлт гаргасан ч мэдээллийг гаргаж өгдөггүй. Үүнд манай компанийн жил бүрийн буудайн урамшуулал, хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн тооцоот авлагыг шууд суутган авдаг, Монгол төгрөгөөр бус гадаад вальютаар тооцоо хийн байгуулсан гэрээний тооцооны аргачлал зэрэг хэд хэдэн хүсэлт болно. Тус сангийн эрх бүхий этгээдүүд нь Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 138 дугаар тотоолын хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар огт ажиллаагүй төдийгүй өнөөдрийг хүртэл нуун дарагдуулан ажил үүргээ биелүүлээгүйн улмаас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч, иргэн аж ахуй нэгж байгууллагууд ихээхэн хохирч байна.

Иймд хоёр байгууллага хоорондын тооцоогоо бүрэн эцэслэн тогтоох эвийн журмаар маргаан шийдвэрлэх боломж байгаа тул ХААД сангаас ирүүлсэн нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн акт. Шинэ Амжилт ХХК-ний захирал Э******* гарын үсэг зураагүй, уг актын арын хэсэгт тайлбар бичсэн байна.  /хэргийн 5-р хуудас/,

-2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал /хэргийн 6-р хуудас/,

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээний наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Монгол улсын засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоолын наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар тушаалын наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 9-р хуудас/,

- Шууд шилжүүлэгийн баримт /хэргийн 10-р хуудас/

-Төлбөрийн даалгавар /хэргийн 11-р хуудас/

-2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/1863 дугаар Зээлийн төлбөрийг шилжүүлэх тухай албан тоотын наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 12-13-р хуудас/,

-2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХААЯ-ЗГ15054/007 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 14-26-р хуудас/,

-2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээний наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 27-32-р хуудас/,

-техникийн мэдээллүүд /хэргийн 33-35-р хуудас/,

-2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ОХУ-Т17-Б71 дугаартай Барьцааны гэрээний наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 36-39-р хуудас/,

-“Ш*******” ХХК-ийн **** **** ***** **** **** **** **** **** *** ****  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн наториатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 40-56-р хуудас/,

4.Хариуцагч талаас хариу тайлбар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Шүүх хариуцагч “Ш*******” ХХК-аас 1,080,017,770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож, 138,680,372 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч “Ш*******” ХХК-аас гэрээний үүрэгт 1,218,698,142.22 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч “Ш*******” ХХК нь тус сан нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 138 дугаар тогтоолын хуулийн хэрэгжилтийг хангах талаар ажиллаагүй өнөөдрийг хүртэл ажил үүргээ биелүүлээгүй улмаас газар тариалан эрхлэгч их хохирч байна. Хоёр байгууллага хоорондын тооцоогоо бүрэн эцэслэн тогтоох боломжтой эвийн журмаар маргааныг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байна.

           4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 5.2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн яам, Шинэ-Амжилт ХХК-ний хооронд ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай 477,900,000 төгрөгийн үнэ бүхий “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Энэхүү гэрээний жилийн хүү 8 хувь, гэрээний хугацаа 5 жил  бөгөөд үүрэг гүйцэтгэгч үндсэн төлбөр, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 Дээрх гэрээний 2.8-д гэрээний хяналтын зардал гэрээний 2 хувь байна гэж заасны дагуу Хүнс хөдөө аж ахуйн яам нь 9,558,000 төгрөгийг хяналтын зардалд авч үлдэн Шинэ-Амжилт ХХК-ний нэрийн өмнөөс Вагнер ази индастриал ХХК-д 468,342,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгаврын баримтын хуулбар /хэргийн 11-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Хариуцагч тал ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай гэрээгээр 477,900,000 төгрөгийн зээл авсан талаар маргаагүй. Харин уг барьцаат зээлийн гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчиж байгуулагдсан гэж маргадаг.

 

 6.Хүнс хөдөө аж ахуйн яам, Шинэ-Амжилт ХХК-ний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч гэрээнд заасан хүү авах эрхтэй.

 

 7.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Шинэ-Амжилт ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдэд барьцаалсан тухай тэмдэглэл хийгдсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа гэж тайлбарласан. Энэхүү тайлбарыг няцаасан тайлбар нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт өгөөгүй тул 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэсэн.

 Хүнс хөдөө аж ахуйн яам, Шинэ-Амжилт ХХК-ний хооронд байгуулагдсан  ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 415,334,829.50 төгрөг, хүү 87,902,077.40 төгрөг нийт 503,235,906.90 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

 Хариуцагч Шинэ-Амжилт ХХК нь  503,235,906 төгрөгийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй 880 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу 251,618,453 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг зөрчөөгүй байна. 

 

  8.Иймд талуудын хооронд байгуулсан ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 415,334,829 төгрөг, хүү 87,902,077 алданги 251,618,453 төгрөг нийт 754,855,359 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуульд нийцэж байна.

 

  9.Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шинэ-Ажилт ХХК-ний хооронд  2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-Т17-71 дугаартай санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Гэрээний үнэ 107926.6 ам доллар бөгөөд гэрээний үнийн урьдчилгаа 30 болох 32,378 ам доллартай тэнцэх хэмжээний урьдчилгааг 2017 оны ургацын хүнсний улаан буудайгаар 2017 оны 11 дүгээр сарын 1-ний дотор, үлдэгдэл төлбөр 75,545.6 ам долларыг гэрээний хавсралт 2-т зааснаар төлнө гэжээ. 75,545.6 ам долларт төлөх жилийн хүү 5,6 хувь, гэрээний хугацаа 48 сар, түрээслэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон байна.

 

  Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөд долларыг өнөөдрийн ханшаар бодож нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

  10.Хүнс хөдөө аж ахуй яамны тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шинэ-Ажилт ХХК-ний хооронд Санхүүгийн түрээсийн тухай хууль болон Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

  11.Монгол улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолын 5-д Тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад ард улсын хөнгөлттэй зээлийн дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тооцоо нийлэн өглөг, авлагыг бууруулж, ажиллахыг сангийн сайд болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байна.

 Дээрх тогтоол нь Бүгд Найрамдах Хятад ард улсын хөнгөлттэй зээлийн дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлэхийг даалгасан тогтоол байх бөгөөд Хүнс хөдөө аж ахуй яамны тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шинэ-Ажилт ХХК-ний хооронд байгуулсан ОХУ-Т17-71 дугаартай санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ нь энэ тогтоолд хамрагдах эсэхийг хариуцагч тал нотлох баримтаар нотлоогүй болно.

 

  12.Түрээслүүлэгч Тариалан эрхлэлтийн дэмжих сан нь түрээслэгч “Ш*******” ХХК-д санхүүгийн түрээсийн гэрээнд заагдсан 1 ширхэг, үр тарианы комбайны /ПСМ-101 Вектор-410/-г шилжүүлэн өгсөн ба “Ш*******” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг нэхэмжлэх эрхтэй.

  Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 2-т зааснаар хариуцагч Шинэ-Амжилт ХХК нь 75,545.6 ам долларыг 48 сарын хугацаанд буюу 2018 оноос 2021 онд төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Гэвч хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

  Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн байх тул 1 ам долларын ханшийг талуудын хооронд гэрээ байгуулсан өдрийн буюу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцох нь зүйтэй. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1 ам долларын төгрөгтэй харьцах Монгол банкны ханш 2,446.79 төгрөг байсан байна.

 

  13.Зохигчийн хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр болох 75,548.6 ам долларыг 2,446,79 төгрөгөөр үржүүлэхэд 184,868,403 төгрөг болох бөгөөд 4 жилийн хугацаанд төлөх хүүнд  41,410,522 төгрөг бодогдож байна.

 Хариуцагчийн ОХУ-Т17-71 дугаартай санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг нь нийт 226,278,925 /184,868,403+41,410,522/ төгрөг тул 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хугацаанд алданги төлөхөөр байна.

 Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг 437 хоногоор хугацаа хэтрүүлсэн ба хоногт төлөх алданги 226,278 төгрөг нийт алдангид  98,883,486 /437*226,278/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

 14.Хүнс хөдөө аж ахуй яамны тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шинэ-Ажилт ХХК-ний хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Шинэ-Амжилт ХХК-аас үндсэн төлбөр 184,868,403 төгрөг, хүү 41,410,522 төгрөг, алданги 98,883,486 төгрөг нийт 325,162,411 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуульд нийцэж байна.

 

 15.Иймд хариуцагч Шинэ-Амжилт ХХК-аас ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай зээлийн гэрээний дагуу 754,855,359 төгрөг, ОХУ-Т17-71 дугаартай санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээгэээр 325,162,411 төгрөг нийт 1,080,017,770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгохоор шийдвэрлэв.

 

 16.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,558,039 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

 

 17.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаартай тогтоолын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш*******” ХХК-аас 1,080,017,770 /нэг тэрбум наян сая арван долоо мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож, 138,680,372 /нэг зуун гучин найман сая зургаан зуун наян мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 5,558,039 /таван сая таван зуун тавин найман мянга гучин ёс/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

.           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР