Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 214/МА2023/000013

 

                                       “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын

                                 алба”-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Э*******, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00104 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ш*******” ХХК-д холбогдох,

1 218 698 142.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба”-ны нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: а/. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХХААЯ-ЗГ 150511/007 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 93.5-д “тэг” цомхтгосон технологиор боловсруулсан уриншийн эзлэх хувийг нэмэгдүүлэх” гэснийг тэмдэглэн, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамны сайдын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №А/57 тушаалыг үндэслэн зээлдэгчид худалдан авах техник төхөөрөмжийн 80 хувь буюу 477 900 000 төгрөгийн зээлийг тус компанид олгох, зээлийн нийт дүнгийн 2 хувь буюу 9 558 000 төгрөгийг хяналтын зардалд суутган үлдэгдэл төлбөр 468 342 000 төгрөгийг техник нийлүүлсэн В******* ХХК-ний дансанд шилжүүлсэн. Зээл төлөх хуваарийг гэрээний 2.6-д заасны дагуу эргэн төлнө. Гэрээний хугацаа 5 жил байна. Үүнд:

-2016.01.01- 10 хувь буюу 46 834 200 төгрөг

-2017.01.01- 20 хувь буюу 93 668 400 төгрөг

-2018.01.01- 20 хувь буюу 93 668 400 төгрөг

-2019.01.01- 20 хувь буюу 93 668 400 төгрөг

-2020.01.01- 20 хувь буюу 93 668 400 төгрөг

-2020.05.31- 10 хувь буюу 46 834 200 төгрөг нийт 468 342 000 төгрөг төлөх байснаас зээлийн үндсэн төлбөрт 415 334 829.50 төгрөг, хүү 87 902 077.40 төгрөг, үндсэн төлбөр хүүгийн хамт 503 236 906.90 төгрөг, үүнээс алдангид 251 618 453.45, нийт 754 855 360.35 төгрөг нэхэмжилнэ.

б/. 2017 оны 9 сарын 11-ний өдрийн ОХУ-Т17-71 дугаар Санхүүгийн дамжуулах гэрээгээр 107 926.6 /нэг зуун долоон мянга есөн зуун хорин зургаа аравны зургаа/ ам долларын үр тарианы комбайн 1 ширхэг ПСМ-101 Вектор-410 1 ширхэг байна. Санхүүгийн үлдэгдлээр 297 254 773.59 төгрөг, хүү 11 973 747.66 төгрөг. Үндсэн төлбөр хүүгийн хамт 309 228 521.25 төгрөг. Үүнээс алдангид 154 614 260.625 төгрөг. Нийт 463 842 781.875 төгрөг байна.

Иймд хариуцагчаас дэмжлэг үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 712 589 603.09 төгрөг, хүүнд 99 875 825.06, алдангид 406 232 714.075 төгрөг, нийт 1 218 698 142.22 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч “Ш*******” ХХК-ний гүйцэтгэх захирал П.Э******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компанийн зүгээс талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломж, арга хамтын ажиллагааны талаар санал бүхий албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч нэг ч удаа албан бичгээр хариу ирүүлдэггүй. Мөн тус сангийн Д.Б******* тэргүүтэй комисс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай суманд хүрэлцэн ирж уулзалт хийн буудайнаас дээж авч явсан төдийгүй шаардлага хангасан дээжид хамаарах буудайг ачин Булган аймаг дахь мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулан хүргэж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан. Талуудын тооцоо нийлсэн актыг үнэн зөв тогтоохоор тодруулга хүсэлт гаргасан ч мэдээллийг гаргаж өгдөггүй. Үүнд манай компанийн жил бүрийн буудайн урамшуулал, хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн тооцоот авлагыг шууд суутган авдаг. Монгол төгрөгөөр бус гадаад валютаар тооцоо хийн байгуулсан гэрээний тооцооны аргачлал зэрэг хэд хэдэн хүсэлтийг шийдээгүй. Тус сангийн эрх бүхий этгээдүүд нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 138 дугаар тогтоолын хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар огт ажиллаагүй төдийгүй өнөөдрийг хүртэл нуун дарагдуулан ажил үүргээ биелүүлээгүйн улмаас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч, иргэн аж ахуй нэгж байгууллагууд ихээхэн хохирч байна. Иймд хоёр байгууллага хоорондын тооцоогоо бүрэн эцэслэн тогтоох эвийн журмаар маргаан шийдвэрлэх боломж байгаа тул ХААД сангаас ирүүлсэн нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч байна”, мөн валютын ханшийн зөрүүг зөвшөөрөхгүй, Газрын тухай хуулийг зөрчиж гэрээ байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 хэсэгт зааснаар хариуцагч “Ш*******” ХХК-аас 1 080 017 770 /нэг тэрбум наян сая арван долоо мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба”-нд олгож, 138 680 372 /нэг зуун гучин найман сая зургаан зуун наян мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 5 558 039 /таван сая таван зуун тавин найман мянга гучин ёс/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Э******* давж заалдсан гомдолдоо:...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "... Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. ...” гэх хуулийн зарчмыг зөрчсөн. Үүнд:

а/.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн хувьд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХХААЯ/ЗГ150511/007 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахаар тодорхойлсон. Энэхүү гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч нь Хүнс Хөдөө Аж Ахуйн яам бөгөөд түүнийг төлөөлж төрийн нарийн бичгийн дарга гэрээ хийсэн. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь гэрээний оролцогч тал биш байж гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХХААХҮ-ЗГ150511/007 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г шүүхэд гаргасан боловч “Үндсэн зээлийн гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад гэрээг дүгнэж авч үзсэн нь хууль зөрчсөн байна. Хариуцагч нь санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээгээр долларын үнэ бүхий техник хэрэгсэл авсан байдаг. Талууд гэрээ байгуулахдаа үнийн дүнг доллараар тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг төгрөг хэлбэрээр нэхэмжилсэн. Түүнтэй холбоотой Монгол банкны албан ёсны ханшны мэдээллийг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг дутуу, шүүхэд бичгийн хэлбэрээр гаргаж өгөөгүй, хариуцагч нь энэ талаарх баримтуудыг компанийн гүйцэтгэх захирал П.Ц******* гэнэт нас барсан, конторын барилга шатсан учир гаргах боломжгүй байсан. Иймээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ХХААХҮЯ болон ХААДС-аас гаргуулахаар хүсэлт гаргасан ба хүсэлтэд ХААДС-д “Ш*******” ХХК-иас нийлүүлсэн буудай, олгосон урамшуулалтай холбогдох баримтуудыг он тус бүрээр гаргуулж өгөхийг бичсэн. Хүсэлтийг хангаагүй нь бичгийн нотлох баримт гаргах, цуглуулах эрхийг, маргаж байгаа мөнгөн дүнг баримтаар нотлох эрхийг минь хязгаарласанд гомдолтой байна. Шүүх нь дээрх хууль зөрсөн байдлуудыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

б/. Тооцооллын зөрүү ба хүсэлтүүдийн шийдвэрлэсэн байдлын хувьд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсралт нотлох баримт болгож “Тооцоо нийлсэн акт, Хөдөө аж ахуйг дэмжих сан”, “Өглөг авлагын дэлгэрэнгүй журнал” гэсэн баримтыг гаргаж өгчээ. “Шинэ Амжилт” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тооцоогоор гэрээний үүргийн биелэлтийн өр төлбөр суутгалын дүн 924 814 318.15 төгрөг байна гэхэд зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй болно. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1 218 698 144.22 төгрөг нэхэмжилсэн. Зөрүү болох 293 883 824.07 төгрөгийн илүү дүнтэй нэхэмжлэл гаргасан нь хууль зөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд долларын ханшийн талаар албан ёсны байгууллагын мэдээллийг бичгийн хэлбэрээр өгөөгүй харин шүүх хуралдаанд амаар мэдүүлснийг шүүх үнэлсэн нь хууль зөрчиж байна. Харин хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр долларын ханшны талаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахад түүнийг хүлээж аваагүй нь бичгийн нотлох баримт цуглуулах эрхийг минь хязгаарласанд гомдолтой байна. Хэргийн баримтад авагдсан “Тооцоо нийлсэн акт”, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн баримтаар: Хятадын Тэг элдэншүүлгийн зээл, Хятадын Тэг элдэншүүлгийн зээлийн хүү 415 334 829.50, 87 902 077.40 төгрөг гэж тусгасан байх ба энэ нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар Тогтоолоор хөнгөлөлт эдлэхээр заасан учир түүнтэй холбоотой баримт нь төлөх төлбөрийн мөнгөн дүнд өөрчлөлт орж болохоор хамааралтай байхад нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж шүүх дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт учир хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч өөрөө гаргаж өгөх боломжгүй баримт учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлд заасанд үндэслэн хүсэлтээ гаргаж тавьсан байгаа.

в/. Давагдашгүй хүчин зүйлийн хувьд: Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээний 9 дэх заалтад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлийг тусгасан байх боловч “Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол алданги, торгуулиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан нь гэрээний нэг талын эрхийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байж болох нөхцөл бүрдсэн байхад шүүх түүнд дүгнэлт өгөөгүй. Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээний үүргийн биелэлт нь 2018 оноос 2021 онд 48 сарын хугацаанд төлж барагдуулах байсан ба энэ хугацаанд нийтийг хамарсан цар тахлын нөхцөл үүссэн бөгөөд энэ нөхцөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу алдангаас чөлөөлөх үндэслэл байсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч алдангийг хасах саналыг гаргасан, нотлох баримтыг гаргах боломжоор хангаагүй.

г/. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байх нөхцөлийн хувьд: Хариуцагч хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр хангах хүсэлтийг удаа дараа гаргаж байхад шүүх хуралд хүсэлтийг хангалгүй шүүх хурлыг хийсэн нь “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн хуулийн зарчим алдуулсан байна. Манай компаниас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийсайхан нь эрх зүйч, өмгөөлөгч биш юм.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 132/202300104 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий тайлбартаа: “ Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн хувьд Засгийн газрын 138 дугаар тогтоолыг ярьдаг. Энэ тогтоолын утга агуулга нь газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах зарим арга хэмжээний тухай 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаартай Засгийн газрын тогтоол юм. Энэ тогтоолын 5 дугаар хэсэгт тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр хөнгөвчилж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, тооцоо нийлэх, өглөг авлагыг бууруулж ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Улаанд даалгасугай гэсэн заалт байдаг. Энэ заалт нь Шинэмжилт ХХК-ийн зээлээр авсан техник, тоног төхөөрөмжид хамаарахгүй байна. Тухайн техникүүд Оросын Холбооны Улсаас дэмжлэгээр орж ирсэн. Засгийн газрын тогтоол нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй дамжуулан зээлдүүлэх гэрээгээр дэмжлэг үзүүлэх чиглэлтэй юм. Тиймээс үүнд хамаарахгүй учраас 2015, 2018 онуудад байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн тайлбартаа: “Хүнс, хөдөө аж ахуйн яам бөгөөд түүнийг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга гэрээ хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэл гаргасан этгээд нь Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба буюу хэргийн оролцогч биш этгээд гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжилдэг. Үүнтэй холбогдуулан үндсэн зээлийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдаагүй. Түүнд шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Барьцаат зээлийн гэрээнд үндсэн зээл буюу тоног төхөөрөмжийг худалдаж авсан үнийн дүн, түүнтэй холбоотой 415 334 829 550 төгрөг нэхэмжилдэг. Гэрээн дээр 477 900 000 төгрөг гэж байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгө нь ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар тооцож энэхүү мөнгийг нэхэмжилж байна вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2017 оны санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээгээр тодорхойлдог.Ш******* ХХК-ийн зүгээс Хүнс, хөдөө аж ахуйн яаманд очиж санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээтэй холбоотой тооцоо нийлье гэхээр үнийн дүн дандаа зөрүүтэй нөхцөл байдал байсан. Тиймээс манай тал нотлох баримтын үндсэн дээр харилцан тохиролцож энэхүү тооцоог хийе гэж үзээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тооцооны актыг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зуралгүй дахин уулзахаар болсон. Гэтэл нэхэмжлэгч ямар нэгэн харилцан тохиролцоо, тайлбар хэлэлгүй шууд шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо манай байгууллагатай хийсэн барьцаат зээлийн гэрээ, санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ нь харилцан тохиролцож доллараар гэрээ хийсэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн үеийн долларын ханш хэдэн төгрөг байсан, одоо хэдэн төгрөг болсон, ямар дүнгээр, ямар ханшаар тодорхойлж байгаа талаар ямар ч нотлох баримт шүүхэд өгөөгүй байхад шүүх үүнийг хүлээн авч шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг дутуу өгсөн. Шүүхэд бичгийн хэлбэрээр гаргаж өгөөгүй. Хариуцагч энэхүү үйл явдалтай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх гэсэн боловч 2019 оны 12 дугаар сард тухайн компанийн гүйцэтгэх захирал Ц******* гэдэг хүн гэнэт нас барсан. Мөн 2015 онд Ш******* ХХК-ийн конторын барилга шатсан тул манай байгууллагад нотлох баримт байхгүй байсан. Тийм учраас Хүнс, хөдөө аж ахуйн яаманд мөн шүүхэд 2022 оноос эхлэн Ш******* ХХК-ийн захирал Э*******аас албан бичгээр Ш******* ХХК-тай холбоотой ургац хураалтын мэдээ, урамшуулал, энэхүү гэрээнүүдтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулахаар удаа дараа шаардсан. Гэвч нотлох баримтыг гаргаж өгөхгүй байсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой манай компани энэхүү нотлох баримтуудыг гаргаж өгнө үү гэж хүсэлт өгсөн боловч уг иргэний хэргийг шийдэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хүсэлтийг хангаагүй. Хавтаст хэргийн 68, 117 дугаар талд авагдсанаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ш******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э*******аас удаа дараа дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул эдгээр нотлох баримтуудыг гаргуулъя гэдэг байдлаар хүсэлт гаргасан. Гэвч шүүгч захирамж гаргаж, холбогдох баримтыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргуулаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрт барьцаат зээлийн гэрээ, санхүүгийн дамжуулах гэрээний талаар ямар нэгэн маргаан хийгээгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг удаа дараа өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах боломжоор хангаагүйгээс тухайн хэрэгт маргаан үүсгэх боломжийг олгоогүйд гомдолтой байна. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрт байхгүй буюу Ш******* ХХК-д байхгүй баримтыг гаргуулъя гаж удаа дараа хүсэлт өгсөн байдаг. Гэтэл шүүх үүнийг хүлээж аваагүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тооцооллын алдааг гаргасан байдаг. Барьцаат зээлийн гэрээний шаардлага дээр 415 334 829 000 төгрөгийг ямар үндэслэлээр, ямар нотлох баримтын үндсэн дээр тооцож гаргаад байгааг нотлоогүй. Шүүх үүнийг хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн актыг үндэслээд дүгнэсэн байдаг. Гэтэл тооцоо нийлсэн акт нь Засгийн газрын 138 дугаар тогтоолтой холбоотой өөр дүнгээр бодогдоно. Энэхүү 415 334 829 000 төгрөгийн тооцоо нийлсэн акт нь Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих сангийн гаргаж өгсөн баримтаар Хятад улсын тоног төхөөрөмжийн зээлд хамрагдах буюу Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаартай тогтоолд хамрагдах боломжтой байсан. Гэрээний үндсэн зээл 477 990 000 төгрөг гэж байгаа. Тэгтэл тооцоо нийлсэн акт дээр 415 334 829 000 төгрөг гээд мөнгөн дүн зөрүүтэй байхад тооцоо нийлсэн актыг барьж тооцооллын алдаа гаргасан. Нэхэмжлэгч 415 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад Ш******* ХХК-ийг өглөгтэй гэж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2017 оны гэрээ буюу санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээтэй холбоотой шүүх гэрээг шууд үндэслэж дүгнэлт гаргасан байдаг. Энэ гэрээнд 75 548.6 ам доллар гэж байгаа. Нэхэмжлэгч долларын ханшийн талаар ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаагүй. Харин шүүх хурал дээр амаар тайлбарласан байхад үүгээр шууд үржүүлэн 184 868 403 төгрөг гэж гаргасан.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа мөнгөн дүнгээр бодож манай байгууллагаас нэхэмжлээд байхад шүүх шууд зээлийн гэрээний нотлох баримтыг үндэслэн 75 548.6 ам доллараар бодож нэхэмжлэгчийн өөрөө нотлоогүй байгаа тооцооллоор дүгнэж, шүүхийн шийдвэр гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх энэхүү тооцоог хийхдээ 184 868 403 төгрөг, хүүнд 41 410 522 төгрөг болно гэж бодсон. Энэхүү тооцооллыг хийхдээ манай компанид хохиролтойгоор хийсэн. Энэ тооцооллын харахад 184 868 403 төгрөгийн зөрүүтэй байхад манай компанид хохиролтойгоор дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Оросын Холбооны Улсын техник гээд санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээтэй холбоотой тооцоо нийлсэн акт дээр мөнгөн дүн бичигдсэн. Монгол дүнгээр бичхээр 221 820 395.26 мөнгө гэж бичсэн мөнгөн дүнгээ тухайн хүснэгтийн дэмжлэг гэсэн багана дээр бичсэн. Энэ багана дээр 75 434 378 төгрөгийг хасаж тооцох ёстой байтал 297 254 773.59 мөнгө гэж нэмж тооцсон. Тариалан эрхлэлттэй холбоотой техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх ёстой байтал нэмж тооцсон тооцооллыг барьж дүгнэлт гаргасан. Хэрвээ энэхүү дэмжлэгийг хасвал манай байгууллага 146 386 016.93 төгрөгийг төлөх тооцоотой байна. Манай байгууллага Хүнс, хөдөө аж ахуйн яаманд энэхүү тоног төхөөрөмжтэй холбоотой санхүүгийн тооцоогоо нийлүүлье гэхэд мөнгөн дүн зөрүүтэй нөхцөл байдал байсан тул бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж байгаад харилцан тооцоо хийе гэсэн боловч нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Манай байгууллагын гаргаж чадахгүй байгаа нотлох баримтыг хязгаарлаж, дутуу нотлох баримтад үндэслэж хууль зүйн дүгнэлт гаргасан тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгасан боловч энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол алданги, торгуулиас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг 2018-2021 он хүртэл төлж барагдуулах ёстой байсан. Энэ хугацаанд нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу алдангиас чөлөөлүүлэх нотлох баримт гаргаж өгөх боломжийг нэхэмжлэгчийн зүгээс хангаагүй. Харин анхан шатны шүүх хурал болохоос өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгч алдангийн хасах саналыг гаргаж байсан. Энэ саналыг шүүх хуралдаан дээр гаргаагүй. Энэ талаарх нотлох баримт гаргах боломжоор хангаагүй. Хариуцагч талыг нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, эрхийг хязгаарласан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн нотлоогүй байхад дүгнэлт хийж анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтад тооцоо нийлсэн акт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өглөг, авлагын дэлгэрэнгүй журналыг гаргаж өгсөн. Ш******* ХХК-ийн төлөөлөгч нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 924 814 318.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 1 218 698 140.22 төгрөгийг нэхэмжилсэн. Яагаад шүүхэд нэхэмжлэл өгөхдөө үнийн дүн 293 883 820 төгрөгөөр нэмэгдсэн бэ? Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү“ гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч нь “...2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 415 334 829.50 төгрөг, хүүний төлбөрт 87 902 077.40 төгрөг, алдангид 251 618 453.45 төгрөг, нийт 754 855 360.35 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Санхүүгийн дамжуулахгэрээгээр үлдэгдэл төлбөр 297 254 773.59 төгрөг, хүүний төлбөрт 11 973 747.66 төгрөг, алдангид 154 614 260.63 төгрөг, нийт 463 842 781.88 төгрөг болох бөгөөд энэхүү хоёр гэрээний нийлбэр дүнгээр нийт 1 218 698 142.22 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж,

2а. Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...хоёр байгууллага хоорондын тооцоогоо бүрэн эцэслэн тогтоох эвийн журмаар маргаан шийдвэрлэх боломж байгаа, ...валютын ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй, Газрын тухай хуулийг зөрчиж гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

3. Анхан шатны шүүх ...2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай зээлийн гэрээг болон 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ОХУ-Т17-71 дугаартай санхүүгийн дамжуулах гэрээг хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэж, гэрээний дагуу үндсэн төлбөр болон хүү, алдангийн төлбөрийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй тул хариуцагчаас 1 080 017 770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 138 680 372 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн яам, Ш******* ХХК-ний хооронд ХХААЯ-ЗГ150511/007 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, зээл нь худалдан авах техник, тоног төхөөрөмжийн нийт үнийн дүнгийн 80 хувь буюу 477 900 000 төгрөг байх ба жилийн хүү 8 хувь, гэрээний хугацаа 5 жил байна. Үүрэг гүйцэтгэгч үндсэн төлбөр, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, Хүнс хөдөө аж ахуйн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, “Ш******* ХХК-г төлөөлж захирал П.Ц******* нар гарын үсэг зурсан байна.

4а. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шинэ-Амжилт ХХК-ний хооронд ОХУ-Т17-71 дугаартай санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээний үнэ 107 926.6 ам доллар бөгөөд гэрээний үнийн урьдчилгаа 30 болох 32 378 ам доллартай тэнцэх хэмжээний урьдчилгааг 2017 оны ургацын хүнсний улаан буудайгаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор, үлдэгдэл төлбөр 75 545.6 ам долларыг гэрээний хавсралт 2-т зааснаар төлнө гэж тохиролцсон байна. 75 545.6 ам долларт төлөх жилийн хүү 5.6 хувь, гэрээний хугацаа 48 сар, түрээслэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцож, Тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөлж хууль, эрх зүйн албаны мэргэжилтэн Д.Гүнболд, “Ш******* ХХК-г төлөөлж захирал П.Ц******* нар гарын үсэг зурсан байна.

 

5. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба”-ыг 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 16 дугаартай тогтоолоор байгуулсан бөгөөд Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага...-ыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалаар хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /хх 7-9/

5а. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамны 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/1863 дугаартай албан бичгээр “Ш*******” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний төлбөрийг шилжүүлэхийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалгасан бөгөөд “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2.7-д зээлийн эргэн төлөлт, хүү, хяналтын зардал, анз, бусад төлбөрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн банкан дахь 5121014613 тоот дансанд шилжүүлэхээр талууд тохиролцсон байгаагаас дүгнэвэл дээрх зээл нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд хамааралтай, уг сангийн авлага гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба” нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд гэж үзэх бөгөөд хариуцагчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийг “Ш*******” ХХК гэж тодорхойлсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.” гэж, мөн хуулийн 35.2“Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.” гэж заасан.

 

7. Хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  “Ш*******” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал П.Ц******* гэрээ байгуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ш*******” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал П.Э******* оролцож тайлбар гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг удаа дараа томилсон итгэмжлэл олгосон байна. /хх 14-32, 62, 68, 104/

Хариуцагч “Ш*******” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал гэх П.Э******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх зүйн баримтыг үндэслэн оролцож байгаа нь тодорхойгүй, гүйцэтгэх захирал агсан П.Ц******* нас барсан гэсэн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд тэрээр хэзээ нас барсан болох, одоогийн гүйцэтгэх захирал П.Э******* эрх залгамжилж байгаа эсхүл өв залгамжлалаар компаний эрх шилжсэн эсэх, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлд  компанийг хэн хэрхэн төлөөлөх болон тухайн хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээ зэрэг баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх П.Э*******ыг хариуцагчийн төлөөлөгч гэж тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх болон мөн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх асуудлыг зааглан ялгах шаардлагатай ба хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэлийг ийнхүү итгэмжлэх эрхтэй этгээд олгосон эсэхийг шүүх анхаараагүй гэж үзнэ.

 

9. Хуульд нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй хэдийч шүүхээс гарах эрхийн акт нь ойлгомжтой, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээгүй байх учиртай тул хариуцагчийн тухайн шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргаанд оролцох эрх, эрх үүрэг түүнээс гарах үр дагаврыг зайлшгүй тодруулах нь зүйтэй.

 

10. Түүнчлэн зохигчийг бүрэн эсхүл хязгаарлагдмал үйлдлээр төлөөлж буй эсэхэд шүүх онцгой анхаарч төлөөлөх бүрэн эрхийг хэдий хэмжээгээр олгосон болох, төлөөлөл нь итгэмжлэлээр, эсхүл хуулиар бий болсон эсэх, ямар үйлдэл хэрэгжүүлэх зэрэгт анхааралтай хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллагаа явуулж буй эсэхийг хянах ёстой. Гэтэл “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Э*******аас Э.Энхмөнхөд олгосон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авах талаар заагаагүй байхад Э.Энхмөнхөд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан байна. 

 

11. Иймд хэргийн оролцогч, тэдний эрх зүйн байдал тодорхой бус байгаа тохиолдолд маргаантай харилцааг шийдвэрлэх боломжгүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх нөхцөл бүрдэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7.,  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч П.Э*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 5 558 039 /таван сая таван зуун тавин найман мянга гучин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ

 

 

                                             ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                     

                                             ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ