Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/01821

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

1.Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Империал хотхон 91Д байр 01 тоотод оршин суух Х овогт П-н Э \ /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

2.Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингэсийн өргөн чөлөө 15 Моннис цамхаг 12 давхарт байрлах О ХХК /РД:....../-д холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, Э.Хашчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч П.Эрдэнэбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие П.Эрдэнэбилэг нь 2003 оноос 2005 оны хооронд гэрээт компанид механикаар ажиллаж байгаад Оюу толгой ХХК-д 2005 оны 10 дугаар сард үндсэн ажилтнаар ажилд орсон. Улмаар 2005-2009 онд хөргөлтийн механик, 2009-2011 онд хөргөлтийн ахлах ажилтан, 2011-2013 онд төвлөрсөн засварын ахлах ажилтан, 2013-2014 онд сайтын засварын ахлах мэргэжилтэн, 2014-2015 онд баяжуулах үйлдвэрийн механик засварын ахлах мэргэжилтэн, 2015-2017 онд сэргээгдэх засварын ахлах мэргэжилтэн, баяжуулах үйлвэр, засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2017-2018 онд Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2018 оноос Дэд бүтцийн хэлтэст механик засварын менежерийн албан тушаалд тус тус ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй үр бүтээлтэй, дэвшин ажиллаж ирсэн.

Гэтэл Оюу толгой ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр, тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөллөө. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т заасныг үндэслэсэн нь зөвхен түр чөлөө олгоход хамааралтай байхаас гадна ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хугацаагүйгээр, цалин хөлс олгохгүй ажлаас чөлөөлснийг ажлаас халагдсантай адилтан үзнэ. Түүнчлэн үндэслэлгүйгэзр ажлаас чөлөөлсөн тушааптыг гардаж авах үед компанийн дотоод журмын 16.3.3-т заасан компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эхсүл сонирхогч этгээдээр миний бие оролцоогүй болно.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. /2012.06.15 УДШ-ийн зөвлөмж 3.1/

Гэтэл дээрх тушаалд байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас чөлөөлсний дараа ажилтны зөрчлийг шалгах гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр П.Эрдэнэбилэгийг Оюу толгой ХХК-ийн Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч П.Эрдэнэбилэг нь Оюу толгой ХХК-д Механик, засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд ажиллаж байсан. 2020 оны 07 дугаар сараас эхлээд цалинтай чөлөө олгож байсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тодорхойгүй хугацаагаар цалингүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхгүйгээр ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр болон 2022 оны 01 дүгээр сард шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан. Иймд П.Эрдэнэбилэгийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах буюу 5, 6, 7 дугаар сарын дундаж цалин хөлс болох 22,157,932 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаагаар бодоход 531,838,368 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан цалин хөлс авах эрхтэй, ажил олгогч ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан болохоос Оюу толгой ХХК-д ийм эрх, хэмжээ байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу ажилтан өөрөө чөлөө олгох хүсэлт гаргаагүй байхад ажил олгогч 2 жилийн хугацаанд чөлөө олгосон нь үндэслэлгүй юм. Оюу толгой ХХК-ийн чөлөө олгох журмын 14 дүгээр зүйлд олговоргүй чөлөөг зохицуулсан бөгөөд 14.1 дэх хэсэгт ажилтны хүсэлтийг харгалзан 10 хүртэлх өдрийн олговоргүй чөлөө олгоно гэж заасан. Хариуцагчийн нөхцөл байдал бодит байдал дээр тогтоогдохгүй байгаа тул ажлаас халсантай адилтгаж үзэхээс өөр аргагүй байгаа юм гэв.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Чөлөө олгох журмын 14 дүгээр зүйлд зааснаар энэхүү чөлөө олгохтой холбоотой журам нь 10 хоног хэрэгжих ёстой. 16.3.3 дээр компанийн үйл ажиллагаатай холбоотой эсхүл ажлын шаардлагаас бусад тохиолдолд гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэний хувиар шүүх цагдаад хандаж мэдүүлэг өгч байгаа тохиолдолд гэсэн үг. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талын хэлсэн тайлбар байна лээ. Энд П.Эрдэнэбилэгт холбогдох хэрэг гэж байхгүй. Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгө залилуулсантай холбоотой маргааныг Оюу толгой ХХК-ийн гомдлоор авч хэлэлцэж байгаа. Оюу толгой ХХК хөрөнгөө алдсантай холбоотойгоор Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. П.Эрдэнэбилэг нь уг хэрэг дээр гэрчийн мэдүүлэг л өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл П.Эрдэнэбилэг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүхээс тогтоогоогүй. Мөн П.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. П.Эрдэнэбилэгийг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэдэг үндэслэлээр гэрчийн мэдүүлэг авсан.

 

Чөлөө олгох журмын 14.1, 18.1.18 дахь хэсэгт 10 хүртэлх өдрийн олговоргүй чөлөө олгоно гэж заасан байна. 2020 оны 08 дугаар сараас хойш манай үйлчлүүлэгчийн ажил хөдөлмөрийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлсийг олгохгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээг цуцалсантай ямар ч ялгаагүй. Хариуцагч тал хэргийг үнэн зөв саадгүй илрүүлэх зорилгоор цалингүй чөлөө олгосон гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг үнэн зөв саадгүй хэрэгжүүлэх зорилго нь эрүүгийн хэргийн улмаас хохирогчоор тогтоогдоод байгаа этгээдийн эрх үүрэг биш шүү дээ.

Хуулиар прокурор, мөрдөгчид олгогдсон эрх хэмжээ юм. Хэргийг саадгүй гүйцэтгэхэд саад учруулж байгаа хүнд Цагдаа урьдчилан сэргийлэх эсвэл бусад арга хэмжээг авдаг. Гэтэл ажил олгогч үүнийг өөрийнхөө зорилго болгож хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж болохгүй. П.Эрдэнэбилэг нь өнөөдөр ажил хийхгүй, цалин хөлс авахгүй 2 жил болж байгаа тул хөдөлмөрийн гэрээ цуцалсантай адилтгаж үзэх боломжтой байна. Ажил олгогчийн шийдвэр анхнаасаа зорилго нь ч буруу, хэрэглэж байгаа хууль зүйн үндэслэл нь ч буруу байгаа тул хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/Ш32021/12775 дугаартай захирамжаар П.Эрдэнэбилэг нь Оюу толгой ХХК-д холбогдуулан ...Оюу толгой ХХК-ийн Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гомдол хянан шийдвэрлэх хуралдаанаас дээрх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Оюу Толгой ХХК-ний гомдлын хариуд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5\205 дугаартай хариу мэдэгдэх хуудас хүлээн авсан ба түүнд Таны гаргасан хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн хариу өгсөн. Үүний дагуу П.Эрдэнэбилэгт холбогдох компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн 202900192 дугаартай хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсний дагуу нэхэмжлэгч П.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Оюу толгой ХХК нь Оюу толгой компанийн чөлөө олгох журмын 16.3.3 дахь хэсэгт заасныг үндэслээд П.Эрдэнэбилэгт тодорхойгүй хугацаагаар цалингүй чөлөө олгосон. П.Эрдэнэбилэг нь албан тушаалаа ашиглаж, хөрөнгө завшсан эсэхийг шалгуулахаар хэргийг цагдаад өгч, хэргийг шалгаж дуусах хүртэлх хугацаанд ажлаас нь хөндийрүүлж, нотлох баримтыг цуглуулах, хэргийг үнэн зөв, шуурхай илрүүлэхэд саад учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг авсан. П.Эрдэнэбилэгийг ажлаас халсан ямар нэг тушаал шийдвэр гараагүй. П.Эрдэнэбилэгт ажлаас цалин олговоргүй чөлөө олгосон нөхцөл байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа гэв.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг 3 удаа шүүхээр хэлэлцэгдэж байсан. П.Эрдэнэбилэг нь Оюу толгой ХХК-ийн дэд бүтцийн механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар маргадаг.

П.Эрдэнэбилэг нь Оюу толгой ХХК-д менежерийн албан тушаалыг эрхэлж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 1 тэрбум 54 сая төгрөг завшсан байж болзошгүй гэж үзээд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 09 дүгээр сарын 16-ны өдөр Оюу толгой ХХК-аас холбогдох цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг үүсээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа.

Тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага захиргааны чөлөө олгох эрхтэй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцагч байгууллага ажилтандаа чөлөө олгож болно гэж заасан. Оюу толгой ХХК-д мөрдөгддөг чөлөө олгох журмын 16.3.3 дахь хэсэгт зааснаар тухайн этгээд хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцож байгаа бол чөлөө олгоно гэж заасан.

П.Эрдэнэбилэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар ч тэр өөрийнхөө шалгагдаж байгаа хэрэг дээр маргадаггүй, мөн гэрчээр тайлбар өгсөн гэдгээ хэлдэг, өмнө шүүхийн зүгээс энэ талаар асуухад маргаагүй. Өөрөөр хэлбэл Оюу толгой ХХК хуульд заасны дагуу чөлөө олгох эрхтэй. Чөлөө олгох журмын дагуу нөхцөл нь бүрдсэн учраас чөлөө олгосон. Хариуцагч компанийн хувьд П.Эрдэнэбилэгт чөлөө олгосон болохоос ажлаас халаагүй.

Хуучин хуулийн 128 дугаар зүйл, 129 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлаар хэрэв ажилтныг буруу халсан шийдвэр үндэслэлгүй гэж үзэх юм бол шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай. Ажлаас халсан тушаал шийдвэр байхгүй байхад ажилд эгүүлэн тогтоолгоно гэдэг хууль зүйн зохицуулалт байх боломжгүй.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Оюу толгой ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл, Хөдөлмөрийн гэрээ, Оюу толгой ХХК-ийн чөлөө олгох журам, Оюу толгой ХХК-ийн дүрэм, Дотоод журам, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл;

 

4. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, бичгээр гаргасан хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Оюу толгой ХХК-ийн чөлөө олгох журам, Оюу толгой ХХК-ийн дүрэм, дотоод журам,

 

5. Шүүх талуудын хүсэлтээр: шүүхийн үзлэг тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан баримтууд, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2021/12775 дугаартай шүүгчийн захирамжтай 2 хавтас 275 хуудас хэрэг,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Эрдэнэбилэг нь хариуцагч Оюу толгой ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2020 оны 8-р сарын 20-ний өдрөөс 2022 оны 08-р сарын 17-ний өдрийг хүртэл хугацааны цалин олговорт 531,838,368 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.Хариуцагч Оюу толгой ХХК нь П.Эрдэнэбилэгийг ажлаас халаагүй, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа чөлөө олгох журмаар цалингүй чөлөө олгосон, Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

3.Тус шүүхийн 2022 оны 03-р сарын 22-ний өдрийн 3627 дугаартай Шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус шүүхийн 2022 оны 4-р сарын 07-ний өдрийн 142 дугаартай Шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдсэн. /х.х-ийн 158-164/

 

 

4.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэгч П.Эрдэнэбилэг нь Оюу толгой ХХК-ний 2018 оны 6-р сарын 27-ны өдрийн №HR 3521 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ Ус цахилгаан хангамжийн механикийн засвар үйлчилгээний менежерийн ажил албан тушаалд 4045 ам долларын цалинтай авч ажиллуулсан байна./х.х-ийн 13 хуу/

 

6. Оюу толгой ХХК-ний 2020 оны 08 сарын 20-ны өдрийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл-ээр 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар буюу дахин мэдэгдэх хүртэл, Оюу толгой ХХК-ний "Чөлөө олгох журам-ын 16.3.3-т заасны дагуу цалин хөлс олгогдохгүй болно. гэж ажлаас түр чөлөөлжээ. /х.х-ийн 12 хуу/

Дээрхи мэдэгдлийг нэхэмжлэгч нь ажлаас халсантай адилтган үзэж эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 8-р сарын 31-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай /1999.07.01/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байх тул шүүх гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэв.

7.Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, түр чөлөө олгосон, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа, өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж,

нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллага намайг гэрчээр л асуусан, яллагдагчаар татсан зүйл байхгүй, гэм бураатай эсэхийг шүүх тогтоогоогүй гэж тус тус тайлбарласан.

8. Хөдөлмөрийн харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс гадна Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана.

 

Талууд 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээний 10.3-т хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэл-дээ энэхүү гэрээний 10.1,10.2-т зааснаас бусад тохиолдолд гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болгох-оор тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч П.Эрдэнэбилэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг, хариуцагч Оюу толгой ХХК-ний Чөлөө олгох журам-ын 16.3.3-т зааснаар Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл-ээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзнэ.

 

9.Оюу толгой ХХК-ний 2005 оны 01 сард баталсан Дотоод журам-ын 3-р хэсгийн Ажлын ба амралтын цаг, чөлөө олгох заалтын Захиргааны чөлөө хэсгийн тодорхойлолтод: "Захиргааны чөлөө нь олговортой чөлөө бөгөөд жилийн амралтаас суутгахгүйгээр даргын зөвшөөрлөөр тусгайлан олгодог онцгой чөлөө юм.,

Захиргааны чөлөө хэсгийн Олговоргүй чөлөө хэсэгт: Удирдах ажилтан зохих байдлыг харгалзан үзээд зөвшөөрсөн бол дараалсан 10 хүртэлхи хоногийн хугацаанд цалингүй чөлөөг ажилтанд олгож болно. 80 цагаас дээш хугацаагаар цалингүй чөлөө олгосон тохиолдолд боловсон хүчин тухайн ажилтаны хавтас материалд тэмдэглэл хийнэ. Цалингүй чөлөө авсан тохиолдолд ажилтанд ямар нэг олговор олгохгүй. байхаар журамлажээ. /х.х-ийн 78,79/

Оюу толгой ХХК-ний ХН-Ж 3.1: Чөлөө олгох журам-ын 14.1-д ...ажлын 10 хүртэлх өдрийн олговоргүй чөлөө олгох боломжтой. Энэхүү чөлөөний хугацаанд ажилтанд цалин хөлс, холбогдох тэтгэмж, олговор олгохгүй.,

16.3.3-т компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөөг олгохгүй болно.,

16.7-д компанийн шийдвэрээр зөрчилтэй холбогдуулан хянан шалгах ажиллагааг явуулах тохиолдолд ажлаас чөлөөлж олговортой чөлөөг олгож болно.,

18.1.18-д Олговоргүй чөлөө гэж- Ажилтны шууд удирдлагын шийдвэрээр олгож буй 10 хүртэлхи өдрийн олговоргүй чөлөө,

18.1.32-т Шүүх, хууль хяналтын байгууллагад иргэний үүрэг биелүүлэх чөлөө гэж-шүүх, хууль хяналтын байгууллагад иргэний үүргээ биелүүлэхээр ажлаас чөлөөлөгдөх үед олгож буй олговортой чөлөөг олгохоор тус тус журамласан байна. /х.х-ийн 39-46/

 

10. Хариуцагч Оюутолгой ХХК нь П.Эрдэнэбилэгт 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс цалинтай чөлөө олгож байгаад 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар цалингүйгээр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхгүйгээр ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч нь П.Эрдэнэбилэгийг тус компанид ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компанид хохирол учруулсан гэх үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гомдол гаргаж, уг хэрэг бүртгэлтийн хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шилжин ирж шалгагдаж байгаа талаар талууд маргаагүй.

 

Дээрхи хэрэг бүртгэлтийн хэрэгт П.Эрдэнэбилэг нь гэрчээр асуугдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Прокуорорын хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдоно.

 

Хариуцагч Оюу толгой ХХК нь хэргийг хаасан ажиллагаанд гомдол гарган 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд хариуцагч тал нь уг хэрэг бүртгэлтийн хэрэгт яллагдагчаар татагдсан иргэн, хуулийн этгээдийг тогтоогдоогүй шалгаж байгаа гэх тайлбарыг удаа дараагийн хуралдаанд гаргасан энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай нэхцөлөөр хангах..., 6.1-д ...хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах..., 44.1-д ... эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтны тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно. гэж тус тус хуульчилсан.

 

Ажил албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэхийг ажил олгогч өөрөө хэрэглэх учиргүй, харин хууль тогтоомжоор эрх олгосон байгууллага, албан тушаалтны шийдвэр, тогтоолыг үндэслэн ажил олгогч түдгэлзүүлэх атал "Чөлөө олгох журам-ын 16.3.3-т компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөөг олгохгүй болно. гэх үндэслэлээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас түр чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч П.Эрдэнэбилэгийг Оюу толгой ХХК-ний Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, П.Эрдэнэбилэгийн 1 сарын дундаж цалин хөлсийг 22,159,929 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 1,030,694 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ний өдрийг хүртэлх 492 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 507,101,448 төгрөгийг  хариуцагч Оюу толгой ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,736,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв. /19,720,668+22,596,953+24,162,167=66,479,788:3сар=22,159,929:21,5=1,030,694*492 хоног=507,101,448/

  Түүнчлэн ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул П.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Оюу толгой ХХК-нд даалгах нь зүйтэй.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Эрдэнэубилэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул түүний урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай /1997.07.01/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Эрдэнэбилэгийг хариуцагч Оюу толгой ХХК-ний Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай /1997.07.01/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Оюутолгой ХХК-аас ажилгүй хугацааны олговорт 507,101,448 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Эрдэнэбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,736,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай /1997.07.01/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Эрдэнэбилэгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутган, шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Оюутолгой ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөг тул түүний урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан П.Эрдэнэбилэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Оюутолгой ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,693,457 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ