Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/699

 

М.Н-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708029051197 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

      М.Н-, 1988 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, эх, эгч, дүү нарын хамт оршин оршин суух хаягийн бүртгэлтэй,

      - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, эдгээр хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоосон ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

М.Н- нь 1. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Д.Д-ыг “Сонгинохайрхан дүүргийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Амгалан гэж хүн байна, 150 ахмад настныг амраах газрын сонгон шалгаруулалтад оролцуулж өгнө, дэнчингийн мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Сэлэнгэ аймгийн Алтан Булаг сумын “Номтын ам” гэх газарт байрлах “Гоё Сэлэнгэ” амралтын газраас ХААН банкны дансаар 496.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Д-т 496.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 8 дугаар сард “Фейсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Г.О-гээс “Солонгос улсаас виз гаргаж өгнө гэж залилсан н.Ариунтуяа гэгчийг олсон, хамтарч хохирлоо барагдуулж авъя, өмгөөлөгчийн хөлс хэрэгтэй, данс шүүлгэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Завхан аймгийн Тэс суманд байрлах Хаан банк болон Төрийн банкны дансаар 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 170.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 636.900 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 70.000 төгрөг буюу нийт 2.226.900 төгрөгийг шилжүүлэн авч 2.226.900 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Фейсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, мөрөөдөл үргэлжлэл гэх хаягаас хохирогч Г.Н-г “...“Iphone-X” загварын гар утасны азтан боллоо, НӨАТ-ын 10 хувь 238.700 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлээд утсаа аваарай, мөн манай нэг азтан мөнгө нь хүрэхгүй байна, 120.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо ХБ-ын 5 дугаар хэсэг 2168 тоотоос Хаан банкны дансаар 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 238.700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 120.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 358.700 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Фейсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Б.Ою-ийг “...“Iphone-X” загварын гар утас 3.500.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 10 хувийг төлөөд ав...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны дансаар 330.000 төгрөгийг шилжүүлэн авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Unegui.mn сайтад “...Өмнөговь аймагт “Мөнгөн хүдэр ресурс” ХХК-д алтны нөөцийн нярав 3.000.000 төгрөгийн цалинтай ажилд яаралтай авна...” гэсэн зарыг байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу 98881774 дугаарт холбогдсон хохирогч М.С-т “...дээрх компанийн хүний нөөцийн албаны дарга н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн байна ... өөрийг чинь ажилд авна ... нярвын ажилд 1.000.000 төгрөгийн барьцаа төлбөртэй...” гэж итгүүлэн хуурч, улмаар хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5750243839 дугаарын данснаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас 500.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны салбараас 500.000 төгрөгийг тус банкны 1415119530 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

6. 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1150 тоотод хохирогч Б.Б-д өөрийгөө Б.Б- гэж танилцуулан “...хямд барилгын материал аваад өгье...” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бэлнээр 515.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 68 тоотоос хохирогч Б.Б-ийн төрсөн охин Т.Соёлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5845511558 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийг иргэн П.Уранзагарын эзэмшлийн Хаан банкны 5065257014 дугаарын данс руу шилжүүлэн авч 2.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ч.А-ыг “...Мөнгөн хүдэр ресурс” компанийн захирал Б- гэж хүн байна, 2 сая төгрөгөөр контейнер зарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон контейнерын урьдчилгаа төлбөр болох 1.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас дансаар шилжүүлэн авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Фейсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Б.У-ыг “төслийн зуух зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Итгэл төв” доторх АТМ-ээс 95.000 төгрөгийг, “Жанжин зах” доторх АТМ-ээс 115.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан 210.000 төгрөгийн хохирол тус тус учруулж нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж 8.136.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ЦШТ/344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 5 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 478 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Н-аас нийт 8.036.600 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ою-ьд 330.000 төгрөгийг, Г.О-д 2.226.900 төгрөгийг, хохирогч Б.Д-д 496.000 төгрөгийг, Б.У-т 210.000 төгрөгийг, Ч.А-ад 1.000.000 төгрөгийг, Г.Н-д 358.700 төгрөгийг, М.С-т 1.000.000 төгрөгийг, Д.Б-д 2.415.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч М.Н- нь хохирогч Д.Б-д 100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо өөрт холбогдох хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг амаар болон бичгээр гаргасан боловч хяналтын прокурор Л.Мажигсүрэн нь “...огт ямар нэгэн гэмт хэрэг байхгүй бүх хэргийг нэгтгэж шийдвэрлэж байгаа...” гэж шүүхийн хандан тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарын дагуу надад холбогдох хэргийг нэгтгэлгүйгээр шийдвэрлэсэн. Би 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаад ирсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ялаар, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, өмнө эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр надад холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...хяналтын прокурор нар нь өөрсдийн ажлын үзүүлэлтээ унагахгүйн тул удаа дараа нэг зүйлчлэлд багтах гэмт хэргийг тус тусад нь ял нэмж шийдвэрлэсэн явдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна...” гэж үзэн тус шүүх хуралдааны  680 дугаартай тогтоолын дагуу надад холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасан. Надад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзориг хянан шалгаж, хэргийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Миний бие хууль бус үйлдэл гаргаж ард иргэдийг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн явдалдаа маш ихээр гэмшиж байна. Мөн өөрийн хохироосон хохирогч нараасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би бусдад 8.136.600 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрх хохирлоос хохирогч Б.Б-д 100.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдсэн хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие хорих байгууллагад цалинтай хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан төлж барагдуулж байгаа болно. Мөн эрүүл мэндийн хувьд тааруу, нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны шархтай, артерын даралт ихсэх зэрэг оношнуудаар цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт 8 удаа хэвтэн эмчлүүлсэн, тус эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Иймд дээрх байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. М.Н- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь ял хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж болохоор заасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. М.Н- нийт 530 хоног цагдан хоригдсон бөгөөд нойр булчирхай, цөсний хагалгаанд орсон. Улмаар 8 удаа хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсаныг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.Н-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч үүнийгээ яаж нотолж байгаа нь тодорхой бус байна. Анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлийг сонгож шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй болсон бөгөөд шүүгдэгч М.Н- гэм буруугийн талаар маргасан зүйл байдаггүй. Шүүгдэгч М.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаагаа нотолж чадвал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хасах үндэслэлд хамаарч байна. Уг заалтын дагуу ялаас хасуулахад урьд өршөөлд хамрагдаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.Н- нь 2017 оны 7 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хуудас, олон нийтийн сүлжээнд зар байршуулж, түүгээр дамжуулан “...тендерт оролцуулж өгнө...”, “...залилсан этгээдээс хохирлоо хамтарч барагдуулъя өмгөөлөгчийн хөлс, үйл ажиллагааны зардал өг...”, “...гар утасны азтан болсон тул татвараа төлөөд авах боломжтой...”, “...гар утас, чингэлэг, төслийн зуух зарна...”, “...өндөр цалинтай ажилд авна...”, “...барилгын материал хямд зарна...” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 8 иргэнээс нийт 8.136.600 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Д.Д- нь “...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр нэгэн дугаараас “Сонгинохайрхан дүүргийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Амгалан гэж хүн байна, 150 ахмад настныг амраах газрын сонгон шалгаруулалтад оролцуулж өгнө, дэнчингийн мөнгө шилжүүл” гэхээр нь Н- гэх хүний данс руу 496.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 248-249/,

- хохирогч Г.О- нь “...Н- нь “Ариунтуяаг олоход хүмүүстэй уулзаж хоолонд оруулна, үйлчилгээний хөлс хэрэгтэй байна, данс шүүлгэж, өмгөөлөгч авахад 900.000 төгрөг хэрэгтэй байна” гэх мэтээр 2017 оны 8 дугаар сарын 6-наас 23-ны өдөр хүртэл хугацаанд надаас нийт 2.226.900 төгрөгийг залилан авсан. ...” /1хх 161-163, 164-167/,

- хохирогч Г.Н- нь: “...2017 оны 12 дугаар сарын 2-ны орой миний фейсбүүк хаяг руу “Мөрөөдөл үргэлжлэл” гэх хаягаас найзын хүсэлт ирэхээр нь аваагүй. Гэтэл маргааш нь “Та Iphone-X загварын гар утасны азтан боллоо, НӨАТ-ын 10 хувь болох 238.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлээд гар утсаа аваарай” гэхээр нь  би нэмээд 120.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 126/,

- хохирогч Б.Ою-ь нь: “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Iphone-X” загварын гар утас лизингээр худалдана” гэсэн зарын дагуу холбогдоход “Урьдчилгаа 10 хувийг төлөөд авч болно” гэж хэлсэн. Би өөрийн данснаас 330.000 төгрөгийг тэр хүний данс руу шилжүүлснээс хойш сураггүй болсон. ...” /1хх 24-26, 27-28/,

- хохирогч М.С- нь: “...2018 оны 4 дугаар сарын 27-ны өдөр “Unegui.mn” сайт дээр байршуулсан зарын дагуу холбогдоход “Өөрийг чинь ажилд авна. Няравын ажилд барьцаа 1.000.000 төгрөгийг компанийн дансанд байршуулах шаардлагатай” гэж хэлсэн. Би тухайн өдрийн 13:30 минутын орчимд өөрийн Хаан банкны данснаас мөнгийг шилжүүлсэн. ...” /4хх 161/,

- хохирогч Ч.А- нь: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийгөө “Мөнгөн хүдэр” ХХК-ийн захирал Б- гэж хүн байна, 2.000.000 төгрөгөөр зарах чингэлэг байна. Урьдчилгаа 1.000.000 төгрөгийг шилжүүлэх шаардлагатай” гэж хэлсний дагуу уг мөнгийг нь шилжүүлсэн боловч маргааш өдрөөс нь гар утас нь холбогдохгүй болсон байсан. ...” /2хх 180-182/,

- хохирогч Б.У- нь: “...2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Төслийн зуух зарна” гэх зарын дагуу холбогдоход “Урьдчилгаа мөнгө хийх хэрэгтэй” гэхээр нь эхлээд 95.000 төгрөг, дараа нь 115.00 төгрөг нийт 210.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 112/ гэж М.Н-ад мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээний талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

- зарим болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч Б.Д-ын: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай талийгаач нөхрийн гар утас руу “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Амгалан гэж хүн байна. Танай байгууллагыг тендерийн шалгаруулалтад оруулах гэж байна, яаралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань Н- гэх хүний данс руу 496.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараагаар утсаар ярьсан хүний утас холбогдох боломжгүй болсон. ...” /2хх 6-9/,

-  гэрч Б.Б-ийн: “...2017 оны 9 дүгээр сард Цамбагаравын автобусны буудал дээрээс өөрийн иргэний үнэмлэхийг хулгайд алдаж байсан. Би “Мөнгөн хүдэр ресурс” ХХК гэх нэртэй байгууллагад ажиллаж байгаагүй, сонсоогүй юм байна. ...” /2хх 188/,

- гэрч Л.Б-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Төслийн зуух 2 ширхэгийг зарна” гэх зарын дагуу өөрийн хүү У-ыг яриулж авахаар болсон. Миний хүү У- над руу залгаад “Нэг зуухных нь мөнгийг урьдчилгаа гээд 2 хуваагаад шилжүүлчихлээ” гэж хэлсэн бөгөөд мөнгө шилжүүлсний дараа зар тавьсан залуугийн утас холбогдохгүй байсан. ...” /2хх 115/,

- шүүгдэгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...би хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогч М.С-, Б.Ою-ь, Б.У-, Ч.А-, Д.Д-, Б.Б-, Г.О-, Г.Н- нараас уучлалт хүсэж байна. Бүх хохирлыг төлж барагдуулна. ...” /3хх 159-162, 208-211, 6хх 32/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогч М.С-ийн Хаан банк дахь эзэмшлийн 5750243839 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгөн гүйлгээний баримтууд /4хх 153-159/,

- гэрч П.У-ын Хаан банк дахь эзэмшлийн 5065257014 дугаартай, Д.М-ийн Хаан банк дахь эзэмшлийн 5018663418 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 119, 5хх 18-19/,

- шүүгдэгч М.Н-ын Хаан банк дахь эзэмшлийн 5058342340 дугаартай, Төрийн банк дахь эзэмшлийн 5058396464 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 43-49, 51-52, 2хх 31, 121, 3хх 155/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч М.Н- нь хохирогч нараас дээрх мөнгийг авахдаа, өөрийгөө төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан мэтээр ойлгуулж, “...тендерт оролцуулж өгнө...”, “...залилсан этгээдээс хохирлоо хамтарч барагдуулъя өмгөөлөгчийн хөлс, үйл ажиллагааны зардал өг...”, “...гар утасны азтан болсон тул татвараа төлөөд авах боломжтой...”, “...гар утас, чингэлэг, төслийн зуух зарна...”, “...өндөр цалинтай ажилд авна...”, “...барилгын материал хямд зарна...” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.Н-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 5 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Н- давж заалдсан гомдолдоо хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээд, өөрийн эрүүл мэндийн шалтгааныг иш татан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсчээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж үзлээ.

Иймээс шүүгдэгч М.Н-ын “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлд шүүгдэгч М.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, эдлэх ялыг 6 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар өршөөлд үл хамаарах ял буюу өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 18 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг албан ёсны хаяг болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 18 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...”-ыг тусгалгүй, яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг жагсаан хуулж бичсэн байгааг цаашид анхааруулж тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, эдлэх ялыг 6 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 18 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...5 жил 5 сар 18 хоногийн...” гэснийг “...3 жил 5 сар 18 хоногийн...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг албан ёсны хаяг болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч М.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ын 2020 оны 2 дугаар сарын 4-нөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 533 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН