Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 680

 

М.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06ы өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20ы өдрийн 1060 дугаар магадлалтай, М.Над холбогдох 1708029051197 дугаартай хэргийг шүүгдэгч М.Нын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн, Н.

 

М.Н нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Б.О-д “Айфоне-икс загварын гар утас 3.500.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 10 хувийг төлөөд ав” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны дансаар 330.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сард “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Г.О-с “Солонгос улсын виз гаргаж өгнө гэж залилсан н.А гэгчийг олсон, хамтарч хохирлоо барагдуулж авъя, өмгөөлөгчийн хөлс хэрэгтэй, данс шүүлгэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Завхан аймгийн Тэс суманд байрлах Хаан болон Төрийн банкны дансаар 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 170.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 636.900 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 70.000 төгрөг буюу нийт 2.226.900 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Д-д “Сонгинохайрхан дүүргийн Халамжийн хэлтсийн н.Амгалан гэж хүн байна, 150 ахмад настанг хамраах газрын сонгон шалгаруулалтанд оролцуулж өгнө, дэнчингийн мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Номтын ам гэх газарт байрлах “Гоё сэлэнгэ” амралтын газраас Хаан банкны дансаар 496.000 төгрөгийг шилжүүлэн авч, иргэн Б.Д-т 496.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.У-т “төслийн зуух зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Итгэл төв” доторх мөнгөний машинаас 95.000 төгрөгийг, “Жанжин зах” доторх мөнгөний машинаас 115.000 төгрөгийг авч, нийт 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ч.А-д “Мөнгөн хүдэр ресурс” ХХК-ийн захирал н.Батдэлгэр гэж хүн байна, 2.000.000 төгрөгөөр контейнер зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон контейнерийн урьдчилгаа төлбөр болох 1.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомтбанкны дансаар шилжүүлэн авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, мөрөөдөл үргэлжлэл гэх хаягнаас иргэн Г.Н-д “Айфоне-икс нэртэй гар утасны азтан боллоо, НӨАТ-ын 10 хувь 238.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлээд утсаа аваарай, мөн манай нэг азтан мөнгө нь хүрэхгүй байна, 120.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баязүрх дүүргийн 28 дугаар хороо, ХБ-ын дугаар хэсэг 2168 тоотоос Хаан банкны дансаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 238.700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 120.000 төгрөгийг буюу нийт 358.700 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан, бусдад нийт 4.621.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Ныг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Над 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 29 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 29 хоногоор тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон нийт 91 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Наас нийт 4.621.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О-д 330.000 төгрөг, хохирогч Г.О-д 2.226.900 төгрөг, хохирогч Б.Д-т 496.000 төгрөг, хохирогч Б.У-т 210.000 төгрөг, хохирогч Ч.А-д 1.000.000 төгрөг, хохирогч Г.Н-д 358.700 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Нын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Н гаргасан гомдолдоо “... өмнөх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялын 2 жил 5 сар 22 хоног, ажлын 20 хоног нийт эдэлсэн 2 жил 6 сар 12 хоног үлдсэн ял 3 жил 5 сар 18 хоног байхад ялын тооцоог буруу тооцон нийт эдлэх ялыг тогтоохдоо ялын хугацааг 11 хоног дутуу бодож тооцсон учир ялын тооцоог ял эдэлж байсан хорих 435 дугаар ангийн тоо бүртгэлийн албаар хүсэлт гарган дахин бодуулж зөрүүтэй ялын тооцоог албан тоот хавсарган 461 дүгээр ангийн тоо бүртгэлийн албаар дамжуулан явуулсан учир надад холбогдох эрүүгийн 1708029051197 дугаартай хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өөрт холбогдох хэргийн ялын тооцоог хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хүсэлтэй байна.

Мөн миний бие Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэгийн хяналт тавьж байгаа эрүүгийн 1809029060802 дугаартай хэргийг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд байгаа билээ. Миний бие дээрх хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт удаа дараа бичгээр болон амаар тухай бүрт гаргасан ба давж заалдах шатны шүүх магадлалаар миний гомдлыг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэх боломжтой гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний бие өөрт холбогдох эрүүгийн дугаартай хэргээ тухай бүрт нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын үеэр нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хяналтын прокурор Л.Мажигсүрэн нь шүүх бүрэлдэхүүнд хандан “М.Над холбогдсон гэх гэмт хэрэг прокурорын нэгдсэн санд дахин ямар нэгэн хэрэг байхгүй” гэж танилцуулж өөрийнхөө ажлын үзүүлэлтээ унагахгүйн тулд зөвхөн нэг талыг баримтлан нэгтгэн шийдвэрлэх боломжтой хэргийг нэгтгэхгүй шийдвэрлэж нэг зүйлчлэлд багтах гэмт хэргийг тус тусад нь шийдвэрлэн удаа дараа ял нэмж нэгтгэн миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байгаа тул Улсын дээд шүүхийн эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний эрх зүйн байдлыг дээрдүүлж надад холбогдох дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч М.Н нь 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан. Шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шалгагдаж буй талаар гомдолдоо дурдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гомдлоор үл хязгаарлан хэргийн бүх ажиллагааг хянахад анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 49 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 62.199.480 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа прокуророос М.Нын 2017 оны 7 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдыг залилж 4.621.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоолоор М.Над 6 сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг шүүгдэгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

 

Гэтэл уг хэргийг хяналтын журмаар эцэслэн хянан шийдвэрлээгүй байхад Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх 839 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 19 хоног хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сар 19 хоног хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заахдаа чухам аль хэрэгт цагдан хоригдсон нь тодорхойгүй 135 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор заасан байна.    

 

Гэтэл энэхүү шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдал буюу шүүгдэгчийн 2017 оны 7 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл үйлдсэн гэмт хэргүүдийг бүрэн илрүүлж нэгтгэн шалгаагүйн улмаас нэг зүйлчлэлд хамаарах үйлдлүүдийг тус тусад нь салган зүйлчилсэн нь шүүгдэгчийн гэм буруу болон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлж эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүнээс гадна шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаж чадаагүйн улмаас дээрх шийдвэрүүдийг гүйцэтгэх, биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байна.

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад тухайн шийдвэрээр оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. 

 

 Иймд шүүгдэгчийн гаргасан “... миний бие Сүхбаатар дүүргийн прокурор И.Мөнхцэцэгийн хяналт тавьсан Сүхбаатар дүүргийн шүүхэд байгаа эрүүгийн 1809029060802 дугаар хэргийг нэгтгэн шийдүүлэхээр удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргах бүрт давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Прокурор Л.Мажигсүрэн “Н-ын дахин холбогдсон гэх ямар нэгэн хэрэг прокурорын нэгдсэн санд байхгүй” гэж зөвхөн нэг талыг баримтлан нэгтгэн шийдвэрлэх боломжтой нэг зүйлчлэлд багтах хэргийг тус тус нь шийдвэрлэн удаа дараа ял нэмж миний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх гомдлыг хангаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06ы өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20ы өдрийн 1060 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Над холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч М.Нын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.ЦОГТ

 

                                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

 

С.БАТДЭЛГЭР

 

Б.БАТЦЭРЭН