Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/00394

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/00394

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: ,

Хариуцагч: 

Дутаасан барааны үнэ 2 826 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г, Т.Г,

хариуцагчийн төлөөлөгч Н.А

нарийн бичгийн даргаар Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Юш ХХК хариуцагч ИЭ ХХК-д холбогдуулан 2 826 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТУ ХХК-иас манай байгууллагад хандан ХБНГУ-аас 4060 еврогийн үнэ бүхий 1 хайрцаг (хайрцаган дотроо 32 уут бүхий) ногооны үрийг Монгол улсад тээвэрлүүлэн авчруулах захиалга өгсний дагуу уг тээвэрлэлтийг ХБНГУ дахь R компаниар гүйцэтгүүлсэн. R компани нь уг үүргийг гүйцэтгэж 2022.01.19-ний өдөр Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд хүргэж ирсэн бөгөөд ачаа барааг хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагааг эхлүүлсэн ба тээвэрлэгч R компанийг төлөөлөн ИЭ ХХК, түүний ажилтан талбайн менежер Ц, хүлээн авагч ТУ ХХК-ийн ажилтан дэд захирал М.У, тээвэр зуучлагч манай байгууллагыг төлөөлөн гаалийн бүрдүүлэлтийн менежер ажилтан Т.Г нар байлцсан. Ачаа барааг хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагааг эхлүүлэх үед тээвэрлэгдэн ирсэн ачаа бараа задарсан байсан ба уг задарсан ачаа бараанаас 900 еврогийн үнэ бүхий 3 уут үр дутсан, байхгүй байсныг бүгд харсан. Задарсан байсан ачаа бараанаас 3 уут үр яагаад дутсан, байхгүй болсон, алга болсон талаар хүлээн авагч ТУ ХХК-ийн дэд захирал М.У ИЭ ХХК-ийн ажилтан Цээс тодруулахад Ц манайд энэ асуудал хамаагүй, тээвэр зуучтайгаа буюу Юнай Шиппинг ХХК-тай энэ асуудлаа ярь, харин энэ ачаа хүлээлцэх актан дээр бүрэн хүлээж авсан гээд гарын үсгээ зурчих гэж хэлэхэд М.У гарын үс зурсан. Уг үйл явдлын дараа буюу 2022.01.19-ний өдөр манай байгууллагын зүг МХАТ хандан ачаа задарч ирсэн ачаанаас 3 уут үр алга болсон, байхгүй байсан талаарх дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахад МҮХАҮТанхимаас шинжээч ирж шалгалт хийн дүгнэлт гаргасан дүгнэлтээр: ХБНГУ-аас тээвэрлэн ирсэн ачаа бараа задарч ирсэн, задарсан ачаан ******************* кодтой 3 уут бараа дутуу ирсэн гэж тогтоосон. Задарч ирсэн ачаа МҮХАҮТанхимын дүгнэлт гарах хүртэлх хугацаа буюу 2022.01.19-ний өдрөөс 2022.01.22-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн хяналтын бүс буюу гаалийн баталгаат агуулахаас гараагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсны дараа гаалийн баталгаат агуулахаас ачаагаа дутуу чигээр нь авсан байдаг. Манай байгууллагын зүгээс тээвэрлэгч R компанид хандан 2022.01.26 өдөр ачаа Улаанбаатарт ирэх үед 3 уут дутуу ирсэн, хайрцаг задарч нээлттэй ирсэн энэ талаар танайхыг төлөөлж хүлээлгэн өгөх ажлыг хариуцаж байсан ИЭ компаниас мэдээлэл авсан уу, манай хохирлыг барагдуулж өгнө үү, бидэнд ачаа дутуу ирсэн талаарх дүгнэлт байгаа гэж хэлэхэд R компаний зүгээс 2022.01.26-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт ИЭ компани бидэнд мэдэгдэхдээ хүлээн ав ачаагаа бүрэн хүлээж авсан гэж мэдэгдсэн гэдэг хариуг өгсөн нь ИЭ компани хүлээн авагчид худал хэлж, ачаа дутуу байсаар байтал ачаа хүлээлцэх актад бүрэн хүлээж авсан гээд гарын үсэг зурчих гэсэн нь хүлээн авагч болон манай байгууллагын хувьд их хэмжээний алдагдал, хохирол учрах нөхцөл байдал болоод байна. Хэрэв ачаа хүлээлцэх актад дутуу ирсэн ачааг дутуу чигээр нь бодитоор бичсэн байсан бол бид тээвэрлэгч R компаниас дутуу байсан ачааны төлбөр бүрэн барагдуулах боломжтой байсан. Гэтэл бүрэн хүлээлгэж өгсөн гэдэг барим ИЭ компаний зүгээс тээвэрлэгч R компанид өгсөн нь тухайн компаний дутуу ачааныхаа төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болгосон юм. Ачааг дутуу байсаар байтал хүлээн авагчид худал хэлэн бүрэн хүлээж авсан гэсэн баримт хийлгэж авсан, тэрхүү хуурамч баримтаа R компанид өгч ямарч асуудал гараагүй мэт ойлголт төрүүлсэн нь уг дутуу ачааны хохирлыг хүлээх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүхэд хандан асуудлыг шийдвэрлүүлэхийг хүслээ. Дутуу ачаа болох 3 уут ногооны үрийн үнийн дүн нь 900 евро бөгөөд мон банкны 2022.04.15-ны өдрийн ханш 3316 төгрөгөөр бодоход 2 984 400 төгрөг болж байгаа бөгөөд энэ хохирлыг ИЭ компаниас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд ИЭ XXК нь манай байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулах, асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байгаа манай байгууллагад учруулсан хохирол болох 2 984 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:  Манай ИЭ ХХК нь 2009 оноос хойш Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байна. 2018 оноос эхлэн ХБНГУ-н R H-тай ажлын хөлсийг харилцан тохиролцсоны дагуу тус компанийн тээвэрлэн илгээсэн автомашин болон чингэлэгээр ирсэн импортын ачаа барааг монгол улсын гаалийн хяналтын бүсүүдэд хүлээн авч R H-ийн зааврын дагуу ачааны тээврийн төлбөр тооцоо төлөгдсөн ачааг хүлээн авагч нарт олгох ажлыг гүйцэтгэж байна. Ингэхдээ Олон улсын тир конвенц, Гаалийн хяналтын бүсийн журмыг баримтлан ажилладаг болно. 2021 оны 12 сарын 27-ны өдөр ХБНГУ-с ******/******* дугаартай Т авто машинаар 17 хүлээн авагчтай түүвэр ачаа ачигдаж Улаанбаатар хотын Индердисижн дахь гаалийн хяналтын бүсэд 2022 оны 01 сарын 18-нд ирсэн. Уг Т машин нь ХБНГУ-с гараад Б улсын Б шалган нэвтрүүлэх бүсэд шалгалтанд орсон байсан ба С дээрх лацны тэмдэглэгээ биет байдал дээр таарч байсан тул зургаар баталгаажуулан Интердисижн дахь гаалийн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагчийн зөвшөөрлөөр 2022 оны 01 сарын 19-ны өдөр гаалийн түр агуулахад ачааг буулгасан байдаг. Ачааг буулгах үед Юш ХХК тээвэр зуучтай, ТУ ХХК хүлээн авагчтай 9,1кг, 1 хайрцаг ачааны хайрцаг задарсан байсныг манай ажилчид зургаар баталгаажуулан С-н эх хувь дээр хайрцаг эвдэрсэн, задарсан гэсэн тэмдэглэгээ хийж, автомашиныг ХБНГУ руу буцаасан байгаа. С гэдэг нь тухайн ачаа барааг тээвэрлэж байгаа машин болон чиргүүлийн дугаар, илгээгч байгууллага, хүлээн авагч байгууллага, ачааны жин, байрын тоо, тавигдсан лац ломбоны дугаар гэх мэт бүх мэдээллийг тусгасан баримт бичиг юм. 2022.01.19-ний өдөр гаалийн түр агуулахаас тус ачааг авахаар ТУ ХХК-с М.У, Юш ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн менежер Т.Г нар ирж тоолон задарсан хайрцаг бүхий ачаанаас 3 ширхэг дутуу байгааг мэдсэн. Манай ажилтны зүгээс тээвэрлэгч буюу R G-тай дутуу ачааны учраа олоод авахыг зөвлөсөн боловч өөрсдөө акт бичээд шийдчихнэ ачаагаа аваад явья гэсэн. Иймд манай ажилтан ажил үүргийн дагуу ачаа хүлээлцэх хуудасны тайлбар хэсэгт 1 хайрцаг гэж тэмдэглээд гарын үсгийг нь зуруулаад ачааг нь хүлээлгэн өгсөн. Энэхүү ачаа хүлээлцэх хуудас дээр хүчээр эсвэл хууран мэхлэж гарын үсгийг нь зуруулаагүй болно. Ачаа хүлээлцэх хуудсанд гарын үсгээ зураад ачаагаа аваад агуулахаас гарсан ба тодорхойгүй хугацааны дараа манай ажилчдад мэдэгдэлгүйгээр агуулах руу оруулж тавьсан байсан. Авч гарч байх үеийн хяналтын камерийн бичлэг байгаа болно. Мөн Юш ХХК нь өөрсдийн гараар бичсэн акт дээр гарын үсэг зурж хийг удаа дараа шаардахад манайх татгалзсан. Учир нь манайх импортоор ирсэн ачаа барааны дутуу болон гэмтэлтэй ирсэнийг тогтоож акт үйлдэх, баталгаажуулах эрх бүхий байгууллага биш болно. Үүнийг олон удаа тайлбарласаны эцэст 2022 оны 01 сарын 22-ны өдөр МҮХАҮТ-н экспертизийн акт гаргуулж ачаагаа эргэж авсан байдаг. Манай компани нь СМR дээрх ачааны байрын тоо таарч байгаа эсэх, мэдэгдэхүйц гэмтэл байгаа эсэхийг шалгаж зураг, дүрст бичлэгээр баталгаажуулан СМR-н эх хувь дээр тэмдэглэж буцаадаг. Уг хайрцаг доторх ачааны тоо ширхэгийг бид мэдэхгүй энэ нь бидэнд хамааралгүй болно. Бид өөрсдийн зүгээс хууль, журмын дагуу ажиллаж, зөвлөгөө өгсөн. R G нь Экспертизийн актыг хүлээн аваад Юш ХХК-д тухайн ачаанд даатгал хийлгүүлээгүй болохоор хохирлыг Олон улсын СМR конвенцийн дагуу төлж барагдуулахаа цахим шуудангаар мэдэгдсэн байдаг. Энэ ачааны зуучлагч компани болох Юш ХХК, тээвэрлэгч компани болох ХБНГУ-н R G компани хоёрын хооронд тохиролцон хийсэн тээвэрлэлт байхад дутсан гэх барааны үнийг манай компаниас нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, манай компани Юш ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцож, хэн нэгнийхээ өмнө эрх, үүрэг, хариуцлага хүлээлгээгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ачаа хүлээлцэх хуудас, гэрчилгээний хуулбар, ТУ ХХК-ийн 2022.02.18-ны өдрийн 22/14 тоот албан бичиг, 2022.01.20-ны өдрийн тайлбар, Юш ХХК-ийн 2022.01.26, 2022.02.08, 2022.02.09, 2022.01.26, 2022.02.14-ний өдрүүдэд R-д илгээсэн мэйлийн оручуулга, бараа захиалгын зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-26/

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэлт-Эрэн ХХК-ийн дүрэм, ачаа хүлээлцсэн акт, Т.Цийн 2022.05.05-ны өдрийн тайлбар, ачаа хүлээлцсэн баримт, фото зураг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 29- 46

5. Шүүх ГЕГ 2021.12.27-ны өдрийн *********гаалийн бүрдүүлэлт, /смери/-ийн хуулбар, ******* дугаартай барааны дагалдах сертификат, 2021.12.20-ны өдрийн *****************8 дугаартай бараа захиалгын нэхэмжлэл, ИЭХХК-ийн 2022.0.18-ны өдрийн түүвэр ачааны задаргаа, талуудын хүсэлтээр хариуцагчаас өгсөн флашт үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 66-67, 77-84/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Манай байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТУ ХХК-иас хандан ХБНГУ-аас 4060 еврогийн үнэ бүхий 1 хайрцаг ногооны үрийг авахаар захиалга өгсөн. 2022.01.19-ний өдөр барааг хүлээж авахад ачаа задарсан байсан ба уг запарсан ачаа бараанаас 900 еврогийн үнэ бүхий 3 уут үр дутсан байсан. Ачаа дутуу байхад худал хэлж бүрэн хүлээн авсан гэх баримт хийлгэж авсан. Дутуу ачаа болох 3 уут ногооны үрийн үнийн дүн нь 2 984 400 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ 2022.01.19-ний өдөр ачааг буулгахадЮШ ХХК тээвэр зуучтай, ТУ ХХК хүлээн авагчтай 9.1 кг 1 хайрцаг ачааны хайрцаг задарсан байсныг манай ажилчид зургаар баталгаажуулж C-н эх хувь дээр хайрцаг эвдэрсэн, задарсан гэсэн тэмдэглэгээ хийж, автомашиныг ХБНГУ руу буцаасан. Гаалийн түр агуулахаас тус ачааг авахаар ТУ ХХК-иас М.У,ЮШ ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн менежер Т.Г нар ирж, тоолж задарсан хайрцаг бүхий ачаанаас 3 ширхэг дутуу байгааг мэдсэн. Манай ажилтны зүгээс дутуу ачааны учраа олоод авахыг зөвлөсөн боловч өөрсдөө акт бичээд шийдчихнэ ачаагаа аваад явъя гэсэн. Иймд ачаа хүлээлцсэн хуудасны тайлбар хэсэгт 1 хайрцаг гэж тэмдэглээд гарын үсэг зуруулаад ачааг хүлээлгэн өгсөн. Ачаа хүлээлцэх хуудас дээр хүчээр эсвэл хууран мэхэлж гарын үсгийг зуруулаагүй. Манай компани нь CMR дээрх ачааны байрын тоо таарч байгаа эсэх, мэдэгдэхүйц гэмтэл байгаа эсэхийг шалгаж зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан тэмдэглэл хийж буцаадаг. Уг хайрцаг доторх ачааны тоо ширхэгийг бид мэдэхгүй энэ нь бидэнд хамааралгүй. Бид өөрсдийн зүгээс хууль, журмын дагуу ажиллаж, зөвлөгөө өгсөн. Энэ ачааны зуучлагч компани болох Юш, тээвэрлэгч компани болох ХБНГУ-н R G компани хоёрын хооронд тохиролцон хийсэн тээвэрлэлт байхад дутсан гэх барааны үнийг манай компаниас нэхэмжлэх нь хууль зүйн хувь үндэслэлгүй, зөвшөөрөхгүй. гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Юш ХХК нь ТУ ХХК-ийн өгсөн захиалгын дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХБНГУ-аас ****** дугаартай 2 000 огурец элика F1 үрийг 500 евро, ****** дугаартай 4 000 кг огурец э F1 үрийг 1 160 евро, 117252 дугаартай 2 000 кг огурец саладин F1 үрийг 2 400 евро, 9100511 дугаартай барааны дагалдах сертификатыг 50 евро байхаар нийт 9.1 кг бараа авахаар захиалга өгч, үүний дагуу 4060 еврогийн үнэ бүхий 1 хайрцаг (хайрцаган дотроо 32 уут бүхий) ногооны үрийг Монгол улсад тээвэрлүүлэн авчруулах захиалга өгсний дагуу уг тээвэрлэлтийг ХБНГУ дахь R компаниар гүйцэтгүүлсэн байна.

ИЭ ХХК нь 2009 оноос хойш Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлж, 2018 оноос эхлэн ХБНГУ-н R G-тай ажлын хөлсийг харилцан тохиролцсоны дагуу тус компанийн тээвэрлэн илгээсэн автомашин болон чингэлэгээр ирсэн импортын ачаа барааг монгол улсын гаалийн хяналтын бүсүүдэд хүлээн авч R G-ийн зааврын дагуу ачааны тээврийн төлбөр тооцоо төлөгдсөн ачааг хүлээн авагч нарт олгох ажлыг гүйцэтгэдэг болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн24-26/

Талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 408 дугаар зүйлийн 408.1Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй., 408.7Хэрэв илгээмж илт дутагдсан, эсхүл гэмтсэн байвал илгээмж хүлээн авагч энэ тухай илгээмжийг хүлээн авсан өдөрт нь багтааж илгээгчид мэдээлнэ., 408.9Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ. гэж заажээ.

Хариуцагч ИЭ ХХК нь ажил үүргийн дагуу ачаа хүлээлцэх хуудасны тайлбар хэсэгт 1 хайрцаг гэж тэмдэглээд гарын үсгийг нь зуруулаад ачааг нь хүлээлгэн өгсөн. Уг хайрцаг доторх ачааны тоо ширхэгийг бид мэдэхгүй энэ нь бидэнд хамааралгүй болно. R G нь Э актыг хүлээн аваад Юш ХХК-д тухайн ачаанд даатгал хийлгүүлээгүй болохоор хохирлыг Олон улсын СМR конвенцийн дагуу төлж барагдуулахаа цахим шуудангаар мэдэгдсэн байдаг. Энэ ачааны зуучлагч компани болох Юш ХХК, тээвэрлэгч компани болох ХБНГУ-н R G компани хоёрын хооронд тохиролцон хийсэн тээвэрлэлт байхад дутсан гэх барааны үнийг манай компаниас нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. гэж тайлбарласан.

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

Хариуцагч ИЭ ХХК нь ХБНГУ-н R G-тай Олон улсын тир конвенц, Гаалийн хяналтын бүсийн журмыг баримтлан Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулж, улмаар Олон улсад энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

ХБНГУ-ын R компани нь Юш ХХК-ийн захиалгыг хүргэх ажлыг гүйцэтгэж 2022.01.19-ний өдөр Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд хүргэж ирсэн бөгөөд ачаа барааг хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагааг эхлүүлсэн ба тээвэрлэгч R компанийг төлөөлөн ИЭ ХХК нь уг ачааг хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгэжээ.

Ачааг хүлээлцэхэд тээвэрлэгч компанийг төлөөлөн ИЭ ХХК-ийн ажилтан Т.Ц, ТУ ХХК-ийн дэд захирал М.У, Юш ХХК-ийн гаалийн бүртгэлийн менежер ажилтан Т.Г нар байлцсан байх бөгөөд тээвэрлэгдсэн ирсэн ачаа бараанд задарсан байх ба уг задарсан ачаанаас 900 еврогийн үнэ бүхий 3 уут үр дутсан байсан ба энэ асуудлаар талууд маргаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд уг ачааг тээвэрлэх явцад ачаанаас 900 еврогийн үнэ бүхий 3 уут үр дутсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, улмаар МҮХАҮТ-ын дүгнэлт гаргуулж, ******************* кодтой бараа 3 ширхэг дутаж ирснийг тогтоолгож, нийт 2 826 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч тал дээрх бараа дутсаныг өөрийн буруугаас болоогүй талаар маргаагүй, энэ талаараа нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн үнийн дүнгээ нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн евротой харьцах ханш 3 316 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ИЭ ХХК-иас 2 826 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Юш ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60 166 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ИХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 60 166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Юш ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ