Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00674

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00674

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00394 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

2,826,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлсайхан, Т.Ганцог, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанзул, А.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд В ХХК-иас манай байгууллагад хандан ХБНГУ-аас 4060 еврогийн үнэ бүхий 1 хайрцаг (хайрцаган дотроо 32 уут бүхий) ногооны үрийг Монгол улсад тээвэрлүүлэн авчруулах захиалга өгсний дагуу уг тээвэрлэлтийг ХБНГУ дахь R компаниар гүйцэтгүүлсэн.

R компани нь уг үүргийг гүйцэтгэж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд хүргэж ирсэн бөгөөд ачаа барааг хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагааг эхлүүлсэн ба тээвэрлэгч R компанийг төлөөлөн Б ХХК, түүний ажилтан талбайн менежер н.Цэнгэл, хүлээн авагч В ХХК-ийн ажилтан дэд захирал М.Уранбилэг, тээвэр зуучлагч манай байгууллагыг төлөөлөн гаалийн бүрдүүлэлтийн менежер ажилтан Т.Ганцог нар байлцсан. Ачаа барааг хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагааг эхлүүлэх үед тээвэрлэгдэн ирсэн ачаа бараа задарсан байсан ба уг задарсан ачаа бараанаас 900 еврогийн үнэ бүхий 3 уут үр дутсан.

В ХХК-ийн дэд захирал М.Уранбилэг Б ХХК-ийн ажилтан н.Цэнгэлээс уг асуудлыг тодруулахад манайд энэ асуудал хамаагүй, тээвэр зуучтайгаа буюу А ХХК-тай энэ асуудлаа ярь, харин энэ ачаа хүлээлцэх актан дээр бүрэн хүлээж авсан гээд гарын үсгээ зурчих гэж хэлэхэд М.Уранбилэг гарын үсэг зурсан. Уг үйл явдлын дараа манай байгууллагын зүгээс хүсэлт гаргасны дагуу Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас шинжээч ирж шалгалт хийн дүгнэлт гаргаж үр дутсаныг тогтоосон.

Манай байгууллагын зүгээс тээвэрлэгч R компанид хандан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...ачаа 3 уут дутуу ирсэн, хайрцаг задарч нээлттэй ирсэн талаар танайхыг төлөөлж хүлээлгэн өгөх ажлыг хариуцаж байсан Б ХХК-аас мэдээлэл авсан уу, манай хохирлыг барагдуулж өгнө үү, бидэнд ачаа дутуу ирсэн талаарх дүгнэлт байгаа... гэж хэлэхэд R компанийн зүгээс ...Б компани бидэнд ачааг бүрэн хүлээж авсан гэж мэдэгдсэн... гэдэг хариуг өгсөн.

Б ХХК нь ачааг дутуу байсаар байтал хүлээн авагчид худал хэлэн бүрэн хүлээж авсан гэсэн баримт хийлгэж авсан, тэрхүү хуурамч баримтаа R компанид өгч ямарч асуудал гараагүй мэт ойлголт төрүүлсэн нь уг дутуу ачааны хохирлыг хүлээх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дутуу ачаа болох 3 уут ногооны үрийн үнийн дүн нь 900 евро бөгөөд Монголбанкны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ханш 3,316 төгрөгөөр тооцоход 2,984,400 төгрөг болж байгаа бөгөөд энэ хохирлыг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай Б ХХК нь 2009 оноос хойш Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байна. 2018 оноос эхлэн ХБНГУ-н R GmbH-тай ажлын хөлсийг харилцан тохиролцсоны дагуу тус компанийн тээвэрлэн илгээсэн автомашин болон чингэлэгээр ирсэн импортын ачаа барааг Монгол улсын гаалийн хяналтын бүсүүдэд хүлээн авч R GmbH-ийн зааврын дагуу ачааны тээврийн төлбөр тооцоо төлөгдсөн ачааг хүлээн авагч нарт олгох ажлыг гүйцэтгэж байна.

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХБНГУ-аас ТИР автомашинаар 17 хүлээн авагчтай түүвэр ачаа ачигдаж Улаанбаатар хотын Индердисижн дахь гаалийн хяналтын бүсэд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн. Уг ТИР автомашин нь ХБНГУ-аас гараад Беларус улсын Берестовка шалган нэвтрүүлэх бүсэд шалгалтанд орсон байсан ба лацны тэмдэглэгээ биет байдал дээр таарч байсан тул зургаар баталгаажуулан Интердисижн дахь гаалийн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагчийн зөвшөөрлөөр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн түр агуулахад ачааг буулгасан.

Ачааг буулгах үед А ХХК тээвэр зуучтай, В ХХК хүлээн авагчтай 9,1кг, 1 хайрцаг ачааны хайрцаг задарсан байсныг манай ажилчид зургаар баталгаажуулан СМR-н эх хувь дээр хайрцаг эвдэрсэн, задарсан гэсэн тэмдэглэгээ хийж, автомашиныг ХБНГУ руу буцаасан байгаа. СМR гэдэг нь тухайн ачаа барааг тээвэрлэж байгаа машин болон чиргүүлийн дугаар, илгээгч байгууллага, хүлээн авагч байгууллага, ачааны жин, байрын тоо, тавигдсан лац ломбоны дугаар гэх мэт бүх мэдээллийг тусгасан баримт бичиг юм.

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн түр агуулахаас тус ачааг авахаар В ХХК-ийн төлөөлөгч М.Уранбилэг, А ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн менежер Т.Ганцог нар ирж тоолон ачаанаас 3 ширхэг дутуу байгааг мэдсэн. Манай ажилтны зүгээс тээвэрлэгч буюу R GmbH-тай дутуу ачааны учраа олоод авахыг зөвлөсөн боловч өөрсдөө акт бичээд ачаагаа аваад явья гэсэн. Иймд манай ажилтан ажил үүргийн дагуу ачаа хүлээлцэх хуудасны тайлбар хэсэгт 1 хайрцаг гэж тэмдэглээд гарын үсгийг нь зуруулаад ачааг нь хүлээлгэн өгсөн.

Ачаа хүлээлцэх хуудсанд гарын үсгээ зураад ачаагаа аваад агуулахаас гарсан ба тодорхойгүй хугацааны дараа манай ажилчдад мэдэгдэлгүйгээр агуулах руу оруулж тавьсан байсан. 2022 оны 01 сарын 22-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертизийн акт гаргуулж ачаагаа эргэж авсан байдаг. Манай компани нь СМR дээрх ачааны байрын тоо таарч байгаа эсэх, мэдэгдэхүйц гэмтэл байгаа эсэхийг шалгаж зураг, дүрст бичлэгээр баталгаажуулан СМR-н эх хувь дээр тэмдэглэж буцаадаг. Уг хайрцаг доторх ачааны тоо ширхэгийг бид мэдэхгүй энэ нь бидэнд хамааралгүй болно. R GmbH нь экспертизийн актыг хүлээн аваад А ХХК-д тухайн ачаанд даатгал хийлгүүлээгүй болохоор хохирлыг Олон улсын СМR конвенцийн дагуу төлж барагдуулахаа цахим шуудангаар мэдэгдсэн байдаг.

Энэ ачааны зуучлагч компани болох А ХХК, тээвэрлэгч компани болох ХБНГУ-н R GmbH компани хоёрын хооронд тохиролцон хийсэн тээвэрлэлт байхад дутсан гэх барааны үнийг манай компаниас нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, манай компани А ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцож, хэн нэгнийхээ өмнө эрх, үүрэг, хариуцлага хүлээлгээгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 2,826, 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60,166 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 60,166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимын актыг рлон улсад хүлээн зөвшөөрч түүнийг үндэслэн дараагийн шатны арга хэмжээг авч ажилладаг бөгөөд уг актанд тухайн ачаа тээврийн явцад гаалийн шалгалтаар задарч дотроос нь З уут үр дутуу байгааг тогтоосон байгаа нь ачаа дутсан нь манай талаас шалтгаалаагүй гэдгийг батлаж байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт 3 уут бараа дутаж ирснийг тогтоолгож, нийт 2,826,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч тал дээрх бараа дутсаныг өөрийн буруугаас болоогүй талаар маргаагүй, энэ талаараа нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Бараа дутуу ирсэн талаар хариуцагч талаас маргаагүй. Нэгэнт дутуу ирсэн барааг хариуцагч нь ачаа хүлээлцсэн актад бүрэн гэж бичиж гарын үсэг зуруулсан нь хууль зүйн хувьд сөрөг байдлыг үүсгэж байгаа. Тухайлбал, бараа бүрэн биш дутуу болохыг тухайн үедэ тогтоосон байсан бол R компаниас уг барааг нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл актад бүрэн гэж бичсэн учраас R компаниас төлбөрийг барагдуулах боломжгүй хариу өгсөн. Уг актыг хуурамчаар үйлдсэнээр хохирлоо нэхэмжлэх боломжгүй болсон тул Б ХХК нь хариуцлагыг хүлээх ёстой. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх талаар буруу эрх зүйн дүгнэлт өгсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2,984,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 2,826,000 төгрөг гэж тодорхойлон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

В ХХК нь А ХХК-д хандан ХБНГУ-аас ногооны үр Монгол улсад тээвэрлэн авчруулах захиалга өгсний дагуу А ХХК нь уг тээвэрлэлтийг ХБНГУ-ын R компаниар гүйцэтгүүлсэн,

ХБНГУ-ын R компани ногооны үр тээвэрлэх ажлыг гүйцэтгэж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд хүргэж ирсэн бөгөөд тээвэрлэгч R компанийг төлөөлөн Б ХХК нь уг ачааг В ХХК, А ХХК-ийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн,

ачааг хүлээлцэхэд огурец саладин F1 кодтой 3 уут бараа дутсан.

 

4. Анхан шатны шүүх А ХХК болон Б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсон байна.

Учир нь Б ХХК нь R компанийн ХБНГУ-аас тээвэрлэн ирсэн ачааг түүнийг төлөөлөн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд В ХХК, А ХХК-ийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл, Б ХХК нь А ХХК-тай Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийн харилцаа үүсгээгүй байна.

Мөн Б ХХК нь R компанийн гүйцэтгэсэн тээвэрлэлтийн улмаас учирсан үр дагаварыг хариуцах үүрэгтэй, тээвэрлэгчийн эрх, үүргийг шилжүүлж авсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

4.1. Түүнчлэн огурец саладин F1 кодтой 3 уут бараа дутсаны улмаас учирсан хохирлыг А ХХК нь гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдээс шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон этгээдтэй үүргийн харилцаа үүсээгүй байхад түүнд бодитоор хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.2. Иймд Б ХХК болон А ХХК-уудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн зөрчилтэй холбоотой хохирлыг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00394 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б ХХК-аас 2,826,000 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,666 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ