Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/03833

 

 

 

 

 

 

0022 оны 12 сарын 00 өдөр     Дугаар 183/ШШ0022/03833          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шарав гудамж, 00-000 тоотод оршин суух, Ө овогт М.С /РД:УС00000000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, АТБ 0 гудамж, 0 тоотод оршин суух, Ш овогт Р.Б /РД:ОЮ00000000/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уулдүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр-2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байранд байрлах, Д СӨХ /РД:0000000/-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Б, М.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 0022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 000000000, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй /хамтран өмчлөгч Ш овогт Р.Б ОЮ00000000 /-ээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 байр, зоорийн давхарын 00а тоот 25 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг билээ. Тус үл хөдлөх эд хөрөнгийг анх 0008 онд захиалж, зах зээлийн ханшаар худалдаж авсан. 0014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр анх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргаж авч байсан. Миний бие тус үл хөдлөх эд хөрөнгө буюу конторын байрыг худалдан авсан цагаасаа хойш тус байрны ДСӨХ-д түр хугацаанд ашиглуулж байсан, өөрөө бүрэн хэмжээгээр нь ашиглаж үзээгүй өдийг хүрлээ. Миний бие өөрийн болон хамтран өмчлөгчийн хувиар тус конторын байрыг ирээдүйд контор болон агуулахын зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл хариуцагч ДСӨХ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчид дураараа авирлан хаа хамаагүй хүмүүсийг амьдруулан өмчийг маань эвдэн хаалга цоожыг гажуулж, ямар ч хаалганы бариулгүй, дотор ханын будгийг халцалж, 00-ын өрөөг эвдэж сүйтгэн 8 жил ашиглаж байна. Би хариуцагч ДСӨХ-тэй биечлэн уулзаж, миний үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин чөлөөлж өгөхгүй байна. Өмнө нь миний хамтран өмчлөгч Р.Б тус ДСӨХ-тэй уулзаж чөлөөлж өгөхийг шаардахад мөн л адил элдэв олон шалтаг тоочин чөлөөлж өгөөгүй бөгөөд тус СӨХ-ийн удирдлагууд нь оршин суугч нарт худал мэдээлэл тарааж өмчлөгч бидний хооронд зөрчил үүсгэж байна. Иймд улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай конторын зориулалттай 25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг ДСӨХ-ны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн М.С, Р.Б нар нь Стройка ХХК-тай хуйвалдан, оршин суугчдын дундын өмч болох жижүүрийн өрөөг Конторын зориулалттай байр захиалах ашиглалтанд оруулах гэрээг хуурамчаар байгуулсан байна. Тухайлбал ХУД-ийн 00дугаар байрны зоорийн давхарт байрлах ДСӨХ-ийн өмч хөрөнгөд бүртгэлтэй оршин суугчдын дундын өмч болох жижүүр үйлчлэгчийн ажлын 9.79 м.кв өрөөг 25 м.кв өрөө гэж хуурамч материал нөхөн бүрдүүлэх, компанийнхаа орон сууц барьсан эрх мэдэл, тамга тэмдгээ ашиглан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д заасан шатны хонгил, лифтний техникийн хонгил өрөө нь оршин суугчдын дундын өмч гэсэн заалтыг зөрчсөн байна. Стандарт хэмжил зүйн газраас 0009 онд гаргасан MNS00000000гэсэн тэмдэглэгээ бүхий Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал гэх стандартын журмыг зөрчсөн. Иргэн М.С, Р.Б нар нь оршин суугчдын дундын өмчлөлийн шатны хонгил, лифтний техникийн өрөөний хонгил зайг барилгын зураг төсөвт оруулан, Үл хөдлөхийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. Зоорийн давхарт байрлах жижүүрийн өрөөнд инженерийн шугам сүлжээ, дулааны шугам сүлжээ байдаг учир 24 цагийн турш нээлттэй байж, ашиглалтын байгууллагын ажилтан чөлөөтэй орж гарах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардагатай. 0008 онд манай байрыг улсын комисс хүлээж авахад уг шатны хонгил, лифтний техникийн өрөөний хонгил зай нь хоосон, оршин суугчдын дундын өмч байсан бөгөөд тэр зайнд 3 тоотын оршин суугч Б-О жижиг машинаа тавьдаг байсан. Манай байр анх ашиглалтад орохдоо үйлчлэгч жижүүрийн өрөө байхгүй, үйлчлэгч, ус авах, бохир усаа асгах газар байхгүй байсан. Тийм учраас бид байр барьсан Стройка ХХК-д жижүүр үйлчлэгчийн өрөө гаргаж өгөхийг шаардсан юм. Гэтэл Стройка ХХК нь зөвшөөрөөгүй. Ингээд оршин суугчид бид бүхэн 0009.09.17-нд хурлаа хийн, байрныхаа зоорийн давхар буюу дундын өмчлөлийн талбайдаа СӨХ-ийн жижүүр, үйлчлэгчийн өрөөг гаргахаар болсон билээ. Тухайн үедээ оршин суугчдаас вакум цонх, бүргэд хаалга, угаалтуур, суултуур хандивлан, халуун ус, 00, сангийн асуудлаа оршин суугчдын дэмжлэгтэй шийдэж, оршин суугчдын цуглуулсан мөнгө төгрөгөөр хана босгон, жижүүр, үйлчлэгчийн өрөөг гаргасан. Гэтэл 0022 оны 8 сарын 09-ний өдрөөс иргэн М.С, Р.Б нар энэ зоорийн давхрыг худалдан авсан, үл хөдлөхийн гэрчилгээтэй, байрандаа оръё гэж ирэх боллоо. Үүнээс болж ДСӨХ-ийн жижүүр, үйлчлэгчийн ажлын өрөөгүй болж, 126 айлын цэвэрлэгээ үйлчилгээ, эрүүл тав тухтай орчин алдагдаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0022.08.16-ны өдрийн итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 0008.01.01-ний өдрийн 00а дугаар захиалгаар баригдаж байгаа орон сууцны конторын зориулалтай талбай захиалах, ашиглалтанд оруулах гэрээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: ДСӨХ-ны гэрчилгээ, 0022.09.26-ны өдрийн 00/000дугаар Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, шүүхэд хандсан хүсэлт, 0009.09.17-ны өдрийн оршин суугчдын хурлын протокол, Тунамал аривжих өргөө ХХК-д хүргүүлсэн албан шаардлага, жижүүрийн байр барих төсөв, 0010.10.01-ний өдрийн дундын өмчийн бүртгэл, Стройка ХХК-д хүргүүлсэн албан шаардлага, Ш.Б-О-ын мэдүүлэг, жижүүр үйлчлэгчийн байрны зураг зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.С, Р.Б нар хариуцагч ДСӨХ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00дугаар байрны зоорийн давхарын 00а тоот хаягт байршилтай, 25 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэж, М.С, Р.Б нарын өмчлөлд гэрчилгээ олгожээ.

Хариуцагч Дсууц өмчлөгчдийн холбоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийн сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байна гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00дугаар байрны зоорийн давхарын 00а тоот хаягт байршилтай, 25 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд захиалгаар баригдаж байгаа орон сууцны конторын зориулалттай талбай захиалах, ашиглалтанд оруулах 00а тоот гэрээг 0008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр 25 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь сууц өмчлөгчийн дундын эд хөрөнгө гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэснээр нэхэмжлэгч М.С, Р.Б нар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөгч байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч ДСӨХ Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00дугаар байрны зоорийн давхарын 00а тоот хаягт байршилтай, 25 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул ДСӨХ-ны эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б, М.С нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00дугаар байрны зоорийн давхарын 00а тоот хаягт байршилтай, 25 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ДСӨХ-ны эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДСӨХ-ноос 282.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ           Г.СОЛОНГО