Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00501

 

2023.03.10 Магадлалын төсөл 501

М.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/03833 дугаар шийдвэртэй

М.С, Р.Б нарын нэхэмжлэлтэй

Д сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

М.С нь ... дүүрэг, ... дугаар хороо, ... байрны ....тоот хаягт байрлах ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2008 онд захиалж, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээгээ авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан цагаасаа хойш Д сууц өмчлөгчдийн холбоонд түр хугацаанд ашиглуулж байсан. Цаашид тус конторын байрыг контор болон агуулахын зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбоо нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй атлаа миний өмчид дураараа авирлан хаа хамаагүй хүмүүсийг амьдруулан, өмчийг маань эвдэн хаалга цоожийг гажуулж, дотор ханын будгийг халцалж, 00-ын өрөөг эвдэж сүйтгэн 8 жил ашиглаж байна. Хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбооны хүмүүстэй уулзаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин чөлөөлж өгөхгүй байна.

Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийг Д сууц өмчлөгчдийн холбооны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэн М.С, Р.Б нар нь орон сууц барьсан Стройка ХХК-тай хуйвалдан, конторын зориулалттай байр захиалах ашиглалтад оруулах гэрээг хуурамчаар байгуулж, оршин суугчдын дундын өмчлөлийн шатны хонгил, лифтний техникийн өрөөний хонгил зайг барилгын зураг төсөвт оруулан, мөн 9.79 м.кв өрөөг 25 м.кв өрөө гэж хуурамч материал бүрдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байна.

Зоорийн давхарт байрлах жижүүрийн өрөөнд инженерийн шугам сүлжээ, дулааны шугам сүлжээ байдаг учир 24 цагийн турш нээлттэй байж, ашиглалтын байгууллагын ажилтан чөлөөтэй орж гарах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. 2008 онд манай байрыг улсын комисс хүлээж авахад уг шатны хонгил, лифтний техникийн өрөөний хонгил зай нь хоосон, оршин суугчдын дундын өмч байсан. Байр ашиглалтад орохдоо үйлчлэгч жижүүрийн өрөө байхгүй, үйлчлэгч, ус авах, бохир усаа асгах газаргүй байсан. Тийм учраас бид Стройка ХХК-д жижүүр үйлчлэгчийн өрөө гаргаж өгөхийг шаардсан боловч зөвшөөрөөгүй. Ингээд оршин суугчдын 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар зоорийн давхар дахь дундын өмчлөлийн талбайдаа жижүүр, үйлчлэгчийн өрөөг гаргахаар шийдвэрлэсэн. Тухайн үедээ оршин суугчдаас вакум цонх, бүргэд хаалга, угаалтуур, суултуур хандивлан, халуун ус, 00, сангийн асуудлаа оршин суугчдын дэмжлэгтэй шийдэж, оршин суугчдын цуглуулсан мөнгөөр хана босгон, жижүүр, үйлчлэгчийн өрөөг гаргасан.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б, М.С нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай, 25 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбооноос 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ст олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч нар нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг зөрчиж, орон сууцны талбайд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан байгааг шүүх анхаарч үзээгүй.

4.2.Мөн нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайг хэмжиж гаргахдаа Орон сууцны барилгын доторх талбай тооцох аргачлал МNS6058:2009 стандартыг зөрчиж 25 м.кв гэж гэрчилгээ олгосон нь хууль бус байхад шүүх үүнийг анхаараагүй.

4.3.Нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт зэрэг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан эд хөрөнгө багтаж байгааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх үнэлээгүй, тухайн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Би Д сууц өмчлөгчдийн холбооноос энэ байрыг худалдаж аваагүй. Стройка ХХК-аас худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан, төлбөрийн графикийн дагуу 2014 онд төлж дуусаад гэрчилгээ авсан.

5.2.Уг өрөөнд анхан шатны хаалт байгаа гэх боловч уг өрөө нь хоосон зөвхөн дамжин өнгөрч байгаа шугам байгаа. Уг объект нь Стройка ХХК-ийн оффисын өрөөгөөр ашиглаж байсан байр юм гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М.С, Р.Б нар нь хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон 001011495 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай, 25 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж тайлбарлажээ. (хэргийн 4 дэх тал)

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2022/8993 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай, 25 м.кв конторын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032917 дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий Д сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна. (хэргийн 59-60 дугаар тал)

 

3.Нэхэмжлэгч М.С, Р.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэсэн талаар маргаж, өөр шүүхэд хэрэг шийдвэрлэгдэж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4.Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн ... 65.1.3-65.1.8, ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/03833 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.С, Р.Б нарын нэхэмжлэлтэй, Д сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбооноос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА