Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/00060

 

 

 

2023 оны 01 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/00060 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхон, 000 дугаар байр, 0000 тоотод оршин суух, Б овогт А.А /РД:ЖЯ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Ханс вилл хотхон, 000 дугаар байр, 0000 тоотод оршин суух, Б овогт И. Б /РД:ФБ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 32.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч И.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц-О, гэрч Ц.А, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А надаас хамт ажилладаг И.Б 2021 оны 02 сард мотоцикл авах гэсэн юм 10.000.000 төгрөг зээлч гэж гуйсан. Би хамт ажилладаг болохоор итгээд 10 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг, өгсөн, үүний дараа байнга бага, багаар мөнгө зээлсэн. 2021 оны 8 сарын 18-ны өдөр машин авах гэтэл мөнгө дутаад байна гээд 20.000.000 төгрөг зээлээч гээд миний араас өчнөөн гуйж, байраа барьцаанд тавиад 100.000.000 төгрөг авах гэж байгаа тэгэхдээ би нэг мөсөн 35.000.000 төгрөгийг чинь төлнө гэсээр байгаад цалингийн зээл авахуулсан. Гэтэл И.Б нь огт мөнгөө буцааж төлөөгүй тул надаас зээлсэн 32.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 10.000.000 төгрөг дээр маргахгүй гэдэг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагыг хангасан ба А.Аийн өмчлөлөөс И.Бийн өмчлөлд шилжсэн байдаг. 20.000.000 төгрөгийн хувьд хариуцагч аваагүй гэх боловч утсанд үзлэг хийхэд 22.000.000 төгрөг хүрнэ гэх утгатай үг өгүүлбэр хэлсэн байдаг. Мөн тэр 20.000.000 төгрөг авсан үед хариуцагчийн дансанд бас мөнгө орсон байгаа. Өнөөдрийн гэрч үнэхээр хариуцагчаас 18.000.000 төгрөг авсан эсхүл зээлсэн бол эх сурвалж болон хэзээ хэдэн төгрөгөөр ямар машин авах гэж байсан гэдгээ ч нотолж чадахгүй байна. Хариуцагч байнга 18.000.000 төгрөгийн бэлэн мөнгөтэй байдаг юм бол яагаад А.Аээс дандаа мөнгө зээлээд байдаг байсан вэ гэдэг тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А гэдэг хүнтэй анх 2019 оны 6 дугаар сард танилцсан. Бид хоёрын хувьд хоёулаа гэр бүлтэй, хоёр хоёр хүүхэдтэй. Тэгээд 2 жилийн хугацаанд бид хоёр гэр бүлээс гадуурх харилцаатай уулздаг байсан. 10.000.000 төгрөгийн хувьд би энэ хүнээс албан ёсоор зээлээч гэж гуйж аваагүй ба би тухайн үед мотоцикл авах гээд мөнгө дутаад байна гэсэн чинь хайраасаа авчихаа гэсэн. Гүйлгээний утга дээр ч хүртэл зээлсэн гэдэг баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн нөхөр болон миний ажлын хувиар зөрдөг. Нэхэмжлэгч нөхрөө ажилд явангуут намайг гэртэй дууддаг. Тэгэхдээ над руу мөнгө шилжүүлж дэлгүүрээс юм хум захидаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц-О шүүх хуралдаанд тайлбартаа: Иргэний хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу талуудын хооронд яг ямар харилцаа үүсээд байна вэ гэдэг тодорхой бус байна. Магадгүй 12.300.000 төгрөгийг И.Б нь дансандаа авснаар зээлийн харилцаа үүссэн юм аа гээд нэхэмжлэлийн шаардлага үүсэн гэж тайлбарлаж байх шиг байна. Нэхэмжлэгч надаас зээлсэн гэх боловч яг зээлийн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тодорхойгүй байна. Хамт идэж ууж зугаалчхаад тэр мөнгийг энэ хүн надаас зээлсэн гээд энэ харилцааг зээлийн харилцаа үүссэн гээд байх нь бас өрөөсгөл ойлголт юм. Дансруу нь орсон 12.300.000 төгрөгийг хариуцагч талаас төлье. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг хууль заасан арга хэрэгслээр цуглуулж, нотолсон байхыг шаардана гэж заасан байдаг. Харин нэхэмжлэгчийн гар утас нь дээрх бичлэгийг хууль заасан арга замаар цуглуулж, бэхжүүлээгүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.08.18-ны өдрийн Голомт банк ХХК-ийн дансны хуулга, 2021.02.28-ны өдрийн Голомт банк ХХК-ийн хуулга, 2021.02.21-ний өдрийн А.Аээс И.Б руу мөнгө шилжүүлсэн баримт, 2021.03.03-ны өдрийн дансны хуулга, 2022.02.19-ний өдрийн дансны хуулга, 2021.9.30-ны өдрийн дансны хуулга, 2021.09.03-ны өдрийн дансны хуулга, 2021.04.27-ны өдрийн дансны хуулга, 2021.4.27-ны өдрийн дансны хуулга, 2021.4.16-ны дансны хуулга, 2021.03.09-ний өдрийн дансны хуулга, мессеж чат, 2021.08.18-ны өдрийн дансны хуулга, 2022.5.24-ний өдрийн итгэмжлэл, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: Хариу тайлбар, 2022.6.27-ны өдрийн итгэмжлэл, шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний утсанд 2022.11.11-ний өдөр үзлэг хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А хариуцагч И.Бид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 32.300.000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 20.000.000 төгрөгийг аваагүй, бусад миний дансанд шилжүүлсэн мөнгөөр гэртээ юм захиж авч байсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

А.А 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл И.Бийн дансанд 13.430.000 төгрөгийг шилжүүлсэн болох хавтаст хэргийн 43-56 дугаар талд авагдсан банкны гүйлгээний баримт, мемориалын баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд шилжүүлсэн мөнгийн хэмжээнд шаардах эрхтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.А 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20.000.000 төгрөгийг хариуцагч И.Бид шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийсэн баримтыг шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухай ярианы бичлэгийг хуульд заасан аргаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч И.Бийн дансанд шилжүүлж байсан мөнгөөр А.А гэртээ юм захиж авхуулж байсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй болно.

Иймд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 13.430.000 төгрөгийг хариуцагч И.Баас гаргуулж, А.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.870.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч И.Баас 13.430.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.870.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Баас 225.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ          Г.СОЛОНГО