Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00599

 

А.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00060 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Алтанчимэгийн хариуцагч И.Банзрагчид холбогдуулан гаргасан 32,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч И.Банзрагч, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

И.Банзрагч А.Алтанчимэгээс 2021 оны 02 сард мотоцикл авах гэсэн юм 10,000,000 төгрөг зээлээч гэсэн тул 10 хоногийн хугацаатай уг мөнгийг зээлсэн. Үүний дараа байнга бага, багаар мөнгө зээлсэн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр автомашин авах гэтэл мөнгө дутаад байна гэж 20,000,000 төгрөг зээлээч гэсэн тул орон сууцаа барьцаалж 100,000,000 төгрөг авч 35,000,000 төгрөгийг чинь төлнө гэсэн тул цалингийн зээл авсан. Иймд И.Банзрагчаас 32,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

А.Алтанчимэгтэй 2019 оны 06 дугаар сард танилцсан. Бид хоёулаа гэр бүлтэй, хоёр хоёр хүүхэдтэй. Тэгээд 2 жилийн хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. А.Алтанчимэгээс 10,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Мотоцикл авахад мөнгө дутахад хайраасаа авчихаа гэсэн. Гүйлгээний утга дээр ч хүртэл зээлсэн гэж байхгүй. Нэхэмжлэгчийн нөхөр болон миний ажлын хуваарь зөрдөг. Нэхэмжлэгч нөхрөө ажилд явахад гэртээ дууддаг. А.Алтанчимэг нь И.Банзрагчид мөнгө шилжүүлж дэлгүүрээс юм захидаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Банзрагчаас 13,430,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Алтанчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,870,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Банзрагчаас 225,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Алтанчимэгт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчид ашигтай нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх А.Алтанчимэг болон И.Банзрагч нарын хоорондох 20,000,000 төгрөгийн талаарх бичлэгт үзлэг хийсэн. Бичлэгт И.Банзрагч 20,000,000 төгрөгийг автомашин зараад төлнө гэдгээ илэрхийлсэн. И.Банзрагч энэ талаар маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

А.Алтанчимэгээс 18,700,000 төгрөгийг аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

 

1. Нэхэмжлэгч А.Алтанчимэг хариуцагч И.Банзрагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, И.Банзрагч 2021 оны 02 дугаар сард 10,000,000 төгрөг зээлсэн, мөн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн бага багаар мөнгө зээлж байсан, И.Банзрагч 32,300,000 төгрөгийг буцаан төлнө гэсэн боловч төлөөгүй гэж, хариуцагч татгалзлаа мөнгө авдаг байсан нь үнэн, гэхдээ тэр мөнгийг зээлж аваагүй, А.Алтанчимэг мотоцикл авахад 10,000,000 төгрөг өгсөн гэж тус тус тайлбарласан байна.

 

2. Зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамаарах тул тэдгээрийн тайлбарын агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч А.Алтанчимэг нь хариуцагч И.Банзрагчид 13,430,000 төгрөг шилжүүлэн өгсөн болох нь банкны гүйлгээний баримтаар тогтоогджээ. (хх-ийн 43-56) Иймд анхан шатны шүүх хариуцагч И.Банзрагчаас 13,430,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Алтанчимэгт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

3. А.Алтанчимэг нь И.Банзрагчид зээлийн гэрээний дагуу 18,870,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь тухайн ярианы бичлэгийг хуульд заасан аргаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй... гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч А.Алтанчимэг хариуцагч И.Банзрагчид зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Н.БАТЗОРИГ