Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 182/2019/00386/и |
Дугаар | 1096 |
Огноо | 2019-06-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 1096
Х.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох
Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 оноос хойш “ТБ” ХХК-д Хуулийн газрын захирал, Ард бизнес төвийн захирал, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс Хан-Уул дүүрэг салбарын захирлаар томилогдсон. Улмаар Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын дагуу Хан-Уул дүүрэг салбарын захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.3, 5.28.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.6 дахь заалтууд, Хүний нөөцийн хорооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.
Тушаалд доор дурдсан зөрчлүүдийг хамааруулсан. Үүнд:
Салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирал Л.Гүнсэнмааг харилцагч Л.Отгонцэцэгт 13 000 000 төгрөгийг зээлдүүлж улмаар кредит карт олгох замаар өөрийн 5 000 000 төгрөгийн зээлийг төлүүлсэн үйлдэлд салбарын харьяа 120 мянгат тооцооны төвийн теллер М.Алтанбекийн харилцагч Л.Пинугийн 60 000 төгрөгийн халамжийн мөнгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр, харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад хувьдаа авч ашигласан үйлдэлд 38 зээлдэгчид нийт 389 943 278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20 808 998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан үйлдэлд салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, хариуцсан салбар, нэгжүүд нь 2018 оны 1-3 улирлуудад болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тус тус алдагдалтай ажиллаж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн. Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан зөрчлүүдийг хамааруулан үзсэн байна.
Дээр дурдсан зөрчил гэх үндэслэл тус бүрт хууль тогтоомж болон Төрийн банкинд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичигт заасан зохицуулалтын хүрээнд доорх тайлбарыг гаргаж байна.
Л.Г-гийн зөрчлийн талаар:
Төрийн банкны Дунд гол тооцооны төвөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр харилцагч Л.О-т 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт олгосон бөгөөд зээлдэгч тухайн өдөр Төрийн банкны КҮБ-ын ПОС терминал машинаар 4 950 000 төгрөг уншуулан, тухайн КҮБ-ын данснаас 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тус тооцооны төвийн захирал Л.Гүнсэнмаагийн 343100142543 данс руу 4 900 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Түүнчлэн Л.Отгонцэцэг нь кредит карт авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж, шаардлагатай материалыг зохих журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн байдгаас үзвэл тус кредит картыг олгохтой холбоотой Зээлийн хорооны ажиллах журам, Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй байна. Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод тооцооны төвийн захирлынхаа “Төрийн банкны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангахад хяналт тавьж ажиллах талаар заасан заалт байхгүй болно.
М.А-ийн зөрчлийн талаар:
Төрийн банкны теллерийн системийн багц журам-ын 3 дугаар зүйлийн 3.6.1, 3.6.11, 3.6.22, 3.2.3, 3.2.6-д тооцооны төвийн захирлын үүргийг тус тус тодорхой зохицуулсан.
Үүнээс харахад салбарын захирлын хувьд тооцооны төвийн өдөр тутмын гүйлгээний баримтад хяналт тавих үүрэг үгүй бөгөөд ахлах теллер болон тооцооны төвийн захирал нь тухайн нэгжийнхээ өдөр тутмын гүйлгээний баримтад хяналт тавих үүрэгтэй байна. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн М.Алтанбекийн зөрчилтэй гүйлгээний баримтыг 120 мянгат тооцооны төвийн захирал болон ахлах теллер нь тус тус хянаж, энэ талаараа гарын үсэг зурж, тэмдгээ дарж баталгаажуулахдаа уг зөрчлийг илрүүлээгүй хянасан байдаг. Энэ нь тус тооцооны төвийн захирал болон ахлах теллер Төрийн банкны теллерийн системийн багц журам-д заасан хяналт тавих үүргээ зохих журмын дагуу бүрэн хэрэгжүүлээгүй, ажилдаа хайнга хандсан үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл бүрэн байна. Гэсэн хэдий ч уг үйлдлийг Салбарын захиралд холбогдуулан зөрчилд тооцож субъектив хандсаныг харгалзан үзэх нь зүйтэй.
Хүүгийн ашиг олох боломж алдагдуулсан гэх зөрчлийн талаар:
Салбар болон харьяа нэгжийн ажилтнууд нь “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.3.а, 3.4.4 дэх заалтуудыг зөрчиж 38 зээлдэгчид нийт 389 943 278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20 808 998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэх зөрчлийн талаар тушаалд “...салбар болон ...” хэмээн дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь Хан-Уул дүүрэг салбарын хувьд хүү бууруулж олгосон нэмэлт цалингийн зээл байхгүй тул салбар хэмээн хамааруулах үндэслэлгүй байна.
Цалингийн зээл олгохдоо 120 мянгат тооцооны төв 1 зээлдэгч, Буянт-Ухаа тооцооны төв 6 зээлдэгч, Дунд гол тооцооны төв 24 зээлдэгч, Оргил тооцооны төв 6 зээлдэгч, Номин тооцооны төв 1 зээлдэгч, нийт 38 зээлдэгчид дээрх нэр бүхий 5 тооцооны төвийн олгосон цалингийн зээлүүдийг хамааруулсан байдаг. Дээрх нэр бүхий 5 тооцооны төв эдгээр цалингийн зээлийг олгохдоо Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалаар батлагдсан үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д өөрчлөлт оруулсан доорх заалтыг мөрдөж ажилласан.
Ийнхүү тус нэгжүүд дээрх 38 зээлдэгчид цалингийн зээлийн хугацаа, хүүг Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалын дагуу тооцож олгосон нь Төрийн банкны ЗҮАЖ-ыг зөрчсөн, банк 20 808 998 төгрөгийн хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймээс Салбарын захирлын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нэгжүүд алдагдалтай ажилласан гэх зөрчлийн талаар:
Хан-Уул дүүрэг салбарын хувьд 2018 оны 1-3 дугаар улиралд болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар тус тус алдагдалгүй дандаа ашигтай ажиллаж байсан, харин нэгжийн хувьд гэгээнтэн бизнес төв алдагдалтай ажилласан болно. Гэтэл тушаалд “...салбар, нэгжүүд нь...” хэмээн дурдсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн харьяа нэгж нь алдагдалтай ажилласан нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон Төрийн банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэрлэн заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй юм.
Сахилгын шийтгэлтэйд тооцох хугацааны зөрчил гэх асуудалд:
Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалаар ХУД салбарын захирал Х.А-т үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Тус сахилгын шийтгэлийг ногдуулах зөрчилд тооцсон үйлдлийг тодруулбал, Төрийн банкны бизнес хариуцсан захирлын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 07/08 тоот Нэгжүүд банк дотроосоо эх үүсвэр татахгүй байх тухай албан бичгийг зөрчиж, эх үүсвэрийн зорилтот төлөвлөгөө биелүүлэх зорилгоор нэгж хоорондоо эх үүсвэр шилжүүлж, удирдлагыг хуурамч мэдээллээр хангасан гэж үзэн нэхэмжлэгч Х.А- надад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэхүү үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг хэт субъектив байдлаар хандаж хууль бусаар ногдуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаж буй энэхүү гомдлын дагуу Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалыг хүчингүйд тооцох нь хууль, эрх зүйн хувьд бүрэн үндэслэлтэй юм. Түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заалтуудыг үндэслэн гаргасан нь мөн хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд Төрийн банкны хууль, санхүү, дотоод хяналт шалгалтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон мөнгөн хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэлийг алдсан банканд хохирол учруулсан үйлдэл эс үйлдэл үгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот Х.А-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг тус тус бүхэлд нь хүчингүйд тооцуулах, ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх талаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Х.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ажил олгогчийн гаргасан шийдвэр, тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалыг хүчингүйд тооцож, мөн зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Х.А-ыг “ТБ” ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 000 000 төгрөгийг хариуцагч “ТБ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Х.А-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “ТБ” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Х.М нар давж заалдах гомдолдоо:
... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагчийн буруутгаж буй хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан, Хан-Уул дүүрэг салбарыг алдагдалтай ажиллуулсан гэх зөрчлүүдэд гэм буруутай гэж дүгнэв. Тодруулбал: Төрийн банкны захирлын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалаар "Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл"-д өөрчлөлт оруулах тухай зохицуулжээ. Тус өөрчлөлтийн дагуу цалингийн зээлийн дээд хэмжээ 50 000 000 төгрөг бөгөөд зээлийг 12 сар хүртэл хугацаагаар олговол 16.8 %-ийн хүү, 13-24 сар хүртэл хугацаагаар олговол 18 %-ийн хүү, 25-36 хүртэл сарын хугацаанд 19.2 %-ийн хүү, 37-оос дээш сарын хугацаагаар зээл олгох бол 22,8-20.4 %-аар хүү тооцохоор заасан байна. Гэтэл хавтаст хэргийн 85-128 дугаар талд авагдсан Хан-Уул дүрэг салбарт харьяалах тооцооны төвүүдэд олгосон Цалингийн зээлийн гэрээнээс үзвэл дээрх журмыг зорчиж зээлийн хүүг зээлийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч 16.8 хувиар тогтоосон зөрчлүүд тогтоогдож байна. Энэ нь нэхэмжлэгч Х.А-ын ажлын байрны тодорхойлолтод дурдсан "Салбар нэгжийн зээл олголт, төлөлтөд байнга хяналт тавьж ажиллах", "Салбар нэгжийн үйл ажиллагаа зохих заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, ..." чиг үүргүүдийг шууд зөрчсөн, хангалтгүй биелүүлсэн үйлдэл болжээ. Учир нь зээл олголт, зээлийн үйл ажиллагаа нь банк, түүний салбар нэгжийн хувьд үндсэн үйл ажиллагаанд хамаарах ажиллагаа мөн. Иймд дээрх зөрчлийн хувьд нэхэмжлэгч Х.А-ыг буруутай гэж үзэх үндэстэй байна.
Түүнчлэн Хан-Уул дүүрэг салбарт хамаарах тооцооны төв, бусад нэгжүүд нь алдагдалтай ажилласан зөрчлийг Х.А- гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал: Төрийн банкны Хан-Уул дүүрэг салбар нь нэг салбар, 9 тооцооны төвөөс бүрдэх ба 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар салбарын хэмжээний балансын үзүүлэлтээр нийт 8.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, дотоод хүүгийн орлого, зарлага тооцсоны дараах байдлаар 801 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэх дүгнэлтийг тус салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайланд дурдаж байжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Х.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр дурдсан алдагдал нь бүх салбарыг хамарсан бус нэг тооцооны төвийн зээлийн үйл ажиллагааны доголдлоос хамааралтай бөгөөд уг тооцооны төвийн үйл ажиллагааг сайжруулахаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан хэмээн тайлбарлаж байх боловч ийнхүү авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ, төлөвлөгөө гэх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Түүний ажлын байрны тодорхойлолтод салбарын захирал нь "... татан төвлөрүүлэх хөрөнгийн төлөвлөгөө, зээлийн багцын төлөвлөгөө хүүгийн болон хүүгийн бус орлогын төлөвлөгөө, хүүгийн болон хүүгийн бус зардлын төлөвлөгөө боловсон хүчин болон бусад үйл ажиллагааны зардал, эрсдэлтэй зээлийг зохих хувьд барих, улмаар бууруулах, ашгийн төлөвлөгөө зэрэг үзүүлэлтийг ханган ашигтай ажиллах" чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр дээр дурдсан зээлийн үйл ажиллагаанд баримтлах нөхцөл шаардлагыг хангахгүй тодорхой зээлийн үйл ажиллагаанд баримтлах нөхцөл шаардлагыг хангахгүй тодорхой хугацааны турш ажилласан нөхцөл байдал зэрэг нь ийнхүү алдагдлыг бууруулах талаар хангалттай арга хэмжээ авч ажиллаж чадаагүй гэж дүгнэхэд хүргэж байна.
Иймд нэхэмжлэгч Х.А-ыг ажлын байрны тодорхойлолтод дурдсан банкны алдагдлыг бууруулах, ашигт ажиллагааг дэмжихэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч ажиллах үндсэн чиг үүргээ зөрчсөн гэж үзэв.
Хэдийгээр нэхэмжлэгч ХАлтанзагас ажлын байрны чиг үүргийг дараалан зөрчсөн буруутай үйлдэл гаргасан боловч өмнө дүгнэсэнчлэн Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хучин төгөлдөр бус байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "... давтан зөрчил гаргасан" гэх үндэслэлээр буруутгах боломжгүй байна" гэсэн байдаг.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал"-ын 2 дугаар зүйлийн 2.4 "... Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бурд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна" гэж заасан байна.
Төрийн банкны Х.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалыг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.А- нь хариуцагчийн буруутгаж буй 38 зээлдэгчид 389 943 278 төгрөгийн цалингийн зээл хүү бууруулж, хүү хүүгийн ашиг олох боломж алдагдуүлсан болон Хан-Уул дүүрэг салбарт хамаарах тооцооны төвийн, бусад нэгж 8,9 тэрбумын алдагдалтай ажилласан зөрчлүүдэд нэхэмжлэгч гэм буруутай буюу үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Х.А- нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна. Учир нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд банкинд мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрчих, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарахаар заасан. Мөн Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.17 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.18 дахь заалтад "ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах" үндэслэл болохоор заасан.
Мөн Х.А-ын гаргасан зөрчлүүд нь тус тусдаа тогтоогдсон ба дээрх зөрчлүүдэд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулаагүй тул Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч Х.А- зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.А-ыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаал нь дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй нийцэж байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 182/ШШ2019/000625 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Х.А- нь “ТБ” ХХК-д холбогдуулан Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Төрийн банкны захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 дугаар тушаалаар Х.А-ыг Хан-Уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирлын ажлаас нь чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 10 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримталсан байна.
Ажил олгогч тушаалын үндэслэлдээ ...нэхэмжлэгч Х.А- нь “Хан-Уул дүүрэг салбарын харьяа дунд гол тооцооны төвийн захирал Л.Гүнсэнмаагийн харилцагч Л.Отгонцэцэгт 13 000 000 төгрөг зээлдүүлэн улмаар кредит карт олгох замаар 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг буцаан төлүүлж авсан үйлдэлд, Хан-Уул дүүрэг салбарын харьяа 120 мянгат тооцооны төвийн теллер М.Алтанбек харилцагч Л.Пинугийн 60 000 төгрөгийн халамжийн мөнгийг хувьдаа авч ашигласан үйлдэлд, салбар болон харьяа нэгжийн ажилтнууд нь Зээлийн үйл ажиллагааны журам зөрчин 38 зээлдэгчид 389 943 278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20 808 998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан үйлдэлд тус тус хяналт тавьж ажиллаагүй, хариуцсан салбар, нэгжүүд нь 2018 оны 1-3 дугаар улиралд тус тус алдагдалтай ажилласан гэсэн үндэслэл заажээ.
Хэргийн 19 дүгээр талд “ТБ” ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б/2015 тоот тушаалаар Х.А-т үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд Төрийн банкны бизнес хариуцсан захирлын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэгжүүд банк дотроосоо эх үүсвэр татахгүй байх тухай” 07/08 тоот зааврыг зөрчиж Төв аймаг салбар, Хэнтий салбараар тус тус дансны салбар солих гүйлгээг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийлгүүлж, дансыг нэгж хооронд шилжүүлэн удирдлагыг хуурамч мэдээллээр хангасан зөрчил гаргасан гэсэн үндэслэл заажээ.
Шүүх, ажил олгогч “ТБ” ХХК нь нэхэмжлэгч Х.А-ын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан зөрчилд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/2015 тоот тушаалыг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.
Мөн ажил олгогчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалын үндэслэлд нэрлэн заагдсан Л.Гүнсэнмаа, М.Алтанбек нарын гаргасан зөрчлүүд нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүрэгт хамаарахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэг хүлээдэг бөгөөд уг зөрчлүүд нь ажилтан Алтанзагаст хамааралтай болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Харин шүүх Х.А-ын ажлын байрны тодорхойлолтод дурдсан салбар нэгжийн зээл олголт, төлөлтөд хяналт тавьж ажиллах чиг үүргээ зөрчсөн, хангалттай биелүүлсэн гэж үзсэн нь буруу биш байна.
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 -т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх ажил олгогч “ТБ” ХХК нь ажилтан Х.А-ыг давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ...дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 9 000 000 төгрөгийг ажил олгогч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ТБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ц.ИЧИНХОРЛОО