Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/00372

 

 

2023 оны 01 сарын 30 өдөр       Дугаар 183/ШШ2023/00372   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Дашбалбар сум, 0 дугаар баг, Ч-д оршин суух, Б овогт Г. Б/РД:ЖЕ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул голын гудамж, 00-000 тоотод оршин суух, Д овогт Д. М /РД:ЧЙ0000000/-т холбогдох

29.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б /онлайноор/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б би 2022 оны 02 сарын үед баз хүртэл Х.А-ын уядаг морьдын эзэн Д.М гэх хүнээс Англи адууг 26.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж базаараа зуучлуулж танилцсан. Ингээд надад зарах адуу ОХУ-д байгаа, одоохондоо орж ирээгүй байна, удахгүй орж ирнэ мөнгөө шилжүүл гэж Д.М хэлсэний дагуу эхний ээлжинд буюу 2022.02.25-ны өдөр Мөнхбаярын 0000000000тоот Хаан банкны дансанд 16.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000тоот данснаас шилжүүлсэн. Үүнээс хэд хоногийн дараа буюу 2022.03.08-ны өдөр Д.М-ын Хаан банкны дээрх данс руу өөрийн Хаан банкны 0000000000тоот данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Бид адууг худалдаж авах талаар бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй ба цэвэр итгэлцлэлийн үндсэн дээр амаар хэлэлцэн тохиролцсон болно. Ингээд үүнээс хойш адуу нь ирэх гэж байгаа удахгүй хүлээж бай гэсээр байгаад 2022.04.12-ны өдөр ОХУ-аас адуу чинь орж ирж байна, адууны вакцины мөнгө 1.000.000 төгрөгийг шилжүүл гэж А-оор дамжуулж хэлүүлсэн дагуу Д.М-ыг данс руу нь 1.000.000 төгрөг хийсэн. Гэтэл 2-3 хоногийн дараа надад худалдсан адуу нь Оросоос орж ирж байхдаа үхчихсэн гээд адуу өгөөгүй болохоор нь мөнгө авъя гэтэл өөр адуу өгье гэсэн. Ингээд адуугаа ачих автомашиныг 1 сая төгрөгөөр хөлслөөд Улаанбаатар хот руу орж иртэл нөгөө өгөх адууг нь очиж үзэхэд төмсөг нь хавдсан өвчтэй адуу байхаар нь авахгүй мөнгө авъя гэхэд арав хоногийн дотор мөнгийг чинь өгнө гэж хэлээд би нутаг руугаа явсан. Гэвч Д.М нь хэлсэн арав хоногтоо мөнгийг маань өгөөгүй байж байгаад 7 сарын эхээр халтар зүсмийн азарга ав гэж хэлэхээр нь мөн л унаа хөлсөлж Улаанбаатар хот руу ирсэн. Би ирээд над руу явуулсан зураг дээрх азарга биш болохоор мөн л авахгүй мөнгө авъя гэхэд наадмын дараа өгье хүлээж байгаарай гэсэн. Ингээд үүнээс хойш хэлсэн хугацаандаа ч өгөөгүй улмаар мөнгө шаардаж утасдахаар янз бүрийн шалтаг тоочиж худлаа ярьсан өнөөдрийн өдрийг хүрч байна. Иймд хариуцагчаас 29.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.М нь морины худалдаа эрхэлдэг. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тухайн азарга Монгол улсын хилээр орж ирсэн ба тэр өдөртөө тэр азарга үхсэн. Сонгинохайрхан дүүргийн мал эмнэлгийн газраас өвчтэй гэсэн акт гарсан байдаг. Гэхдээ Д.М нь адууг оруулж ирэхдээ өөрийнхөө нэр дээр биш тусгай зөвшөөрөлтэй иргэн н.Үлэмж-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр оруулж ирсэн. н.Ү-Э-н хүсэлтийн дагуу мал эмнэлгийн газраас ямар оношоор, ямар өвчний шалтгаанаар үхсэнийг тогтоосон актыг гаргаж өгнө гэсэн ба үүний дагуу мал эмнэлийн актыг гаргуулан авах хугацаа олгож өгнө үү. Д.М нь Г.Б-тэй хийсэн ямар нэгэн гэрээ байхгүй, аман тохиролцоо л хийсэн байгаа. Бид тухайн үхсэн адууны үнийг ОХУ-ын иргэнээс нэхэмжилж байж, Г.Б-ийн асуудлыг дараа нь шийднэ гэв.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 00000 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, Д.М-ын иргэний үнэмлэхний хуулбар, Д.М-ын оршин суугаа газрын тодорхойлолт, Г.Б-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-нээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Хаан банкны дансны хуулга, мессенжер чат зураг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: 2022.12.13-ны өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Д.М-т холбогдуулан адууны үнэ 29.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн адуу Монгол Улсын хилээр орж ирээд үхсэн. ОХУ-ын иргэнээс мөнгөө авч байж, асуудлыг шийднэ гэж маргаж байна.

Г.Б Англи адуу 26.000.000 төгрөгөөр худалдан авахаар Д.М-тай тохирч, адуун үнэ 26.000.000 төгрөг, тухайн адууны вакцины үнэ 1.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг Д.М-т шилжүүлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн ба худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б адууны үнийг худалдагч буюу Д.М-т шилжүүлсэн байна.

Д.М гэрээний үүргээ гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл тухайн худалдах Англи адуу нь Монгол Улсын хилээр орж ирээд үхсэн, энэ талаар зохигч маргаагүй, өөр адуу үзүүлсэн боловч тэр нь өвчтэй байсан талаар Г.Б тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасны дагуу Г.Б гэрээнээс татгалзаж, мөнгө шаардах эрхтэй байна.

Нэгэнт худалдах адуу үхсэн, өөр адуу үзсэн боловч өвчтэй байсан тул мөнгө буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн бөгөөд хариуцагч худалдан борлуулах адуу үхсэн талаар маргаагүй.

Худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдэхгүй болсон тул хариуцагч Д.М адууны үнийг нэхэмжлэгч Г.Бд төлөх үүрэгтэй бөгөөд Г.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Д.Мт 27.000.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна

Нэхэмжлэгч Дорнод аймгаас адуу үзэх гэж 2 удаа Улаанбаатар хотод машин түрээслэж ирсэн төлбөр 2.000.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд энэ шаардлага баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Маас 27.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Маас 27.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 305.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 292.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ           Г.СОЛОНГО