Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00973

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 10 210/МА2023/00973

 

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/00372 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.*******т холбогдох

*******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.******* нь 2022 оны 02 дугаар сард Х*******оор зуучлуулж Д.*******аас англи адууг 26,*******,******* төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Д.******* нь зарах адуу *******-д байгаа, удахгүй орж ирнэ, мөнгөө шилжүүл гэсний дагуу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хаан банк ХХК дахь Д.*******ын эзэмшлийн ******* тоот дансанд 16,*******,******* төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 10,*******,******* төгрөгийг тус тус у өөрийн ******* тоот данснаас шилжүүлсэн.

1.2. Бид бичгээр гэрээ хийгээгүй, итгэлцлийн үндсэн дээр амаар тохиролцсон. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *******-аас адуу чинь орж ирж байна, адууны вакцины мөнгө 1,*******,******* төгрөгийг шилжүүл гэсний дагуу Д.*******ын дансанд шилжүүлсэн.

1.3. Гэтэл 2-3 хоногийн дараа Д.******* адуу *******-аас орж ирж байхдаа үхчихсэн, өөр адуу өгье гэсэн. Ингээд би адуу ачих автомашиныг 1,*******,******* төгрөгөөр хөлслөөд Улаанбаатар хотод ирээд адууг үзэхэд төмсөг нь хавдсан өвчтэй адуу байхаар нь авахгүй, мөнгөө авъя гэхэд 10 хоногийн дотор мөнгийг чинь өгнө гэсэн. Гэвч Д.******* нь мөнгийг өгөөгүй байж байгаад 2022 оны 07 дугаар сарын эхээр халтар зүсмийн азарга ав гэхээр нь мөн л унаа хөлсөлж Улаанбаатар хотод ирсэн. Гэвч надад явуулсан зураг дээрх азарга биш болохоор нь авахаас татгалзсан. Мөнгийг наадмын дараа өгье гэсэн боловч өгөөгүй, янз бүрийн шалтаг тоочиж өнөөдрийг хүрч байна.

Иймд хариуцагчаас *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр азарга Монгол Улсын хилээр орж ирсэн боловч тэр өдөртөө үхсэн. дүүргийн мал эмнэлгийн газраас өвчтэй гэсэн акт гарсан. Адууг оруулж ирсэн Э.-Эрдэнийн хүсэлтийн дагуу Мал эмнэлгийн газраас адуу ямар шалтгаанаар үхсэнийг тогтоосон актыг гаргаж өгнө гэсэн тул хугацаа олгож өгнө үү.

2.2. Д.******* нь Г.*******тэй ямар нэгэн гэрээ хийгээгүй, аман тохиролцоо л хийсэн. Бид үхсэн адууны үнийг *******-ын иргэнээс нэхэмжилж байж, Г.*******ийн асуудлыг дараа нь шийднэ гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 27,*******,******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,*******,******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 305,******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас *******2,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Д.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар амаар хийсэн гэрээний дагуу худалдан авагч Г.*******д биет байдлын доголдолгүй эд хөрөнгө буюу *******-аас оруулж ирэх 27,*******,******* төгрөгийн үнэ бүхий англи угсааны азаргыг шилжүүлэх байсан боловч өөрөөс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас азарга үхсэн. Адуу үхсэн шалтгааныг тодруулахаар Нийслэлийн мал эмнэлгийн газарт хандахад Д.******* өөрийн нэрээр биш, тусгай зөвшөөрөл эзэмшигч Э.-Эрдэнийн нэрээр Монгол Улсын хилээр оруулсан шалтгаанаар акт гаргаж өгөхгүй байгаа болно.

4.2. Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хуралдаан дээр уг азаргын үхсэн шалтгаан буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэг талаас худалдагч Д.******* нь *******-аас оруулж ирсэн англи угсааны азаргыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч Г.******* нь 26,*******,******* төгрөг төлөхөөр амаар харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 08-ны өдөр нийт 26,*******,******* төгрөгийг адууны үнэд, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,*******,******* төгрөгийг адууны вакцины төлбөрт тус тус хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь *******-аас оруулж ирсэн адуу үхсэн шалтгаанаар нэхэмжлэгчид адуу шилжүүлээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

5.1. Хариуцагч гэрээгээр тохиролцсон адууг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 27,*******,******* төгрөгийг буцаан шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Учир нь, талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэг үүсдэг.

5.2. Хариуцагчийн гаргасан адуу үхсэн шалтгааныг эрх бүхий байгууллагаар тогтоолгосны дараа хэргийг шийдвэрлүүлнэ гэх татгалзал болон шүүх энэ талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан гэх давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй. Тухайн адуу үхсэн шалтгаан нь талуудын маргаанд хамааралтай нөхцөл байдал биш болно.

5.3. Нэхэмжлэгч нь адуу ачихаар 2 удаа унаа хөлсөлсөн зардал 2,*******,******* төгрөгт холбогдох шаардлагаа баримтаар нотолж чадаагүй талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч үүнд гомдол гаргаагүй байна.

5.4. Харин шүүх хариуцагчаас 27,*******,******* төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохирол арилгуулах талаар зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******2,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА