Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/00396

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/00396

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: 

Хариуцагч:

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 696 283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч:А.О,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш,

хариуцагчийн төлөөлөгч Д.Н,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Тт ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 696 283 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Тт ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаартай ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. Хариуцагч Тт ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч тал хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж аваагүй. Миний бие ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. Миний бие 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч Тт ХХК нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилд томилсон. Иймд энэ хүртэлх хугацааны нийт 8 сар 13 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 17 696 283 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон 3 сарын дундаж цалин 2 056 596 төгрөг бөгөөд 1 өдрийн 96 655 төгрөг. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 17 696 283 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гэж 17 696 283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 дахь заалтад заасан энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана. гэснийг зөрчиж, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Тодруулбал: нэхэмжлэгч Д.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 2 дугаар сарын 11 -ний өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн уг нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. гэсний дагуу нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, улмаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй байна. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00***дүгээр шийдвэрээр Д.Бийг ажилд нь тогтоосон, бид эс зөвшөөрч гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээснийг мөн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2021/***** тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Ингээд бид шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Бийг ажилд нь авсан бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 20 326 809 төгрөгийг олгосон. Иймд дахин ажилгүй хугацааны цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Бид хуулийн дагуу давж заалдах эрхээ хэрэгжүүлсэн, энэ хугацааны цалин нэхэх нь үндэслэлгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Тт ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2021.11.11-ний өдрийн ****** дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00***дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2021/***** тогтоол, голомт банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-18, 50-59/

4. Хариуцагчаас Тт ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар тушаал, Тт ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.09.09-ны өдрийн ***** дугаар тушаал, Тт ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2021.11.11-ний өдрийн ****** дугаар тушаал, Д.Бийн цалин хөлсний хуваарь, Тт ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн ****** дугаар тушаал зэргийг ирүүлсэн. /хх-ийн 34-35, 43-44, 47/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Б нь Тт ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэр нь 2 шатны шүүхээр орж хэвээр үлдсэн. Ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. Миний бие 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч Тт ХХК нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилд томилсон. Иймд энэ хүртэлх хугацааны нийт 8 сар 13 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 17 696 283 төгрөгийг нэхэмжилж байна. ... гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны цалин 17 696 283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2 дахь хэсэгт ...хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана гэж заасныг зөрчиж хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь мөн үндэслэлгүй байна. ...шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Бийг ажилд нь авсан бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 20 326 809 төгрөгийг олгосон. Иймд дахин ажилгүй хугацааны цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Бид хуулийн дагуу давж заалдах эрхээ хэрэгжүүлсэн, энэ хугацааны цалин нэхэх нь үндэслэлгүй гэж тайлбарлав.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Бийг Тт ХХК-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ***** дугаар тушаалыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00***дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны5 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2021/***** тогтоолоор Д.Бийг Уулын хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 20 326 809 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 8-18/

 

Нэхэмжлэгч Тт ХХК нь хариуцагч Д.Бт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00***дүгээр шийдвэрийн дагуу 2021.12.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022 01 05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.02.05-ны өдөр 1 693 900 төгрөг, 2022.03.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.04.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.05.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.06.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.07.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.08.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.09.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.10.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.10.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, 2022.11.05-ны өдөр 1 693 900 төгрөгийг, нийт 20 326 809 төгрөгийг түүний дансанд хуваарийн дагуу шилжүүлсэн байх ба уг асуудлаар талууд маргаагүй байна. /хх-ийн 44/

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй үндэслэлээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Бийн ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд энэ нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Тт ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй 8 сар 13 хоног хэтрүүлсэн үндэслэл тогтоогдсон тул Д.Бийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00***дүгээр шийдвэрт ажлын нэг өдрийн цалинг 95 655 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 8 сар 13 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 17 696 283 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тт ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 696 283 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 246 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгосугай. .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ