Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00689

 

 

 

Б.Я-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Я-ийн хариуцагч ТТ- ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,696,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.Я- нь ТТ- ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халагдсан. Б.Я- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 439 дугаар шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон. Б.Я- ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг авсан. Харин шүүхийн шийдвэр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан байхад ТТ- ХХК нь шүүхийн шийдвэрийг мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлж Б.Я-ийг ажилд томилсон. Иймд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 8 сар, 13 хоногийн олговорт 17,696,283 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Я- анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 17,696,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн. Б.Я- нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Б.Я-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШТ2021/00444 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлж Б.Я-ийг ажилд эгүүлэн тогтоож, шийдвэрт заасан 20,326,809 төгрөгийг олгосон.

Мөн урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Я- уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, улмаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТТ- ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,696,283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-т олгож, нэхэмжлэгч Б.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТТ- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 246,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Б.Я-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд энэ нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-т заасанд хамаарна.

Мөн шүүх уг маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасан хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа ба энэ нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлах ёстой юм. Б.Я- нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан.

Ажилгүй байсан хугацааны олговор 17,696,283 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Б.Я- нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх шийдвэртээ уг маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасан хууль тогтоомжид заасан бусад хөдөлмөрийн эрхийн маргаан гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлснийг харгалзан үзээгүй.

Мөн Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримталсан нь ямар хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж байгаа нь тодорхойгүй ба хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан бие даасан хуулийг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хариуцагч Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулах тухай 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоолыг гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй. Шүүх хурал дууссаны дараа гарын үсэг зурахыг шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Түүнчлэн, Б.Я-ээс А.Отгонжаргалд олгосон итгэмжлэлд төлөөлөгч нотариатаар баталгаажуулахад хамт байлцаж гарын үсэг зураагүй бөгөөд энэ маргаанд тухайлан олгосон итгэмжлэл мөн эсэх нь тодорхойгүй байхад А.Отгонжаргалыг нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч эсэхийг бүрэн тодруулаагүй хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шатны шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааны олговрыг олгоогүй. Хариуцагч хөдөлмөрлөх эрхийн маргаан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Ажил олгогч, ажилтан нарын хооронд ямар нэгэн байдлаар хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээгүй. ТТ- ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.Я- хариуцагч ТТ- ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,696,283 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00439 дугаар шийдвэрээр Б.Я-ийг ТТ- ХХК-ийн Уулын[U1]  хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 20,326,809 төгрөгийг хариуцагч ТТ- ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (хх-ийн 8-18)

 

Хариуцагч ТТ- ХХК дээрх шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 262/21 дугаар тушаалаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно. (хх-ийн 5, 43-44)

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор .... гомдол гаргах эрхтэй гэж заасан.

Хариуцагч байгууллага Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00439 дугаар шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Я-ийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргасан тул энэ өдрийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор авах эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдөр гэж үзнэ. (хх-ийн 44)

 

Иймд нэхэмжлэгч Б.Я- ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байтал мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй эсхүл уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг баримтаар нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдоно. Иймд нэхэмжлэгч дээрх хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Я- шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд тусгайлан заасан хугацааг хэтрүүлсэн тул хариуцагч ТТ- ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 17,696,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

 

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасан хууль тогтоомжид заасан бусад маргаанд хамааруулж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулсан ба энэ хугацаанд хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан, шүүх танилцах боломжийг хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Я- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Отгонжаргалыг томилж ирүүлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь өөрийн төлөөлж буй этгээдийн талаар маргаагүй, төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хариуцагч ТТ- ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,696,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ

 

 


 [U1]Энэ зөв үү. Улсын хэлтэс гэж