Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/00510

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/00510

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч: 

Төлбөрийн чадваргүй болж дампуурсан үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 24 431 829 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч С.У, Б.А,

хариуцагчийн төлөөлөгч Ц.А,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.У, Б.А нар хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан Төлбөрийн чадваргүй болж дампуурсан үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэл гаргасныг,

хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 658 122 төгрөг, хүүгийн 9 179 702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572 006 төгрөг, нийт 24 409 829 төгрөг, нотариатчийн зардал 22 000 төгрөг, нийт 24 431 829 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, маргасан.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдөр ХБны салбар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар хороо Их цайз тооцооны салбараас 20 000 000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Эмнэлгийн****** тоот хаягт байрлах 343 м.кв газар, мөн хаягт байрлах хувийн сууцыг барьцаалсан юм. С.У миний бие Нарантуул худалдааны төв дээр ахуйн барааны лангуу түрээслэн ажиллуулдаг байсан юм. Гэтэд Ковид-19 цар тахлын улмаас Нарантуул худалдааны төв хаагдаж улмаар эрхэлж байсан бизнес зогсож өөрийн гэсэн орлого үгүй болсон тул 2021 оны 4 сараас зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байдалд хүрсэн. Би өмнө зээлээ эргэн төлөлтийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж нийт 10 306 900 төгрөг төлсөн байсан юм. Харин бизнесийн орлогогүй болсон тул авсан зээлээ огт төлж чадахгүй байдалд хүрсэн. Энэ байдлаа ХБанд тайлбарласан боловч надаас зээлийн гэрээний үүрэгт дахиж 23 588 985 төгрөг төл гэж шаардаад байгаа юм. Миний хувьд зээлийн гэрээнээс 10 306 900 төгрөг төлсөн тул дахин ийм их хэмжээний мөнгө төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. ХБтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болох цуцлах гэсэн хэсэг байгаа энэ хэсгийн 6.1.8 дахь хэсэгт зааснаар зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон дампуурсан гэсэн хэсэг байх бөгөөд миний бие төлбөрийн чадваргүй болж дампуурсан тул зээлийн гэрээний тухайн хэсэгт зааснаар гэрээ цуцлах үндэслэл болох юм. Иймд 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан ********* тоот зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:  С.У, Б.А нарын нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй байна. ХБ ХХК нь зээлдэгч С.У, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.А нартай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ********* тоот Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ ... зээлийн гэрээний 6-р дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болох цуцлах гэсэн хэсэг байгаа энэ хэсгийн 6.1.8-д зааснаар ... зээлдэгч төлбөрийн чадваргүй болж дампуурсан гэсэн хэсэг байх бөгөөд миний бие төлбөрийн чадваргүй болж дампуурсан тул зээлийн гэрээний тухайн хэсэгт зааснаар гэрээ цуцлах үндэслэл болох юм гэж дурдсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1-т Дараах тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасан байтал нэхэмжлэгч банкны санаачилгаар цуцлах энэхүү заалтыг үндэслэл болгож байгаа нь гэрээний зохицуулалтыг буруу ойлгосон, гэрээнд нийцэхгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан зээлийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ХБ ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.У, Б.А нар нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *********** тоот зээлийн гэрээгээр тус банкнаас 20 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *********-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах өөрчлөлт оруулсан. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *************** тоот барьцааны гэрээ, БГХ ************* тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, хувийн сууц /Улсын бүртгэлийн Ү-*********, гэрчилгээний №*********/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 343 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар /Улсын бүртгэлийн Г- **********, гэрчилгээний №***********/, бараа материал зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5 341 878 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4 685 695 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 10 027 573 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Бакк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй 335 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 658 122 төгрөг, хүүгийн 9 179 702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572 006 төгрөг, нийт 24 409 829 төгрөг, нотариатчийн зардал 22 000 төгрөг, нийт 24 431 829 гаргуулж, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ХБ нь нийт 24 431 829 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд дээрх мөнгөнөөс зээлийн үндсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Харин надаас зээлийн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл дээр төлбөр төлөгч тал дампуурсан гэж байгаа энэ заалтын дагуу миний бие бизнесийн үйл ажиллагаа дампуурсан тул зээлийг төлөх ямар ч санхүүгийн эх үүсвэргүй болоод байгаа билээ. Анх зээл авахад банк надаас зээлийн шимтгэл авч байсан гэтэл энэхүү зээлийн шимтгэл нь хуулиараа надаас авах эрхгүй мөнгө байсан юм билээ. Банкны зээлийн гэрээнд зааснаар эцсийн үлдэгдэл нь 14 658 121 төгрөг байгаа бөгөөд энэ мөнгийг хамтран хариуцагч С.Утэй хувааж төлөхийг зөвшөөрч байна. Аливаа гэрээ нь талуудын хамтран байгуулсан тохиролцоо билээ. Гэтэл зөвхөн банкны санаачилгаар гэрээ цуцлах бол дампуурсан гэх үндэслэлийг баримталдаг харин зээлдэгч үнэхээр дампуурсан байхад зээлийн гэрээний энэ заалтыг ашиглах эрхгүй гэж ойлгож болохгүй юм. Зээлдэгч С.У нь биеийн байдал эрүүл мэндийн хувьд хүнд өвчин тусч одоо гэртээ байдаг. Өөрийн үйл ажиллагаагаар зээлийн эргэн төлөлтийг хийх ямар ч боломжгүй болсон байгаа юм. Иймд бид зээлийн үлдэгдэл 14 658 121 төгрөгийг хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

5. Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *********** тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан БГҮ ************* тоот барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-12/

6. Хариуцагчаас ХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *********** тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан БГҮ ************* тоот барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.04.29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №*********-1, зээл олголт, эргэн төлөх хуваарь, зээлийн бүртгэлийн карт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, гүйлгээний баримт, С.Уийн гараар бичиж өгсөн хүсэлтүүд Б.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, хувийн сууцны гэрчилгээ,/Улсын бүртгэлийн Ү-*********, гэрчилгээний №*********/, Б.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 343 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газрын гэрчилгээ, /Улсын бүртгэлийн Г- **********, гэрчилгээний №***********/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 28-46/

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ковид-19 цар тахлын улмаас Нарантуул худалдааны төв хаагдаж улмаар эрхэлж байсан бизнес зогсож өөрийн гэсэн орлого үгүй болсон тул 2021 оны 4 сараас зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байдалд хүрсэн. ...ХБтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болох цуцлах гэсэн хэсэг байгаа энэ хэсгийн 6.1.8 дахь хэсэгт зааснаар зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон дампуурсан гэсэн хэсэг байх бөгөөд миний бие төлбөрийн чадваргүй болж дампуурсан тул зээлийн гэрээний тухайн хэсэгт зааснаар гэрээ цуцлах үндэслэл болж байгаа юм. Иймд үндсэн зээлийн 14 658 121 төгрөгийг хувааж төлөхийг зөвшөөрч байна. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь банкны санаачилгаар цуцлах энэхүү заалтыг үндэслэл болгож байгаа нь гэрээний зохицуулалтыг буруу ойлгосон, гэрээнд нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд нэгэнт гэрээний хугацаа дууссан тул зээлийн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлав.

  4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч С.У, Б.А, хариуцагч ХБ ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3Г/************* тоот зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр 20 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, бизнесийн зээлийн зориулалтаар олгож, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөөр тохирчээ./хх-ийн 28-30/

6. Талууд дээрх гэрээг 2020.04.29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №*********-1 гэрээгээр зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 9 сарын 06-ны өдрийг хүртэл сунгаж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна./хх-ийн 31/

7. Дээрх зээлийн гэрээний баталгаа болгон 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр БГҮ ************* тоот барьцааны гэрээ, БГХ ************* тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан байх ба уг гэрээгээр Б.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, хувийн сууц болон тус хаягт бүртгэлтэй 343 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.

8. Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар нэхэмжлэгч нар үндсэн зээл 5 341 878 төгрөг, зээлийн хүү 4 685 695 төгрөг, нийт 10 27 573 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч нар нь 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна. /хх-ийн 42-44/

9. Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байх ба талууд гэрээний хүчинтөгөлдөр байдалд маргаагүй.

10. Харин нэхэмжлэгч нар төлбөрийн чадваргүй болсон дампуурсан үндэслэлээр гэрээг цуцлахаар шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлээ 2022 оны 10 сарын 14-ний өдөр гаргасан байх боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нэхэмжлэл гаргах үед дууссан байна.

11. Дээрх зээлийг авсны дараа буюу 2020 оны 2 сараас дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал гарсны улмаас зээлдэгч С.У нар нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон талаараа тайлбарласан байх ба дээрх зээлийн төлбөрийг хойшлуулах талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж, 6 сарын хугацаагаар гэрээг сунгаж, зээлийн үндсэн төлбөрийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан үйл баримт тогтоогдсон./хх-ийн 40-42/

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч С.У, Б.А нар нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг өөрсдийн хүсэлтээр хойшлуулж, зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан байх тул зээл төлөгдөөгүй хугацааны хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нар нь анх зээл авахад банкны суутгаж, авсан зээлийн шимтгэл нь хуулиараа надаас авах эрхгүй мөнгө байсан тул үүнийгээ суутгуулах агуулгаар тайлбар гаргаж байх боловч энэ талаараа нэхэмжлэл гаргаж, шаардаагүйг дурдах нь зүйтэй.

12. Хариуцагч ХБ ХХК нь сөрөг нэхэмжлэлд хуримтлагдсан хүүг 2022 оны 12 сарын 02-ны өдрөөр тооцож гаргасныг дээрх гэрээний хугацаа дууссан 2022 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл хүүг тооцох нь үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгч С.У, Б.А нараас үндсэн зээл 14 658 122 төгрөг, зээлийн хүүгийн 7 046 708 төгрөг, нийт 21 704 830 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

13. Барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдаж, барьцаалбарт 2019.03.11-ний өдөр бүртгэгдсэн, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч С.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 343 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-********** дугаартай, өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

14. Харин нотариатын зардалд 22 000 төгрөг төлсөн үндэслэлээр мөнгөн шилжүүлгийн баримтын хамт ирүүлсэн хэдий ч уг зардлыг гэрээний үүргийн хохирол гэж хангах үндэслэлгүй байна.

15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.У, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт 21 704 830 төгрөгийг гаргуулж, ХБ ХХК-д олгож, нэхэмжлэгч С.У, Б.А нарын зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ХБ ХХК-ийн илүү нэхэмжилсэн 2 726 999 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.У, Б.А нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл С.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 13 гудамж****тоот хаягт байршилтай, 343 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Г-********** дугаартай, өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг, хариуцагч ХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 199.15 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А, С.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 266 474.15 төгрөгийг гаргуулж, хариуцагч ХБ ХХК-д олгож, улсын төсвийн 100200100941тоот данснаас 187 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аэд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ