Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00801

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00801

 

С.У-, Б.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.У-, Б.А- нарын

Хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээг цуцлах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 24,431,829 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:Х- ХХК-аас 2019 оны 03 сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар жилийн 24 хувийн хүү, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 0001 тоот хаягт байх 343 м.кв газар, мөн хаягт байх хувийн сууцыг барьцаалсан. С.У- нь Нарантуул худалдааны төвд ахуйн барааны лангуу түрээслэн ажиллуулдаг байсан. Гэтэл ковид-19 цар тахлын улмаас Нарантуул худалдааны төв хаагдаж эрхэлж байсан бизнес зогсож 2021 оны 04 сараас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээлээс 10,306,900 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээний 6.1.8-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:Х- ХХК нь зээлдэгч С.У-, Б.А- нартай дээр дурдсан зээлийн гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүү, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний 6.1.8-д заасан зохицуулалтыг буруу ойлгосон нь гэрээнд нийцэхгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 03 сарын 07-ны өдөр БГҮ201944359730, БГХ 201944359730 тоот барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 0002тоот хаягт байх 60 м.кв талбайтай, хувийн сууц /Улсын бүртгэлийн Ү-000003, мөн хаягтай, 343 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар /Улсын бүртгэлийн Г- 000004, мөн бараа материал зэрэг хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд зааснаар 2022 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 5,341,878 төгрөг, хүүнд 4,685,695 төгрөг, нийт 10,027,573 төгрөгийг төлсөн. Иймд зээлдэгч нарын төлөгдөөгүй зээл 14,658,122 төгрөг, хүү 9,179,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572,006 төгрөг, нийт 24,409,829 төгрөг, нотариатчийн зардал 22,000 төгрөг, нийт 24,431,829 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анх зээл авахад зээлийн шимтгэл авсан нь хууль бус байсан. Зээлдэгч С.У- нь биеийн байдал эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй гэртээ байдаг тул үйл ажиллагааны орлогоор зээл төлөх боломжгүй болсон. Иймд бид зээлийн үлдэгдэл 14,658,121 төгрөгийг хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар С.У-, Б.А- нараас 21,704,830 төгрөг гаргуулж,Х- ХХК-д олгож, нэхэмжлэгч С.У-, Б.А- нарын зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчХ- ХХК-ийн нэхэмжлэлээс 2,726,999 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.У-, Б.А- нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл С.Авирмэдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 0002тоот хаягт байх 60 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-000003 дугаартай, хувийн сууц болон мөн хаягт байх 343 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-000004 дугаартай, өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.А-ийн төлсөн 257,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг, хариуцагчХ- ХХК-ийн төлсөн 350,199.15 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, нэхэмжлэгч Б.А-, С.У- нараас улсын тэмдэгтийн хураамжид 266,474.15 төгрөг гаргуулж, хариуцагчХ- ХХК-д олгож, улсын төсвөөс 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-эд олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Бид Нарантуул худалдааны төвд ахуйн барааны лангуу түрээслэн ажиллуулдаг байсан ч Ковид-19 цар тахлын улмаас бизнес зогсож орлогогүй болсон учраас 2021 оны 04 зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байдалд хүрсэн баХ- ХХК-д урьдчилан хэлж байсан. Зээлийн гэрээний 6.1.8-д зааснаар зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон дампуурсан гэж заасан баХ- ХХК нь өөрийн санаачилгаар гэрээг цуцална гэсэн үүргээ биелүүлээгүй.

Дансны хуулгаа шүүж үзэхэд үндсэн зээл, хүүгийн хамт 10,363,900 төгрөгийг төлсөн байдаг ч анхан шатны шүүх 336,000 төгрөгийг оруулж бодолгүйгээр хассан байна. Мөн анх зээл авахад банк зээлийн шимтгэлд 200,000 төгрөг суутгасан нь хууль бус тул 200,000 төгрөгийг үндсэн зээлээс суутгуулж, 14,452,121 төгрөгийг хувааж төлөхийг зөвшөөрч байна. Анхан шатны шүүх 21,704,830 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 451, 452, 453 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг хэрэглээгүй гэж үзнэ. Зээлийн гэрээний хугалаа дууссанаас хойш зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй бол гэрээний хугацааны ач холбогдол үгүй болж, зээлдэгч нь үүргийг хугацаандаа биелүүлэхгүй, банкны систем ажиллах боломжгүй болох үр дагавартай. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан нь төлбөрөө хугацаандаа төлөх үүрэгтэй зээлдэгчийг үүрэгжүүлсэн, хугацаандаа төлөхгүй бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох эрсдэлтэй болохыг зохицуулсан заалт юм.

Зээлийн гэрээ нь жилийн 24 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж талууд тохиролцсон нь хуульд зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Үндсэн зээлийн төлбөр төлөхийг зөвшөөрч байна. Харин Нарантуул худалдааны төвийн үйл ажиллагааг хаасан 6 сарын хугацааны хүүг хөнгөлөх тухай хүсэлт гаргасан.Х- ХХК нь 2 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд миний зээл багахан хэсэг нь байх гэжээ.

 

9. Нэхэмжлэгч талын заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээний 6.1-д дараах тохиолдолд банкны санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасныг нэхэмжлэгч үндэслэл болгосон нь гэрээнд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь үндсэн зээлээс 336,000 төгрөг хасагдсан гэж маргаж, зээлийн бусад тооцооллын талаар маргаагүй.

Зээлийн дансны хуулгын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн гүйлгээгээр 336,327 төгрөгийг ЗГБӨО гэсэн утга нь харилцагчийн хүсэлтээр 2020 оны 04 сарын 29-ний өдөр гэрээний бүтцэд өөрчлөлт оруулахдаа харилцагчийг хугацаа хэтрэлтээс гаргах, банкны залруулгын гүйлгээ юм. Нэхэмжлэгч зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлаар шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.У-, Б.А- нар нь хариуцагчХ- ХХК-д холбогдуулан төлбөрийн чадваргүй болж дампуурсан үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 24,431,829 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талууд 2019 оны 03 сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээрХ- ХХК нь 20,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүү, 36 сарын хугацаатай С.У-, Б.А- нарт зээлдүүлж, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Мөн уг гэрээнд 2020 оны 04 сарын 29-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 6 сараар сунгаж, эргэн төлөх хуваарийг шинэчлэн баталсан байна. /хх.4-6, 28-31/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зохигч зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 10,027,573 төгрөг төлсөн талаар маргаагүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх талаар маргасан.

 

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ковид-19 цар тахлын улмаас Нарантуул худалдааны төв хаагдаж улмаар эрхэлж байсан бизнес зогссон тул зээлийн гэрээний 6.1.8-д зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй, зээлээс 336,000 төгрөгийн төлөлт болон 200,000 төгрөгийн шимтгэлийг тус тус шүүх хасаагүй гэх агуулгаар гомдол гаргажээ.

4.1. Зээлийн гэрээний хугацаанд дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахал тархсаны улмаас хариуцагч нарыг зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон нь хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Тодруулбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж зааснаас үзвэл зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд барьцаалан зээлдүүлэх газраас олгох зээлээс бусад этгээдийн зээлийн харилцаанд хуулиар тодорхой хязгаарлалтыг тогтоогоогүй байна.

4.2.Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1.8-д Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан, татан буугдсан бол банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасан нь нэхэмжлэгч нарыг зээл төлөх үүргээс чөлөөлөхгүй. Учир нь зээлдэгч нар зээл төлөх чадваргүй болж гэрээний үүрэг зөрчигдсөн нь зээлдүүлэгчээс гэрээг цуцалж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардах үндэслэл болох ба харин зээлдэгч нарт зээлээ төлөхгүй байх үндэслэл болохгүй.

4.3. Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компаниас бусад төлбөрийн чадваргүй болсон нөхөрлөл, хоршоо, компани, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хуулийн этгээдийн эрх бүхий төрийн бус байгууллагыг хууль болон гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцохоор зохицуулсан, харин иргэнийг төлбөрийн чадваргүйд тооцох талаар хуулиар зохицуулагдаагүй тул нэхэмжлэгч С.У-, Б.А- нарын зээл төлөх төлбөрийн чадваргүй болсон шалтгаанаар зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлнэ гэх тайлбар болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч нарын гомдлоос 336,327 төгрөгийг зээлээс хасч тооцуулах тухай гомдлыг хангана. Хэрэгт авагдсан С.У-, Б.А- нарын тус банкин дахь 5075640584 тоот зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч нар 2020 оны 04 сарын 29-ний өдөр 336,327 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 336,327 төгрөгийг хасах үндэслэлтэй. Хариуцагчаас тус мөнгийг бодит төлөлт бус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой залруулгын гүйлгээ гэж тайлбарласан нь дээрх дансны хуулгаар үгүйсгэгдэж байна.

4.5. Талууд зээл олгох үйлчилгээний шимтгэл нь олгосон зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцүү байхаар гэрээний 2.3.1-д тохирсон, шимтгэлд 200,000 төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн талаар зохигч маргаагүй. Уг шимтгэл нь хуульд нийцээгүй, авах ёсгүй төлбөрийг хариуцагч авсан гэж нэхэмжлэгч нар шүүхэд шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын татгалзлыг хангахгүй орхисон нь хуульд нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

5. Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас гэрээний хугацаанд нь төлөөгүй зээл 14,658,122 төгрөг, хугацаандаа төлөөгүй болон хэтэрсэн хугацааны үндсэн хүү 9,179,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572,006 төгрөг, нийт 24,409,829 төгрөгийг шаардах эрхтэй.

5.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэггүй гэж дүгнэсэн нь буруу байгааг дараах байдлаар залруулна.

5.2. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 22,000 төгрөгийг шаардсан нь баримтаар тогтоогджээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгч гарсан зардлаа шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх үүргийн зөрчилд тооцохгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Иймд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас 22,000 төгрөг гаргуулах хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

5.3. Иймд нэхэмжлэгч нар авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа болон хугацаа хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааны хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэйгээс гадна гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардлыг хариуцагчид нөхөн төлөх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч С.У-, Б.А- нараас 2,726,999 төгрөг гаргуулан хариуцагчХ- ХХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

6. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 03 сарын 07-ны өдөр БГҮ201944359730, БГХ201944359730 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.А-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 13 гудамж 237а тоот хаягт байх 60 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт орших 343 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 7-8, 32-35/ Анхан шатны шүүх хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцүүлэн дүгнэж шийдвэрлэсэн нь зөв.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын 336,327 төгрөгийг зээлээс хасаж тооцуулах, хариуцагчийн 2,726,999 төгрөг гаргуулах тухай давж заалдах гомдлыг тус тус хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 24,431,829 төгрөгөөс 336,327 төгрөгийг хасаж, үлдэх 24,095,502 төгрөгийг нэхэмжлэгч С.У-, Б.А- нараас гаргуулан хариуцагчХ- ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх 130,993 төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй боловч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тул нөхөн гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.У-, Б.А- нараас 24,095,502 төгрөг гаргуулан хариуцагчХ- ХХК-д олгож, нэхэмжлэгч С.У-, Б.А- нарын зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэл, хариуцагчХ- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс үлдэх 336,327 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

3 дахь заалтын 266,474.15 төгрөг гэснийг 278,427 төгрөг гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,581 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ