Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1094

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Д.Х-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/01091 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК, “БК” ХХК нарт холбогдох

 

12 947 юаны үнэ бүхий авто машины сэлбэг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Хурцгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Х- миний бие нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн авто засварын газрыг түрээслэн ажилладаг Д.Т гэгч зүс таних залууд санал тавин тус засварын газарт авто сэлбэг зарж борлуулах үйлчилгээ эрхэлж явуулахаар тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос 6 388 200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгсэл оруулж ирж 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ сэлбэгийг өөрийн хөрөнгөөр оруулж ирсэн. Д.Т-той тодорхой хугацаанд хамт ажиллаж байсан. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй, утас нь холбогдохгүй гэнэт сураггүй алга болсон. Ингээд тус компанийн засварын газарт хандан сэлбэгээ авъя гэсэн боловч Д.Т-ыг олж ир гэсэн шаардлага тавьж миний сэлбэгийг өгөөгүй. Д.Т- тус компанид өртэй учир Д.Т-ыг олж ирээд ав гэсэн. 2018 оны 10 дугаар сард Д.Т-ыг дагуулан очиход миний сэлбэгийг өгөхгүй Д.Т-ыг өрөө дарсны дараа миний сэлбэгийг өгнө гэх юм. Миний эд хөрөнгийг Д.Т-ын өрөнд барьцаалж байгаа нь шударга бус байна. Тус компанийн захирал н.Отгонбаатар гэгч нь миний сэлбэгийг өөрийн эзэмшлийн байрандаа цоожлон өгөхгүй юм. Тус компанийн нярав н.Алтантүлхүүртэй 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр миний бие найзын хамт тоолж бүртгэсэн. Иймд “Б” ХХК, “БК” ХХК-ийн хууль бус өмчлөлд байгаа миний 12 947 юан буюу 5 094 515 төгрөгийн үнэ бүхий доорх нэр төрлийн сэлбэгүүдийг гаргуулж өгнө үү. Үүнд:

1. Приус 20 урд амаржин 29 ширхэг /1 ширхэг нь 93 юан/ 2697 юан,

2. Приус 20 хойд амаржин 37 ширхэг /1 ширхэг нь 70 юан/ 2590 юан,

3. Приус 20 урд цаап 6 ширхэг /1 шүирхэг нь 150 юан/ 900 юан,

4. Приус 20 тэвш тулк 7 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 245 юан,

5. Приус 20 5 бул 10 ширхэг /1 ширхэг нь 65 юан/ 650 юан,

6. Приус 20 гармушк 17 ширхэг /1ширхэг нь 8 юан/ 136 юан,

7. Приус 20 босоо 4 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 140 юан,

8. Приус 20 гарны тулк 10 ширхэг /1 ширхэг нь 23 юан/ 230 юан,

9. Приус 10 урд амаржин 8 ширхэг /1 ширхэг нь 88 юан/ 704 юан,

10. Приус 10 5 бул 8 ширхэг /1ширхэг нь 55 юан/ 440 юан,

11. Приус 10 гарны тулк 10 ширхэг /1 ширхэг нь 20 юан/ 200 юан,

12. Приус 20 өндгөн тулгуур 5 ширхэг /1ширхэг нь 20 юан/ 100 юан,

13. Приус 10 шарнер 15 ширхэг /1ширхэг нь 10 юан/ 150 юан,

14. Приус 11 тэвшний тулк 7 ширхэг /1 ширхэг нь 25 юан/ 175 юан,

15. Хариерын босоо тэнцүүлэгч 6 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 210 юан,

16. Хаалганы резин 1 боодол 800 юан

17. Хаалганы резин 1 боодол 562 юан,

18. Приус 20 шар амаржин урд 6 ширхэг /1 ширхэг нь 110 юан/ 660 юан,

19. Приус 20 шар амаржин хойд 4 ширхэг /1 ширхэг нь 100 юан/ 400 юан,

20. Приус 20 хойд цаап 1 ширхэг 140 юан,

21. Приус 11 шарнер 14 ширхэг /1 ширхэг нь 10 юан/ 140 юан,

22. Портер тулк 9 ширхэг /1 ширхэг нь 8 юан/ 72 юан,

23. Аванте XD урд пурш 14 ширхэг /1 ширхэг нь 10,000 төгрөг/ 140,000 төгрөг,

24. Усны хамгаалалт 1 шуудай,

25. Приус 10 цаапны шарик 10 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 350 юан,

26. Приус 20 босоо тэгнүүлэгч 10 ширхэг /1ширхэг нь 15 юан/ 150 юан, нийт 12 947 юан буюу 5 094 515 төгрөгийн автомашины сэлбэг дагалдах хэрэгслийг хариуцагчдын хууль бус өмчлөлөөс гаргуулах хүсэлтэй байна. Намайг урдаас худалдаж авах үед юаны ханш 186 тай байсан. Нэхэмжлэл гаргахад 194 болсон байсан. Сая үзлэг хийхэд зарим нэг сэлбэг дутуу байсан.Сая үзлэг хийж тоолсон хэмжээгээр нэхэмжилж байна. Дутсан ч хамаагүй, байгаа сэлбэгээ л авна гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12 947 юанын үнэ бүхий сэлбэгийг авч, нэхэмжлэгч Д.Х-д өгөхгүй байгаа асуудал огт байхгүй юм. Нэхэмжлэлд дурдагдсанаар “Б” ХХК нь иргэн Д.Х-тэй түрээсийн гэрээ огт байгуулж байгаагүй, түүнтэй ямар нэгэн өр, төлбөрийн асуудалгүй болно. Харин “БК” ХХК нь иргэн Д.Т-той гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж 74 дүгээр байр болох Бумбод плазад талбай түрээслүүлсэн байдаг. Энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой өр төлбөрийн асуудал “БК” ХХК, иргэн Д.Т- нарын хооронд үүссэн байдаг. Д.Т- нь тус талбайд автозасварын үйлчилгээ эрхэлж байсан бөгөөд түрээсийн төлбөрөө өгөхгүй алга болсон тул дотор нь байсан сэлбэг, бараа материалыг түрээслүүлэгч хариуцан хадгалж байгаа болно. Тиймээс энэхүү маргааны тухайд “Б” ХХК нь хариуцагч биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх Д.Т-, А.Д гэдэг хүнтэй 2017 онд түрээсийн гэрээ байгуулж ажилласан байдаг. Д.Х- гэдэг хүнийг бол танихгүй, мэдэхгүй. Манай “Б” ХХК нь “БК” ХХК-тай зоорийн 1 давхрын талбайг авто засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлдэг. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ бусдын хууль бус эзэмшлээс 12 947 юаны үнэ бүхий автомашины сэлбэг гаргуулна гэжээ. Манай байгууллага нь 2017 оны 9 дүгээр сард өөрийн ажилтан байсан Д.Т-, А.Д- нартай түрээсийн гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага болон аливаа эрх зүйн харилцаанд оролцоогүй. Бид түрээсийн гэрээний үүргийн дагуу түрээслэгчийн орхиод явсан эд зүйлсийг хадгалах, хамгаалах үүрэгтэй байдаг. Хэдийгээр Д.Т- нь түрээсийн төлбөрөө төлөөгүй өр авлага байгаа боловч түүний эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ түрээслэгчтэй харилцан санал тавьсны үндсэн дээр өөрийн автомашины сэлбэгийг тавьж заруулахаар тохирсон. Улмаар түрээслэгчид шилжүүлж өгсөн байдаг ба түрээслэгч нь зарсан даруйдаа нэхэмжлэгчид тооцоог өгөхөөр тохирсон байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанчлан үнэхээр сэлбэгийг Д.Т-од шилжүүлсэн юм бол шаардах эрх нь түрээслүүлэгч буюу Д.Т-од байна. Учир нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.2.1-д зааснаар Д.Х- нь Д.Т-од өөрийн өмчлөлийн автомашины сэлбэгээ шилжүүлсэн тул шаардах эрхгүй. Харин өмчлөх эрх нь Д.Т-од шилжсэн тул тэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан боловч нэхэмжлэгч нь уг сэлбэгийг хууль ёсны эзэмшигч мөн гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БК” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 22 нэр төрлийн буюу Приус 20 урд амаржин 29 ширхэг, Приус 20 хойд амаржин 37 ширхэг, Приус 20 тэвш тулк 7 ширхэг, Приус 20 5 бул 10 ширхэг, Приус 20 гармушк 17 ширхэг, Приус 20 босоо 4 ширхэг , Приус 20 гарны тулк 10 ширхэг, Приус 10 урд амаржин 8 ширхэг, Приус 10 5 бул 8 ширхэг, Приус 10 гарны тулк 10 ширхэг, Приус 20 өндгөн тулгуур 5 ширхэг, Приус 10 шарнер 15 ширхэг, Приус 11 тэвшний тулк 7 ширхэг, Хариерын босоо тэнцүүлэгч 6 ширхэг , хаалганы резин 1 боодол, хаалганы резин 1 боодол, Приус 20 шар амаржин урд 6 ширхэг , Приус 20 шар амаржин хойд 4 ширхэг, Приус 20 хойд цаап 1 ширхэг , Приус 11 шарнер 14 ширхэг, Портер тулк 9 ширхэг, Аванте XD урд пурш 14 ширхэг, Усны хамгаалалт 1 шуудай, Приус 10 цаапны шарик 10 ширхэг 4 572 218 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 522 297 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-д холбогдох авто машины сэлбэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 739 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “БК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 88 106 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч шүүгчийн захирамжийн дагуу үзлэг хийж тоолсон хэмжээгээр 4 572 218 төгрөгийн үнэ бүхий сэлбэгээ гаргуулан авах шаардлагыг хариуцагч нарт хандан гаргасан. Хариуцагч “Б” ХХК нь аж ахуйн нэгжийнхээ хувьд иргэн Д.Т-той түрээсийн гэрээ огт байгуулж байгаагүй, өр болон авлагын асуудал байгаагүй нь тогтоогдсон. Харин “БК” ХХК нь иргэн Д.Т-, А.Д- нартай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Талбай түрээсийн гэрээ" байгуулсан байдаг. Нэхэмжлэгч Д.Х-тэй ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Иргэн Д.Х- манай компанийн агуулахад хадгалагдаж байгаа түрээслэгч Д.Т-ийн 12 947 юань буюу үзлэгийн явцад тогтоогдсон 4 572 218 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэгийг өөрийнх мэтээр маргадаг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг автомашины сэлбэг нь нэхэмжлэгчийнх мөн эсэх нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн "Эрээн хотын нөхөрлөл япон авто сэлбэг", орлогын баримт нь гэх баримт бичиг нь хэн хаанаас ч хуурамчаар бүрдүүлээд олж авах боломжтой баримт бичиг байсан.

Энэхүү орлогын баримтын Үйлчлүүлэгчийн нэр хэсэгт "Монгол" гэсэн нэрээр үйлчилгээ буюу сэлбэг авч байгаа хүний нэрийг тодорхойлсноос бус Д.Х- гэх нэр бичигдээгүй. Мөн уг баримтад төлбөр төлөгчийн гарын үсэг буюу нэхэмжлэгчийн гарын үсэг бичигдээгүй байтал шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн уг баримтыг шинжлэн үзэлгүйгээр нотлох баримтыг үнэлсэн. Өөрөөр дурдвал нэхэмжлэгч 12 947 юан буюу 5 094 515 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан бол гааль, тээврийн холбогдох баримтуудаар давхар нотлогдох учиртай.

Түрээслэгч Д.Т-ын цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэгт хэдэн нэр төрлийн сэлбэг хэрэгсэл байгаа, нийт хэдэн ширхэг байгааг тодруулаагүй байж нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан байна. Иймд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн явдал нь үндэслэлгүй болжээ. Манай байгууллага цаашдын эрсдэлийг тооцож түрээслэгч Д.Т-ыг гэрчээр дуудуулах хүсэлт гаргасан боловч олдоогүй, мөн түрээсийн гэрээний тал болох А.Д-ыг гэрчээр дуудуулах хүсэлт гаргасан ба шүүх хэрэгт ач холбогдолгүй хэмээн үзсэн.

Иймд манай “БК” ХХК-ийн агуулахад хадгалагдаж буй иргэн Д.Т-ын эзэмшилд байсан 4 572 218 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэгийн өмчлөгчийг нотлох баримтаар тогтоогоогүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/01091 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагч “Б” ХХК, “БК” ХХК-д холбогдуулан 5 094 515 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагч “Бумбодконстракш” ХХК-ийн “Бумбод плаза” төвийн зоорийн давхрыг автомашины гарааш, засварын зориулалтаар түрээслэн ажиллуулж байсан байх ба нэхэмжлэгч Д.Х- нь Д.Т-той тус засварын газарт приус 10, 11, 20 автомашины сэлбэгийг зарж борлуулж байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө манай байгууллага Д.Х-тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тэрээр сэлбэгийг Д.Т-од шилжүүлсэн тул манайхаас шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн “...Тус компанийн засварын газарт байгаа сэлбэгээ авъя гэхэд Д.Т-ыг олж ир гэсэн шаардлага тавьсан бөгөөд Д.Т-ыг дагуулан очиход түүнийг өрөө дарсны дараа миний сэлбэгийг өгнө гэх юм” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

 

            Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн автомашины сэлбэг хэрэгслийг Эрээн хотын нөхөрлөл Япон авто сэлбэгийн газраас оруулж ирсэн тухай бичгийн нотлох баримтыг гаргасан байна. /хх 31-33 дугаар тал/

 

Шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин 61-1 тоот хаягт байрлах “Б” ХХК-ийн байранд хийсэн үзлэгийн баримтаас үзэхэд “Б” ХХК-ийн агуулахад автомашины 22 төрлийн сэлбэгүүд болох нь тогтоогджээ. /хх 142-146 дугаар тал/

 

            Мөн иргэн Д.Т-ын цагдаагийн байгууллагад гаргасан мэдүүлэгт “...Би Д.Х-тэй танилцаад 2018 оны 8 дугаар сараас Д.Х- надад сэлбэг авчирч өгөх, би машин засахдаа сэлбэгийг зарж өгөхөөр тохирсон. Би Д.Х-д сэлбэгийн мөнгө болох 1 000 000 гаруй төгрөг өгөх ёстой байгаа. Бусад сэлбэг нь засварын газарт бүрэн бүтэн байгаа. Би түрээсийн мөнгөө өгч чадахгүй болоод ажил дээрээ очихоо больсон. Тэрнээс надад Д.Х-ийг хуурч мэхлэн залилсан зүйл байхгүй. Д.Х-ийн өгсөн сэлбэгийг бүрэн бүтэн буцааж өгөх болно” гэж тайлбарлажээ. Эрүүгийн журмаар цуглуулсан нотлох баримт нь иргэний хэрэгт шууд нотлох баримт болохгүй ч Д.Т-ын мэдүүлгийн агуулгыг хэргийн бусад баримттай харьцуулан дүгнэхэд түрээсийн байранд нэхэмжлэгч Д.Х-ийн сэлбэг хэрэгсэл хадгалж байгаа нь тогтоогдсон гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн автомашины сэлбэг тус байгууллагын агуулахад хадгалагдаж байгааг няцаасан, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Х-ийн автомашины сэлбэг хариуцагч байгууллагын хууль бус эзэмшилд байгаа гэж үзэж нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалттай нийцжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/01091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Бумбодкостракшн” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

  Ц.ИЧИНХОРЛОО