Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2019/01091

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2019/01091

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Х.Оюунжаргал би даргалж,

 

Нэхэмжлэгч:  ... дүүргийн .... дугаар хороо, .... гудамж ....  тоотод оршин суух  Д овогт Дгийн Хийн  /регистрийн дугаар..... / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, .. гудамж ... давхарт  байрлах  “Б “ ХХК /регистрийн дугаар ..../

 

Хариуцагч: ... дүүргийн .... дугаар хороо, ... гудамж ... давхарт байрлах “ БК “ ХХК /регистрийн дугаар .../  нарт холбогдох                                                                     

   “12,947 юаны үнэ бүхий авто машины сэлбэг гаргуулах”  тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х, өмгөөлөгч Н.Ж, хариуцагч нарын төлөөлөгч Ц.Ц,   нарийн бичгийн даргад Б.Чанцалдулам        нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х миний бие нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн авто засварын газрыг түрээслэн ажилладаг Д.Т гэгч зүс таних залууд санал тавин тус засварын газарт авто сэлбэг зарж борлуулах үйлчилгээ эрхэлж явуулахаар тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос 6,388,200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгсэл оруулж ирж 2018 оны 08 сарын 05-наас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ сэлбэгийг өөрийн хөрөнгөөр оруулж ирсэн. Тодорхой хугацаанд хамт ажиллаж байгаад 2018 оны 08 сарын 26-наас хойш Д.Т нь ажилдаа ирэхгүй, утас нь холбогдохгүй гэнэт сураггүй алга болсон. Ингээд тус компанийн засварын газарт байгаа сэлбэгээ авъя гэсэн боловч Д.Тыг олж ир гэсэн шаардлага тавьж миний сэлбэгийг өгөөгүй. Д.Т тус компанид өртэй учир Д.Тыг олж ирээд ав гэхэд 2018 оны 10 дугаар сард Д.Тыг дагуулан очиход миний сэлбэгийг өгөхгүй Д.Тыг өрөө дарсаны дараа миний сэлбэгийг өгнө гэх юм. Миний эд хөрөнгийг Д.Тын өрөнд барьцаалж байгаа нь шударга бус гэж үзэн шүүхэд хандаж байна. Тус компанийн захирал н.Отгонбаатар гэгч нь миний сэлбэгийг өөрийн эзэмшлийн байрандаа цоожлон өгөхгүй юм. Тус компанийн нярав н.Алтантүлхүүртэй 2019 оны 01 сарын 04-нд миний бие найзын хамт тоолж бүртгэсэн....Иймд “Б” ХХК, “Б констракшн” ХХК-ийн хууль бус өмчлөлд байгаа миний 12,947 юан буюу 5,094,515 төгрөгийн үнэ бүхий доорхи нэр төрлийн сэлбэгүүдийг гаргуулж өгнө үү. Үүнд:

  1. Приус 20 урд амаржин 29 ширхэг /1 ширхэг нь 93 юан/ 2697 юан,
  2. Приус 20 хойд амаржин 37 ширхэг /1 ширхэг нь 70 юан/ 2590 юан,
  3. Приус 20 урд цаап 6 ширхэг /1 шүирхэг нь 150 юан/ 900 юан,
  4. Приус 20 тэвш тулк 7 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 245 юан,
  5. Приус 20 5 бул 10 ширхэг /1 ширхэг нь 65 юан/ 650 юан,
  6. Приус 20 гармушк 17 ширхэг /1ширхэг нь 8 юан/ 136 юан,
  7. Приус 20 босоо 4 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 140 юан,
  8. Приус 20 гарны тулк 10 ширхэг /1 ширхэг нь 23 юан/ 230 юан,
  9. Приус 10 урд амаржин 8 ширхэг /1 ширхэг нь 88 юан/ 704 юан,
  10. Приус 10 5 бул 8 ширхэг /1ширхэг нь 55 юан/ 440 юан,
  11. Приус 10 гарны тулк 10 ширхэг /1 ширхэг нь 20 юан/ 200 юан,
  12. Приус 20 өндгөн  тулгуур 5 ширхэг /1ширхэг нь 20 юан/ 100 юан,
  13. Приус 10 шарнер 15 ширхэг /1ширхэг нь 10 юан/ 150 юан,
  14. Приус 11 тэвшний тулк 7 ширхэг /1 ширхэг нь 25 юан/ 175 юан,
  15. Хариерын босоо тэнцүүлэгч 6 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 210 юан,
  16. Хаалганы резин 1 боодол 800 юан
  17. Хаалганы резин 1 боодол 562 юан,
  18. Приус 20 шар амаржин урд 6 ширхэг /1 ширхэг нь 110 юан/ 660 юан,
  19. Приус 20 шар амаржин хойд 4 ширхэг /1 ширхэг нь 100 юан/ 400 юан,
  20. Приус 20 хойд цаап 1 ширхэг 140 юан,
  21. Приус 11 шарнер 14 ширхэг /1  ширхэг нь 10 юан/ 140 юан,
  22.  Портер тулк 9 ширхэг /1 ширхэг нь 8 юан/ 72 юан,
  23. Аванте XD урд пурш 14 ширхэг /1 ширхэг нь 10,000 төгрөг/ 140,000 төгрөг,
  24. Усны хамгаалалт 1 шуудай,
  25. Приус 10 цаапны шарик 10 ширхэг /1 ширхэг нь 35 юан/ 350 юан,

      26.Приус 20 босоо тэгнүүлэгч 10 ширхэг /1ширхэг нь 15 юан/ 150 юан, нийт 12,947 юан буюу 5,094,515 төгрөгийн автомашины сэлбэг дагалдах хэрэгслийг хариуцагчдын хууль бус өмчлөлөөс гаргуулах хүсэлтэй байна. Намайг урдаас худалдаж авах үед юаны ханш 186 тай байсан.Нэхэмжлэл гаргахад 194 болсон байсан.Энэ 194 тооцсон байгаа.Сая үзлэг хийхэд зарим нэг сэлбэг дутуу байсан.Сая үзлэг хийж тоолсон хэмжээгээр нэхэмжилж байна. Дутсан ч хамаагүй, байгаа сэлбэгээ л авнаа  гэв.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй иргэн Д.Хийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “12,947 юанын үнэ бүхий автомашины сэлбэг гаргуулж авах” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шарадлагад дурдсан 12,947 юанын үнэ бүхий сэлбэгийг авч, нэхэмжлэгч Д.Хд өгөхгүй байгаа асуудал огт байхгүй юм. Нэхэмжлэлд дурдагдсанаар “Б” ХХК нь иргэн Д.Ттой түрээсийн гэрээ огт байгуулж байгаагүй, түүнтэй ямар нэгэн өр, төлбөрийн асуудалгүй болно. Харин “Б констракшн” ХХК нь иргэн Д.Ттой гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж 74 дүгээр байр болох Б плазад талбай түрээслүүлсэн байдаг. Энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой өр төлбөрийн асуудал “Б констракшн” ХХК, иргэн Д.Т нарын хооронд байдаг. Д.Т нь тус талбайд автозасварын үйлчилгээ эрхэлж байсан бөгөөд түрээсийн төлбөрөө өгөхгүй алга болсон тул дотор нь байсан сэлбэг, бараа материалыг түрээслүүлэгч хариуцан хадгалж байгаа болно. тиймээс энэхүү маргааны тухайд “Б” ХХК нь хариуцагч биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Д.Т, Д гэдэг хүнтэй 2017 онд түрээсийн гэрээ байгуулж ажилласан байдаг. 1 жилийн хугацаатай, Д.Х гэдэг хүнийг бол танихгүй, мэдэхгүй. Урьд нь уулзаж байгаагүй, энэ хүнийн сэлбэг, хэрэгслийг зараад өгье гэсэн юм манай байгууллагын зүгээс яриагүй. Манай Б ХХК нь БКтай зоорийн 1 давхрын талбайг авто засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлдэг. Д.Х гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй, ямар нэгэн харилцаанд ороогүй. Сэлбэгийг нь зараад өгье гэж хэлээд Д.Тын  ажиллуулж байгаа газарт аваачаад тавчих гэж хэлээгүй. Д.Т гэдэг хүнтэй өөрөө л харилцаанд орсноос биш манай байгууллага энэ хүний өмнө ямар нэгэн хариуцлага огт үүрээгүй,Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ бусдын хууль бус эзэмшлээс 12,947 юаны үнэ бүхий автомашины сэлбэг гаргуулна гэжээ. Манай байгууллага нь 2017.09 сард өөрийн ажилтан байсан Д.Т, Дуламжав нартай түрээсийн гэрээ байгуулсан.Харин нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага болон аливаа эрх зүйн харилцаанд оролцоогүй. Бид түрээсийн гэрээний үүргийн дагуу түрээслэгчийн орхиод явсан эд зүйлсийг хадгалах, хамгаалах үүрэгтэй байдаг.Хэдийгээр Д.Т нь түрээсийн төлбөрөө төлөөгүй өр авлага байгаа боловч түүний эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ түрээслэгчтэй харилцан санал тавьсны үндсэн дээр өөрийн автомашины сэлбэгийг тавьж заруулахаар тохирсон.Улмаар түрээслэгчид шилжүүлж өгсөн байдаг ба түрээслэгч нь зарсан даруйдаа нэхэмжлэгчид тооцоог өгөхөөр тохирсон байдаг.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанчлан үнэхээр сэлбэгийг Д.Тод шилжүүлсэн юм бол шаардах эрх нь түрээслүүлэгч буюу Д.Тод байна, учир нь ИХ-ийн 111.1-д заасан байдаг. Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч нь өөрийн автомашины сэлбэгийг Д.Тод шилжүүлэн өгсөн, түүнийхээ хариуд сэлбэгийг зарсан мөнгийг өөрөө авъя гэж тохирсон, түүнийх нь ч дагуу 6 сая хэдэн зуун мянган төгрөгийн орж ирсэн сэлбэгнээс 1 сая төгрөг гаруйг зарсан, ингээд үлдэгдлийг нь манайх тоолоод авсан. Тоолсон бүрэн бүтнээрээ манай агуулахад байгаа. ИХ-ийн 111.2,111.2.1-т зааснаар Д.Х нь Д.Тод өөрийн өмчлөлийн автомашины сэлбэгээ шилжүүлсэн тул шаардах эрхгүй. Харин өмчлөх эрх нь Д.Тод шилжсэн тул тэр Иргэний хуулийн 106.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй. ИХ-ийн 106.1-т заасан боловч нэхэмжлэгч нь уг сэлбэгийг хууль ёсны эзэмшигч мөн гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Д.Х нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан “12,947 юаны үнэ бүхий авто машины сэлбэг гаргуулах”  тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “БК “ ХХК-ийг татан оролцуулав.

 

Нэхэмжлэгч талаас: хариуцагчийн хууль бус эзэмшилээс 12,947 юан буюу 5,094,515 төгрөгний үнэ бүхий автомашины сэлбэгийг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаанд үзлэг хийж тоолсон хэмжээгээр 4,572,218 төгрөгний үнэ бүхий сэлбэгээ авна гэж,

хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  Д.Т  6 сая хэдэн зуун мянган төгрөгийн орж ирсэн сэлбэгнээс 1 сая төгрөг гаруйг зарсан, үлдэгдлийг нь манайх тоолсон бүрэн бүтнээрээ манай агуулахад байгаа. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.2.1-т зааснаар Д.Х нь Д.Тод өөрийн өмчлөлийн автомашины сэлбэгээ шилжүүлсэн байж болно, шилжүүлснээр өмчлөх эрх нь Д.Тын өмчлөлд шилжсэн. Нэхэмжлэгч нь уг сэлбэгийг хууль ёсны эзэмшигч мөн гэдэг нь тодорхойгүй,  нэхэмжлэлийг гаргах эрхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж  маргажээ.

 

     Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч “Бконстракш “ ХХК-ийн өмчлөлийн  “Б Плаза” төвийн зоорийн давхрыг автомашины гараж, засварын зориулалтаар түрээслэн ажиллуулж байсан Д.Ттой харилцан тохиролцож, тус засврын газарт Приус 10,11,20 автомашины  сэлбэгийг  зарж борлуулахаар болж  БНХАУ-ын Эрээн хотоос 6,388,200 төгрөгний  үнэ бүхий сэлбэг хэрэгсэл оруулж ирэн  зарж борлуулан түүнтэй хамтран ажилласан байсан болох нь тогтоогдов.

       

Хариуцагч  талаас: “Б” ХХК нь  “Бконстракш” ХХК-д зоорийн 1 давхрын талбайг авто засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлдэг. “Бконстракш” ХХК 2017.09 сард өөрийн ажилтан байсан Д.Т, Дуламжав нартай түрээсийн гэрээ байгуулсан.Нэхэмжлэгч нь өөрийн автомашины сэлбэгийг Д.Тод шилжүүлэн өгсөн, түүнийх нь ч дагуу 6 сая хэдэн зуун мянган төгрөгийн орж ирсэн сэлбэгнээс 1 сая төгрөг гаруйг зарсан, Үлдэгдлийг нь манайх тоолоод авсан. Бүрэн бүтнээрээ манай агуулахад байгаа гэж тайлбарлав.

 

Дээрх хариуцагч талын тайлбар болон хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ч.Алтантүлхүүрийн мэдүүлэг, Д.Тын  цагдаагийн  хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг  зэргээр  Д.Хийн автомашины сэлбэг нь Д.Тын түрээслэн ажиллуулж байсан хариуцагч нарын өмчлөлийн зоорин давхарт байсан бөгөөд одоо агуулахад хадгалагдаж  байгаа   болох нь нотлогдсон бөгөөд хариуцагч талаас  Д.Тыг тухайн зоорийн давхрыг түрээслэж үйл ажиллагаа явуулсан талаар маргаагүй байна.  

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Хийн автомашины сэлбэгийг өөрийн эзэмшилд хууль бусаар байлгаж  байгаа  бөгөөд үүний улмаас тэрээр өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох автомашины сэлбэгийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон  байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ”Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, энэ хуулийн 106.3-т ”Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус зохицуулсан.

 

Иймд  нэхэмжлэгч Д.Хийн эд хөрөнгө болох автомашины сэлбэг нь хариуцагч нарын эзэмшилд хууль бусаар шилжсэн байх тул  бусдын хууль бус эзэмшлээс  шаардах эрхтэй.

Хариуцагч талаас Иргэний хуулийн  111 дүгээр зүйлийн 111.2, 111.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Хийг  өөрийн өмчлөлийн автомашины сэлбэгээ  Д.Тод шилжүүлсэн тул шаардах эрхгүй. Харин өмчлөх эрх нь Д.Тод шилжсэн тул тэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тайлбарлаж буй хэдий ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй,үүнийгээ хуульд зааснаар нотолж чадаагүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн  111 дүгээр зүйлийн  111.2.1 дэх хэсэгт ” өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр “ хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан ба  энэ нь эд юмсыг бодитойгоор эрх мэдэлдээ авах замаар эзэмшил бий болох бодит үйлдэл байх бөгөөд энэхүү үйлдлийг  хийх хүсэл  нь жинхэнэ бодит хүсэл эрмэлзэлтэй  байж гэмээн нь тухайн этгээдийн эзэмшил бий болох ойлголт юм.

 

Гэтэл хариуцагч талын шүүхэд ”бид түрээсийн гэрээний үүргийн дагуу түрээслэгчийн орхиод явсан эд зүйлсийг хадгалах, хамгаалах үүрэгтэй байдаг. Хэдийгээр Д.Т нь түрээсийн төлбөрөө төлөөгүй өр авлага байгаа боловч түүний эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй” тухай   тайлбарласнаас  үзэхэд  хариуцагч тал нэхэмжлэгч Д.Хийн автомашины сэлбэгийг өөрийн эзэмшилд байлгах жинхэнэ бодит хүсэл эрмэлзэлтэй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

       

Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  хариуцагчаар  “Б“  ХХК-ийг  тодорхойлсон ба  хэрэгт авагдсан нотлох баримтаар бол “Бконстракш” ХХК нь 2017 оны 09-р сарын 15-нд  Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,74-р байрны зоорийн давхрыг  Дуламжавын Д.Т, Авирмэдийн Дуламжав нарт түрээслэж, “Талбайн түрээсийн гэрээ” байгуулсан ба хариуцагч талын  “Б” ХХК нь  “Бконстракш” ХХК-д зоорийн 1 давхрын талбайг авто засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлдэг гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд энэ талаар нотлох баримт авагдаагүй байна./хх35/

 

Иймд хариуцагч “Б“ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр “Б” ХХК болон “Бконстракш” ХХК-ийн агуулахын байранд шүүх  үзлэг хийхэд  Приус 10,11,20 автомашины сэлбэг байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай компанид Приус машины сэлбэг байхгүй,мотор томтой Ланд 80 гэх мэт машин  засварладаг  тул эдгээрийн сэлбэг байгаа тухай тайлбарлаж байх тул Д.Хийн приус автомашины сэлбэг байгаа гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

 

Д.Х  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа приус автомашины сэлбэгийг БНХАУ-ын Эрээн хотоос авсан гэж нотлох баримтаар Эрээн хотын нөхөрлөл япон авто сэлбэг гэж монгол хэлээр бичигдсэн хятад хэлээр сэлбэгийн нэр,үнийг бичмэл болон гар бичмэлээр бичигдсэн  нотлох баримтыг /хх5-8, 31-33/   Очиртэен ХХК-р орчуулж ирүүлсэн ба тус компани нь орчуулгын үйлчилгээ явуулдаг болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000129189 дугаарийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тус нотлох баримтуудыг үнэн зөв гэж шүүх үнэлэв./хх52/  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч нарын тайлбараас дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийг бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгө болох автомашины сэлбэгийг  гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ түүний шүүх хуралдаанд нэхэмжилсэн байдлаар тооцов.

 

Үүнд: нэхэмжлэгч  Эрээн хотоос автомашины сэлбэг худалдаж авсан 2018 оны 08-р сарын 01-ны үеийн Монгол банкнаас зарласан юанийн ханш, мөн нэхэмжлэл гаргах үеийн 2019 оны 01-р сарын 16-нд юанийн ханштай холбоотой лавлагаануудыг шүүхэд ирүүлж, сэлбэгийн үнэ ханшийг нэхэмжлэл гаргах үеийн 193,90 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа 5,094,515 төгрөгөөр үнэлж тодруулсан  ба  шүүх хуралдаанд үзлэг хийж тоолсон  4,572,218 төгрөгний үнэ бүхий 22 нэр төрлийн буюу үзлэг хийхэд байсан сэлбэгүүдийг хариуцагч “Бконстракш” ХХК-иийн хууль бус эзэмшлээс  гаргуулахаар шийдвэрлэв. /хх53,54/

Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд  26 нэр төрлийн приус маркийн автомашины сэлбэгийг жагсаалтаар гаргаж өгснөөс 3, 26 дах жагсаалтанд байсан приус 20 урд цаап 6 ширхэг/1 ширхэг нь 150 юаны /900 юань гэсэн, приус 20 босоо тэгнүүлэгч 10 ширхэг / ширхэг нь 15 юаны/150 юанийн үнэтэй сэлбэгүүд үзлэг хийхэд байхгүй байсан ба тус сэлбэг болон эдгээрийн  үнэ 522,297 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн болохыг дурдав. /хх 89/      

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу  шүүх үнэлсэн ба тус  эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Д.Тын мэдүүлэг нь хэргийг шалгах явцад цугларсан бичмэл нотлох баримт байна.     

Шүүхээс гэрч нарын мэдүүлэг нь  хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас үнэлэсэн болно.  /хх94-98, 80-81/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 95,739 төгрөг төлсөнг  улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 4,572,218  хэмжээнд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  88.106 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

  

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Бк” ХХК-ийн хууль бус эзэмшлээс  22 нэр төрлийн буюу Приус 20 урд амаржин 29 ширхэг, Приус 20 хойд амаржин 37 ширхэг, Приус 20 тэвш тулк 7 ширхэг, Приус 20 5 бул 10 ширхэг , Приус 20 гармушк 17 ширхэг , Приус 20 босоо 4 ширхэг , Приус 20 гарны тулк 10 ширхэг , Приус 10 урд амаржин 8 ширхэг,  Приус 10 5 бул 8 ширхэг, Приус 10 гарны тулк 10 ширхэг, Приус 20 өндгөн  тулгуур 5 ширхэг, Приус 10 шарнер 15 ширхэг,  Приус 11 тэвшний тулк 7 ширхэг , Хариерын босоо тэнцүүлэгч 6 ширхэг , хаалганы резин 1 боодол, хаалганы резин 1 боодол , Приус 20 шар амаржин урд 6 ширхэг , Приус 20 шар амаржин хойд 4 ширхэг, Приус 20 хойд цаап 1 ширхэг ,  Приус 11 шарнер 14 ширхэг , Портер тулк 9 ширхэг, Аванте XD урд пурш 14 ширхэг,  Усны хамгаалалт 1 шуудай, Приус 10 цаапны шарик 10 ширхэг  4,572,218 төгрөгний үнэ бүхий автомашины сэлбэгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх   522,297 төгрөгийг, хариуцагч “ Б” ХХК-д холбогдох авто машины сэлбэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,739 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  88.106 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгосугай.

 

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.ОЮУНЖАРГАЛ