Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2023/00072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, .... дугаар байрны .... тоотод оршин суух, Б овогт Т-ийн У /РД:............, утас ........../

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ... дугаар баг, ........ тоотод оршин суух, И овогт Б-ын Б /РД:.........., утас ............../

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,413,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.У

Хариуцагч: Б.Б

Иргэдийн төлөөлөгч: Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Тэмүүжин

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Т.У нь Б.Б-т холбогдуулан гэм хорын хохирол 1,413,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Т.Т.У би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд 56-67 ГСА улсын дугаартай toyoto fielder машинтайгаа Найрамдал хотхоны 4-р байрны урд замаар 12 дугаар байрны чиглэлд чигээрээ зорчиж байтал 4-р байрны автомашины зогсоолоос 06-03 ДУА улсын дугаартай mighty машин ухрах үйлдэл гаргахаар нь сигнал өгөхөд ухарсаар байгаад миний машины буруу талын крило, гэрлийг цөм мөргөсөн учир цагдаад хандсан боловч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй тул иргэн Б.Б-аас 1,413,000 төгрөгийг барагдуулахаар нэхэмжилсэн. Хохирлын үнэлгээ 1,320,000 төгрөг, үнэлгээний зардал 93,000 төгрөг, нмйт 1,413,000 төгрөг болсон. 02 дугаар сарын 08-ны өдөр Б.Б хятад гэрэл авч ирж өгсөн. Ориг гэрэл нь бол 850,000 төгрөгийн үнэтэй байдаг. Тухайн өгсөн гэрэл хятад гэрэл байсан учраас 450,000 төгрөгөөр үнэлж байгаа. 02 дугаар сарын 13-ны өдөр би охиныхоо дансыг өгсөн чинь 300,000 төгрөг шилжүүлсэн байсан. Надад ууцны хонь өгсөн гэж тайлбартаа бичсэн байсан. Ууцны хонь авсан зүйл байхгүй. Нийт 1,413,000 төгрөгнөөс гэрэлний 450,000 төгрөг, дансаар авсан 300,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг хасаад үлдэгдэл нь 663,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд 06-03 ДУА улсын дугаартай дүүгийнхээ машиныг унаж яваад Найрамдал хотхоны 4 дүгээр байрны зогсоолоос ухрах үйлдэл хийхдээ 56-67 ГСА улсын дугаартай toyoto fielder машиныг гэмтээсэн. Тус иргэн урагш явж байх нэрийдлээр өмнөх зайг харалгүй намайг буруутгасан. Ингээд тухайн үед цагдаад хандан асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн иргэн шийдтэй хариу өгөхгүй байсан. Би хохирлыг барагдуулахаар автомашины гэрлийг 450,000 төгрөг 1 ууцны хониор авч, крилог засуулахаар 300,000 төгрөг зэргийг өгсөн. Мөн цагдаад 200 нэгжээр торгуулж, 5 оноо хасуулсан. Яг ухрах үйлдэл хийх үед нэхэмжлэгч бол харагдаагүй. Тэгээд ухрах үед шүргэсэн байсан. Миний ухрах үйлдлийг хараад сигнал дарахын оронд зогссон бол арай өөр байдалтай байх байсан. Аль аль нь хариуцлага алдсан гэж бодож байна. Автомашины засварын үнэ бол төлөх боломжтой хэмжээний үнийн дүн гарах байх гэж бодсон. Нэхэмжлэлийн шаардлага бол өндөр үнийн дүнтэй байна. Би гэрлийг хотоос хямдарсан үнээр нь бодуулаад 450,000 төгрөг дээр нэг ууцны хонь өгч авсан. Ууцны хонио 200,000 төгрөгөөр бодсон. Тэр гэрэл бол хятад гэрэл биш ориг гэрэл. Машины сэвийг арилгуулъя гээд 300,000 төгрөг өгсөн. Одоо би үнэлгээний 93,000 төгрөг, хотруу явах бензины мөнгө 200,000 төгрөг, нийт 293,000 төгрөгийг өгөх саналтай байна гэв.

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бүх зүйл нотлогдсон байна. Харилцан тохиролцсон бол энэ асуудал хурдан шийдэгдэх байсан. Нотлох баримтуудад тулгуурлаад шийдвэр гаргах нь зөв гэж бодож байна. Б.Бийг гэм буруутай гэж үзэж байна гэжээ.

4.Нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2217000285 дугаартай зөрчлийн хэргээс хуулбарласан Эрх бүхий албан тушаалтны тогтоол 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай”,  Эрх бүхий албан тушаалтны тогтоол 2022 оны 12 дугаар сарын ...-ны өдөр “Зөрчлийн хэрэг бүртгэх хугацааг сунгах тухай”, Т.Уийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай”,  Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Гэрч Т.Т.Уээс мэдүүлэг авсан тухай”, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Гэрч Б.Баас мэдүүлэг авсан тухай”,  Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Холбогдогч Б.Баас мэдүүлэг авсан тухай”, “Ашид билгүүн” ХХК-ийн 93,000 төгрөгийн мөнгөний баримт, “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Бт үнэлгээг танилцуулсан тухай, Зөрчлийн хэргийн цахим бүртгэлийн баримтууд, Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Т.Т.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 56-67 ГСА улсын дугаартай toyoto corolla fielder-E160 маркийн автомашины гэрчилгээ, Т.Уийн жолоочийн үнэмлэх, 06-03 ДУА улсын дугаартай hyundai mighty-11 маркийн автомашины гэрчилгээ, Б.Бийн жолоочийн үнэмлэх, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Магадлагаа гаргасан тухай”, Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “...Т.Т.Ут”, Зөрчлийн шийтгэл ногдуулах тухай шийдвэр 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр,  Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хэргийн материал танилцуулсан тухай”, 0027335 тоот шийтгэлийн хуудас,  Эрх бүхий албан тушаалтны тогтоол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Зөрчлийн хэргийг Прокурорт хүргүүлэх тухай”, хариуцагчаас хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны авто зогсоолоос 06-03 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ миний жолоодож явсан 56-67 ГСА дугаартай автомашиныг мөргөж 1,413,000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Ориг гэрэл авчирч өгсөн, 650,000 төгрөгөөр тооцно. Засварын зардалд 300,000 төгрөг өгсөн. Улаанбаатар хотод очиж засварлуулах замын зардал 200,000 төгрөг, үнэлгээний хөлс 93,000 төгрөг, нийт 293,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдыг нь зөвшөөрөхгүй гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2217000285 дугаартай зөрчлийн хэргээс хуулбарласан Эрх бүхий албан тушаалтны тогтоол, “Зөрчлийн хэрэг нээх тухай”,  Эрх бүхий албан тушаалтны тогтоол, “Зөрчлийн хэрэг бүртгэх хугацааг сунгах тухай” тогтоол, Т.Т.Уийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,  Гэрч Т.Т.Уээс мэдүүлэг авсан тухай”, “Гэрч Б.Баас мэдүүлэг авсан тухай”,  “Холбогдогч Б.Баас мэдүүлэг авсан тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 93,000 төгрөгийн мөнгөний баримт, “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Б.Бт үнэлгээг танилцуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Зөрчлийн хэргийн цахим бүртгэлийн баримтууд, 56-67 ГСА улсын дугаартай toyoto corolla fielder-E160 маркийн автомашины гэрчилгээ, Т.Т.Уийн жолоочийн үнэмлэх, 06-03 ДУА улсын дугаартай hyundai mighty-11 маркийн автомашины гэрчилгээ, Б.Бийн жолоочийн үнэмлэх, “Магадлагаа гаргасан тухай” Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, “...Т.Т.Ут”, Зөрчлийн шийтгэл ногдуулах тухай шийдвэр, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл “Хэргийн материал танилцуулсан тухай”, 0027335 тоот шийтгэлийн хуудас,  Эрх бүхий албан тушаалтны тогтоол “Зөрчлийн хэргийг Прокурорт хүргүүлэх тухай”, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. 

4.1.Хариуцагч Б.Б нь С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны авто зогсоолоос 06-03 ДУА улсын дугаартай hyundai mighty-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Т.Т.Уийн жолоодож явсан 56-67 ГСА улсын дугаартай toyoto corolla fielder-E160 маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь зөрчлийн материалаар тогтоогдож байна.

4.2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Б.Бт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4.3.”Ашид билгүүн” ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангаар Т.Т.Уийн тээврийн хэрэгсэлд 1,320,000 төгрөгийн хохирол учирсан, мөн үнэлгээний зардалд Т.Уранчилэг нь 93,000 төгрөгийг төлсөн байна.

5.Осол гарснаас хойш хариуцагч Б.Б нь их гэрэл авч өгсөн, засварын зардалд 300,000 төгрөгийг өгсөн талаар талууд маргаангүй, харин хүлээлгэн өгсөн гэх их гэрлийг нэхэмжлэгч 450,000 төгрөгөөр тооцож авна, хариуцагч нь 650,000 төгрөгөөр тооцож өгнө гэж маргасан.

6.Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 499.1.-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэснээр  нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Б нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хувьд, нэхэмжлэгч Т.Т.Уийн тээврийн хэрэгсэлд гэм хорын хохирол учруулсан болох нь зөрчлийн материалаар тогтоогдож байх тул  хохирлыг хариуцах үүрэгтэй.  

Хариуцагч талаас хохирол үнэлгээ “хэт өндөр гарсан” гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаагүй тул хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн  Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоосон тайлан шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

Нэхэмжлэгч анх үнэлгээний тайлангаар тогтоосон 1,320,000 төгрөгийн хохирол дээр үнэлгээний хөлс 93,000 төгрөгийг нэмж 1,413,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд, хариуцагчаас өгсөн их гэрэл нь хятад гэрэл учраас 450,000 төгрөгөөр тооцно, мөн засварын зардалд 300,000 төгрөг өгсөн тул үлдэгдэл 663,000 төгрөгийг шаардана гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа “би  гэрлийг оригинал гэрэл гэж худалдаж авсан ба нөгөө хүндээ бэлэн 450,000 төгрөг, нэмээд хонины ууц өгсөн тул 650,000 төгрөгөөр тооцно, одоо үнэлгээний хөлс 93,000 төгрөг, Улаанбаатар руу явах бензиний мөнгө 200,000 төгрөг нийт 293,000 төгрөг л төлнө” гэж маргасан.

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд “их гэрэл”-ийг солих шаардлагатай ба үнэлгээ 850,000 төгрөг гэж тусгасан.

Хариуцагчийн өгсөн их гэрлийг нэхэмжлэгч нь авахгүй гэж маргаагүй боловч чанарын хувьд маргаан үүсч байна.   

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх үүрэгтэй бөгөөд талууд хохиролд төлсөн гэх их гэрлийнхээ чанарын байдлыг нотолсон баримтыг хэн аль нь шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Иргэний хуулийн 229.2.-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж зааснаар хэргийн үйл баримтаас дүгнэхэд хариуцагчийн 100 хувийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэгчийн үнэлгээ болох 450,000 төгрөгөөр тооцож хасах нь зүйтэй гэж үзлээ.

 Иймээс, нэхэмжлэлийн шаардлага 1,413,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 750,000 төгрөгийг хасч үлдэх 663,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

7.Хариуцагч Б.Бийг “гэм буруутай” гэж үзсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх ба шүүх хариуцагчийн төлсөн хохирлыг хасч тооцон шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 449.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Б.Б-аас гэм хорын хохиролд 663,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НАРАНЧИМЭГ

          ШҮҮГЧИД                                      П.ЦОГЗОЛМАА

                                                            Р.БАТБАЯР