Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/00499

 

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр      Дугаар 183/ШШ2023/00499    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, энхтайваны гудамж, Зүүн хүрээ хотхон, 000-00 тоотод байрлах, К.Ч.П ХХК /РД:0000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, галакси товер барилгын 000 тоотод байрлах У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т ТББ /РД:0000000/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 3.238.441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Ч.П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Ч.П ХХК болон У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т ТББ нар 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дугаар:MSN-00/00 Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, стадион оргил, махатма гандигийн гудамж, 000 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 50,24 м.кв талбай бүхий бүрэн тавилгатай оффисын зориулалттай ажлын байрыг 1 жилийн хугацаатай, 1 сарын 2.850.000 төгрөгний төлбөртэй түрээслэхээр харилцан тохирсон. Дээрх гэрээний хугацаа дуусахад ажлын байрны түрээсийн 1 сарын төлбөрийг 3.265.000 төгрөг болгон нэмэгдүүлж, гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгаж 2023.7.30-ны өдөр дуусахаар харилцан тохиролцож 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр талууд гэрээний нэмэлт өөрчлөлт хийсэн. Гэтэл түрээслэгч талаас гэрээний 3.4-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтээ нэг сарын өмнө бичгээр мэдэгдэлгүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн байрнаас гарч гэрээний заалтыг зөрчсөн. Түүнчлэн гэрээний 2.2-т заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилан төлөх үүргээ зөрчиж, 2022 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөр 3.265.000 төгрөгийг хугацаа хоцроож 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэхдээ 344.424 төгрөг дутуу шилжүүлсэн бөгөөд гэрээний 8.1-т заасны дагуу алданги нэмж төлөх үүрэгтэй болно. Хариуцагч талд түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 3.238.441 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилттэй "9202-МОН: У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т"-ийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж нь К.Ч.П ХХК-тай 2020.07.30-ны өдөр М5М-00/00 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж 000 дугаар байрны 5 давхарт байршилтай 000 тоот хаягт орших 50.24 м2 хэмжээтэй албан тасалгааг түрээслэн ашиглаж байсан. Энэхүү гэрээг 2022.08.01-ны өдөр сунгаж 1м2 талбайн түрээсийн үнийг өсгөж 65.000 төгрөг байхаар тогтоосон. Монгол Улсын Их Хурлаас 2022.04.29-ний өдөр баталсан Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 00 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 000 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Сангийн яамнаас албан тасалгааны 1м2 талбайн түрээсийн үнийг 40.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх чиглэлийг тус Төсөл хэрэгжүүлэх нэгжид өгсөн. Үүнтэй холбогдуулан тус компаниас түрээсийн үнээ заасан хэмжээнд бууруулах боломжтой эсэх талаар лавлахад боломжгүй гэж хариу өгсөн. Сангийн яамнаас тус төсөлд баталж өгсөн түрээсийн төсөв нь хүрэлцэхгүй болсон тул албан тасалгааг 2022.09.19-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх, 2020.08.24 өдөр төлсөн түрээсийн барьцаа төлбөр болох 2.850.000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс суутгуулан тооцуулах хүсэлтээ тус компанид 2022.09.08-ны өдөр утсаар /88064889 дугаартай/, 2022.09.12 өдөр тус К.Ч.П ХХК-ийн оффис дээр захирал Д.Штай биечлэн уулзаж илэрхийсэн. Мөн 2022.09.12-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн. К.Ч.П ХХК-ийн Д.Ш нь манай хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн тул Төсөл хэрэгжүүлэх нэгж 2022.09.19-ны өдөр албан тасалгааг эд хөрөнгийн бүрэн бүтнээр захирал Д.Ш-т хүлээлгэн өгсөн болно. К.Ч.П ХХК-иас ирүүлсэн 2022.08.05-ны өдрийн 2.365.600 төгрөг, 2022.09.10-ны өдрийн 2.505.576 төгрөгийн түрээсийн нэхэмжлэх болох нийт 5.771.176 төгрөгөөс манай байгууллага, Д.Ш захиралтай тохирсны дагуу барьцаа төлбөр болох 2.850.000 төгрөгийг суутгуулан 2022.09.30-ны өдөр 2.921.176 төгрөгийг төлж гэрээний үүрэг дуусгавар болсон. Тус төсөл нь түрээсийн төлбөрөө 2020 оны 8 сараас 2022 оны 5 сар хүртэл хугацаа хоцроолгүй тогтмол төлж ирсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2022 оны 6 сараас 9 сар хүртэлх хугацаанд тус төсвийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулаагүй мөн төслийн санхүүгийн гүйлгээ хийх 1,2-р гарын үсэг зурах албан тушаалтан чөлөөлөгдсөн зэрэг шалтгааны улмаас түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй боловч энэхүү 6-аас 9 дүгээр саруудын түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан алдангийн хамт бүрэн барагдуулсан. Короновируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хөл хорио буюу давагдашгүй хүчин зүйл тохиосон хүнд цаг хугацаанд Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь Иргэний хуулийн 221.2-рт заасан Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг хүндэтгэн үзэх үндэслэлээр урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно зүйлийн дагуу гэрээг цуцалж болох байсан. Гэвч манай зүгээс түрээслүүлэгч талын хүндрэлтэй цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан гэрээг цуцлалгүйгээр түрээсийн байрыг 2020-2021 оны хооронд Засгийн газраас тогтоосон Бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжсэнтэй холбоотой нийт 3 сар ашиглаагүй боловч тухайн хугацааны түрээсийн төлбөр болох 8.550.000 төгрөгийг 100% төлж ирсэн болно.К.Ч.П ХХК нь Засгийн газрын 2020 оны 211 дугаар тогтоол Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай-ын дагуу цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжаа 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлүүлсэн байх ёстой.Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу төслийн К.Ч.П ХХК талтай байгуулсан түрээсийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байна.Түрээслэх хугацааны туршид манай талаас К.Ч.П ХХК-д аливаа хохирол учруулаагүй тухайн үед үүссэн нөхцөл байдлаа тайлбарлан харилцан тохиролцсон байтал 3.238.441 төгрөг нэхэмжилснийг бид хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.07.30-ны өдрийн дугаар MSN-00/00 ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.08.01-ний өдрийн дугаар 1 гэрээний нэмэлт өөрчлөлт, К.Э.П ХХК-ийн Худалдаа хөгжлийн дансны хуулга, Монгол шуудан ХК-ийн баримт, мэдэгдэл хүргүүлэх тухай, 6 фото зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.02.12-ны өдрийн 23 дугаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэрүүлэгчдийн тогтоол, Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийг хэрэгжүүлэх нэгжийн дүрэм, Юнител ХХК-ийн 2022.9.01-2022.9-30 өдрийн утасны дуудлага, эмайл хаягаар бичсэн мэдэгдэл, түрээсийн гэрээний төлбөрийн тооцооны нэгтгэл, Сангийн яамны 2022.01.01-2022.09.30-ны өдрийн дансны хуулга, 2021.01.01-2021.12.31-ний өдрийн дансны хуулга зэргийг баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Ч.П ХХК У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т төрийн байгууллага, албан газарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3.238.441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг, алданги хамт бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигч 2021.07.30-ны өдөр MSN-00/00 тоот ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма гандийн гудамж 000 дугаар байрны 5 давхарт байрлах, 000 тоот 50.24 м.кв талбай бүхий тавилгатай оффисыг 2021.08.01-нээс 2022.07.30 хүртэл, 1 сарын 2.850.000 төгрөгийг төлбөртэй түрээслэх гэрээ байгуулжээ.

2022.08.01-ний өдөр 1 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2.1-т ажлын байрны түрээсийг 1 м.кв талбайн түрээсийн үнэ 56.627 гэж заасныг 1 м.кв талбайн түрээсийн үнэ 65.000 төгрөг болгон өөрчлөв. 3.1-т заасан гэрээний хугацааг 2022.07.30-2023.007.30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар сунгав гэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, энэ талаар зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан, нэхэмжлэгч түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, 2023.02.07-ны өдөр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсны дараа улсын бүртгэлийн газарт уг гэрээг бүртгүүлсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай хамаарахгүй, өөрөөр хэлбэл үйл явдал дууссаны дараа бүртгүүлсэн нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул барьцаа болох 2.850.000 төгрөгийг хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэж түрээсийн төлбөрөөс хасч тооцоогүй нь буруу, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр бус байна.

Хариуцагч У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т төрийн байгууллага, албан газар 2022 оны 6 сарын 01-ны өдрөөс 2022 оны 9 сарын 19-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр 2022.06 сарын төлбөр 2.850.000 төгрөг, 2022.07 сарын төлбөр 2.850.000 төгрөг, 2022.08 сарын төлбөр 3.265.600 төгрөг, 2022.09.19-ний өдрийг хүртэл 2.068.213 /3.265.600:30=1.008.533 нэг өдрийн түрээсийн төлбөр, 1.008.533х19=2.068.213/ төгрөг, нийт 11.033.213 төгрөг байна

У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т төрийн байгууллага, албан газар 2022:05:09-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг тухай бүрд төлж байсан, 2022.08.24-ний өдөр 6.598.770 төгрөг, 2022.09.30-ны өдөр 2.921.176 төгрөг, нийт 9.519.946 төгрөг төлсөн болох нь Сангийн яамны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэгэнт хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний барьцаа төлбөрийг нэхэмжлэгч суутган авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т төрийн байгууллага, албан газар 2022.06 сараас 2022.09.19-ний өдөр хүртэл 9.519.946 төгрөг, барьцаа хөрөнгө 2.850.000 төгрөг, нийт 12.369.946 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ.

Нэхэмжлэгч К.Ч.П ХХК 2022 оны 8 сарын түрээсийн гэрээний үлдэгдэл 344.424 төгрөг, алданги 538.824 төгрөг, 2022 оны 9 сарын 19-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр 2.047.994 төгрөг, 55 хоногийн алданги 307.000 төгрөг, нийт 3.238.242 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад алдангиа яаж тооцож гаргасан нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж хариуцагч түүнд хариу тайлбар, холбогдох баримтыг гаргаж өгөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө тодруулж өгөх үүрэгтэй юм.

Эдгээр үндэслэлээр хариуцагч У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т төрийн байгууллага, албан газар гэрээний үүргээ биелүүлж, түрээсийн төлбөрөө төлсөн гэж шүүх үзэж, К.Ч.П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар У.Б.Х.Х.Х.Х.Д.Б.Т төрийн байгууллага, албан газраас түрээсийн гэрээний үүрэгт 3.238.441 төгрөг гаргуулах тухай К.Ч.П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.СОЛОНГО