Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01032

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 19 210/МА2023/01032

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00499 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч УХХБТ ТБАГ-т холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 3,328,441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь УХХБТ ТБАГ-тай 2021 оны 07 сарын 30-ны өдөр MSN-21/01 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 199 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах 50,24 м.кв талбай бүхий бүрэн тавилгатай оффисийн зориулалттай ажлын байрыг 1 жилийн хугацаатай, 1 сарын 2,850,000 төгрөгийн төлбөртэй түрээслэхээр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний хугацаа дуусахад ажлын байрны түрээсийн 1 сарын төлбөрийг 3,265,000 төгрөг болгон нэмэгдүүлж, гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгаж, 2023 оны 07 сарын 30-ны өдөр дуусахаар харилцан тохиролцож 2022 оны 08 сарын 01-ний өдөр талууд гэрээний нэмэлт өөрчлөлт хийсэн. Гэтэл түрээслэгч талаас гэрээний 3.4-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтээ нэг сарын өмнө бичгээр мэдэгдэлгүйгээр 2022 оны 09 сарын 19-ний өдөр түрээсийн байрнаас гарч гэрээний заалтыг зөрчсөн. Түүнчлэн гэрээний 2.2-т заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилан төлөх үүргээ зөрчиж, 2022 оны 08 сарын түрээсийн төлбөр 3,265,000 төгрөгийг хугацаа хоцроож 2022 оны 09 сарын 30-ны өдөр шилжүүлэхдээ 344,424 төгрөг дутуу шилжүүлсэн бөгөөд гэрээний 8.1-т заасны дагуу нэмж алданги төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагчаас 2022 оны 08 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 344,424 төгрөг, 55 хоног хоцроосны алданги 538,824 төгрөг, 2022 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 2,047,994 төгрөг, 2022 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх 50 хоногийн алданги 307,000 төгрөг, нийт 3,238,441 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Төсөл хэрэгжүүлэх нэгж нь К ХХК-тай 2020 оны 07 сарын 30-ны өдөр MSN-20/01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 199-р байрны 5 давхарт байршилтай 000 тоот хаягт орших 50,24 м.кв хэмжээтэй албан тасалгааг түрээслэн ашиглаж байсан. Энэхүү гэрээг 2022 оны 08 сарын 01-ний өдөр сунгаж 1 м.кв-ын түрээсийн үнийг өсгөж 65,000 төгрөг байхаар тогтоосон. Түрээсийн үнээ заасан хэмжээнд бууруулах боломжтой эсэх талаар тус компаниас лавлахад боломжгүй гэж хариу өгсөн. Сангийн яамнаас тус төсөлд баталж өгсөн түрээсийн төсөв нь хүрэлцэхгүй болсон тул албан тасалгааг 2022 оны 09 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөх, 2020 оны 08 сарын 24-ний өдөр төлсөн барьцаа төлбөр болох 2,850,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс суутгуулан тооцуулах хүсэлтээ тус компанид 2022 оны 09 сарын 08-ны өдөр утсаар, 2022 оны 09 сарын 12-ны өдөр оффис дээр биечлэн илэрхийлсэн, мөн 2022 оны 09 сарын 12-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн. К ХХК манай хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн тул Төсөл хэрэгжүүлэх нэгж 2022 оны 09 сарын 19-ний өдөр албан тасалгааг захирал Д.Ш-т хүлээлгэн өгсөн. К ХХК-аас ирүүлсэн 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 2,365,600 төгрөг, 2022 оны 09 сарын 10-ны өдрийн 2,505,576 төгрөгийн түрээсийн нэхэмжлэх болох нийт 5,771,176 төгрөгөөс манай байгууллага Д.Ш- захиралтай тохирсны дагуу барьцаа төлбөр болох 2,850,000 төгрөгийг суутгуулан 2022 оны 09 сарын 30-ны өдөр 2,921,176 төгрөгийг төлж гэрээний үүрэг дуусгавар болсон. Засгийн газраас тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой нийт 3 сар ашиглаагүй боловч тухайн хугацааны түрээсийн төлбөр болох 8,550,000 төгрөгийг 100 хувь төлж ирсэн болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу төслийн К ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар УХХБТ ТБАГ-аас түрээсийн гэрээний үүрэгт 3,238,441 төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гээд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл; иргэний эрх зүйн харилцааг үүсгэхээр заасан байна. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр заажээ. Талууд 2021.07.30-ны өдөр МNS-21/01 тоот ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээнд 2022 оны 08 сарын 01-ний өдөр 1 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг нэг жилээр сунгасан байна. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу гэрээг бичгээр 2021 оны 07 сарын 30-ны өдөр байгуулж, уг гэрээний үүргээ харилцан хүлээн зөвшөөрч биелүүлж байгаад гэрээгээ дахин нэг жилээр сунгасан байна. Уг гэрээний хугацаа 2023 оны 07 сарын 30-ны өдөр дуусах байсан боловч хариуцагч тал гэрээнд заасны дагуу нөгөө талдаа 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэхгүйгээр 2022 оны 09 сарын 19-ний өдөр гэрээг цуцалсан байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээг 2023 оны 02 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд түрээсийн гэрээг чухам хэзээ бүртгүүлэхийг хуульд нарийвчлан зохицуулаагүй болно.

4.б. Талууд бичгээр хийсэн гэрээгээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэх буюу хэлцлийн хүчин төгөлдөр байдал нь тухайн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хүчин төгөлдөр болох тохиолдолд Иргэний хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр хожим дэмжин зөвшөөрсөн бол хуулийн 42.1-т зааснаас үл хамааран хүчин төгөлдөр байхаар байна. Мөн хариуцагч тал нь гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээний үүргээ буюу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлж ирсэн тул Иргэний хуулийн 53 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөх үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

4.в. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтуудыг шинжлэн судалж, асуулт хариултаар түрээсийн төлбөрийг тодорхой болгосон нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах бөгөөд шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гээд байгааг ойлгохгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилан төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч тал энэхүү үүргээ зөрчиж, 2022 оны 6, 7 сарын төлбөрийг 2022 он 08 сарын 24-ний өдөр 6,598,777 төгрөг төлсөн нь 2,850,000х2=5,700,000 төгрөг буюу 6, 7 сарын төлбөр, мөн дээр нь 6, 7 сарын алданги 898,777 төгрөгийн нийлбэр болно. Харин 2022 оны 08 сарын 05-ны өдөр төлөх ёстой байсан 3,265,600 төгрөгийг тухайн хугацаандаа төлөөгүй 2022 оны 09 сарын 30-ны өдөр төлөхдөө 344,424 төгрөг дутуу шилжүүлсэн, мөн 55 хоног хугацаа хэтрүүлсэн тул алданги 538,824 төгрөг, 2022 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 2,047,997 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны 50 хоногийн алданги 307,000 төгрөг, нийт 3,238,441 төгрөг нэхэмжилсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 3,238,441 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас түрээсийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гэрээний харилцаа дууссан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн алдангийг бүрэн төлсөн. Нийт 77,000,000 төгрөгийг төлөх байсан бөгөөд 77,919,953 төгрөгийг төлж барагдуулснаар дуусгавар болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч УХХБТ ТБАГ-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 2,392,418 төгрөг, алданги 845,824 төгрөг, нийт 3,238,242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-2/

Нэхэмжлэгч шаардлагынхаа нийт үнийн дүнг 3,238,441 төгрөг гэж тодорхойлсныг техникийн алдаа гэж үзлээ.

Хариуцагч нь дээрх шаардлагыг ...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, түрээсийн гэрээний төлбөр тооцоо дууссан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна. /хх 28-29/

 

3.   Талууд 2021 оны 07 сарын 30-ны өдөр MSN-21/01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр К ХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил /17011/, Махатма ганди гудамж, 199-р байрны 000 тоот хаягт байршилтай 50,24 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг УХХБТ ТБАГ-ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, УХХБТ ТБАГ нь нэг сард 2,850,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 5-9/

Улмаар талууд 2022 оны 08 сарын 01-ний өдөр 1 дугаартай Гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулж, нэг сард төлөх түрээсийн төлбөрийг 3,265,600 төгрөг болгож өөрчилсөн байна. /хх 10/

 

4.   Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэх 2020 оны 07 сарын 30-ны өдрийн MSN-20/01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй боловч 2021 оны 07 сарын 30-ны өдрийн MSN-21/01 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ-нд энэхүү гэрээг хоёр эх хувь үйлдэж, 2020 оны 07 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурав гэж бичсэн, мөн хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Төрийн сангийн 100900011769 тоот дансны хуулгад 2020 оны 08 сараас эхэлж түрээсийн төлбөр төлсөн гүйлгээ тусгагдсан байх тул зохигчдын хооронд 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна. /хх 8, 52/

 

5.   Дээрх түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4 дэх хэсэгт уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан.

Түрээсийн гэрээг хожим 2023 оны 02 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь түүнийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй.

 

6.   Иймд нэхэмжлэгч нь өмнө дурдсан түрээсийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн түрээсийн төлбөр, алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус гэрээ нь нэхэмжлэгчид шаардах эрхийг олгохгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэсэн атлаа маргааныг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

7.   Хүчин төгөлдөр бус гэрээнээс үүдэлтэй маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч УХХБТ ТБАГ нь конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч К ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Гэсэн хэдий ч хариуцагч нь бусдын үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй тул ашигласан хугацааг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэгчид төлөх учиртай.

 

8.   Эзэмшиж, ашигласан хугацааны буюу 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 сарын 19-ний өдөр хүртэлх төлбөрийг тооцоход 68,400,000 төгрөг /2,850,000 х 24/ + 5,333,813 төгрөг /3,265,600 + 2,068,213/ = 73,733,813 төгрөг болж байна.

Дээрх хугацаанд хариуцагч УХХБТ ТБАГ нь нийт 77,919,953 төгрөгийг нэхэмжлэгч К ХХК-д төлсөн байх тул хариуцагчаас гаргуулах төлбөргүй, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. /хх 42-54/

 

9.   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00499 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...318 дугаар зүйлийн 318.4, 232 дугаар зүйлийн 232.1-д... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1-д... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 66,766 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР