Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/00598

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

          Дугаар 183/ШШ2023/00598

Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ******************** байранд байрлах, ************ ХХК /рд:**********/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ************************** тоотод оршин суух, ---- онд төрсөн, -- настай, эрэгтэй, -------- овогт ********* ********* /рд:**********/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ************************** тоотод байрлах, ****** ХХК /рд:*********/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 205 525 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 205 595 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************ ХХК нь хариуцагч **********, ****** ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 215 525 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70 200 төгрөг, нийт 215 595 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 205 595 200 төгрөг гаргуулахаар шаардсан.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...****** ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал ********** нь ************тай 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ”-г байгуулан картаар үйлчлэгч байгууллага болж, ************ны пос терминал машиныг ашиглах болсон. Гэвч ********** нь ажил үйлчилгээ явуулалгүйгээр 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 17-ны хооронд нийт 33 удаагийн үйлдлээр 228 350 000 төгрөгийг БНХАУ-ын иргэдтэй хуйвалдан, гадаад улсад бүртгэлтэй иргэдийн олон улсын төлбөрийн картыг ашиглан өөрийн хувийн дансанд шилжүүлж, түүнийгээ Улаанбаатар хотод байрлах АТМ бэлэн мөнгөний машинууд болон салбараас гарган авсан байдаг. Ийнхүү ****** ХХК-ийн захирал ********** нь банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.2-т бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны төлбөр тооцоог банкнаас ашиглахаар пос төхөөрөмжийг ашиглан карт эзэмшигчдэд үйлчлэх, мөн гэрээний 4.2.12-т хүчингүй, хуурамч, гээгдсэн болон хулгайд алдагдсан картаар үйлчлүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, уг картыг хураан авч банканд нэн даруй яаралтай мэдэгдэх гэснийг зөрчиж банкны итгэлийг эвдэн хуурамч картаар гүйлгээ хийсэн. Уг гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 166 дугаар зүйлийн 1661.3 заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс ************* дугаартай эрүүгийн хэрэг нээсэн. Уг хэргийг хамтран үйлдсэн БНХАУ-ын иргэд хилээр оргон зайлсны улмаас эрүүгийн хэрэг түдгэлзэж, улмаар шинээр батлагдсан эрүүгийн хуулиар сэргээн шалгаж БНХАУ руу даалгавар явуулсан боловч мөрдөн шалгах ажиллагаа удааширч, үр дүнд хүрээгүй. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг, 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан. Уг тогтоолд “хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар зөвлөж иргэний хариуцагч хохирлыг барагдуулж дуустал битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй” болохыг тогтоосон.  2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Мөрдөн байцаалтын ажлыг дуусгасан бөгөөд хэргийн тэмдэглэлд хариуцагч ********** нь хэргийн материалтай уншиж танилцлаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нь анхнаасаа гэмт хэргийн зорилгоор тус пос терминал машиныг өөрийн ****** ХХК-ийн нэр дээр авч БНХАУ-ын иргэдтэй хуйвалдсан. Дээрх гүйлгээний талаар бид Олон улсын виза интернэшнл байгууллагад гомдол гаргасан ч луйврын гүйлгээ байсан учир манай данснаас суутгасан мөнгийг эргүүлэн авч чадаагүй. Ийнхүү Эрүүгийн ************* хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөгч, прокуроруудын тогтоолд ****** ХХК-ийн гүйцэтгэх захирал **********гийн гэмт үйлдлийн улмаас ************ ХХК-д 228 350 000 төгрөгийн бодит хохирол учирсан тухай тогтоож байсан төдийгүй тус шүүхэд үүсгэгдсэн хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, бусад баримтад 228 350 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогддог. Гэвч тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол болох 12 825 000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан өгөх боломжгүй болсон буюу Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй Механикс банкны ********************** дугаар, ********************* дугаарын мастер картуудаар хийсэн 5 удаагийн 12 825 000 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээний нэхэмжлэх ирээгүй тул энэ хэсгийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хариуцагч ********** нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагад 10 000 000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 000 төгрөгөөр багасгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас гэм хорын хохиролд 205 525 000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******************** дугаар шийдвэрийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулахад зарцуулсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 205 595 200 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч ********** нь ************ ХХК-тай иргэний хувьд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Хариуцагч ********** нь ****** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ************тай картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан.  Улмаар 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 33 удаагийн гүйлгээг БНХАУ-ын иргэд хийсэн бөгөөд тэдний карт хуурамч гэдгийг огт мэдээгүй. Мөн Цагдаагийн байгууллагаас **********д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, БНХАУ-ын иргэдийг олж чадаагүй, ****** ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч ********** нь ************ ХХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд БНХАУ-ын иргэдээс авсан 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн, мөн өөрийн худалдаж авсан 1 000 000 төгрөгийн пос терминал машиныг цагдаагийн байгууллагад хураалгасан. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “...Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж тус тус заасан. Дээрхээс хариуцагчийн гэм буруугийн асуудлыг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй. Хавтаст хэрэгт, Олон улсын виза картын журам авагдсан байдаг боловч 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр болно гэсэн журам байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч ****** ХХК-иас 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хийсэн гүйлгээний мөнгийг нэхэмжилж байгаа боловч Олон улсын виза картны журам нь гүйлгээ хийгдсэнээс хойш гарсан тул нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн ************ ХХК-ийн данснаас ямар улсын банк 33 удаагийн гүйлгээний төлбөрийг суутгаж авсан талаарх санхүүгийн баримт хэрэгт аваагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Хоёрдугаарт, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад зарцуулсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгчээс гардаг зардал тул үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагчийн хураагдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн ******************** дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ********************* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн **-*/**** тоот албан бичиг, ****** ХХК-ийн ************ дахь *************** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ************ болон ****** ХХК нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ, картын гүйлгээний шимтгэлийн баримт, Пос терминал электрон төхөөрөмж хүлээлцсэн акт, ****** ХХК-ийн ************ ХХК дахь *************** тоот дансны 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Виза олон улсын үйл ажиллагааны журам зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

4. Хариуцагчаас, ****** ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №**/** дугаартай хувь эзэмшигчдийн шийдвэр, ****** ХХК-ийн дүрэм, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Өвөр Монгол ************* *************** ХХК-ийн цогцолбор барилга борлуулах болон нэмэлт угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, тус компанийн бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, ************ ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрүүдийн орлогын мэдүүлгийн баримт, ************ ХХК-ийн ******************** /USD/ тоот дансны 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны дотоодын дансны хуулга, ****** ХХК-ийн ************ дахь *************** тоот депозит дансны 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, ****** ХХК-ийн ************ дахь *************** тоот депозит дансны 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ************ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн **/******-*** дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэн **********д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг бүхэлд нь, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан ************ ХХК-иас хариуцагч ****** ХХК-ийн ************ны пос терминал машиныг ашиглах явцдаа хуурамч картаар гүйлгээ хийн хохирол учруулсан 228 350 000 төгрөгийг холбогдох байгууллагад нь хэзээ, хэрхэн төлж барагдуулсан талаарх баримтуудыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ************ ХХК нь анх тус шүүхэд картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирол 228 350 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 228 420 200 төгрөг гаргуулж, битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохиролд 205 525 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70 200 төгрөг, нийт 205 595 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...****** ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал ********** нь ************тай 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ”-г байгуулан картаар үйлчлэгч байгууллага болж, ************ны пос терминал машиныг ашиглах болсон. Гэтэл ********** нь ажил үйлчилгээ явуулалгүйгээр 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 17-ны хооронд нийт 33 удаагийн үйлдлээр 228 350 000 төгрөгийг БНХАУ-ын иргэдтэй хуйвалдан гадаад улсад бүртгэлтэй иргэдийн олон улсын төлбөрийн картыг ашиглан өөрийн хувийн дансанд шилжүүлж, түүнийгээ Улаанбаатар хотод байрлах АТМ бэлэн мөнгөний машинууд болон салбараас гарган авсан. Уг үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 166 дугаар зүйлийн 1661.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс ************* дугаартай эрүүгийн хэрэг нээсэн. Улмаар тус үйлдэл 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг, 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №*** тогтоолоор хэргийг хаасан. Уг тогтоолд хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дурдсан, эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тогтоолоор ****** ХХК-ийн гүйцэтгэх захирал **********гийн гэмт үйлдлийн улмаас ************ ХХК-д 228 350 000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэвч 12 825 000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан өгөх боломжгүй болсон буюу Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй Механикс банкны ********************** дугаар, ********************* дугаарын мастер картуудаар хийсэн 5 удаагийн 12 825 000 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээний нэхэмжлэх ирээгүй тул энэ хэсгийн шаардлагаас, мөн хариуцагч ********** нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн тул дээрх үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагч нараас гэм хорын хохиролд 205 525 000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70 200 төгрөг, нийт 205 595 200 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хариуцагч ********** нь ************ ХХК-тай иргэний хувьд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд ****** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ************тай картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хийгдсэн 33 удаагийн гүйлгээг БНХАУ-ын иргэд хийсэн бөгөөд тэдний карт хуурамч гэдгийг огт мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас **********д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, БНХАУ-ын иргэдийг олж чадаагүй, ****** ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. ********** нь ************ ХХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд БНХАУ-ын иргэдээс авсан 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн, өөрийн худалдаж авсан 1 000 000 төгрөгийн пос терминал машиныг цагдаагийн байгууллагад хураалгасан. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “...Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж тус тус заасан. Иймд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан олон улсын виза картын журам нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр болсон тул уг гүйлгээтэй хамааралгүй байна. Мөн ************ ХХК-ийн данснаас ямар улсын банк 33 удаагийн гүйлгээний төлбөрийг суутгаж авсан талаарх санхүүгийн баримт хэрэгт аваагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг нь үүрэг гүйцэтгэгчээс гардаг зардал тул үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ************ ХХК болон хариуцагч ****** ХХК нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, тус гэрээний дагуу ****** ХХК нь ************ ХХК-ийн картын системд нэгдэн орж, бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааныхаа төлбөр тооцоог банкнаас авсан ПОС терминал электрон төхөөрөмжийг ашиглан карт эзэмшигчид үйлчлэх, ************ ХХК нь ПОС терминал электрон төхөөрөмжөөр ирүүлсэн нэгтгэл гүйлгээг үндэслэн төлбөрийг ажлын 2 өдрийн дотор картаар үйлчлэгч байгууллагын дансанд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д заасан төлбөр тооцооны гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. ****** ХХК-ийн захирал **********гийн, дээрх гэрээний дагуу ************ ХХК-иас авсан ПОС терминал төхөөрөмжийг ашиглан ямар нэгэн бараа үйлчилгээ явуулаагүй атлаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг орон сууцны барилга барихад хамтран ажиллахаар тохиролцсон гэх БНХАУ-ын 4 иргэний олон улсын картыг тус төхөөрөмжид уншуулан 33 удаагийн гүйлгээ хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх, мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна.

 

Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар прокурорын тогтоолоор, “...****** ХХК-ийн захирал ********** нь БНХАУ-ын иргэдтэй бүлэглэн ************ны пос терминалыг гэрээ байгуулан захиалан авч, ямар нэгэн бараа үйлчилгээ явуулаагүй байж 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд Канад улсад бүртгэлтэй олон улсын хуурамч төлбөрийн картуудыг уншуулан нийт 33 удаагийн үйлдлээр 228 350 000 төгрөгийн луйврын амжилттай гүйлгээ хийж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2014 оны 3 дугаар сард үйлдэгдсэн. Дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсгийн шинжийг хангаж байсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн шинжийг тус тус хангаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн, ...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх, **-** УБЛ улсын дугаартай Ландровер маркийн тээврийн хэрэгсэл, **************, *************, ***************, ****** ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ************************** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах, 60000 м.кв талбайтай газар, хувийн сууц, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг хохирол нөхөн төлтөл цуцлахгүй байхаар тус тус шийдвэрлэжээ.

 

6. Тус прокурорын тогтоолыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагчийн гэм буруугийн асуудлыг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй” гэх үндэслэлээр няцааж маргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэл болгон хэрэг бүртгэлтийн ************* дугаартай хэргийг хаасан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч шүүх уг баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруу, учруулсан гэм хорыг нотолсон агуулгатай баримт гэж дүгнэв.

 

7. Дээрх тогтоол болон хариуцагч ****** ХХК-ийн ************ дахь **************, *************** тоот дансны хуулгаар ****** ХХК-ийн захирал ********** ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй атлаа ************ ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу авсан ПОС терминал төхөөрөмж дээр Канад улсад бүртгэлтэй, ************ ************** худалдааны банкны *****************, ****************, *****************, ******************, ***************, **************** дугаарын картуудаар 28 удаагийн үйлдлээр 215 525 000 төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь нотлогдож байх тул тус гэрээний 4.2.12, 4.2.22, 5.1-д тус тус зааснаар картаар үйлчлэгч байгууллага болох ****** ХХК болон гүйцэтгэх захирал ********** нар бүрэн хариуцах үүрэгтэй юм.

 

8. Улмаар ****** ХХК-ийн гэрээний дагуу эзэмшиж байсан Пос терминал төхөөрөмжөөр уншуулсан Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй **********************, ********************* дугаарын мастер картууд, Канад улсад бүртгэлтэй ************ ************** худалдааны банкны *****************, ****************, *****************, ******************, ***************, **************** дугаарын картуудын эзэмшигчээс тухайн гүйлгээнүүдийг өөрөө хийгээгүй эсвэл хүлээн зөвшөөрөөгүй гэж тухайн гүйлгээнүүдийг эсэргүүцсэнийг карт гаргагч нь Визаны олон улсын үйл ажиллагааны журмын шалтгааны код-62-д заасан хуурамч луйврын гүйлгээ болохыг батлан гүйлгээг буцаах нэхэмжлэх ирүүлж, ************ ХХК-ийн виза картын маргааны ********************0 тоот данснаас үл маргах журмаар суутган авсан болох нь карт гаргагч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхүүд, ************ ХХК-ийн ********************0 тоот дансны хуулга, хохирлын тооцоо зэргээр нотлогдож байна.

 

9. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд “...********** хуулийн этгээдийн захирлын хувьд данснаас мөнгийг авсан, нийт 29 гүйлгээ 205 525 000 төгрөг гэдэгт маргахгүй” гэх агуулга бүхий тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагчийг пос терминал төхөөрөмж дээр гадаад улсад бүртгэлтэй иргэдийн олон улсын төлбөрийн картыг ашиглан өөрийн хувийн дансанд шилжүүлж, түүнийгээ өөрийн данснаас гаргаж авсан үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

10. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч ************ ХХК нь хариуцагч ****** ХХК гэрээний үүргээ зөрчиж, хуурамч төлбөрийн картуудаар гүйлгээ хийснээс учирсан хохирлыг төлж барагдуулсан тул өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

11. Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **********, ****** ХХК нараас 205 525 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12. Харин хариуцагчийг эрэн  сурвалжлуулахад гарсан зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх тул 70 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.  

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 299 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 185 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

14. Шүүх иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон **************д шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх талаар хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч **********, ****** ХХК нараас 205 525 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 200  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 299 700  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 185 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНГӨНТУУЛ

 

             ШҮҮГЧ                                                   Б.МӨНХЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧ                                                   Д.МӨНХЦЭЦЭГ