Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/01754

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/01388/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоот байр, ... давхар, ... тоотод оршин байх Б.п ХХКомпани /РД: ..., утас: .../-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... бүс, Д.т.ү ТӨХКомпани /рд: ..., утас: .../-д холбогдох,

 

“515,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай Б.п ХХК нь Д.т.ү ХК-тай 2021.12.27-ны өдөр цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан 500 тн арматур худалдан авч хамтран ажиллаж байсан. Энэхүү гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх болон төлбөр тооцооны асуудал бүрэн дууссан бөгөөд манай компанийн зүгээс дараагийн ээлжийн арматур авах захиалга буюу хүсэлтээ 2022.02.14-нд илгээж 500,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон Д.т.ү ХК-ийн Х.х банкан дахь ... тоот дансанд 2022.02.23-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл Д.т.ү ХК нь бүтээгдэхүүний үнийг нэмсэнтэй холбогдуулан 2 тал тохиролцоонд хүрч чадаагүй тул гэрээ байгуулагдах шатандаа буцсан болно. Ингээд манай компанийн зүгээс урьдчилгаа байдлаар шилжүүлсэн 500,000,000 төгрөгийг буцаан авах эсхүл уг үнийн дүнд тэнцэх хэмжээний арматурыг авах тухай албан тоотыг удаа дараа хүргүүлсэн боловч арматурын үлдэгдэл байхгүй гэсэн хариуг утсаар өгсөн бөгөөд өдийг хүртэл албан ёсны бичгээр ирсэн хариу байхгүй, мөн төлбөрийг буцаан шилжүүлээгүй байна. Бидний зүгээс тухайн компанийн удирдлагын бүтэц өөрчлөгдөж, ТӨХК болсонтой холбогдуулан хүлээцтэй хандсаар ирсэн боловч өдийг хүртэл хууль ёсны орлого бус манай компанийн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхгүй 5 сар гаруйн хугацаа өнгөрч, манай компанийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол учраад байна. Иймд хариуцагч Д.т.ү ТӨХК-аас 500,000,000 төгрөгийг гаргуулж, манайд олгож өгнө үү.

Нэхэмжлэгч “Б.п” ХХК нь “Д.т.ү” ТӨХК-тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 500 тонн арматур худалдан авч хамтран ажиллаж байсан. Энэхүү гэрээний төлбөрийг урьдчилгаа төлбөр болгож 912,050,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, үлдэгдэл 496,950,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус тус шилжүүлсэн. Тухайн гэрээгээр худалдаж авсан арматурыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 263,2 тонн, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл 236,8 тонныг тус тус худалдан авсан. Үүнээс харахад төлбөрийг 100 хувь төлсний үндсэн дээр арматур нийлүүлдэг. Нэхэмжлэгч тогтсон заншлын дагуу нэмж авах арматур төмрийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан тоотоор хариуцагч талд итгээд хариуцагч талд урьдчилгаа мөнгөө 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл “Д.т.ү” ТӨХК нь бүтээгдэхүүний үнийг нэмсэнтэй холбогдуулан хоёр тал харилцан тохиролцоонд хүрч чадаагүй учир гэрээг бичгээр байгуулаагүй. Талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч гэрээ байгуулсанд тооцох бүрэн боломжтой. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ, эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй байхаар хуульчилсан. Хариуцагч “Д.т.ү” ТӨХК нь 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Монгол улсын хэмжээнд арматурын болон цувимал төмрийн давамгай аж ахуйн нэгж байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т зааснаар нэхэмжлэгч тал хүсэлтийг хүлээн авсан. Талуудын хооронд арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг.

Нэхэмжлэгч талаас удаа дараа албан тоот хариуцагч талд явуулдаг байсан. Хариуцагч талаас албан ёсны хариу ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч талаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Д.т.ү” ТӨХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож шилжүүлсэн 500,000,000 төгрөг мөн гэрээний улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний төлбөр 15,000,000 төгрөг нийт 515,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн концессийн гэрээ цуцлах тухай 124 дүгээр тогтоолоор концесс эзэмшигч нь К.Э.С ХХК нь концессийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус концессийн гэрээг цуцалж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор Д.т.ү ийн удирдлагын эрх болон хөрөнгийг төрд буцааж авсан, үүнтэй холбогдуулан санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд баримтын шалгалт хийсэн, уг шалгалтаар 23 зөрчил дутагдалд 1,233,781,640,000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн, К.Э.С ХХК буюу концесс эзэмшигч нь хориглох зүйлийг заасан бөгөөд 26.4, 26.4.5-т заасны дагуу албан татвар, төлбөр хураамж, бусад зардлыг концесс эзэмшигч буюу К.Э.С ХХК нь бүрэн хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 500,000,000 төгрөгийг арматурын мөнгө шилжүүлсэн гэж байна. Тухайн үед “Д.т.ү” ТӨХК нь “К.Э.С” ХХК-тай концессын гэрээ эзэмшиж байсан. Концессын гэрээ 4 сард цуцлагдсан. Концессын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар концесс эзэмшигч нь өр төлбөрөө бүрэн хариуцна гэж заасан байдаг. Эдгээр төлбөрийг “К.Э.С” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Манайх нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Б.п” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, “Б.п” ХХК-аас “Д.т.ү ” ТӨХК-д хүргүүлж байсан хүсэлтүүд, хүсэлт, Х.х банкны “Б.п” ХХК-ийн “Д.т.ү” ТӨХК-д мөнгө шилжүүлсэн баримт, зөвшөөрлийн хүсэлт, н.Цогтбаатарт олгосон итгэмжлэл, н.Э-т олгосон итгэмжлэл, “Д.т.ү” ТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүсэлт, хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, концессын гэрээг сунгах тухай Монгол улсын засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, итгэмжлэл, гомдол, концессын гэрээ цуцлах тухай 148 дугаартай тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, “Д.т.ү” төрийн өмчит хувьцаат компанийн 1 жилийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, хавсралт 1, хавсралт 2, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тайлан, Монголын татварын албаны татварын тооцооны үлдэгдэл, шүүх хуралдааны тэмдэглэл, Б.Б-гийн шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт, цагийн бүртгэл, Б.У-ын шүүхэд гаргасан хүсэлт, концессын гэрээ хх-ийн 90-121 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн даалгавар, төлбөрийн баримтууд, хариу тайлбар, хүсэлт, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Б.Б-гийн хүсэлт, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг, шүүх хуралдааны тэмдэглэл, хариу тайлбар, Б.У-ын хүсэлт, шүүх хуралдааныг хойшлуулах тухай Б.У-ын хүсэлт, Б.Б-гийн хүсэлт, Ц.Ц-ын гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Д.т.ү ТӨХК-аас 500,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.п” ХХК-нд олгож, 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. “Б.п” ХХК нь Д.т.ү ТӨХК-аас цувимал бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 500,000,000 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хууль зүйн туслалцаа авсан хохирол 15,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн концессийн гэрээ цуцлах тухай 124 дүгээр тогтоолоор концесс эзэмшигч нь К.Э.С ХХК нь концессийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус концессийн гэрээг цуцалж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор Д.т.ү ийн удирдлагын эрх болон хөрөнгийг төрд буцааж авсан, үүнтэй холбогдуулан санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд баримтын шалгалт хийсэн, уг шалгалтаар 23 зөрчил дутагдалд 1,233,781,640,000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн, К.Э.С ХХК буюу концесс эзэмшигч нь хориглох зүйлийг заасан бөгөөд 26.4, 26.4.5-т заасны дагуу албан татвар, төлбөр хураамж, бусад зардлыг концесс эзэмшигч буюу К.Э.С ХХК нь бүрэн хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд

4.1.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

 

4.2.Зохигчид Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн SSR21/24 тоот гэрээ байгуулан 500 тонн бүтээгдэхүүнийг 1 тонныг нь 2,818,000 төгрөгөөр, нийт 1,409,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 911,536,000 төгрөгийг худалдагчид шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болохоор зааж, 2022 оны 3 дугаар сард багтаан бүтээгдэхүүнийг нийлүүлэх хуваарь батлан энэхүү гэрээний дагуу бүтээгдэхүүн худалдан авч байсан үйл баримт хэрэгт авагдсан дээрх гэрээгээр тогтоогдож байна.

“Б.п” ХХКомпани нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.т.ү ХК /тухайн үеийн нэрээр/-нд дээрх гэрээний 500 тн арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг гэрээний дагуу барагдуулж дууссан, дараагийн ээлжийн арматур болох нийт 500 тн арматурыг танай компанитай дахин бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хийж худалдан авах хүсэлтэй байгаа талаар 2022/39 дугаартай албан бичгээр хандсан байна. /хх-ийн 6 дугаар тал/

Улмаар цувимал бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор Д.т.ү ТӨХК-ийн Х.х банкны ... тоот данс руу өөрийн Х.х банкны ... тоот данснаас 500,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дараагийн ээлжийн захиалгын гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн байна. /хх-ийн 14 дүгээр тал/

Улмаар талууд тохиролцоонд хүрээгүй тул нэхэмжлэгч “Б.п” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ..., 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ..., 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ..., 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ..., 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ..., 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ..., 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай албан бичгүүдээр хүсэлт, мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлэн гэрээ байгуулаагүй тул урьдчилгаанд өгсөн 500,000,000 төгрөгийг буцаан олгохыг мэдэгдэж байсан нь тогтоогдож байна.

Хариуцагч Д.т.ү ТӨХКомпани дээрх үйл баримтын хувьд маргаагүй учраас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр энэхүү хэлцэл хүчин төгөлдөр болсон, гэрээний нөхцөл агуулга, зохигчийн тайлбараар талуудын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

4.3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 23ы өдөр Х.х банкан дахь ... тоот дансанд урьдчилгаанд шилжүүлсэн үнэ болох 500,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар маргахгүй байна.

 

5.Харин хариуцагч өмнө нь концессийн гэрээгээр К.Э.С ХХК хариуцан ажиллаж байсан тул тухайн урьдчилгаанд өгсөн төлбөрийг Д.т.ү ТӨХК хариуцахгүй, концессын гэрээтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэж маргасан.

5.1. Хариуцагч нь энэхүү маргаантай асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6945 дугаартай шүүгчийн захирамжаар нотолгооны хувь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан, ... дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Д.т.ү ТӨХК-ийг хохирогчоор тогтоон шалгагдаж байгаа гэсэн атлаа энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж тус тус заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж үзэв.

 

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь цувимал бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 500,000,000 төгрөгөө шаардан авах эрх үүссэн байна.

Иймд урьдчилгаанд өгсөн 500,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хууль зүйн туслалцаа авсан хохирол 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Д.т.ү ТӨХК-аас 500,000,000 төгрөг гаргуулах тухай маргаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах эрх үүссэн, мөн хуулийн 227 дугаар зүйлд зааснаар уг хэрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хууль зүйн туслалцаа авсаны дагуу өнөөдрийн байдлаар бодитоор гаргасан зардал болох 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх ... тоот гэрээ, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх, төлбөрийн баримт зэргийг хавсарган ирүүлжээ.

Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг “Б.п” ХХК, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Б нар байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд Д.т.ү ТӨХК-аас 500,000,000 төгрөг авахтай холбоотой хууль зүйн туслалцаа авч байгаа талаар огт дурдагдаагүй, 2022.06.02-2023.06.02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сар бүр 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээний нөхцөлөөс үзвэл 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой иргэний эрх зүйн маргаан хууль зүйн туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээ гэж үзэхээргүй байна.

 

8. Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14-т “...хууль зүйн туслалцаа авах эрхтэй...” гэж заасан хэдий ч иргэний эрх зүйн маргаанд заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэг, маргааны төрлийг заагаагүй буюу өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх нь нээлттэй байдаг.

Иймд шүүх хууль зүйн туслалцаа авсан хохирол 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

9.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,890,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,657,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Д.т.ү ТӨХК-аас 500,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б.п” ХХК-нд олгож, 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.п ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,890,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.т.ү ТӨХК-аас 2,657,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б.п” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдаж, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЖАВХЛАНТӨГС