Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00019

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01754 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Арматур захиалсан 500,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 15,000,000 төгрөг нийт 515,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“*******” ХХК нь “*******” ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан 500 тн арматур худалдан авч хамтран ажиллаж байсан. Энэхүү гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх болон төлбөр тооцооны асуудал бүрэн дууссан бөгөөд манай компанийн зүгээс дараагийн ээлжийн арматур авах захиалга буюу хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 14-нд илгээж 500,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон “*******” ХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь 403001064 тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл ******* ХК нь бүтээгдэхүүний үнийг нэмсэнтэй холбогдуулан 2 тал тохиролцоонд хүрч чадаагүй тул гэрээ байгуулагдах шатандаа буцсан болно.

Ингээд манай компанийн зүгээс урьдчилгаа байдлаар шилжүүлсэн 500,000,000 төгрөгийг буцаан авах эсхүл уг үнийн дүнд тэнцэх хэмжээний арматурыг авах тухай албан тоотыг удаа дараа хүргүүлсэн боловч арматурын үлдэгдэл байхгүй гэсэн хариуг утсаар өгсөн бөгөөд өдийг хүртэл албан ёсны бичгээр ирсэн хариу байхгүй, мөн төлбөрийг буцаан шилжүүлээгүй байна.

Бидний зүгээс тухайн компанийн удирдлагын бүтэц өөрчлөгдөж, ТӨХК болсонтой холбогдуулан хүлээцтэй хандсаар ирсэн боловч өдийг хүртэл хууль ёсны орлого бус манай компанийн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхгүй 5 сар гаруйн хугацаа өнгөрч, манай компанийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол учраад байна.

Иймд нэхэмжлэгч талаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож шилжүүлсэн 500,000,000 төгрөг мөн гэрээний улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний төлбөр 15,000,000 төгрөг нийт 515,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү... гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн концессын гэрээ цуцлах тухай 124 дүгээр тогтоолоор концесс эзэмшигч нь ******* ХХК нь концессын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус концессын гэрээг цуцалж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор *******ийн удирдлагын эрх болон хөрөнгийг төрд буцааж авсан, үүнтэй холбогдуулан санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд баримтын шалгалт хийсэн, уг шалгалтаар 23 зөрчил дутагдалд 1,233,781,640,000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн, ******* ХХК буюу концесс эзэмшигч нь хориглох зүйлийг заасан бөгөөд 26.4, 26.4.5-т заасны дагуу албан татвар, төлбөр хураамж, бусад зардлыг концесс эзэмшигч буюу ******* ХХК нь бүрэн хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 500,000,000 төгрөгийг арматурын мөнгө шилжүүлсэн гэж байна. Тухайн үед Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь ******* ХХК-тай концессын гэрээ эзэмшиж байсан. Концессын гэрээ 4 сард цуцлагдсан. Концессын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар концесс эзэмшигч нь өр төлбөрөө бүрэн хариуцна гэж заасан байдаг. Эдгээр төлбөрийг ******* ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Манайх нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч ******* ТӨХК-аас 500,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,890,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨХК-аас 2,657,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн концессын гэрээ цуцлах тухай 124 дүгээр тогтоолоор концесс эзэмшигч нь ******* ХХК нь концессын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус концессын гэрээг цуцалж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор *******ийн удирдлагын эрх болон хөрөнгийг төрд буцааж авсан.

2021-2022 онд төмрийн хүдрийн баяжмал, арматур худалдан борлуулсны орлогыг урьдчилж олсон орлогын өр төлбөртэй 35 компанийн 160,370,120,225.30 төгрөгийн төлбөр үүсээд байна.

Иймд ******* ХХК буюу концесс эзэмшигч нь хориглох зүйлийн заасан бөгөөд 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.5-т концесс эзэмшигч нь хууль тогтоомжоор ногдуулсан татвар, хураамж төлөх мөн 2014 онд байгуулсан Концессын гэрээний 6.33-т концесс эзэмшигч нь энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд ногдох албан татвар, төлбөр, хураамж болон концессын зүйлийг ашиглах, эзэмших үйл ажиллагаа явуулахтай холбогдон татвар, төлбөр хураамж, бусад зардлыг концесс эзэмшигч буюу ******* ХХК нь хариуцахаар заасан тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 500,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Давж заалдах гомдолтой танилцаад бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч ******* нь хувьцаат компани эсхүл төрийн өмчит хувьцаат компани зэрэг компанийн төрлөө өөрчлөн байгуулсан эсэхээс үл хамааран нэг хуулийн этгээдийн хувьд өөрийн нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцож, түүнийхээ төлөө хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчийн гомдолд дурдсан ******* ХХК-тай ямар нэг хэлцэл хийгээгүй, иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 500,000,000 төгрөгийг концесс эзэмшигч ******* ХХК хариуцна гэдэг үндэслэлгүй.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.5 дахь заалтуудыг үндэслэл болгожээ. Уг заалт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдолгүй харин концессын гэрээний талуудын харилцан хүлээх үүрэг, эдлэх эрхийг зохицуулсан, хуулиар тогтоосон татвар, хураамжийг төлөх үүргийг зохицуулсан заалт байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх “*******” ХХК-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, тухайн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсантай холбогдуулж үүсэх үр дагаврын талаар дутуу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ТӨХК-ий хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдаж авах” гэрээ байгуулагдаж, худалдагч “*******” ТӨХК-аас цувимал бүтээгдэхүүн буюу иржгэр ган туйванг 1 тонныг 2,818,000 төгрөгөөр үнэ тохиролцож, Ф13 маркийн ган туйван 315 тонн, Ф16 маркийн ган туйван 90 тонн, Ф22 маркийн ган туйван 95 тонныг худалдан авагч “*******” ХХК-д нийлүүлж, худалдан авагч компани нь эхний ээлжийн цувимал бүтээгдэхүүний нийт үнэ 1,409,000,000 төгрөгийг худалдагч талд төлж барагдуулжээ.

“Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдаж авах” гэрээний хавсралт №2-т тохиролцсоны дагуу дараагийн ээлжийн 500 тонн цувимал бүтээгдэхүүн худалдаж авахаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр худалдан авагч талаас худалдагч талд хүсэлт гаргаж, төлбөрийн урьдчилгаа 500,000,000 төгрөгийг худалдагч талын Худалдаа хөгжлийн банк дахь эзэмшлийн 403001064 дугаартай дансанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн байна.

Энэ хугацаанд худалдагч тал бүтээгдэхүүний үнэ нэмсэнтэй холбогдуулж, 2 тал тохиролцоонд хүрээгүй тул худалдан авагч тал урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 500,000,000 төгрөгөө буцаан шаарджээ.

4. Хариуцагч “*******” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор *******ийн удирдлагын эрх болон хөрөнгийг төрд буцааж авсан, үүнтэй холбогдуулан санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд баримтын шалгалт хийсэн, уг шалгалтаар 23 зөрчил дутагдалд 1,233,781,640,000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн, ******* ХХК буюу концесс эзэмшигч нь хориглох зүйлийг заасан бөгөөд 26.4.2, 26.4.5-т заасны дагуу албан татвар, төлбөр хураамж, бусад зардлыг концесс эзэмшигч буюу ******* ХХК нь бүрэн хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

5. Анхан шатны шүүх хэргийн болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж, хэргийг шийдвэрлэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн /хх-ийн 55-59/, худалдан авагч нь гэрээний хавсрал №2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 500.000.000 төгрөг шилжүүлсэн /хх-ийн 14/, гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул удаа дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний хооронд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 500,000,000 төгрөг буцаан шаардсан тухай мэдэгдэл, хүсэлт, шаардлага /хх-ийн 7-13/ хүргүүлсэн байна.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзсан байх бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс  олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар зохицуулагдана.

Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт хууль хэрэглээний нэмэлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл, түүний хүчин төгөлдөр болох, талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан талаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг тайлбарлан зөв дүгнэсэн байна.

8. Хариуцагч “*******” ТӨХК нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тайлбарлан дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч “*******” ТӨХК татгалзлаа нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй байна.

9. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг  хуулийн этгээд гэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч “*******” ТӨХК нь бие даасан хуулийн этгээд мөн байх бөгөөд нэхэмжлэгч  “*******” ХХК нь хариуцагч “*******” ТӨХК-ий татгалзалд дурдсан “*******” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж, иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул хариуцагчийн татгалзлыг хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагчийн татгалзалдаа дурдсан Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.5 дахь заалтууд нь концессын төлбөр төлөх, ногдуулсан татвар, хураамж төлөхтэй холбоотой заалт бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хуулийн үндэслэл болохгүй.

 10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК нэмэгдэл хохирол гарсан гэх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж шаардсан байх бөгөөд анхан шатны шүүх “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” нь 1 жилийн хугацаатай, хариу төлбөр төлөх тодорхой хугацаатай гэрээ байх бөгөөд тухайн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр тусгайлан байгуулсан гэрээ гэж үзэхээргүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч “*******” ТӨХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01754 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтад Иргэний хуулийн “205 дугаар зүйлийн 205.1 ... “ гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАЙГАЛМАА                                          

                                           ШҮҮГЧИД                                   Я.ТУУЛ                                                           

                                                                                                 Л.АМАРСАНАА