Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2022/01778

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00725/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух ... овогт Д-ын Ш /РД: ..., Утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамжны ... тоотод оршин суух ... овогт Ө-н Ц /РД: ..., утас: .../-д холбогдох,

 

"14,700,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“5,237,912 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 06-нд автын осол гаргаж ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн машинаа журмын хашаанд хийлгэж журамлуулсан юм. Ингээд ослоос гарсан хохирлоо төлж барагдуулах машины бичиг баримтаа шилжүүлж авах ажил хөөцөлдөж явтал миний зээ дүүгийн нөхөр болох Ө.Ц гэгч залуу /таны машиныг би хямд чанартай засаж өгье/ гэж хэлээд өөрөө дур мэдэн журмын хашаанаас гаргаж аваад явсан байсан. Гэтэл одоог хүртэл засаж өгөх нь бүү хэл машиныг минь хаана байлгаж байгааг нь мэдэхээ байсаар 4 сар орчим болох нь, удаж байна. Мөн энэ хугацаанд Ө.Ц нь С.Л-наас 2,500,000 төгрөгийг машины засварт зарцуулна гэж нэмж авсан. Одоо ломбард нь надаас мөнгөө нэхээд хүү тооцоод нэхэж байна. Иймд Ө.Цаас засуулахаар өгсөн ... улсын дугаартай хөх өнгийн тоёота приус 20 машин /12 сая төгрөгийн үнэтэй/ С.Л-наас зээлсэн 2,500,000 төгрөгөө гаргуулж авахаар нэхэмжилж байна.

Иргэн Ө.Ц машин засаж өгнө гээд надаас 2,500,000 төгрөг авсан. Болох юм болдгоороо болж машин засагдаагүй. Харин С.Л-ын мөнгийг өгчихсөн байна. С.Л-ад тавигдсан ... улсын дугаартай машины мөнгийг хасаад өгчихье. Дараагаар нь ...улсын дугаартай миний өмчлөлийн машиныг Ө.Ц зассан гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл барааг нь олж харсангүй...” гэжээ.

 

Хариуцагч Ө.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь Б гэгч хүнээс ... улсын дугаартай приус 20 маркийн суудлын машиныг 12,500,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 8,000,000 төгрөгийг нь урьдчилж өгөөд уг машиныг өөрийн эзэмшилдээ авч 4,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн юм. 2021 оны 10 дугаар сард машинаа 12,500,000 төгрөгөөр зарах гэтэл Д.Ш нь худалдан авах хүсэлтэйгээ надад хэлж 4,500,000 төгрөг бэлнээр урьдчилгаанд өгөөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг нь удахгүй өгөхөөр тохиролцож машиныг авсан. Д.Ш би төмөр замаас зээл хөөцөлдөж байна зээлээ аваад чамд өгөх юм чинь машинаа миний нэр дээр шилжүүлээд өгчих гэж гуйж байгаад нэр дээрээ шилжүүлж авсан. Гэтэл Д.Ш үлдэгдэл мөнгөө өгөөгүй байхдаа зам тээврийн осол гаргаж машины урд хэсэгт их хэмжээний эвдрэл үүсгэсэн. Ингээд би машинаа буцааж авья та харин засварын мөнгийг нь гаргаарай гэхэд тэр зөвшөөрч бид харилцан тохиролцсон. Тухайн үед Д.Шд мөнгө байхгүй байсан учраас засварын мөнгө төлөхийн тулд миний унаж явсан ... улсын дугаартай машиныг С.Л-анд тавьж 2,500,000 төгрөг авахаар болоод очтол тус ломбардын ажилтан барьцаанд тавих машины нэр тавих гэж байгаа хүний нэр дээр байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Д.Ш миний ... улсын дугаартай маркийн машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлж С.Л-анд тавьж 2,500,000 төгрөг авсан атлаа надад ч өгөөгүй, машины засварт ч өгөөгүй юм. Арга ядаад би өөрийн зардлаар ... улсын дугаартай приус 20 маркийн машинаа засварлуулж авсан. Миний бие Д.Шгээс үлдэгдэл үнэ 8,000,000 төгрөгөө авч чадаагүй байсан, машиныг өөрөө засварлуулж авсан тул машиныг түүнд өгөхгүй. Журмын хашаанд байгаа эвдэрсэн машиныг буцааж надад өгөх тал дээр бид хоёр харилцан тохиролцсон байсан учир журмын хашаанаас машин авах зөвшөөрлийн бичгийг надад өгснөөр би машиныг ачиж засварын газарт хүргэсэн. Д.Ш нь миний машиныг ломбарданд тавьж 2,500,000 төгрөг авчихаад өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд зээлийн хүүг нь төлөхгүй би өөрөө төлж байна. Иймд би түүний надад холбогдуулан гаргасан 14,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Ш надаас 11,462,088 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. ...улсын дугаартай машиныг Д.Ш миний өмчлөлийнх гээд байгаа болохоос тэр машиныг надаас 4,500,000 төгрөгөөр авсан. Д.Ш машиныг мөргөлдүүлээд, журмын хашаанд орхиод явсан. Өөрөө ор сураггүй 4 сарын хугацаа болсны дараа ийм юм яриад гараад ирсэн. Би энэ машиныг засаж, янзлуулаад одоо ... хотын ...-д мотор нь цохисон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, Д.Шгийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ... улсын дугаартай  тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн баримт, шүүгч, даргалагч томилсон Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хариуцагч Ө.Цын хариу тайлбар, ... улсын дугаартай машины гэрэл зураг, ... улсын дугаартай машины гэрэл зураг, Д.Шгээс Л.Цуурайд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар, шүүхийн баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Л.Цуурайгийн шүүхэд гаргасан хүсэлт, өмгөөлөгч Л.Оюунсувдын шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн албан бичиг, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20,000 төгрөг төлсөн баримт, Ө.Цын хүсэлт, С.Л-ын баримт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, хүсэлт, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, ... аймгийн авто тээврийн газрын албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээлэл, 4,800,000 төгрөгийн зарлагын баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, гэрч Уын мэдүүлэг болон иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Шгийн Х.х банкны дансны хуулга, гэрч Мын мэдүүлэг болон иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Б.Бы мэдүүлэг, барьцаат зээлийн тооцооны хуудас, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөлөгч Л.Цуурайгийн шүүхэд гаргасан хүсэлт, өмгөөлөгч Л.Оюунсувдын хүсэлт, Д.Шгийн хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ө.Цын хүсэлт, гэрч Т-ын мэдүүлэг болон иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Л.Цуурайгийн хүсэлт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын маягт, барьцаат зээлийн гэрээний тооцоолол, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Т.а.ф-ын тодорхойлолт, Т.а.ф-ын улсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч Ө.Цаас 14,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан, хариуцагч Ө.Ц нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,500,000 төгрөг гаргуулах тухай ломбардны зээлийг төлсөн учир Б.Бд төлсөн 4,500,000 төгрөг, 86-90 улсын дугаартай машиныг Ө.Цт өгч заруулсан 6,000,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

2. Хариуцагч Ө.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Т.а.ф ХХК-ийн сайн авто ломбарданд барьцаалсан байсан 2,500,000 төгрөг, хүүгийн хамт төлсөн, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

3. Хариуцагч Ө.Ц 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг засварлахад гарсан сэлбэг, засварын зардал 4,500,000 төгрөг, ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээлсэн мөнгөний хүү 737,912 төгрөг, нийт 5,237,912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч Ө.Ц нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасантай нийцэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. ... улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн Ө.Цт заруулахаар өгч явуулсан үнэ 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

... аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “...2021-08-20-ны өдрөөс 2021-12-08-ны  өдрийг хүртэл ... регистрийн дугаартай Д овогтой Ш-гээс 2021-12-08-ны өдрөөс ... регистрийн дугаартай Ц овогтой Т гэдэг хүнд шилжсэн” гэсэн бүртгэл хийгдсэн байна.

Хариуцагчийн хүсэлтээр Ц.Т-ыг гэрчээр асуухад “...Ш-гээс 4,900,000 төгрөгөөр ...улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан, мөнгийг бэлнээр Ш-д өгсөн...” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Д.Ш нь Ө.Цаас дээрх тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Ө.Цын “...Би тэр Ц.Тыг танихгүй, Ц.Т ч мөн намайг танихгүй. Д.Ш Ц.Ттой наймаагаа хийж тэр мөнгө төгрөгөө өөрөө л авсан. Би Ц.Тоос 100 төгрөг ч аваагүй...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, бодит байдалд нийцэж байна.

Учир нь ...улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь Ө.Ц яаж шилжүүлсэнийг би мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

5. ... улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл үнийг Б.Бд төлсөн 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “...өмчлөгч Д овогтой Ш...” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон бүртгэл хийгдсэн.

Талуудын тайлбараар дээрх тээврийн хэрэгслийг Б.Баас хариуцагч Ө.Ц худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан бөгөөд урьдчилгаа 4,000,000 төгрөг төлөөд тээврийн хэрэгслийг хэрэглэж байх явцад нэхэмжлэгч Д.Шд худалдах худалдах авах гэрээний дагуу худалдан борлуулахаар тохиролцож Б.Бд төлөх үлдэгдэл 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ш төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Д.Ш тээврийн хэрэгслийг унаж байх явцдаа зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгслийг Ө.Ц засварлахаар журмын хашаанаас авч явсан талаар талууд маргаагүй.

Дээрх үйл баримт нь гэрч Б.Бы “...би Ө.Цт нэрийг нь шилжүүлж өгөөгүй байсан. Тэгэхэд Ө.Ц нь тэр машинаа Д.Шд машинаа зарах гээд үзүүлсэн юм билээ. Тэгэхээд үзэх үедээ Д.Ш машиныг нь мөргөлдүүлчихсэн юм билээ. ...эхлээд 4,000,000 төгрөг авсан, Ө.Ц өөрийн дансаар над руу шилжүүлсэн. Үлдэгдэл 4,500,000 төгрөгийг Д.Ш гэдэг хүн банкан дээр АТМ-ээс миний данс руу шилжүүлж өгсөн. ...Би машинаа Д.Ш гэдэг хүнд шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зохигч худалдах худалдан авах гэрээний дагуу тохиролцсон боловч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарч түүнийг хариуцагч засварлахаар аваад одоог хүртэл нэхэмжлэгчид тухайн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл болж байх тул Д.Ш урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

7. Хэдийгээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Д.Шгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа боловч одоо хариуцагч Ө.Цын эзэмшилд байгаа гэж шүүх хуралдаан дээр хариуцагч мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Ш нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлана гэж авсан атлаа засварласан эсэх нь эргэлзээтэй, одоо миний өмчлөлийн гэж байгаа боловч надад өгөхгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг гэрч Б.Бд төлснийг гаргуулан авахаар шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэсэнтэй нийцэж байна.

Иймд хариуцагч Ө.Цын өмнөөс Б.Бд төлсөн 4,500,000 төгрөгийг Ө.Цаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Шд олгож шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгч, хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцуулав. Харин нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 231,450 төгрөгийг төлсөн байх тул төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 79,000 төгрөг, 20,000 төгрөг, нийт 99,000 төгрөг төлсөн байх тул 98,757 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 243 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ө.Цаас 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Шд олгож, 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ө.Цын Д.Шгээс 5,237,912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Цаас 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Шд олгож, хариуцагч Ө.Цын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 99,000 төгрөгөөс 98,757 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 243 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, Ө.Цт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЖАВХЛАНТӨГС