Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2023/00014

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 15-ны өдрийн 1778 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

   Нэхэмжлэлийн шаардлага: “Машины үнэ 14,700,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Машины засвар, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн төлбөрт 5,237,912 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ДАХ улсын дугаартай тоёота приус 20 маркийн машинаар автын осол гаргаж журмын хашаанд журамлуулсан.

Ингээд ослоос гарсан хохирлоо төлөх, машины бичиг баримтаа шилжүүлж авах ажил хөөцөлдөж явтал миний зээ дүүгийн нөхөр болох ******* гэгч залуу таны машиныг би хямд чанартай засаж өгье гэж хэлээд өөрөө дур мэдэн журмын хашаанаас гаргаж аваад явсан байсан. \

Гэтэл одоог хүртэл засаж өгөх нь бүү хэл машиныг минь хаана байлгаж байгааг нь мэдэхгүй 4 сар орчим болоод удаж байна. Мөн энэ хугацаанд ******* нь сайн ломбардаас 2,500,000 төгрөгийг машины засварт зарцуулна гэж нэмж авсан. Одоо ломбард нь хүү тооцоод нэхэж байна.

Иймд *******аас засуулахаар өгсөн ******* ДАХ улсын дугаартай хөх өнгийн тоёота приус 20 машин 12,000,000 төгрөгийн үнэтэй, Сайн ломбардаас зээлсэн 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нь Болорчулуун гэгч хүнээс ******* ДАХ улсын дугаартай приус 20 маркийн суудлын машиныг 12,500,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 8,000,000 төгрөгийг нь урьдчилж өгөөд уг машиныг өөрийн эзэмшилдээ авч 4,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн юм.

2021 оны 10 дугаар сард машинаа 12,500,000 төгрөгөөр зарах гэтэл ******* нь худалдан авах хүсэлтэйгээ надад хэлж 4,500,000 төгрөг бэлнээр урьдчилгаанд өгөөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг нь удахгүй өгөхөөр тохиролцож машиныг авсан. ******* би төмөр замаас зээл хөөцөлдөж байна, зээлээ аваад чамд өгөх юм чинь машинаа миний нэр дээр шилжүүлээд өгчих гэж гуйж байгаад нэр дээрээ шилжүүлж авсан.

Гэтэл ******* үлдэгдэл мөнгөө өгөөгүй байхдаа зам тээврийн осол гаргаж, машины урд хэсэгт их хэмжээний эвдрэл үүсгэсэн. Би машинаа буцааж авъя, та засварын мөнгийг нь гаргаарай гэхэд зөвшөөрч бид харилцан тохиролцсон.

...тухайн үед *******д мөнгө байхгүй байсан учраас миний унаж явсан ******* ДАУ улсын дугаартай машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлж Сайн ломбардад тавьж 2,500,000 төгрөг авсан атлаа надад ч өгөөгүй, машины засварт ч өгөөгүй юм. Арга ядаад би өөрийн зардлаар ******* ДАХ улсын дугаартай приус 20 маркийн машинаа засварлуулж авсан.

Миний бие *******гээс үлдэгдэл үнэ 8,000,000 төгрөгөө авч чадаагүй байсан, машиныг өөрөө засварлуулж авсан тул машиныг түүнд өгөхгүй. Журмын хашаанд байгаа эвдэрсэн машиныг буцааж надад өгөх тал дээр бид хоёр харилцан тохиролцсон байсан учир журмын хашаанаас машин авах зөвшөөрлийн бичгийг надад өгснөөр би машиныг ачиж засварын газарт хүргэсэн. ******* нь миний машиныг ломбардад тавьж 2,500,000 төгрөг авчхаад өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд зээлийн хүүг нь төлөхгүй би өөрөө төлж байна. Иймд би түүний надад холбогдуулан гаргасан 14,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Хариуцагч О.Цогтбаярын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь ******* ДАХ улсын дугаартай приус 20 маркийн авто машиныг 4,500,000 төгрөгийг урьдчилан төлөөд ашиглаж явахдаа зам тээрийн осол гаргаж машиныг эвдсэн.

Миний бие ******* ДАХ улсын дугаартай зам тээврийн осолд орж эвдсэн машиныг журмын хашаанаас авч засвар, сэлбэгийн хөлсөнд төлсөн 4,500,000 төгрөг, өөрийн унаж явсан ******* ДАУ улсын дугаартай машиныг ломбардад тавиулаад алдахгүйн тулд  2,500,000 төгрөгийн төлбөрт төлсөн хүү, эргэн төлөлтийн төлбөр 737,912 төгрөг нийт 5.237.912 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч *******гийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******аас 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******ын *******гээс 5,237,912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 99,000 төгрөгөөс 98,757 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 243 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 6 сар үргэлжилсэн бөгөөд ******* нь Сайн ломбардаас авсан 2,500,000 төгрөгийг төлөхгүй байсан учир би Мөнхболдын машиныг ломбардад хураалгахгүйн тулд 2,500,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлж барьцаанаас чөлөөлж авсан.

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр нэмэгдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч тал 14,700,000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийн зээл, зээлийн хүүд төлсөн 732,912 төгрөгийг хасъя гэсэн санал тавьсан учир нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлт болон зээлийн хүүд төлсөн 732,912 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж засвар сэлбэгийн зардал 4,500,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээрээ гаргуулах талаар шүүх хуралд өмгөөлөгчийн хамт илэрхийлсэн боловч шүүх буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурал дээр шүүгч зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцүүлэг явуулж сөрөг нэхэмжлэлийн талаар яриулаагүй атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг бүхэлд нь татгалзсан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хурлаас хойш сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан талаар хүсэлтийг амаар болон бичгээр шүүхэд гаргаагүй хэрэгт энэ талын баримт байхгүй байхад шүүгч шууд дүгнэлт хийгээд сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болгоод 4,500,000 төгрөгөөр хохироосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын  гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******гийн  нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн автомашины үнийн төлбөрт төлсөн 4,500,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч П.Шагдарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гээс 5,237,912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг хариуцагч ******* эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

3. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан машины үнэ, барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийн төлбөрт нийт 14,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн газрын журмын хашаанд байсан ******* ДАХ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцсоны дагуу засварлах зорилгоор авч явсан боловч засварласан эсэх, хаана байгаа эсэх нь тодорхойгүй,  одоо хүртэл надад өгөхгүй байх тул тухайн автомашиныг анх худалдан авахад төлсөн төлбөрөө нэхэмжилнэ гэж нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийн 2,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 737,912 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа 3,237,912 төгрөгөөр багасгаж, 11,462,088 төгрөг болгон өөрчилсөн байна. /хавтаст хэргийн 127/

4. Маргааны зүйл болж буй ******* ДАХ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 12,500,000 төгрөгөөр худалдан авч, машины үнийн төлбөрт 6,000,000 төгрөг бэлнээр, мөн тоёота приус 11 маркийн ******* ДАА улсын дугаартай автомашиныг 6,000,000 төгрөгт тооцон тус тус өгч, ******* ДАХ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашины өмчлөгч болсон гэж,

хариуцагч ******* нь тухайн автомашиныг худалдаж авахдаа нэхэмжлэгч ******* нь 4,500,000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөр болох 8,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа, ******* ДАА улсын дугаартай тоёота приус 11 маркийн автомашины асуудлыг би мэдэхгүй гэж тус тус маргаж,

хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “...талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн нь буруу” гэж мэтгэлцэж байна.

5. Нэхэмжлэгч *******гийн хувьд ******* ДАХ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг хариуцагч *******аас худалдан авахдаа *******ын хүсэлтийн дагуу бэлнээр 6,000,000 төгрөгийг иргэн *******д өгсөн, мөн ******* ДАА улсын дугаартай приус 11 автомашиныг 6,000,000 төгрөгт тооцож *******т өгч тухайн автомашины үнийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж байгаа боловч

гэрч *******ы шүүхэд өгсөн “...үлдэгдэл 4,500,000 төгрөгийг ******* гэдэг хүн банкин дээр АТМ-ээс миний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгээр тэрээр 6,000,000 төгрөг бус 4,500,000 төгрөг бэлнээр өгсөн, гэрч *******ын шүүхэд өгсөн “...******* ДАА улсын дугаартай приус 11 маркийн автомашиныг *******гээс 4,900,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь бэлнээр *******д өгсөн...” гэх мэдүүлгээр ******* нь ******* ДАА улсын дугаартай приус 11 автомашиныг 6,000,000 төгрөгт тооцож *******т өгөөгүй, харин иргэн *******т худалдаж, ******* нь *******д худалдсан болох нь тус тус нотлогдож байна. /хавтаст хэргийн 53-54, 67-68, 105-106/

            6. Хариуцагч *******ын хувьд нэхэмжлэгч ******* нь ******* ДАХ улсын дугаартай автомашиныг худалдан авахдаа 4,500,000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа, талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хариуцагчийн өмгөөлөгч мэтгэлцэж байгаа боловч талуудын хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй гэрээ байгуулахдаа автомашины үнийг хэсэгчлэн авахаар харилцан тохиролцсоны дагуу 4,500,000 төгрөгийг бэлнээр авсан боловч үлдэх хэсэгт нь хүү тооцох талаар харилцан тохиролцоогүй, тухайн автомашины үнэ гэрээгээр тохирсон хэмжээнээс нэмэгдээгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

8. Нэхэмжлэгч ******* нь ******* ДАХ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2021 оны  12 дугаар сарын 06-нд авто осол гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан боловч тухайн автомашиныг хариуцагч засварлахаар аваад одоог хүртэл нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, хариуцагч *******ын эзэмшилд байгаа болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзаж, уг автомашиныг анх худалдан авахад төлсөн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэгч *******гийн автомашины урьдчилгаанд төлсөн 4,500,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хавтаст хэргийн 4/

 8. Хариуцагч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийн зээл, зээлийн хүүд төлсөн 732,912 төгрөгийг хасъя гэсэн санал тавьсан учир нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлт болон зээлийн хүүд төлсөн 732,912 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, засвар сэлбэгийн зардал 4,500,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээрээ гаргуулах талаар шүүх хуралд өмгөөлөгчийн хамт илэрхийлсэн боловч шүүх буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс үзэхэд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүх хуралдаан даргалагч шүүгч талуудаас нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, ихэсгэх, эвлэрэн хэлэлцэх санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан гэх тайлбар өгсөн учир шүүх хуралдааны дарааллыг тогтооход сөрөг нэхэмжлэлийн талаар тусгаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******ын нэхэмжлэгч *******гээс 5,237,912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 127/

9. Нэхэмжлэгчийн тодорхойлсон 11,462,088 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан боловч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,962,088 төгрөгийг хэрэгсэхгүй болгох ёстой байхад 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.           

            Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тул хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 15-ны өдрийн 1778 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “...6,000,000 төгрөг…” гэснийг “...6,962,088 төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

           

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.АМАРСАНАА                              

                                            ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА                                        

                                                                                                            Я.ТУУЛ