Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00695

 








 

 

 2023        03           03                                      181/ШШ2023/00695

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: КБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЖИ ХХК РД:2087626/,

Хариуцагч: Н.З нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,092,125,785 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч КБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЖИ ХХК болон иргэн Н.З нар нь тус банктай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3096-2019/142 тоот Зээлийн гэрээ байгуулан 600,000 ам.долларыг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 14.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болно.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3096-2019/142-1 тоот "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ"-гээр доорх эд хөрөнгүүдийг тус банкинд барьцаалсан болно. Үүнд:

ЖИ ХХК -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дүгээрт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол. Сөулийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

ЖИ ХХК -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэгдсэн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхарын 1Г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

ЖИ ХХК -ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дүгээрт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу түүний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3096-2020/43 тоот 3096-2019/142 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлийн хүүг 12.00 хувь, зээлийн хугацааг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн нийт хугацааг 30 сар болгож, зээлийн эргэн төлөлтийг нэмэлт гэрээний Хавсралт 1-т зааснаар өөрчилж тохиролцсон.

Дээрх зээлийн нэмэлт гэрээг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3096-2020/43 тоот, 3096-2019/142-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу түүнтэй 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3096-2020/115 тоот 3096-2019/142 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлийн эргэн төлөлтийг нэмэлт гэрээний Хавсралт 1-т зааснаар өөрчилж тохиролцсон.

Дээрх зээлийн нэмэлт гэрээг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч нар нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3096-2020/1 15 тоот 3096-2019/142-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.

Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 300,982.09 ам.доллар, үндсэн хүүнд 137.804.73 ам. доллар, нэмэгдүүлсэн хүүнд 562.19 ам.долларыг нэхэмжлэгчид тус тус төлсөн байна.

Иймд ЖИ ХХК болон иргэн Н.З нараас зээлийн гэрээний дагуу нийт 336,543 ам,доллар буюу 1,092,125,785 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Женерал-ИмпексХХК, Н.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ЖИ ХХК нь Капитрон банк ХХК-иас 2019.12.04-ний өдөр 3096-2019/142 тоот зээлийн гэрээг байгуулан 600,000 ам,доллар төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжид байрлах, Сөүл плаза барилгын 735 мв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан ба зээлийн төлбөрөөс 437,804 ам.доллар төлсөн. Капитрон банкны нэхэмжилсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Н.З нь зээлийг хүлээж аваагүй, мөнгө нь ЖИ ХХК-ийн данс руу шилжсэн тул Н.З холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч ЖИ ХХК-ийн хувьд зээлийн гэрээний дагуу зээл авсан тул энэ талаар маргаан байхгүй. Харин цар тахалын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан алдагдалд орсон тул эрсдлээ хуваагаад хүүгийн 50%-ийг төлөх хүсэлтэй байна. Манай компани үл хөдлөх түрээсийн үйл ажиллагаа явуулдаг боловч цар тахалын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон тул хүүнд нэхэмжилсэн 299,018 ам.доллар болон нэмэгдүүлсэн хүү хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЖИ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Н.Зын иргэний үнэмлэх, 2019.12.04-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 3 хуудас, 2020.04.30-ны өдрийн 3096-2019/142 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хураарь, 3096-2019/142-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2020.10.26-ны өдөр 3096-2019/142 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ 2 хуудас, ЖИ ХХК-ийн 008/21 дугаар албан бичиг, зээлийн тооцоолол, Монгол банкны ханш, зэргийг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч талаас ЖИ ХХК-ийн 2022.09.30-ны өдрийн албан бичиг 2 хуудас, 2022.09.01-ны өдрийн 0061/21 дугаар албан бичиг зэргийг нотлох баримт гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч Женерал-ИмпексХХК, Н.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,092,125,785 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлээр үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. КБ ХХК нь ЖИ ХХК, Н.З нартай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №3096-2019/142 тоот Зээлийн гэрээ болон мөн өдрийн №3096-2019/142-01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан хөрөнгө оруулалтын зориулалтаар 600,000 ам,долларыг жилийн 14.40%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ЖИ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхарын 1г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалжээ. /хавтаст хэргийн 11-22 хуудас/ 

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096-2020/43 тоот 3096-2019/142 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-гээр зээлийн хүүг жилийн 12,00 хувь болгож, гэрээний хугацааг 30 сар болгож, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нэмэлт гэрээний хавсралт №1-т зааснаар өөрчилж, мөн өдрийн мөн тоот №3096-2019/142-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-гээр барьцаагаар хангагдах үүргийг 3096-2019/142 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний хавсралт №1 дурьдсан хуваарийн дагуу авсан зээлийн төлбөр болгон өөрчилжээ. /хавтаст хэргийн 23-32 хуудас/ 

 

№3096-2019/142 тоот Зээлийн гэрээ, №3096-2019/142-01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

а/ КБ ХХК нь 2019.12.04ий өдөр зээл 600,000 ам,долларыг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. 

 

б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4.1-д ...талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт-1-ээр харилцан тохиролцож баталгаажуулав гэж, мөн 4.3.2 ...зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлбөрийг төлнө гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ.  

Мөн гэрээний 3.1.4, 3.3, 4.10, 8.1-д зааснаар зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.  

 

Гэрээний дагуу зээлдэгч ЖИ ХХК, Н.З нар үндсэн зээлд 300,982.09 ам.доллар, үндсэн хүүнд 137.804.73 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 562.19 ам.долларыг тус тус төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34 хуудас/

 

3. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч ЖИ ХХК, Н.З нар нь зээлийн төлбөрийг Зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний хавсралт 1, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлж барагдуулах үүргээ зөрчсөн болох нь Зээл, зээлийн хүүний тооцоолол-оор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34 хуудас/ 

 

4. Нэхэмжлэгч КБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 1, Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.3, 4.10, 8.1-т тус тус заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

 

5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд Зээлийн гэрээний 3.3, 4.10-д Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байх тул хариуцагч Н.З нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.  

 

6. Хариуцагч ЖИ ХХК, Н.З нар нь зээлийн төлбөр болох үндсэн зээл 299,018 ам,доллар, хүү 34,014 ам,доллар, нэмэгдүүлсэн хүү 3,511 ам,доллар, нийт 336,543 ам,долларыг төлөөгүй гэх тооцооллын талаар маргаагүй.

Харин ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.

Уг журмын дагуу нэхэмжлэгч КБ ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096-2020/43 тоот 3096-2019/142 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-гээр зээлийн хүүг жилийн 12,00 хувь болгож, гэрээний хугацааг 30 сар болгож, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нэмэлт гэрээний хавсралт №1-т зааснаар өөрчилсөн байна. /хавтаст хэргийн 23-32 хуудас/ 

 

Харин Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх тайлбар нь хариуцагч нарыг хууль болон гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт, Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн зохицуулалт нь гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан мөнгөний ханшаар тооцон төлбөр гаргуулах агуулгатай зохицуулалт биш юм. Харин үүргийг гүйцэтгүүлэх үеийн ханшаар тооцон гаргуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг хангах зорилготой юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022.09.15-ны өдрийн Монгол банкны хаалтын 1 ам,доллар 3,245.13 төгрөгтэй харьцах ханшаар тооцож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай нийцнэ.

 

Иймд хариуцагч ЖИ ХХК, Н.З нараас зээлийн төлбөр 336,543 ам,долларыг 2022.09.15-ны өдрийн Монгол банкны хаалтын 1 ам,доллар 3,245.13 төгрөгтэй харьцах ханшаар тооцож 1,092,125,785.59 төгрөгийг гаргуулж Капитронбанк ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Зээлдэгч ЖИ ХХК, Н.З нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул №3096-2019/142-01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096-2020/43 тоот №3096-2019/142-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал КБ ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох ЖИ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхарын 1г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ЖИ ХХК, Н.З нараас 1,092,125,785.59 /нэг тэрбум ерэн хоёр сая нэг зуун хорин таван мянга долоон зуун наян таван төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ЖИ ХХК, Н.З нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох ЖИ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхарын 1г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч КБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,688,779 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖИ ХХК, Н.З нараас 5,688,779 /таван сая зургаан зуун наян найман мянга долоон зуун далан есөн/ төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА