Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00960

 

 

АП-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00695 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АП-ХХК-ийн хариуцагч ЕИ-ХХК, З.От нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,092,125,785 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Женерал-Импекс" ХХК болон иргэн З.От нар нь тус банктай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3096-2019/142 дугаартай зээлийн гэрээ байгуулан 600,000 ам.долларыг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 14.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар зорилгоор ЕИ-ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дүгээрт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол. Сөүлийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЕИ-ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхрын 1Г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, "Женерал-Импекс" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дүгээрт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

Зээлдүүлэгч зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3096-2020/43 дугаар, 3096-2019/142 дугаар зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлийн хүүг 12 хувь, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн нийт хугацааг 30 сар болгож, зээлийн эргэн төлөлтийг нэмэлт гэрээний хавсралт 1-т зааснаар өөрчилж тохиролцсон. Дээрх зээлийн нэмэлт гэрээг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3096-2020/43 дугаар, 3096-2019/142-01 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Хариуцагч нар үндсэн зээлд 300,982.09 ам.доллар, үндсэн хүүд 137.804.73 ам. доллар, нэмэгдүүлсэн хүүд 562.19 ам.доллар төлсөн. Иймд ЕИ-ХХК болон З.От нараас зээлийн гэрээний үүрэгт 336,543 ам,доллар буюу 1,092,125,785 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ЕИ-ХХК нь АП-ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3096-2019/142 дугаар зээлийн гэрээг байгуулан 600,000 ам.доллар төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Сөүл плаза барилгын 735 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан ба зээлийн төлбөрөөс 437,804 ам.доллар төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн З.От мөнгөн хөрөнгийг аваагүй, ЕИ-ХХК-ийн дансанд шилжсэн тул З.Отод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ЕИ-ХХК үл хөдлөх хөрөнгө түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ЕИ-ХХК, З.От нараас 1,092,125,785.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АП-ХХК-д олгож,

3.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЕИ-ХХК, З.От нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох ЕИ-ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхрын 1г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч АП-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,688,779 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЕИ-ХХК, З.От нараас 5,688,779 /таван сая зургаан зуун наян найман мянга долоон зуун далан есөн/ төгрөгийг гаргуулж АП-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

ЕИ-ХХК АП-ХХК-ийн барьцаанд байгаа барилгыг үйлчилгээний зориулалтаар түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа хаагдсан боловч зээлийн үндсэн зээлд нийт 300,982 ам.доллар, зээлийн хүүд 138,366 ам.доллар, нийт 439,438 ам.доллар төлсөн. Ам.долларын жилийн 14,40 хувь хэт өндөр хүү. Манай компани зээл авсан нь үнэн, төлөх нь үнэн. Харин цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Эрсдэлийг гэрээний 2 тал тэнцүү хувааж зээлийн хүү 3,511 ам.долларын 50 хувь болох 17,077 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 3,511 ам.доллар, нийт 20,518, ам.доллар буюу 66,580,910 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

АП-ХХК нь ЕИ-ХХК, З.От нартай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нар нь 600,000 ам.долларыг жилийн 16.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Ковид-19 цар тахлын улмаас АП-ХХК хариуцагч нартай удаа дараа хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулсан. Тухайлбал, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт гэрээ байгуулахдаа 16.40 хувийн хүүг 12 хувь болгож бууруулж, зээлийн хугацааг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгасан. Түүнчлэн, хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Хэргийн баримтуудаас үзвэл хариуцагч нар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйг зээл төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч АП-ХХК нь хариуцагч ЕИ-ХХК, З.От нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,092,125,785 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлээр үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.

 

1.Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 600,000 ам,долларыг жилийн 14.40%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Женерал Импекс ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхрын 1г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 11-22/

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг жилийн 12,00 хувь болгож, гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт хугацааг 30 сар болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, үүнтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд мөн өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 23-32/

 

2.1. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх зохицуулалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний шинжийг агуулсан, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

2.2. Мөн гэрээний 3.1.4, 3.3, 4.10, 8.1-д зааснаар зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

2.3. Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч АП-ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ЕИ-ХХК-д шилжүүлсэн, хариуцагч тал үндсэн зээлд 300,982.09 ам.доллар, үндсэн хүүнд 137.804.73 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 562.19 ам.долларыг тус тус төлсөн, талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй байна.

2.4. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол гэсэн баримтаар тогтоогдсон, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 04-нд дууссан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 299,018 ам,доллар, хүү 34,014 ам,доллар, нэмэгдүүлсэн хүү 3,511 ам,доллар, нийт 336,543 ам,доллар буюу 1,092,125,785,59 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч тал уг тооцоололд маргаагүй байх тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

2.5. Мөн шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт тус тус зааснаар ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар хөрвүүлж төгрөгөөр тооцсон нь хуульд нийцсэн.

 

3. Хариуцагч ЕИ-ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033284 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 735 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030304 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 20/1 байр, 1 дүгээр давхрын 1г тоот хаягт байршилтай 152.9 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037941 дүгээрт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 дугаартай барилгын 6 давхар тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг нь барьцааны зүйл болсон, хариуцагч нар зээлийн төлбөрийг гүйцэтгээгүйгээс эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

4. Хариуцагч нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлсөн эрх зүйн зохицуулалт гараагүй.

Харин Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д заасны дагуу нэхэмжлэгч АП-ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүг жилийн 12,00 хувь болгож, гэрээний хугацааг 30 сар болгож, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байх тул хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд эрсдэлийг гэрээний 2 тал тэнцүү хувааж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 66,580,910 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 490,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ