Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2023/00161

 

 

 

 

 

2023 01 09

181/ШШ2023/00161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ч ОНӨААТҮГ -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 88,209,403.06 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч А.К,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, түүний өмгөөлөгч Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 88,209,403.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

...Ч ОНӨААТҮГ нь Цэвэр ус, халаалт, халуун усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлдэг ба хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна, 13.2 дахь хэсэгт Хангагч нь зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэж заасны дагуу Э ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, гэрээ-г амаар байгуулсан билээ.

Энэхүү гэрээ ёсоор манай байгууллага 2012 оноос хойш Э ХХК-ийг цэвэр усаар хангах, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээг үзүүлж, тооцоо нийлсэн.

Гэтэл Э ХХК нь дээрх гэрээний төлбөрийг цаг тухайд нь бүрэн гүйцэд төлөөгүйгээс талуудын хороонд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 88,209,403.06 төгрөгийн өр төлбөр үүссэн. Уг өр төлбөрийг талууд харилцан баталгаажуулж, тооцоо нийлсэн боловч, хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй тул энэхүү шүүхэд хандаж байна.

Иймд хариуцагчаас нийт 88,209,403.06 төгрөг гаргуулж манай байгууллагын хохиролгүй болгож өгнө үү. ... гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...талуудын хооронд тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан. Үүний дагуу хариуцагч байгууллага тооцооны үлдэгдлийг төлөх үүрэгтэй. Тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан нягтлан бодогч Сүнжидмаа гэх хүн хариуцагч байгууллагын ажилтан биш болохыг нотолсон баримт байхгүй. Тэрээр гарын үсгээ зурж, тухайн байгууллагын санхүүгийн тамга тэмдгийг дарсан байдаг. Цэвэр усаар хангах гэдэгт халуун, хүйтэн ус хамаарч байгаа. Халаалт гэдэг нь хариуцагчийн тайлбарлаад байгаа зүйл биш. Үнэ тарифийн өөрчлөлт болон бусад төлбөрийг нэмж тооцсон гэх асуудлаар талууд тооцоо нийлэх үедээ хэлэлцэж залруулах, эсхүл холбогдох газарт нь гомдлоо гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч мөн зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байдаг. Талууд 2020 онд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэнээр үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа 2020 оноос хойш тоологдох бөгөөд бид 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. ... гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...Тухайн дүүрэгт байрлах орон сууцны 77 дугаар байрны ашиглалтыг Д.Д миний бие хариуцаж байсан учир шалтгаан гэвэл 2013 онд тус барилгын засвар, үйлчилгээг манай компани хариуцан ажиллаж дуусгаад, улсын комисст зохих журмын дагуу хүлээлгэн өгч, комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулж, ашиглалтад бүрэн оруулсан.

Үүний дараа дээрх орон сууцнуудыг иргэдэд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тэдгээрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлд бүрэн шилжүүлсэн учир миний өмчлөл, эзэмшлээс хасагдсан юм.

Иймд Ч ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтнуудад Орон сууцны болон Эрчим хүчний тухай хууль, Усны тухай хуулийн дагуу орон сууцны ашиглалттай холбоотой зардал, төлбөр тооцоог тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигчтэй гэрээг байгуулан ажиллах талаар олон удаа уулзаж, ярилцсан боловч 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд нэмэлт нөөцийн кабель хийх, айл, өрхүүдэд баталгаат усны тоолуур тавих, мөн ажлын хөлсийг гаргуулах гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар манай компани болон иргэдтэй ус, дулааны гэрээг байгуулаагүй байсан.

Э ХХК-ийн захирал Д.Д миний бие Ч ОНӨААТҮГ-тай ямар нэгэн албан ёсны гэрээг огт байгуулаагүй учир хоёр байгууллагын хооронд гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа үүсээгүй болно.

Дээрх байгууллага нь сүүлийн 8-9 жилийн хугацаанд манай компанийг тухайн байрны засвар, үйлчилгээг хийж, ашиглалтанд оруулсан гэх үндэслэлээр 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд ямар нэгэн шалтгаан хэлж, байрыг хүлээн аваагүй, тухайн байрны айл, өрхүүд болон цэцэрлэгтэй хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны үнийг авах тухай гэрээг огт байгуулаагүй мөртлөө зөвхөн миний эзэмшлийн худалдаа, үйлчилгээний Э ХХК-ийн нэр дээр аж ахуйн нэгжийн өндөр тарифаар тооцож, айл өрх болон цэцэрлэгийн хэрэглэсэн ус, дулааны тооцоог манай компанийн нэр дээр аж ахуйн нэгжийн тарифаар өндөр дүнгээр тооцож, өр төлбөр үүсгэсэн нь учир дутагдалтай.

Би дээрх нэхэмжлэлд дурдсан мөнгө, төгрөгийг Э ХХК-ний банкны харилцах дансаар огт авч байгаагүй, харин тухайн байгууллага ямар нэгэн шалтаг, шалтгаан зааж, байраа хүлээн авахгүй байсан учраас иргэдийг ая тухтай амьдрах, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах зорилгоор, арга ядаад тухайн байранд оршин сууж байсан иргэн Д.Э , Б.О , Ч.С нарт хариуцуулан иргэдээс өгсөн байрны ус, дулааны мөнгийг Ч ОНӨААТҮГ-ын дансанд, харин цахилгааны төлбөрийг Дулааны шугам сүлжээ ХК-д тушааж байх талаар чиглэл өгч ажилласан.

Тус байрны оршин суугчдаас ус, дулаан, цахилгааны төлбөрт өгсөн мөнгө, төгрөгийг 2013-2020 он хүртэлх хугацаанд иргэн Д.Э , Б.О нар, 2020-2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Ч.С нар хариуцаж, төлбөр тооцоог хийж байсан болно.

Түүнчлэн тухайн байрны нэр бүхий оршин суугчид нь орон сууцны ус, дулаан, цахилгааны төлбөрийг огт хийгээгүй айл, өрхүүд байгаа төдийгүй, мөн төлбөр тооцоотой иргэд олон байгаа гэдгийг хариуцан ажиллаж байсан ажилтнуудын тооцоо хийсэн баримтаар нотлогдох бөгөөд тэдгээрийн банкны хуулга болон бэлнээр тооцоо хийсэн баримтаар гаргаж өгөх боломжтой гэж үзэж байна.

Дээрх байрны оршин суугчид СӨХ байгуулаагүй байх тул орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын хэвийн нөхцлийг хангаж, нийтийн эзэмшлийн талбай болон ашиглалтын засвар, үйлчилгээг анхаарч ажилласаар өнөөдрийг хүргэсэн нь үнэн болно.

Харин иргэн Д.Э , Б.О , Ч.С нар тус байрны нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалтын ажлын хөлсөнд айл, өрх бүрээс сар тутам 20,000 төгрөг хураан авч, тэдгээрийн цалин хөлс, цэвэрлэгээ, үйлчилгээний зардалд зарцуулсан тооцоо тооллогыг хийж байсан учир сайн мэдэж байгаа.

Цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газраас нэхэмжилж буй төлбөр, тооцооны талаарх баримтыг иргэн Д.Э , Б.О , Ч.С нараас хуулийн шаардлагад нийцүүлэн гаргуулах боломжтой бөгөөд харин манай компанийн зүгээс шаардлагатай тохиолдолд холбогдох хүсэлтээ цаг тухайд нь гарган ажиллах болно. гэжээ.

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э ХХК нь 2013 онд тус барилгын засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж дуусгаад зохих журмын дагуу комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулан ашиглалтад оруулсан. Үүний дараа орон сууцнуудыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн тул Ч ОНӨААТҮГ нь тэдэнтэй гэрээ хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Э ХХК нь хэрэглэгч биш юм. Мөн тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэх гэрээ гэж үзэхгүй. Учир нь, уг баримтад тооцоо нийлсэн гэх огноо тодорхойгүйн гадна, гарын үсэг зурсан Сүнжидмаа гэх хүн тус компанийн тооцоо нийлэх эрх бүхий этгээд биш. Нөгөөтээгүүр гэрээг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулах учиртай байдаг. Түүнчлэн нэхэмжилж буй цэвэр, бохир усны төлбөрт халаалтын зардал багтсан байна. Усны тарифыг айл өрхөөр тооцож байснаа 2017-2019 онд аж ахуйн нэгжээр тооцсон байна. Энд үнийн зөрүү гарч ирэх бөгөөд бид илүү төлөлт хийсэн. Эцэст нь, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй. ... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, харилцагч Э ХХК-д холбогдох 2012-2020 оныг дуусталх хугацааны ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар тайлбар бүхий албан бичиг, Э ХХК-д 77 дугаар байрны оршин суугчдаас 2013-2020 оны хооронд төлбөр төлж байсан гэх санхүүгийн анхан шатны баримтууд Ц.Алимаа нэрээр төлсөн 2013-2014 оны, Ж.Даш нэрээр төлсөн 2012 оны 10,11,12 дугаар сарын, 2013 оны 5,6,8 дугаар сарын, 2014 оны 1 дүгээр сарын, Б.О нэрээр төлсөн 2015 оны 3 ширхэг, 2016 оны 13 ширхэг, 2017 оны 12 ширхэг, 2018 оны 8 ширхэг, 2019 оны 5 ширхэг, Б.Цэвээндарь нэрээр төлсөн 2020 оны 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сарын, Б.Алтангэрэл нэрээр төлсөн 2020 оны 2, 3, 4 дүгээр сарын, Б.Найдандорж нэрээр төлсөн 2020 оны 1, 2, 3, 4, 5, 8, 9 дүгээр сарын, Ч ОНӨААТҮГ-аас Э ХХК-д хүргүүлсэн 2019 оны 1-12 дугаар сар хүртэлх хугацааны болон 2020 оны 4 дүгээр сарын нэхэмжлэхүүд /хх 3-19, 117-130, 140-152/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: өөрийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 181/ШЗ2022/11595 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид гаргасан гомдолд хавсаргасан Хасбанктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, түүний хавсралтуудын хуулбар, Уяралтрейд ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтууд, Э ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 8 дугаар сарын тайлан /хувилсан хувь/ зэрэг баримтууд, мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 137/2013 дугаар актын хуулбар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолын 1-4 дүгээр хавсралт /хувилсан хувь/, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр тогтоол, уг тогтоолын 1, 2 дугаар хавсралт /хувилсан хувь/, хэргийн материалаас татсан Ч ОНӨААТҮГ-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 23, 31-32, 41, 61-73, 99-111/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ч ОНӨААТҮГ нь 2012 оноос хойш Э ХХК-ийг цэвэр усаар хангах, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээг үзүүлж, тооцоо нийлсэн. Гэтэл Э ХХК нь дээрх төлбөрийг цаг тухайд нь бүрэн гүйцэд төлөөгүйгээс талуудын хороонд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 88,209,403.06 төгрөгийн өр төлбөр үүссэн. Уг өр төлбөрийг талууд харилцан баталгаажуулж, тооцоо нийлсэн боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй. ... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Э ХХК нь 2013 онд тус барилгын засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж дуусгаад зохих журмын дагуу комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулан ашиглалтад оруулсан. Үүний дараа орон сууцнуудыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн тул Ч ОНӨААТҮГ нь тэдэнтэй гэрээ хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Э ХХК нь хэрэглэгч биш юм. Мөн тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэх гэрээ гэж үзэхгүй. Учир нь, уг баримтад тооцоо нийлсэн гэх огноо тодорхойгүйн гадна, гарын үсэг зурсан Сүнжидмаа гэх хүн тус компанийн тооцоо нийлэх эрх бүхий этгээд биш. Нөгөөтээгүүр гэрээг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулах учиртай байдаг. Түүнчлэн нэхэмжилж буй цэвэр, бохир усны төлбөрт халаалтын зардал багтсан байна. Усны тарифыг айл өрхөөр тооцож байснаа 2017-2019 онд аж ахуйн нэгжээр тооцсон байна. Энд үнийн зөрүү гарч ирэх бөгөөд бид илүү төлөлт хийсэн. Эцэст нь, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй. ... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Э ХХК нь Налайх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны 77 дугаар байрны их засвар, шинэчлэлтийн ажлыг хариуцан 2010 оны 6 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 137/2013 дугаар актаар баталгаажуулж, ашиглалтад оруулжээ.

4.2. Ч ОНӨААТҮГ нь харилцан тохиролцсоны дагуу 2012 оноос хойш цэвэр усаар хангах, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээг үзүүлсэн, Э ХХК нь үйлчилгээний төлбөрийг иргэдээс татан төвлөрүүлж, төлөх үйл ажиллагааг холбогдох ажилтнууддаа хариуцуулан ажиллаж байсан гэх байдлыг зохигчид үгүйсгээгүй байна.

5. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ нь цэвэр ус түгээж, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болохынхоо хувьд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар хангагч гэж үзнэ.

Харин хариуцагч Э ХХК нь хэрэглэгч нарыг цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах төлбөрийг төвлөрүүлж, хангагчид дамжуулан төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд гэж үзэх үндэслэлтэй.

6. Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дээрх үйлчилгээг үзүүлсэнтэй холбоотой өглөг, авлагыг барагдуулахаар харилцан тохиролцож, хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд Э ХХК нь 88,209,403.06 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулан уг төлбөрийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож, энэ талаар Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлджээ.

6.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална:-ийн 5.1.4-т үнэн зөв байх; гэж,

- 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. ... гэж,

- 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:-ийн 14.4.3-т бүх өр төлбөр; гэж,

- 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:-ийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; гэж тус тус заасанд үндэслэн шүүх эдгээр байгууллагын нягтлан бодогч нарын гаргасан дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэв.

6.2. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээг талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар нэг тооцоо гаргаж, нийт дүнг тогтоож ажиллах тохиролцоо хэмээн тодорхойлсон.

Энэ төрлийн гэрээнд хэлбэрийн хувьд ямар нэгэн шаардлага тавигдаагүй буюу ямар ч байдлаар байгуулах боломжтой тул талуудын тооцоо нийлсэн байдлыг дээрх хуулийн зохицуулалтад хамааруулж дүгнэх үндэслэлтэй байна.

6.3. Гэрээнд тооцооны үлдэгдлийг төлөх хугацааг заагаагүй тохиолдолд энэ хугацаа Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.4 дэх хэсэгт заасны дагуу нэг жил байхаар хуульчилсан ба хариуцагч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тооцооны үлдэгдлийг мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

7. Хариуцагч нь уг гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өрийг хүлээн зөвшөөрсөнөөр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Иймээс мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолвол мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жил-ийн хугацааны дотор байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

Хариуцагчаас ...тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигч нартай гэрээ байгуулан ажиллах талаар Ч ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтнуудтай олон удаа уулзаж, ярилцсан боловч янз бүрийн шалтгаанаар манай компани болон иргэдтэй ус, дулааны гэрээг байгуулаагүй, тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан Сүнжидмаа гэх хүн манай компанийг төлөөлөн тооцоо нийлэх эрх бүхий этгээд биш... гэсэн тайлбараа нотолж чадаагүй.

Түүнчлэн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифийн өөрчлөлт болон бусад төлбөрийг нэмж тооцсон гэх асуудлаар маргах боловч ...талууд тооцоо нийлэх үедээ энэ талаар хэлэлцэж залруулах, эсхүл холбогдох газарт нь гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах аргагүй юм.

9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Э ХХК-иас 88,209,403.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 598,997 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 88,209,403.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 598,997 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 7ы өдрийн 181/ШЗ2022/11595 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН