Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00620

 

 

 

 

 

 

 

 

2023 03 23 210/МА2023/00620

 

 

 

А ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00161 дугаар шийдвэртэй

А ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох

88,209,403.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагчийн төлөөлөгч Д.Даваадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ОНӨААТҮГ нь Цэвэр ус, халаалт, халуун усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлдэг ба хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 13.1, 3.1.13, 13.2 дахь хэсэгт заасны дагуу Б ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, гэрээг амаар байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу манай байгууллага 2012 оноос хойш Б ХХК-ийг цэвэр усаар хангах, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээг үзүүлж, тооцоо нийлсэн.

Гэтэл Б ХХК нь дээрх гэрээний төлбөрийг цаг тухайд нь бүрэн гүйцэд төлөөгүйгээс талуудын хороонд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл 88,209,403 төгрөгийн өр төлбөр үүссэн. Уг өр төлбөрийг талууд харилцан баталгаажуулж, тооцоо нийлсэн боловч, хариуцагч төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагчаас нийт 88,209,403 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. Тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан нягтлан бодогч Ч.С гэх хүн хариуцагч байгууллагын ажилтан биш болохыг нотолсон баримт байхгүй. Тэрээр гарын үсгээ зурж, тухайн байгууллагын санхүүгийн тамга тэмдгийг дарсан байдаг.

Цэвэр усаар хангах гэдэгт халуун, хүйтэн ус хамаарах ба үнэ тарифийн өөрчлөлт болон бусад төлбөрийг нэмж тооцсон гэх асуудлыг талууд тооцоо нийлэх үедээ хэлэлцэж залруулах, эсхүл холбогдох газарт нь гомдлоо гаргах боломжтой байсан.

1.3. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч мөн зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байдаг. Талууд 2020 онд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэнээр үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа 2020 оноос хойш тоологдох бөгөөд бид 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2013 онд 77 дугаар байрны барилгын засвар, үйлчилгээг манай компани хариуцан ажиллаж дуусгаад, улсын комисст зохих журмын дагуу хүлээлгэн өгч, комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулж, ашиглалтад бүрэн оруулса ба ашиглалтыг Д.Даваадорж миний бие хариуцаж байсан.

Дээрх орон сууцуудыг иргэдэд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тэдгээрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлд бүрэн шилжүүлсэн учир миний өмчлөл, эзэмшлээс хасагдсан.

Иймд А ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтнуудад Орон сууцны болон Эрчим хүчний тухай хууль, Усны тухай хуулийн дагуу орон сууцны ашиглалттай холбоотой зардал, төлбөр тооцоог тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигчтэй гэрээг байгуулан ажиллах талаар олон удаа уулзаж, ярилцсан боловч 2022 оны 03 сар хүртэлх хугацаанд нэмэлт нөөцийн кабель хийх, айл, өрхүүдэд баталгаат усны тоолуур тавих, мөн ажлын хөлсийг гаргуулах гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар манай компани болон иргэдтэй ус, дулааны гэрээг байгуулаагүй.

Б ХХК нь А ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулаагүй учир хоёр байгууллагын хооронд гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа үүсээгүй.

2.2. Дээрх байгууллага нь сүүлийн 8-9 жилийн хугацаанд манай компанийг тухайн байрны засвар, үйлчилгээг хийж, ашиглалтанд оруулсан гэх үндэслэлээр 2022 оны 03 сар хүртэлх хугацаанд шалтгаан хэлээд байрыг хүлээн аваагүй.

Мөн гэрээ байгуулаагүй атлаа айл өрх болон цэцэрлэгийн хэрэглэсэн ус, дулааны тооцоог Б ХХК-ийн нэр дээр аж ахуйн нэгжийн өндөр тарифаар тооцож өр төлбөр үүсгэсэн. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг Б ХХК-ийн банкны харилцах дансаар авч байгаагүй, харин тухайн байраа хүлээн авахгүй байсан учраас иргэдийг ая тухтай амьдрах, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор оршин сууж байсан иргэн Д.Э , Б.О , Ч.С нарт хариуцуулан иргэдээс өгсөн байрны ус, дулааны мөнгийг А ОНӨААТҮГ-ын дансанд, харин цахилгааны төлбөрийг Дулааны шугам сүлжээ ХК-д тушааж байх талаар чиглэл өгч ажилласан.

Тус байрны оршин суугчдаас өгсөн ус, дулаан, цахилгааны төлбөртийг 2013-2020 он хүртэлх хугацаанд иргэн Д.Э , Б.О нар, 2020-2022 оны 02 сар хүртэлх хугацаанд иргэн Ч.С нар хариуцаж байсан.

2.3. Дээрх байрны оршин суугчид СӨХ байгуулаагүй тул орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын хэвийн нөхцлийг хангаж, нийтийн эзэмшлийн талбай болон ашиглалтын засвар, үйлчилгээг анхаарч ажилласан. Харин иргэн Д.Э , Б.О , Ч.С нар тус байрны нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалтын ажлын хөлсөнд айл, өрх бүрээс сар тутам 20,000 төгрөг хураан авч, тэдгээрийн цалин хөлс, цэвэрлэгээ, үйлчилгээний зардалд зарцуулсан.

Б ХХК нь хэрэглэгч биш бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэх гэрээ гэж үзэхгүй. Учир нь уг баримтад тооцоо нийлсэн гэх огноо тодорхойгүйгээс гадна, гарын үсэг зурсан Ч.С гэх хүн тус компанийн тооцоо нийлэх эрх бүхий этгээд биш.

Түүнчлэн, нэхэмжилж буй цэвэр, бохир усны төлбөрт халаалтын зардал багтсан байна. Усны тарифыг айл өрхөөр тооцож байснаа 2017-2019 онд аж ахуйн нэгжээр тооцсон байна. Энд үнийн зөрүү гарч ирэх бөгөөд бид илүү төлөлт хийсэн. Эцэст нь, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 88,209,403.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ОНӨААТҮГ-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ОНӨААТҮГ-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 598,997 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 181/ШЗ2022/11595 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгааг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлсэн гэрээ гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсний улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлох, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх, шударга ёсны зарчмыг зөрчих үндэслэл болсон.

Нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий хангагч байгууллага бөгөөд Б ХХК-тай амаар байгуулсан цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний дагуу тус компанийг цэвэр усаар хангах, бохир усаар татан зайлуулах үйлчилгээг үзүүлсэн гэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2012-2020 оны еренхий журналын дэлгэрэнгүй бүртгэлээс үзэхэд А ОНӨААТҮГ-ын 88,209,403.06 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад цэвэр, бохир усны төлбөрөөс гадна халаалтын зардал буюу орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээний төлбөр багтсан нь харагдана.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь цэвэр ус түгээж, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болохынхоо хувьд Хот, суурины ус хагамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар хангагч гэж үзэх ба талуудын хооронд цэвэр усаар хангах, бохир ус татах зайлуулах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа дулааны эрчим хүчээр хангах харилцаатай холбоотой асуудлыг хамтатган талуудын хооронд тухайн харилцаа үүссэн эсэх, дулааны төлбөрийг гаргуулах үндэслэлтэй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд ба зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтад бүртгэлтэй үйл баримтад хариуцагч маргадаггүй. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т зааснаар хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээг эрчим хүчний зохицуулалттай болон зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулна. Нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь ийнхүү дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүй үйл баримтад маргадаггүй бөгөөд шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд гаргасан тайлбартаа хэлдэг.

Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдэд худалдах дулааны үнэ тарифыг батлах бөгөөд тус хорооны 2019 оны 381 тоот Ц дүүргийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф батлах тухай тушаалын дагуу орон сууцны халаалт буюу дулаанаар хангах үйлчилгээний төлбөрийг орон сууцны талбайн хэмжээгээр тооцдог, хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн 2019, 2020 онуудын А ОНӨААТҮГ-ын Б ХХК-д хүргүүлж байсан нэхэмжлэхүүдэд халаалтын нэгж үнийг орон сууцны нийт барилгын талбайн хэмжээгээр буюу 0,481 м.кв талбайгаар тооцсон байгаагаас болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2012-2020 оны ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл дэх халаалтын төлбөр нь зөвхөн Эрчим хүчний сайдын 2016 оны 08 дугаар тушаалаар батлагдсан халаалтын эхлэх болон дуусах хугацаануудад бодогдсон төлбөрийн жагсаалтаас тодорхой харагдана.

Дээрх байдлаар анхан шатны шүүх 2 тусдаа хууль тогтоомжоор зохицуулагддаг, 2 тусдаа шаардлага бүхий харилцааг хольж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсоны улмаас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон.

4.2. Мөн Хот, суурины ус хагамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон зохицуулах зөвлөлийн баталсан дүрэмд хэрэглэгчид цэвэр усаар хангах, гэрээ, хэлцэл байгуулсан байхыг шаарддаг төдийгүй, хангагч байгууллага нь хэрэглэгчтэй гэрээ хэлцэл байгуулахаас аливаа хэлбэрээр татгалзах эрхгүй байхаар зохицуулагдсан болохыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байдаг.

4.3. Шүүх хэргийн нэг талд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгаа гэх нэрийн дор нэхэмжлэгч А ОНӨААТҮГ-ын хуримтлагдсан төрд төлбөл зохих өр төлбөрийг барагдуулахаар түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг бүрэн дүүрэн шалгалгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хэрэгт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2013 оны 07 сарын 19-ний өдрийн 137/2013 тоот акт авагдсан бөгөөд тухайн актаар Б ХХК нь Ц дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны 77 дугаар байрны их засвар, шинэчлэлтийн ажлыг 2010 оны 06 сараас 2012 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Гэтэл А ОНӨААТҮГ нь цэвэр, бохир усны нэгж тарифыг Б ХХК-аас нэхэмжлэхдээ үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцсон нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 29 дугаар тогтоолоор батлагдсан үйлдвэр аж ахуйн байгууллагын нэгж тарифтай тохирдог.

Тухайн 60 айлын орон сууцны барилга орон сууцны зориулалттай ба айл бүр тус тусын өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчилдөг төдийгүй Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлѳлийн 2017 оны 76 дугаар тогтоол, 2019 оны 29 дугаар тогтоолоор батлагдсан Ц дүүргийн хэрэглэгчид буюу хүн амын болон үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифаар хэрэглэгчдээс авах үйлчилгээний нэгж тариф нь 2 ялгаатай байна.

Б ХХК-ийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага гэж үзэх боломжгүй байхад нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь цэвэр, бохир усны нэгж тарифыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцож нэхэмжилсэн үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

4.4. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь 2019 оны 09 сарын цэвэр, бохир усны төлбөр, 2014 оны 09, 12 сарын халаалтын төлбөрийг 2 удаа давхардуулан нэхэмжилсэн зэрэг үйл баримтад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.

4.5. Зохигчдын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа нь Нягтлан бодох буртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.5-т заасанд нийцээгүй. Мөн талуудын тооцоо нийлсэн байдлыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ гэж үзнэ хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг баримт нь хэзээ үйлдэгдсэн тодорхойгүйгээс гадна Б ХХК-ийн өмнөөс ямар ажил, албан тушаалтай хэн гэгч этгээд тооцоо нийлсэн нь бичигдээгүй.

4.6. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай ойлголт нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд хамаарна. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэдэн оны, хэдэн сарын төлбөр тооцоог тасалдсан гэж үзэх нь тодорхойгүй байгна.

4.7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. А ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэгж үнэ, холбогдох тооцооллыг гаргуулах, цэвэр, бохир усны нэгж үнэ тариф 2012-2020 онуудад хэрхэн өөрчлөгдсөн, хэрэв нэгж үнэ тарифыг аж ахуйн нэгж, байгууллагаар тооцсон бол, айл өрхийн тарифаар тооцвол хэдэн төгрөгийн зөрүү гарах зэрэг тооцооллыг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсний улмаас шүүх 88,209,403.06 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас аль хэсэг үндэслэлгүй, аль хэсэг нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөхөд тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд үнэн зөв тайлбар гаргах ёстой. Эрчим хүчний зохицуулах хорооны сайтад А ОНӨААТҮГ нь дулаанаар хангах, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөлтэй. 2009 онд 5 жилийн хугацаатай, 2014 онд дахин 5 жилийн хугацаагаар олгож, 2020 оноос 2025 он хүртэл сунгасан. Уг нийтэд илэрхий үйл баримт нь эрчим хүчний зохицуулах хорооны цахим сайтад байдаг. Улсын Дээд шүүхийн 2006 оны тогтоолд нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчид илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой, тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ.

Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийг харах боломжтой тул дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн ба өмнө нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа 2012-2020 оны хооронд үүссэн. Тухайн хэргийн 100 дугаар талд Б ХХК-ийн Ц дүүргийн 0 дугаар хороонд байрлах, 77 дугаар байрыг Улсын комисс ашиглалтад оруулсан акт байна. Уг орон сууцны барилгын захиалагч нь Б ХХК байсан, улсын комиссын актад 2013 онд хүлээлгэн өгсөн. Тухайн өдрөөс хойш 77 дугаар байрыг дулаанаар хангах үйлчилгээг үзүүлсэн. 2020 онд талуудын хооронд ажил хэргийн харилцааг эртхэн дүгнэж, тухайн байгууллагуудын нягтлан бодогч нар 2012-2020 онд өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг үндэслэн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ажил хэргийн шугамаар үүссэн харилцааг 2020 онд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болон яаж төлөх эсэхийг талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар тооцоо нийлсэн гэрээний шинжийг хангаж байна.

Тооцоо нийлсэн гэрээнд ямар нэгэн хэлбэрийн шаардлага тавигдаагүй. Уг гэрээг амаар, эсхүл бичгийн хэлбэрээр байгуулж болох бөгөөд иргэний эрх зүйн харилцааны ерөнхий ойлголт байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд 2012-2020 онд тухайн Б ХХК-ийн барьсан Ц дүүргийн 0 дугаар хорооны 77 дугаар байрны цэвэр, бохир ус, дулаан эрчим хүч зэргийг манай байгууллага хариуцан төлж байсан.

2012-2020 оныг хүртэл хариуцагч Б ХХК шугам сүлжээний тооцоог нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэж өгөөгүй. 2022 онд албан ёсоор хүлээлгэж өгснөөс хойш тухайн 77 дугаар байрны оршин суугч айл өрхүүдтэй гэрээ байгуулсан. Харин 2022 оныг хүртэл тухайн 77 дугаар байрны шугам сүлжээг Б ХХК хариуцаж, манай байгууллагаас үйлчилгээ авч байсан тул хуулийн этгээдээр төлбөрийг тооцсон харилцаа байдаг.

5.4. Цэвэр, бохир усны төлбөрийг аж ахуйн нэгжээр тооцсон нь буруу бөгөөд айл өрхөөр тасалдаг байсан гэх маргаан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдах асуудал биш байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт аж ахуйн нэгжийн тарифтай холбоотой маргаан байсан тохиолдолд эрчим хүчний зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэх боломж байна.

Иргэний хэргийн шүүх нь талуудын тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төвийг сахих байр суурьтай, талуудын мэтгэлцээний хүрээнд маргааныг таслан шийдвэрлэх нь шүүхийн үүрэг юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 88,209,403 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч А ОНӨААТҮГ нь 2012 оноос Ц дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны 77 дугаар байранд цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлсэн гэх үндэслэлээр тус барилгыг ашиглалтад өгсөн Б ХХК-аас дээрх үйлчилгээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч А ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулаагүй, тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигч нартай гэрээ байгуулан ажиллах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

3.1. Хариуцагч Б ХХК нь тус орон сууцны их засвар, шинэчлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэж Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2013 оны 07 сарын 19-ний өдрийн 137/2013 дугаар актаар баталгаажуулж, ашиглалтад оруулсан байна.

 

Хэргийн 119-130 дахь талд авагдсан орон сууцны төлбөрийн нэхэмжлэх, Б ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт зэргээс үзвэл Б ХХК нь тус орон сууцны орон сууцны үйлчилгээний төлбөрийг иргэдээс татан төвлөрүүлж, төлөх үйл ажиллагааг явуулж байжээ.

 

Талуудын маргааны зүйл нь Ц дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны 77 дугаар байрыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээний болон дулаанаар хангасан төлбөрийг Б ХХК хариуцан төлөх эсэх асуудал байна.

 

4. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчжээ.

 

4.1. Хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар

эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг Эрчим хүчний тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан.

 

Иймээс талуудын хооронд үүссэн харилцаанд нарийвчилсан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагатай байна.

 

4.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ. гэж,

Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх ба Зохицуулах зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах журамтай байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ттухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ОНӨААТҮГ-ын хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан 88,209,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Даваадоржийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598,997 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ