Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/00749

 

 

 

 

 

 

 

 

 

2023 3 07 181/ШШ2023/00749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: И -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: х ХХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал, Б.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И нь Х ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай компани "Х " ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г21355301 тоот "Гэнэтийн ослын даатгал"-ын гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэхээр байгуулсан. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай компанийн ажилтан Ж.Ганбат Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэнэт нас барж шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай цогцост хийсэн дүгнэлтдээ ...Талийгаач Ж.Ганбат зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчиний улмаас зүрх судасны дутагдалд орж нас баржээ. гэж дүгнэсэн. Мөн тус осол нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/06/045/88 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1 дэх (Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед) заалтанд хамаарч байгаа үндэслэлээр хянан баталгаажуулсан. "Х " ХХК-тай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгоход шаардагдах материалуудыг бүрдүүлэн, мөн гэрээний 4.2-т заасны дагуу нөхөн төлбөр олгох тухай 22/251 тоот албан бичгийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн. Гэвч "Х " ХХК-аас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06-0515 тоот албан бичгээр дээрх тохиолдолд нь гэрээний ерөнхий нөхцлийн 6.6, 6.14-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдэд хамаарч байгаа буюу Гэрээний тусгай нөхцлийн 6.4-д заасан "Эмнэлгийн байнгын хяналтанд байдаг, бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл /Зүрхний шигдээс, цус харвах, тромбэмболи гэх мэт/, бүх халдварт өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин /хэл ярианы чадвар, ой санамжаа алдах гэх мэт/" гэсэн заалтад хамаарч байх тул нөхөн төлбөрийг олгохгүй гэдэг хариуг өгсөн. Талийгаач Ж.Ганбат ямар нэгэн хууч өвчнөөр урьд өмнө нь эмчийн байнгын хяналтанд байгаагүй, "Мөнгөн гүүр эмнэлгийн үзлэгээр эрүүл мэндийн хувьд ажлын байранд тэнцэнэ гэж дүгнэгдсэн байсан. Мөн "Х " ХХК-аас ирүүлсэн албан бичигт дурдсан нөхөн төлбөр олгогдохгүй байх нөхцлүүд буюу 6 дугаар зүйлд заасан "нөхөн төлбөр олгохгүй нөхцөл-үүдэд бэртсэн, хэвтэн эмчлүүлж байгаа, өвдсөн, амиа хорлосон гэх мэт тодорхой тохиолдолуудыг дурьдсан бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар зүйлийн 6.4-д нэрлэн заасан тодорхой өвчнөөр өвдсөн, Эмчилгээ хийлгэж байхыг ойлгох бөгөөд нас барсан тохиолдлыг дурдаагүй байна. Иргэний хуулийн 198 дугар зүйлийн 198.1-д зааснаар "гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна." гэж заасны дагуу тус гэрээний 2.4-д "Гэнэтийн осол гэдэг нь урьдчилан мэдэгдэж таамаглагдаагүй, гэнэтийн, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр болон санамсаргүй тохиолдол, болгоомжгүй үйлдлийн улмаас даатгуулагчийн бие махбодид гэмтэл, бэртэл учрахыг хэлнэ. гэж заасан бөгөөд манай компанийн хувьд тус үйл явдал гэнэтийн бөгөөд урьдчилан мэдэгдэж, таамаглагдаагүй нөхцөл байдал юм. Иймд тус гэрээний 4.2-т "Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний 100 хувиар олгоно." гэж заасны дагуу 20,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна.

Мөн гэрээний 9.2-т даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийг 0,5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг төлнө гэж заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 10.00.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд "Х " ХХК-аас нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Х ХХК болон И нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г21355301 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан болно. Даатгуулагч И ХХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажилтан Ж.Ганбат Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зуурдаар нас барсан үндэслэлээр нөхөн төлбөр авах нэхэмжлэлийг холбогдох баримтын хамт хүлээн аваад талийгаачийн нас барсан шалтгаантай холбоотой Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 58 тоот шинжээчийн дүгнэлт, Х ХХК-ийн зөвлөх эмчийн дүгнэлт, бусад холбогдох баримтуудад үндэслэн талуудын хооронд байгуулсан №Г213355301 тоот Гэнэтийн ослын Даатгалын гэрээнд хамаарах даатгалын эрсдэл мөн эсэхийг шинжлэн дүгнэж нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 58 тоот шинжээчийн дүгнэлтэнд ...Талийгаачийн биед гэмтэл илрээгүй, цогцост ерөнхий судас хатуурах өвчин, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин тогтоогдсон ба зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан" гэж дүгнэсэн нь талийгаачийг гэмтэл бэртэлээс бус зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг нотолсон байдаг. Иймд материалд цугларсан баримтуудаас үзэхэд дээрх тохиолдол талуудын хооронд байгуулсан гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байх тул гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөлийн 6.6 дахь "Гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй хохирол" гэх заалт, 6.4-т "Эмнэлгийн байнгын хяналтанд байдаг, бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл, цочмог өвчлөл /зүрхний шигдээс, цус харвах, тромболин гэх мэт/, бүх халдварт өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин /хэл ярианы чадвар, ой санамжаа алдах гэх мэт/" гэх заалт, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн 8.5.3-д заасан "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй. Талийгаачийн нас барсан шалтгаан нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ нь гэнэтийн өвчлөлд хамаарахгүй, харин цочмог өвчлөлийн ангилалд хамаардаг тул гэрээнд заасан даатгалын эрсдэл үүсээгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Даатгуулагчийн ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг даатгагч хүлээн авсан өдрөөс хойш шийдвэр гаргах хүртэлх хугацаа ажлын 11 хоног буюу талуудын хооронд байгуулсан гэрээний нөхөн төлбөр олгох ерөнхий нөхцөлийн 5.2 дах Даатгагч нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад баримт материалыг хүлээн авч шаардлага хангасан гэж үзвэл материал бүрэн бүрдүүлж өгснөөс хойш хохирлын дүнгээс хамаарч ажлын 22 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ" хугацаанд хамаарч байна. Иймд гэрээнд заасан хугацааны дотор нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн хариуг өгсөн, мөн даатгалын тохиолдолд хамаарахгүй тул алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн туршилтын хугацаагаар ажилд авах тухай Б22/41 тоот тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, даатгалын нөхөн төлбөр хүссэн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 22/251 тоот албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22/287 тоот албан бичиг, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээний үзлэгийн хуудас, Мөнгөнгүүр эмнэлгийн шинжилгээний хариунууд, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/06/04/88 тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9/3865 тоот хариу, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Г21355301 тоот гэнэтийн ослын даатгалын гэрээ, гэрээний хавсралтаар ажилтнуудын нэрс, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн талийгаач Ж.Ганбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай 06-0515 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06-04/2320 тоот албан бичиг, хураамж төлсөн голомт банкны дансны хуулга, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Даатгалын гэрээний нэмэлт хэлцэл зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-41, 45, 79-89/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл, үйлдвэрийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, түргэн тусламжийн дуудлагын хуудас, гэрчийн тайлбар зэргийг хуулбараар, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06-0582 тоот И ХХК-д хүргүүлсэн зөвлөх эмчийн дүгнэлт зэргийг ирүүлжээ. /хх 47, 51-59, 69-71/

Шүүхийн журмаар:зохигч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/02825 дугаар шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн гэрчийн мэдүүлэг, хариуцагчаас баримтаар ирүүлсэн нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06-0515 тоот албан бичиг, Өмнөговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албанаас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрйин 58 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг бүрдүүлжээ. /хх 10-105, 106-109, 111/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч И нь Х ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: тус компанийн ажилтан Ж.Ганбат гэнэтийн шинжтэй ажил дээрээ нас барсан, улмаар үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдсон, гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд нас барсан тохиолдол хамаарахгүй тул олговол зохих нөхөн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Талийгаачийн нас барсан онош даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй, гэнэтийн өвчлөлд хамаарахгүй харин цочмог шинжтэй өвчин тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас И ХХК, нөгөө талаас х ХХК нар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож, хавсралтад дурдсан ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг бүх төрлийн гэнэтийн ослын эрсдэлээс нэг жилийн хугацаатай хамгаалахаар ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээ-г, мөн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулжээ. /хх 25-35, 86-89/

Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй. Дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

4.2.Даатгуулагчийн ажилтан Ж.Ганбат 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр И ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь төслийн талбайд ажиллах явцдаа нас барсан, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулсан, ажилтныг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээнүүд өгөхөд эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэж байсан үйл баримтуудад зохигчид маргаагүй. /хх 5-7, 11-18, 19, 20-21/

4.3.Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 58 тоот цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр: талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдоогүй, цогцост ерөнхий судас хатуурах өвчин, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин тогтоогдсон ба зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин үхэлд нөлөөлсөн, талийгаач зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан гэж дүгнэжээ. /хх 107-109/

4.4.Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06-0515 тоот албан бичгээр гэрээний ерөнхий нөхцлийн 6.6-т гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл, тусгай нөхцлийн 6.4-т бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл /зүрхний шигдээс, цус харвах, тромбэмболи гэх мэт/, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин гэж заасан олгохгүй нөхцөлд хамаарсан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Улмаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан, тус байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9/3865 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй тухай хариуг өгсөн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 22, 23, 111/

5.Даатгалын гэрээгээр даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчид гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн эсэхэд маргасан.

Нэхэмжлэгч гэрээний 6.4-д нэрлэн заасан нөхөн төлбөр олгохгүй өвчлөлд талийгаачийн нас барсан өвчний нэршил байхгүй, гэрээ өөрөө ажилтнуудын амь нас болон эрүүл мэндийг даатгасан, гэрээний 6.4 дэх заалт эрүүл мэндийн эрсдэлийн хувьд хамаарах ч амь насны эрсдэлд хамаарахгүй гэж тайлбарлав.

Талуудын хоорондох гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийн 6-д нөхөн төлбөр олгохгүй нөхцлүүдийг нэрлэн зааснаас тусгай нөхцлийн 6.4-т бүх төрлийн архаг хууч өвчин, түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл, цочмог өвчлөл /зүрхний шигдээс, цус харвах гэх мэт/, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин гэж заажээ.

Дээрх даатгалын гэрээнд ажилчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс даатгахдаа ерөнхий болон тусгай нөхцлийн 6 дугаар зүйлд нэрлэн заасан нөхөн төлбөрийг олгохгүй нөхцлүүдийг амь насны эрсдлийн хувьд аль тохиолдлуудыг хэрэглэхгүй байж болох, эрүүл мэндийн эрсдэлийн хувьд аль нөхцлүүдийг хэрэглэх зэргээр ялгаж заагласан зүйл алга байна. Иймд гэрээний 6.4 дэх заалт эрүүл мэндийн хувьд хамаарах ч амь нас эрсэдсэн тохиолдолд хамаарахгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.

Талийгаач Ж.Ганбат 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажлын байранд дээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа нас барсан үндэслэлээр Үйлдвэрлэлийн ослыг эрх бүхий байгууллагаас бүртгэсэн явдал гэрээний дагуу нөхөн төлбөр олгох шууд үндэслэлийг бүрдүүлэхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон тохиолдолд нөхөн төлбөрийг шууд олгохоор тохиролцсон зүйлгүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр талийгаач зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон тул энэ нь гэрээнд заасан гэнэтийн осолд хамаарахгүй байна. Иймд гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй, нөхөн төлбөр олгохгүй нөхцлөөр эрсдэл учирсан гэж үзэх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгээд шүүх даатгалын нөхөн төлбөрт 20.000.000 төгрөг гаргуулах, алданги 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар х ХХК-иас даатгалын гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.900 /257.950+174.950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ