Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00937

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00937

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/00749 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал, Б.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани "Б" ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г21355301 тоот "Гэнэтийн ослын даатгал"-ын гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэхээр байгуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай компанийн ажилтан Ж.Г- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэнэт нас барж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач Ж.Г- зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан нь тогтоогдсон.

Мөн тус осол нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/06/045/88 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1 дэх (Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед) заалтад хамаарч байгаа үндэслэлээр хянан баталгаажуулсан.

1.2. “Б” ХХК-тай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгоход шаардагдах материалуудыг бүрдүүлэн, мөн гэрээний 4.2-т заасны дагуу нөхөн төлбөр олгох тухай 22/251 тоот албан бичгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн. Гэвч "Б" ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06-0515 тоот албан бичгээр дээрх тохиолдолд нь гэрээний ерөнхий нөхцлийн 6.6, 6.14-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдэд хамаарч байгаа буюу Гэрээний тусгай нөхцлийн 6.4-т заасан "Эмнэлгийн байнгын хяналтанд байдаг, бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл /Зүрхний шигдээс, цус харвах, тромбэмболи гэх мэт/, бүх халдварт өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин /хэл ярианы чадвар, ой санамжаа алдах гэх мэт/" гэсэн заалтад хамаарч байх тул нөхөн төлбөрийг олгохгүй гэдэг хариуг өгсөн.

1.3. Талийгаач Ж.Г- ямар нэгэн хууч өвчнөөр урьд өмнө нь эмчийн байнгын хяналтанд байгаагүй, "Мөнгөн гүүр эмнэлгийн үзлэгээр эрүүл мэндийн хувьд ажлын байранд тэнцэнэ гэж дүгнэгдсэн байсан. Мөн "Б" ХХК-аас ирүүлсэн албан бичигт дурдсан нөхөн төлбөр олгогдохгүй байх нөхцлүүд буюу 6 дугаар зүйлд заасан "нөхөн төлбөр олгохгүй нөхцлүүдэд бэртсэн, хэвтэн эмчлүүлж байгаа, өвдсөн, амиа хорлосон гэх мэт тодорхой тохиолдлуудыг дурьдсан бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар зүйлийн 6.4-т нэрлэн заасан тодорхой өвчнөөр өвдсөн, Эмчилгээ хийлгэж байхыг ойлгох бөгөөд нас барсан тохиолдлыг дурдаагүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар "гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна." гэж заасны дагуу тус гэрээний 2.4-т "Гэнэтийн осол гэдэг нь урьдчилан мэдэгдэж таамаглагдаагүй, гэнэтийн, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр болон санамсаргүй тохиолдол, болгоомжгүй үйлдлийн улмаас даатгуулагчийн бие махбодид гэмтэл, бэртэл учрахыг хэлнэ. гэж заасан бөгөөд манай компанийн хувьд тус үйл явдал гэнэтийн бөгөөд урьдчилан мэдэгдэж, таамаглагдаагүй нөхцөл байдал юм.

1.4. Иймд тус гэрээний 4.2-т "Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний 100 хувиар олгоно." гэж заасны дагуу 20,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна.

Мөн гэрээний 9.2-т даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийг 0,5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг төлнө гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 10,00,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд "Б" ХХК-аас нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК болон “А” ХХК нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г21355301 тоот “Гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Даатгуулагч “А” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилтан Ж.Г- Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зуурдаар нас барсан үндэслэлээр нөхөн төлбөр авах нэхэмжлэлийг холбогдох баримтын хамт хүлээн аваад талийгаачийн нас барсан шалтгаантай холбоотой Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 58 тоот шинжээчийн дүгнэлт, “Б” ХХК-ийн зөвлөх эмчийн дүгнэлт, бусад холбогдох баримтуудад үндэслэн талуудын хооронд байгуулсан Г213355301 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээнд хамаарах даатгалын эрсдэл мөн эсэхийг шинжлэн дүгнэж нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 58 тоот шинжээчийн дүгнэлтэнд “...Талийгаачийн биед гэмтэл илрээгүй, цогцост ерөнхий судас хатуурах өвчин, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин тогтоогдсон ба зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан" гэж дүгнэсэн нь талийгаачийг гэмтэл бэртлээс бус зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг нотолсон байдаг.

Иймд материалд цугларсан баримтуудаас үзэхэд дээрх тохиолдол талуудын хооронд байгуулсан гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байх тул гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөлийн 6.6 дахь "Гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй хохирол" гэх заалт, 6.4-т "Эмнэлгийн байнгын хяналтанд байдаг, бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл, цочмог өвчлөл /зүрхний шигдээс, цус харвах, тромболин гэх мэт/, бүх халдварт өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин /хэл ярианы чадвар, ой санамжаа алдах гэх мэт/" гэх заалт, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн 8.5.3-д заасан "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй. Талийгаачийн нас барсан шалтгаан нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ нь гэнэтийн өвчлөлд хамаарахгүй, харин цочмог өвчлөлийн ангилалд хамаардаг тул гэрээнд заасан даатгалын эрсдэл үүсээгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. Даатгуулагчийн ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг даатгагч хүлээн авсан өдрөөс хойш шийдвэр гаргах хүртэлх хугацаа ажлын 11 хоног буюу талуудын хооронд байгуулсан гэрээний нөхөн төлбөр олгох ерөнхий нөхцөлийн 5.2-т “Даатгагч нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад баримт материалыг хүлээн авч шаардлага хангасан гэж үзвэл материал бүрэн бүрдүүлж өгснөөс хойш хохирлын дүнгээс хамаарч ажлын 22 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ" гэж заасан. Иймд гэрээнд заасан хугацааны дотор нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн хариуг өгсөн, мөн даатгалын тохиолдолд хамаарахгүй тул алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар “Б” ХХК-аас даатгалын гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Гэнэтийн ослын даатгалын гэрээнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг нас барсан эсвэл эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадварын алдалтын зэргээс хамаарч харилцан адилгүй тодорхойлсон байна.

Шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасныг “...тусгай нөхцлийн 6-р зүйлд нэрлэн заасан нөхөн төлбөрийг олгохгүй нөхцлүүдийг амь насны эрсдлийн хувьд аль нөхцлүүдийг хэрэглэх зэргээр ялгаж заагласан зүйл алга байна'' гэж буруу хэрэглэсэн.

Шинжээчийн дүгнэлт архаг цус хомсрох өвчин гэж дүгнэснийг хариуцагч тал үгүйсгэж цочмог өвчлөл гэж дүгнэснээс гадна шинжээчийн дүгнэлтэнд заасан өвчин нь гэрээний 6.4-д заасан өвчлөлүүдэд дурьдагдаагүй байна.

Мөн “...нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна” гэсэн дүгнэлт нь хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа нотлож чадаагүйг зөвтгөсөн, нэхэмжлэгчийг буруутгаж нэг талыг барьсан дүгнэлт болсон.

4.2. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тушаалтаар “Сайн дурын даатгалын хэлбэр”-үүдийг тодорхойлсон бөгөөд тус тушаалын хавсралтын 1.1-д “Гэнэтийн осол гэж Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал” гэж тодорхойлсон бол “А” ХХК-ийн “Б” ХХК-тай байгуулсан “Гэнэтийн ослын даатгал”-ын гэрээний тусгай нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Даатгалын тохиолдол гэдэг нь даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учрахыг хэлнэ” гэжээ. Мөн гэрээний 3.1-д “Бүх төрлийн гэнэтийн осол (Монгол улсын нутаг дэвсгэрт 24 цагаар)” байна гэж заасан байна. Гэрээнд гэнэтийн ослыг тодорхойлохдоо Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан даатгалын хэлбэрийг “аливаа гэнэтийн осол...” гэж тайлбарласныг хязгаарлаж гэрээнд “... үйлдлийн улмаас даатгуулагчийн бие махбодид гэмтэл, бэртэл учрахыг хэлнэ” гэж тодорхойлсон нь дээрх тогтоолыг зөрчсөн бөгөөд гэнэтийн ослын даатгалын онцлог гол шинжийг алдагдуулсан, захиргааны байгууллагаас гаргасан мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөн байна.

Шүүх үйлдвэрлэлийн ослыг гэнэтийн осолд хамаарахгүй гэсэн нь “А” ХХК нь ажилчиддаа гэнэтийн ослын даатгалд хамруулахаар гэрээ байгуулсан хүсэл зориг, Санхүүгийн зохицуулах хорооноос аливаа гэнэтийн осолд үйлдвэрлэлийн ослыг хамааруулж тодорхойлсныг тус тус үгүйсгэсэн хууль бус шийдвэр юм.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх буюу ямар нэгэн юманд цохиулж, бэртэж гэмтэхийг ойлгохгүй харин хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг ойлгох ба эдгээр нөхцөл байдлыг судлан улсын байцаагч тухайн тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэж дүгнэлтээ гаргасан.

Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. “Б” ХХК нь зөвхөн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд цочмог өвчний улмаас гэх төрлийг оруулсан. Талийгаач нь цочмог өвчний улмаас нас барсан. Иймээс гэнэтийн ослын даатгалын тохиолдол биш гэж үзсэн гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХХК болон “Б” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гэнэтийн ослын даатгалын гэрээг, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээг тус тус бичгээр байгуулсан. Уг гэрээнүүдээр даатгуулагч “А” ХХК нь хавсралтад дурдсан ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг бүх төрлийн гэнэтийн ослын эрсдэлээс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл даатгуулж, даатгалын төлбөрийг төлсөн талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

4. Даатгуулагч “А” ХХК-ийн даатгуулсан ажилтан Ж.Г- нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг ТТ-ГС чиглэлийн төмөр замын төслийн ажлын байранд ажил гүйцэтгэж байгаад нас барсныг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүтгэгдсэн акт үйлдэж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулсан, даатгуулагч компанийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

5. Дээрх тохиолдол нь талуудын хооронд байгуулагдсан Гэнэтийн ослын даатгалын гэрээний даатгалын эрсдэлд хамаарах эсэхэд талууд маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Гэнэтийн ослын даатгал байх ба даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан байхыг шаардана. 

 

6. Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдсон.

Энэ нь Гэнэтийн ослын даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 6 дүгээр зүйл болох Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 6.4-т “Эмнэлгийн хяналтанд байдаг, бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл, цочмог өвчлөл /зүрхний шигдээс, цус харвах, тромбоэмболи гэх мэт/, бүх халдварт өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин /хэл ярианы чадвар, ой санамжаа алдах гэх мэт/” гэж заасанд хамаарч байх тул анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. 

 

7. Талуудын хооронд байгуулагдсан Гэнэтийн ослын даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 441 дүгээр зүйлд заасан 441.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдэд ашигтай даатгалын гэрээ байна. Өөрөөр хэлбэл, даатгал нь хохирол учирсан этгээдэд хохирлыг арилгахад чиглэгддэг тул даатгуулагч компанийн ажилтны амь нас эрсэдсэн нөхцөл байдлын хувьд Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.4, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт зааснаар ашиг сонирхол бүхий этгээд болох талийгаач Ж.Г-ын ар гэр, эрх бүхий этгээд уг нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/00749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА