Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2023/00123

 

 

 

 

 

 

2023 01 17 142/ШШ2023/00123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******,*******,*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма Гандийн гудамж, 49б байрны *******,*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: 38,830,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Давааням овогтой Сүхээ нь 2018 оны 9-р сарын 03-ны өдөр ******* ХХК-ны захирал ******* Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт баригдах орон сууцны байрны 8 давхрын 801 тоотын 109,80 кв.м 3 өрөө орон сууц болон 34 тоот зогсоолыг 241.560.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 241.560.000 төгрөгийг төлсөн. Мөн 2019 оны 8 сарын 27-нд 34 тоот зогсоолыг 31 тоот зогсоол болгон өөрчлөн, 31-2 тоот зогсоолыг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар нэмэлт гэрээ байгуулан 20.000.000 төгрөг төлж нийт 261.560.000 төгрөгийг тус компаний дансанд шилжүүлэн төлбөрийг 100% төлсөн болно. 2021 оны 3-р сарын 14-нд Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2-р зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан орон сууцны 1 м2 талбайг 2.200.000 төгрөгөөр харилцан тохиролцсоныг 1 м2 талбайг 2.000.000 төгрөг болгон өөрчилж, нэмэлт гэрээ байгуулсан. ХХК нь 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор орон сууц дулаан зогсоолын хамт барьж дуусган улсын комисст хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ одоо хүртэл биелүүлэхгүй байна. 2021 оны 11-р сарын 5-нд Улсын комисс хүлээж аваагүй ч харилцан тохирч орон сууцандаа орж өнөөдрийг хүртэл амьдарч байна.

1.Бидний хооронд байгуулсан гэрээний 5 дахь хэсгийн 5.3-т заасны дагуу захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.01 хувийн алданги төлөхөөр заасан, мөн би орон сууцны үнэ 261.560.000 төгрөгийг бүрэн төлсөн тул алданги 16.870.620 төгрөг, Үүнийг задалбал: Захиалагчаас Гүйцэтгэгчид тооцсон алданги гэрээний дагуу ашиглалтанд орох хугацаа 2019 оны 10 дугаар сарын 31 өдөр, Бодит байдалд барилга ашиглалтанд орсон буюу нүүж орсон хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 05 өдөр, Барилга ашиглалтанд орох хугацаа хэтэрсэн 2 жил 5 хоног буюу 735 хоног, Гэрээгээр хугацаа хэтрэхийг зөвшөөрсөн 90 хоног, Хугацаа хэтэрсний алданги тооцох хоног 645 хоног, Гэрээний дүн /100% төлсөн/ 261.560.000 төгрөг, Гэрээгээр алданги тооцох хувь /хоног тутамд/ 0.01, 261.560.000 х 0.01% х 645 хоног нь 16.870.620 төгрөг,

2. 2021 оны 3 сарын 14-ны өдөр байгуулсан гэрээний дагуу буцааж олгогдох хөнгөлөлт 21.960.000 төгрөг /109,8x2.200,000 - 109,8x2,000,000=21,960,000 төгрөг/, нийт 38.830.620 төгрөгийг тус компаниас удаа дараа шаардаж нэхэж байгаа боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй биднийг хохироож байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Иймд хариуцагч Лотус Си Эн эм ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүй үүссэн төлбөр, алданги нийт 38.830.620 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч компани нь хэдийгээр Улаанбаатар хотод байрлах хаягтай боловч бид Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд байгуулсан, гэрээний зүйл болох орон сууц нь тус сумын Уртбулаг багийн Ханддоржийн гудамжинд байрлалтай, тус компани нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй үүссэн төлбөр, алданги нийт 38,830,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******гийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Алданги нэхэмжилсэн тухайд:

******* ГХО ХХК нь Хур трейд ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2018 оны 07 дугаар сараас эхлэн барьж 2021 оны 07 дугаар сард дуусган захиалгын гэрээ байгуулсан иргэддээ хүлээлгэн өгсөн болно. Иргэн *******гийн хувьд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр №01 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулан Централ резидэнс барилгын 8 давхрын 801 тоот 109.80 м.кв орон сууцыг нэг м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 241,560,000 /хоёр зуун дөчин нэгэн сая таван зуун жаран мянга/ төгрөгийг төлсөн, харин ******* ХХК-ийн зүгээс анхны захиалагч учир *******д 34 тоот дулаан зогсоолыг үнэ төлбөргүй өгөхөөр тохиролцсон байдаг. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт-өөр дээрх 34 тоот дулаан зогсоолыг 31 тоот дулаан зогсоол болгон өөрчлөх, уг 31 тоот зогсоолоос хамаарал бүхий 31-2 тоот зогсоолыг нэмэлтээр 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр тооцон худалдахаар болж, ******* нь төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу ******* ХХК нь барилгыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч барилга баригдаж байсан газрын эзэмшигч Хур трейд ХХК нь доорх байдлаар гэрээний үүргээ зөрчиж эхэлсний улмаас санал зөрөлдөөн үүсч, барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүргэсэн.

1.******* ГХО ХХК болон Хур трейд ХХК-ийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулапт, хамтын ажиллагааны гэрээ-гээр Хур трейд ХХК нь барилгын ажлыг саадгүй явуулахтаы холбоотой бүх зөвшөөрөл, бичиг баримтыг хариуцах, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг хангах, барилга барихад шаардлагатай санхүүжилтийг босгох үүднээс захиалагч, худапдан авагч нарыг зуучлах, барилгын сурталчилгааны ажлыг хариуцах зэрэг үүргийг хүлээсэн боловч эдгээр үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж барилгын ажилд саад учирсан.

2.Мөн барилга баригдаж дуусах үе шатанд буюу 2021 оны 03 дугаар сарын 18- ны өдрөөс эхпэн ******* ХХК нь барилгын захиалагч Хур трейд ХХК-д хандан барилгын ажил дуусч байгаа тул техникийн комисс ажиллуулах, цаашлаад Улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангах талаар хүсэлт, шаардпага хүргүүлсээр ямар ч үр дүнд хүрч чадахгүй, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 15 удаагийн албан шаардлагыг өгсөн байдаг нь гэрээний үүргийн биелэлт хойшилсонд ******* ХХК буруугүй болохыг нотолно. Хур трейд ХХК нь одоо ч барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй захиалагч иргэдийн эрх ашгийг хохироосоор байгаа тул бид арга буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан орон сууцны барилгыг Техникийн комисс болон Улсын комисст хүлээлгэн барилгын захиалагч Хур трейд ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явагдаж байна.

3.Барилгын ажил дууссаны дараа захиалагч иргэдийн зүгээс байрандаа орох шаардлагыг тавьсаар байсан ба компанийн зүгээс нөхцөл байдлыг тайлбарласан ч захиалагч иргэд 2021 онд байрандаа орно гээд байр сууцаа зарсан, түрээсийн байранд байгаа учраас яаралтай байрандаа орно гэх шаардлагыг байнга тавьж байсан тул тэдний эрх ашгийг хүндэтгэж 2021 оны 08 дугаар сарын сүүлээс захиалагч нарыг байранд нь оруулсан. *******д ч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон сууцаа хүлээж авахыг мэдэгдэхэд захиалсан тавилгууд нь бэлэн болоогүй байгаа гэсэн тул 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байрныхаа түлхүүрийг албан ёсоор хүлээж авсан.

4.Дээрхээс гадна дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахал нь барилгын ажилд саад учруулсан нэг хүчин зүйл болсон. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хил хаасны улмаас барилгын матералын нийлүүлэлт тасалдаж эхэлсэн, улмаар удаа дараагийн хөл хорио, хязгаарлалтуудаас шалтгаалж, барилгын ажил зогсож, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн болно. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор анх шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар тоггоол, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор эдгээр хугацааг сунгаж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Ингээд мөн л 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тоггоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаар тогтоолуудаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасаар байсан тул 2020, 2021 онд барилгын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах ямар ч боломжгүй болсон. Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжсэн хугацаанд зөвхөн хүнсний дэлгүүр, эмнэлэг, хүчний байгууллагын тодорхой салбараас бусад ямар ч салбарын үйл ажиллагаа явагдаагүй болохыг нэхэмжлэгч өөрөө бүрэн мэдэж байгаа. Ийнхүү барилгын ажлын явцад хариуцагч компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөний улмаас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байгаа тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж зааснаар "******* ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 5.4-т Захиалгат орон сууцнны барилгын ажлыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зогсоох шаардлага гарсан тохиолдолд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа уг нөхцөл байдлыг арилах хүртэл түр зогсоно, 5.5-д Гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг өмнөх 5.4-т заасан шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу ******* ХХК нь алданги төлөх үүрэггүй юм. Эцэст нь мөн ******* ХХК нь иргэн *******тэй 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт-өөр 20,000,000 төгрөгийн зогсоол нэмж захиалсан, үүнээс хойш 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, орон сууцны 1 м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр гэрээний нийт үнэ 239,600,000 төгрөг болсон тул эдгээр нөхцөл байдлыг мөн харгалзан үзэх учиртай.

Хоёр. Зөрүү төлбөр нэхэмжилсэн тухайд:

******* ХХК нь иргэн *******тэй 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, орон сууцны 1 м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцохоор болж, 21,960,000 төгрөгийн төлбөрийг орон сууцыг ашиглалтанд бүрэн оруулсны дараа захиалагчид төлөхөөр тохиролцсон байдаг. Учир нь ******* ХХК нь хэдий хүндэтгэн үзэх шалтгаанаар барилгыг барьж дуусгах хугацааг хэтрүүлсэн ч иргэн *******г анхны захиалагч гэдгээр нь хүндэтгэж, орон сууцны м.кв-ын үнэлгээг бууруулан тооцохоор нэмэлт гэрээг байгуулсан. Гэтэл одоогийн байдлаар Централ резидэнс барилгын орон сууцны 1 м.кв-ын үнэ нь 2,700,000-2,900,000 төгрөгийн хооронд үнэлэгдэж байгаа, түүнчлэн нэхэмжлэгч анхны үнээс алданги тооцож байгаа бол энэхүү нэмэлт гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэмэлт гэрээний дагуу зөрүү төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 352,103 төгрөг төлсөн баримт /хх-4/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-6/, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай орон сууц захилгаар бариулах гэрээ /хх-7-9/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10/, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: итгэмжлэл /хх-19-20/, хариу тайлбар /хх-21-23/, хүсэлт /хх-24-25/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн хүсэлтээр: Орхон аймгийн Онцгой комиссын 01 дугаартай албан бичгүүд, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын судалгаа, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, Халиун капитал ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 38,830,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу буцааж олгогдох хөнгөлөлт 21,960,000 төгрөг, орон сууц барих хугацааг 645 хоног хэтрүүлсний алданги 16,870,620 төгрөг, нийт 38,830,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Хур трейд ХХК нь Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн Ковид цар тахал дэгдэж нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хил хаасны улмаас барилгын материалын нийлүүлэлт тасалдаж, улмаар удаа дараагийн хөл хорио хязгаарлалтуудаас шалтгаалж, барилгын ажил зогсож давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК нар нь 2018 оны 9-р сарын 03-ны өдөр ******* ХХК-ны захирал ******* Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт баригдах орон сууцны байрны 8 давхрын 801 тоотын 109,80 кв.м 3 өрөө орон сууц болон 34 тоот зогсоолыг 241,560,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч 241,560,000 төгрөгийг төлсөн байна.

Мөн 2019 оны 8 сарын 27-нд 34 тоот зогсоолыг 31 тоот зогсоол болгон өөрчлөн, 31-2 тоот зогсоолыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар нэмэлт гэрээ байгуулан 20,000,000 төгрөг төлж нийт 261,560,000 төгрөгийг тус компаний дансанд шилжүүлэн төлбөрийг төлж барагдуулжээ.

Түүнчлэн талууд 2021 оны 3-р сарын 14-нд Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2-р зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан орон сууцны 1 м2 талбайг 2,200,000 төгрөгөөр харилцан тохиролцсоныг 1 м2 талбайг 2,000,000 төгрөг болгон өөрчилж, нэмэлт гэрээ байгуулсан байна.

******* ХХК нь 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор орон сууц дулаан зогсоолын хамт барьж дуусган улсын комисст хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 11-р сарын 5-нд хариуцагчтай харилцан тохирч орон сууцанд нүүн оржээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дахь хэсгийн 5.4-т Захиалгат орон сууцны барилгын ажлыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зогсоох шаардлага гарсан тохиолдолд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа уг нөхцөл байдлыг арилах хүртэл түр зогссонд тооцно гэж заасны дагуу хариуцагч нь ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хөл хорио тогтоосон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй болох нь тогтоогдож байх тул алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин талууд 2021 оны 3-р сарын 14-нд Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2-р зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан орон сууцны 1 м2 талбайг 2,200,000 төгрөгөөр харилцан тохиролцсоныг 1 м2 талбайг 2,000,000 төгрөг болгон өөрчилж, нэмэлт гэрээ байгуулсан байх тул гэрээний дагуу буцааж олгогдох хөнгөлөлт 21,960,000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ХХК-иас 21,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,870,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,103 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 267,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН