Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2023/00161

 

 

 

 

 

2023 01 24 142/ШШ2023/00161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, *******,*******,*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,957,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2020 оны 10 дугаар сараас хувиараа карго үйлчилгээ ажиллуулж эхэлсэн. Одоогоор 13-16 насны 2 хүүхдийн хамт өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч байна. 2020 оны 10 сараас одоог хүртэл Ковид-19-ын нөхцөл байдлаас болоод их цаг үеийг даван туулж явна. Одоогоор компани болж амжаагүй, саяхан компаний нэрээ сонгож авсан. 2022 оны 09 сарын 17-нд Эрдэнэт хотод харъяалалтай Доржнамжил овогтой гэх хүн 64 ширхэгтэй хулсан 00 цаас их хэмжээгээр захиалах гэсэн юм. Хямд олоод өгч болох уу гэж асуусан. Манайх үйлчлүүлэгчдээ бараа захиалж өгөх үүрэгтэй учир БНХАУ дах Өвөрмонгол зуучлагчаараа дамжуулан судлуулж хямдаар 26.9 юань -иар 435 боодол 00-ын цаас 5,793,000 /таван сая долоон зуун ерэн гурван мянган/ төгрөгийг ******* шилжүүлснээр захиалга хийгдсэн. Гэвч тухайн үеийн Ковид-19-ын нөхцөл байдал, БНХАУ-ын хотуудын хөл хорионы улмаас 1 дэлгүүрээс олон боодол 00-ын цаас гарах боломжгүй бөгөөд үйлдвэрлэж гаргах болсон учир хэд хэдэн дэлгүүртэй холбогдсоны эцэст нэг дэлгүүрээс 435 боодлоор олон хоног хүлээсний эцэст гаргуулж чадсан боловч яг БНХАУ дахь хаяг руу хүргэлтэнд явж байх үедээ хөх хотод хөл хорио тогтоосны улмаас замдаа гацсан. Иймд 435 боодол 00-ын цаас төлөвлөсөн цагтаа хаяг дээр хүрч чадалгүй нам гацсан юм. Энэ хугацаанд ******* нь тухайн нөхцөл байдлыг ойлгохгүй намайг барааг нь нуун дарагдуулсан мэтээр ойлгож, бараагаа байнга нэхэж утасдаж залгадаг байсан. Нэгэнт дэлгүүрээсээ гарсан бараа, дэлгүүртээ буцаж очихоос нааш буцаалт хийдэггүй тул үүнийг ойлгохгүй буцаалт хийхийг шаардсан. Ингээд өөрт нь нөхцөл байдлыг ойлгуулж хэлснээр хөл хорио тавихаар бараагаа авна гэж тохирсон. Энэ хугацаандаа байнга бараагаа нэхээд байсан тул БНХАУ дахь Өвөрмонгол зуучлагч өөрөөсөө мөнгө гаргаад дахиад өөр хаяг руу захиалах уу гэж асуусан. *******д өөрт нь нэг удаа залгахад нь хэлсэн. Зуучлагч Өмөрмонгол хүн өөрийнхөө мөнгөөр дэлгүүр болгоноос цөөн тоогоор тоог нь гүйцээж захиалаад, хөл хорио тавигдахаар гацсан 435 боодол 00-ын цаасыг буцаалт хийгээд мөнгөө гаргаж авья гэж хэлж тай тохироод хаяг дээрээ бага багаар захиалж хэлсэн. Энэ үед ******* нь дахиад буцаалт хийе гэсэн. Энэ нь надад ч бас их төвөгтэй санагдсан. Ингээд за тэгье, буцаалт хийе, урагшаа хэлье гэсэн. Урдах Өвөрмонгол зуучлагчтайгаа холбогдоод асуутал эхний 20-40 ширхэг нь эрээн хот дахь хаяг дээр ирсэн байна. Үлдсэн цаасаа буцаалаа гэсэн. Үүнийг *******д хэлтэл за эхнийх нь хаяг дээр очсон юм чинь гүйцээгээд аваад дуусгая гэснээр захиалга үргэлжилсэн юм. Захиалагч нар маань Эрээн хотоос нааш 1 м/куб нь - 800 юань, Хөх хот - 100 юань гэдэг үнийг судалж байж бүгд ургашаа захиалга хийдэг. Үүнийг ******* ч сайн мэдэж байгаа. Ингээд ачилтаасаа шалтгаалаад эхний 28 боодол нь 4 шуудайнд хуваагдаж түүвэр хэлбэрээр ирсэн. 1 шуудай түүвэр ачаа нь монгол төгрөгөөр ойролцоогоор 85,000 /наян таван мянган/ төгрөгөнд ирдэг. Анзаяа би түүвэр ачаагаа (шуудайтай жижиг бараанууд) м/куб-ээр бодож аваад задалж, ширхэглэж хүмүүстээ тараан дундаас нь багахан хэмжээний ашиг олдог бөгөөд том овортой бараанууд болон бөөний их хэмжээний бараа м/куб- ээр бодогддог учир буусан даруйд нь гаалийн хашаанаас тэр үнээр бодож хүмүүс рүүгээ ачуулаад өвөрмонголтойгоо тохирч тухайн бараанаас шалтгаалан 50-300 юань авдаг. (их хэмжээний бараанаас 300 юань гэх мэт) *******д 28 боодол 00-ын цаас ирсэн гэж хэлэхдээ их овортой том ирдэг юм байна. Энэ ачааг чинь нүдээ аниад хямдруулаад 7000 төгрөгөөр бодож өглөө шүү гэж өөрт нь хэлсэн. Дараагийн ачаа олон тоо ширхэгтэй учир хямдруулах боломжгүй гэж тайлбарласан. Энэ үед нь маш их баярлалаа. Урд өвөрмонголдоо бас баярлалаа гэж хэлээрэй гэсэн. Эхний 28 боодол 00-ын цаасыг Эрдэнэт хот руу тээшинд ачуулаад асуудалгүй тээврийн хөлсөө өгсөн. Дараагийн захиалгын 00-ын цаасны 2 удаагийн ойрхон ирэлтээр 157 боодол, 141 боодол тус тус ирсэн бөгөөд ачааны үнэ хамгийн хямдаар 1 боодол нь 16.9 юаниар ирсэн. Энэ тээврийн хөлсөнд зуучлагч өвөрмонгол болон миний зүгээс ямар ч ашиг харалгүйгээр БНХАУ-Монгол улсад орж ирсэн тээврийн үнэ юм. Энэ үед миний бие ойрын хамаатан өнгөрөөд ажил явдалтай байх үедээ *******тай холбогдсон. Эгчийнхээ барааг Эрдэнэт рүү тээшинд ачуулчих. Эгч нь удахгүй каргоны төлбөрөө төлнө өө гээд эхний 157 боодлыг ачуулсан. Дараа өдөрт нь 141 боодол буусныг мөн л эрдэнэт рүү хэлсний дагуу ачуулсан. Тээшинд ачуулахад цаг орой болоод амжаагүй тул буусан гаалийн хашаандаа хоноод маргааш нь 141 боодлыг ачуулсан. Ингээд ачуулснаас 3 хоногийн дараа каргоны төлбөрөө нэхэмжлэхэд мөнгөгүй байна, удахгүй хийнэ гэж хэлсэн. Хэд хоног хүлээгээд дахиад ярихад өгч чадахгүй, чаддаг юм бол аваарай тээшний төлбөр 120,000 төгрөг болох байсан, 200,000 төгрөгөөр өгч жолооч чинь зөрүү идсэн. Хэтэрхий үнэтэй ирсэн. Өгч чадахгүй гээд маш муухай гичий, хүүр гэх мэтээр хараан доромжилсон. Маргаашнаас харьцах аргагүй болж утас, фэйсбүүк блоклосон. Ингээд дараагийн Хятад улсаас ирж байгаа үлдэгдэл 109 боодол 00-ын цаасыг зараад мөнгөө гаргаж ав гэсэн. Манайх бараа борлуулдаг газар биш тул зарах боломжгүй юм. Бас тэр 109 боодол цаас удахгүй ирэх чингэлэгт ачигдаад эрээний гаалийн хашаанд орсон байхад буцаалт хийе гэж байнга дарамталжхараан доромжилсон. Нэгэнт эрээн хотын гаалийн хашаанд орсон ачааг буцаах боломжгүй юм. Бараа буух болгонд хүмүүстээ өөрийнх нь дор бүр нь бараагаа тараагаад өвөрмонгол руугаа тооц-оо хийдэг юм. Эхний тооцоо хийгдэж байж дараагийн ачаа Монгол руу ачигддаг. ******* нь Эрдэнэт хотод одоо 298 боодол 00-ын цаасыг 9988-6439 дугаараар зарж борлуулж байгаа болно. Ингээд ******* нь буяны ажил явдлын үеэр миний итгэлийг далимдуулан нийт 8200төг х 298 ширхэг = 2,457,606 төгрөг (үүнээс блоклож харилцаа тасрахаас өмнө 500,000 төгрөгийг миний ХААН банкны 5176077851 тоот данс руу шилжүүлсэн) нийт үлдэгдэл 1,957,606 төгрөг өгөлгүй луйвардаж зугтсан болно. Миний бие энэ хугацаанд олон ачаа барааг хариуцаж ажиллаж тухай бүрт нь гомдол саналгүй хүлээн авч, хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн нөхцөл байдлаас болоод д болох бүтэх нөхцөл бололцоогоороо дэмжин ажилласан боловч намайг луйвардсан учир миний хохирсон 1,957,606 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би руу утсаар холбогдож site-ийн үнээс арай хямдхан нойлын цаас олдох уу? гэхэд олдоно гэсэн. 1 м.куб ачааны тээврийн зардал 800 ёон гэхэд нь би 1 м.куб-д гэдэгт хэдэн ширхэг нойлын цаас орох вэ? гэж асуухад 70-80 ширхэг болох юм байна гэсэн. Тэр үед Монголд нойлын цаасны бөөний үнэ 19.000 төгрөг байсан. 1 м.куб нь 26,9 ёон, үүнийг 495 төгрөгөөр бодоход 13.000 төгрөг болж байгаа. 1 м.куб-д 70-80 ширхэг гэсэн учраас би 80 ширхгээр нь тооцоод тээврийн зардалтайгаа 5.000-6.000 төгрөг болох юм байна гэж бодсон. Бөөний үнэ нь 19.000 гэдгийг би д хамгийн түрүүнд хэлсэн, бөөний үнээс хямд 18.500-д Монгол ирэх учир 400 гаруй цааснаас 200.000 гаруй төгрөгийн ашигтай юм байна гэж бодож л захиалга өгсөн, түүнээс биш 8.000-9.000 төгрөгийн ханштай байсан учраас би захиалсан. Хамгийн анх 1 м.кубдээ 70-80 ширхэг орно гэдгийг худлаа хэлсэн юм уу, судлаагүй юм уу? Надаас захиалга авах үедээ 2 хоноод хаяг дээр ирнэ, 10 дугаар сарын 10-ны үед Монголд ороод ирнэ гэсэн. Хугацаа нь дөхөөд асуутал захиалсан бараа минь дэлгүүрээсээ гараагүй байна гэхэд нь би буцаая гэсэн. Гэтэл Эрээн дэх Өвөрмонгол хүн нь дахиад захиалсан гэхэд нь за гээд орхисон. Хөх хотод хөл хорионд орсон байгаа барааг буцааж болох эсэхийг судлаад өг гэтэл наашаа ч явах аргагүй, буцааж ч болохгүй гэсэн. Тэгэхэд нь би хөл хориог дуусгаад учраа олъё гэж бодсон. Хөх хот руу өөрийнх нь хүн орж тэнд тусгаарлалтад байгаа бараагаа татна гэж пост бичсэн байхад нь миний цаас орж ирэх үү гэж асуутал их хэмжээний бараа ирэхгүй ирэх боломжгүй байх гэсэн, тэгээд байж байтал миний Эрээний хаяг дээр 28 ширхэг нь ирсэн байна гээд, би 5.000 төгрөг гэж бодоод авъя гэж хэлсэн. Гэтэл эхний 28 ширхгийг 7.000 төгрөг гэхэд нь би үнэтэй байна гээд үлдсэнийг нь буцаах гэтэл гаалийн хашаанд орсон байгаа, ямар ч боломж байхгүй гээд буцаах гэдэг үгийг тоож сонсоогүй. Тийм учраас би 7.000 төгрөгийг үнэтэй байна гээд л авсан. Би ширхэглэж зараад ашиг гаргах гэж байж тээврийн хөлсөө нэмэхэд Улаанбаатарын бөөний үнэ, эрдэнэтэд зарагдаж байгаа үнээс ч хэтэрч байна. Төмөр замын ачааны тээврийн зардал 1 кг нь 300 төгрөг байдаг учир 28 ширхэг цаасны үнэд надаас 887 төгрөг авсан, дараагийн 157 ширхэг цаасыг гийн өөрийнх нь санал болгосон жолоочоор тээвэрлүүлэхэд 1350 төгрөг болгож надаас мөнгө нэмж авч байсан. Хот доторх тээвэр 60.000 байдаг, гэтэл 120.000 төгрөг авсан, гаалийн хашаанд хонуулсан гэж мөнгө аваад, шат шатандаа тээврийн хөлс нэмээд байсан. Би бол авахгүй гэдгээ л хэлсэн, үлдсэн 109 ширхэг цаасыг би авахгүй. Анхнаасаа 8.000-9.000 төгрөгийн тээврийн ханшаа надад хэлсэн бол би захиалахгүй байх байсан. Энэ бүх зардлууд нийлээд 1 ширхэг нойлын цаасны үнэ 23.500 төгрөг болж байгаа, бөөний үнэ нь гэтэл 19.000 шүү дээ. Хямд үнээр захиалга авах гэтэл миний мөнгөөр өөрсдөдөө ашигтай байдлыг л бий болгож байсан. Эхний 28 ширхэг ирэхэд л би үлдэгдлийг нь авахгүй гэдгээ маш сайн хэлсэн. Гэтэл гаалийн хашаанд байгаа, ямар ч арга байхгүй гэсэн. Дөрөв тасалж авч ирэх бүртээ үнийг нь нэмээд, 7.000, 8.200, 8.400, одоо тэр үлдсэн 109 ширхгийг 9.000 төгрөгөөр л тооцно гэж байгаа юм байна. Захиалсан нь би боловч манай нөхөр зардаг юм. Бид хоёр ямар ч ашиггүй 2-3 сар түгжигдсэн, ашиг олох зорилготой болохоос энэ хүний өсгөсөн тээврийн зардлын үнийг төлөх гэсэн юм биш шүү дээ, хэрэв ийм үнэтэй гэдгээ тухайн үед хэлсэн бол би анхнаасаа захиалахгүй байсан гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 46,242 төгрөг төлсөн баримт /хх-5/, цахимаар харилцсан чат, мессэж /хх-6-14/, итгэмжлэл /хх-40/, тайлбар /хх-47/, цахимаар харилцсан чат, мессэж /хх-49-54/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: хариу тайлбар /хх-21-26/, цахимаар харилцсан чат, мессэж /хх-27-39/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,957,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сарын 17-нд хариуцагч *******гын захиалгаар 435 боодол 00-ын цаас захиалж нийлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан боловч үлдэгдэл мөнгөө төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 1 куб.м бараа 800 юаниар ирнэ, нэг куб.м-т 70-80 ширхэг 00-ыг цаас ордог гэхээр нь 1 ш 00-ын цаас 5000-6000 төгрөгөнд ачигдах юм байна гэж ярилцаад 435 боодол цаасны үнэ болох 5,793,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Талуудийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь 00-ын цаасыг хугацаанд нийлүүлж чадаагүй шалтгаанаа Ковид-19-ын нөхцөл байдал, БНХАУ-ын хотуудын хөл хорионы улмаас 1 дэлгүүрээс олон боодол 00-ын цаас гарах боломжгүй бөгөөд үйлдвэрлэж гаргах болсон олон хоног хүлээсэн боловч яг БНХАУ дахь хаяг руу хүргэлтэнд явж байх үед Хөх хотод хөл хорио тогтоосны улмаас замдаа гацсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь 28 боодол 00-ын цаасыг 7000 төгрөгөөр бодож хариуцагчид өгсөн, дараа нь 157 боодол, 141 боодол 00-ын цааснуудыг тээшинд хийж ачуулсан байх ба каргоны төлбөрийг хариуцагч төлөөгүй, тээврийн хөлсний талаар талууд тохиролцож чадаагүй, хариуцагч тээшний төлбөр 120,000 төгрөг болох байсан, 200,000 төгрөгөөр хэтэрхий үнэтэй ирсэн гэж маргаж байна.

Ийнхүү хариуцагч үлдэгдэл 109 боодол 00-ын цаасыг хүлээн авч мөнгийг төлөхөөс татгалзсан байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг 298 ширхэг 00-ын цаасыг нэг боодлыг нь 8,200 төгрөгөөр худалдаж нийт 2,457,606 төгрөг олсон, үүнээс 500,000 төгрөгийг шилжүүлж нийт үлдэгдэл 1,957,606 төгрөгийг төлөөгүй гэж үзэж байна.

Талууд 00-ын цаасны тоо хэмжээний талаар маргахгүй байгаа боловч үнийн дүнгийн талаар тохиролцоогүй хоорондоо маргаж байна. Иймд нэхэмжлэгч нь эхний 28 боодол 00-ын цаасыг 7000 төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөнтэй хариуцагч маргаагүй, тухайн үед хүлээн зөвшөөрснийг үндэслэн 298 ширхэг 00-ын цаасыг дээрх үнээр /7000 төгрөг/ тооцож, хариуцагчаас гаргуулах, төлсөн 500,000 төгрөгийг хасаж тооцох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан *******гаас 1,586,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 371,606 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,272 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 40,326 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН