Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2023/00029

 

2023 03 30 207/МА2023/00029

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Э-ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э-ад холбогдох,

Барааны үнэ 1.957.606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.А-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Д.Э-а, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

...2022 оны 09 сарын 17-нд Эрдэнэт хотод харъяалалтай Д овогтой Э гэх хүн 64 ширхэгтэй хулсан 00 цаас их хэмжээгээр захиалах гэсэн юм. Хямд олоод өгч болох уу гэж асуусан. Өвөрмонгол зуучлагчаараа дамжуулан судлуулж хямдаар 26.9 юань -иар 435 боодол 00-ын цаас 5.793.000 /таван сая долоон зуун ерэн гурван мянган/ төгрөгийг Д.Э-а шилжүүлснээр захиалга хийгдсэн. Гэвч тухайн үеийн Ковид-19-ын нөхцөл байдал, БНХАУ-ын хотуудын хөл хорионы улмаас хэд хэдэн дэлгүүртэй холбогдсоны эцэст нэг дэлгүүрээс 435 боодлоор олон хоног хүлээсний эцэст гаргуулж чадсан боловч хөх хотод хөл хорио тогтоосны улмаас замдаа гацсан. ...Энэ үед Д.Э-а нь дахиад буцаалт хийе гэсэн. Энэ нь надад ч бас их төвөгтэй санагдсан. Ингээд за тэгье, буцаалт хийе, урагшаа хэлье гэсэн. Урдах Өвөрмонгол зуучлагчтайгаа холбогдоод асуутал эхний 20-40 ширхэг нь эрээн хот дахь хаяг дээр ирсэн байна. Үлдсэн цаасаа буцаалаа гэсэн. Үүнийг Д.Э-ад хэлтэл за эхнийх нь хаяг дээр очсон юм чинь гүйцээгээд аваад дуусгая гэснээр захиалга үргэлжилсэн, эхний 157 боодлыг ачуулсан. Дараа өдөрт нь 141 боодол буусныг мөн л эрдэнэт рүү хэлсний дагуу ачуулсан. Ингээд Д.Э-а нь буяны ажил явдлын үеэр миний итгэлийг далимдуулан нийт 8200төг х 298 ширхэг = 2.457.606 төгрөг (үүнээс блоклож харилцаа тасрахаас өмнө 500,000 төгрөгийг А миний Х банкны 5176077851 тоот данс руу шилжүүлсэн) нийт үлдэгдэл 1.957.606 төгрөг өгөлгүй луйвардаж зугтсан болно. Тухайн нөхцөл байдлаас болоод Эд болох бүтэх нөхцөл бололцоогоороо дэмжин ажилласан боловч намайг луйвардсан учир миний хохирсон 1.957.606 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Э-а шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би А руу утсаар холбогдож site-ийн үнээс арай хямдхан нойлын цаас олдох уу? гэхэд олдоно гэсэн. 1 м.куб ачааны тээврийн зардал 800 ёон гэхэд нь би 1 м.куб-д гэдэгт хэдэн ширхэг нойлын цаас орох вэ? гэж асуухад 70-80 ширхэг болох юм байна гэсэн. Тэр үед Монголд нойлын цаасны бөөний үнэ 19.000 төгрөг байсан. 1 м.куб нь 26,9 ёон, үүнийг 495 төгрөгөөр бодоход 13.000 төгрөг болж байгаа. 1 м.куб-д 70-80 ширхэг гэсэн учраас би 80 ширхгээр нь тооцоод тээврийн зардалтайгаа 5.000-6.000 төгрөг болох юм байна гэж бодсон. Бөөний үнэ нь 19.000 гэдгийг би Ад хамгийн түрүүнд хэлсэн, бөөний үнээс хямд 18.500-д Монгол ирэх учир 400 гаруй цааснаас 200.000 гаруй төгрөгийн ашигтай юм байна гэж бодож л захиалга өгсөн, ...Хөх хотод хөл хорионд орсон байгаа барааг буцааж болох эсэхийг судлаад өг гэтэл наашаа ч явах аргагүй, буцааж ч болохгүй гэсэн. Тэгэхэд нь би хөл хориог дуусгаад учраа олъё гэж бодсон. ...Анхнаасаа 8.000-9.000 төгрөгийн тээврийн ханшаа надад хэлсэн бол би захиалахгүй байх байсан. Энэ бүх зардлууд нийлээд 1 ширхэг нойлын цаасны үнэ 23.500 төгрөг болж байгаа, бөөний үнэ нь гэтэл 19.000 шүү дээ. Хямд үнээр захиалга авах гэтэл миний мөнгөөр өөрсдөдөө ашигтай байдлыг л бий болгож байсан. Эхний 28 ширхэг ирэхэд л би үлдэгдлийг нь авахгүй гэдгээ маш сайн хэлсэн. Гэтэл гаалийн хашаанд байгаа, ямар ч арга байхгүй гэсэн. Дөрөв тасалж авч ирэх бүртээ үнийг нь нэмээд, 7.000, 8.200, 8.400, одоо тэр үлдсэн 109 ширхгийг 9.000 төгрөгөөр л тооцно гэж байгаа юм байна. Захиалсан нь би боловч манай нөхөр зардаг юм. Бид хоёр ямар ч ашиггүй 2-3 сар түгжигдсэн, ашиг олох зорилготой болохоос энэ хүний өсгөсөн тээврийн зардлын үнийг төлөх гэсэн юм биш шүү дээ, хэрэв ийм үнэтэй гэдгээ тухайн үед хэлсэн бол би анхнаасаа захиалахгүй байсан гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан Д.Э-агаас 1.586.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 371.606 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Э-агаас 1.586.000 төгрөг гаргаж 371.606 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна...хариуцагчийн зөвхөн амаар хэлсэн худал мэдээлэлд үндэслэн гаргасан шийдвэрээс болоод ямар ч ашиггүй ажилласны дээр урд нь харьцдаг Өвөрмонгол дээрээ ширхэг 00 цаас тутамд 1200 төгрөгийн өрөнд ороод байна. ...Иймд хэрэгсэхгүй болгосон 371.606 төгрөгийг хариуцагч Д.Э-агаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

2.Нэхэмжлэгч Б.А шүүхэд ...Д.Э-аг болж бүтэх нөхцөл бололцоогоороо дэмжин ажилласан боловч намайг луйвардсан, 289 боодол ОО цаас хүлээж авсан тул 8200 төгрөгөөр тооцож үүнээс 500.000 төгрөг төлсөн, би хохирсон тул -1.957.606 төгрөгийг нэхэмжилж байна гэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Э-а ...хулсан ОО цаасны бөөний үнэ 19.000.0 төгрөг байсан, ОО цаасны үнэ зардалтайгаа 5000-6000 төгрөг байхаар тооцогдож байсан. Эхний 28 боодол ОО цаас аваад, үлдэгдлийг авахгүй гэдгээ хэлсэн, цувуулж өгөх болгондоо зардлын үнийг нэмж байсан, би өөрөө хохирсон, гэх тайлбар гаргаж, маргасан байна.

3.Шүүх хариуцагч Д.Э-агаас барааны үнэ-1.586.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 371.606 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Д.Э-а нь нэхэмжлэгч Б.А-ийн бараа нийлүүлэх саналын дагуу хулсан ОО цаас захиалж улмаар 2 удаагийн үйлдлээр 298 боодол хулсан ОО цаас хүлээн авсан ба талууд уг барааны чанар, тоо хэмжээний талаар маргаагүй байна.

5.Шүүх нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Э-ад захиалгын дагуу хулсан ОО цаасыг нийлүүлэхдээ тээврийн зардлыг 7.000 төгрөгөөр тооцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй.

6.Учир нь нэхэмжлэгч Б.А тухайн үед цар тахлын улмаас барааны нийлүүлэлтийн хугацаа хэтэрсэн, валютийн ханшны өсөлт зэргээс шалтгаалж барааны зардлын үнэ 8.200 төгрөг болж нэмэгдсэн болохоо нотолж чадаагүй, хариуцагчид нийлүүлсэн барааны зардлын төлбөр тооцоог хийгээгүйгээс хэдэн төгрөгөөр нэмэгдсэн болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

7.Шүүх талуудын хооронд худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж улмаар нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасантай нийцсэн байна.

8.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.А-ийн шүүхэд гаргасан ...хариуцагчаас төлбөр-371.606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

9.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 16.4-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 11.798 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй....

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О