Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/00313

 

 

 

 

2023 02 28 142/ШШ2023/00313

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:......................................******* ******* ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: .........................................Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны Б/71 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 1 523 958 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч *******

Гэрч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сургуулийн дотуур байрны багш Ж.******* миний бие үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авсанд, арга хэмжээ авсантай холбогдуулан 2022 оны 09, 10 дугаар сарын ур чадварын нэмэгдэл, улирал бүр олгодог үр дүнгийн 3 дугаар улирлын урамшуулал олгогдоогүйд гомдолтой байна. Сануулах арга хэмжээ авсан тушаалын хуулбарыг 2022 оны 09 дүгээр сарын 26-нд хүлээн авч танилцаад миний бие тушаалд дурьдсан зөрчлийг гаргаагүй тул хуулийн дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч тус Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй гэсэн хариуг 2022 оны 10 дугаар сарын 13-нд өгсөн. Иймд Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын Б/71 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулуулахаар тус шүүхэд хандаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ж.******* миний нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгч би дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 1. Ур чадварын нэмэгдлийг 2022 оны 09 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл бодож нөхөн олгуулах. 2. Үр дүнгийн урамшууллыг 2022 оны 3 дугаар улирлаас эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл бодож нөхөн олгуулах гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 тоот тушаалаар үндэслэлгүй сануулах арга хэмжээ авахуулсан тухай дурдсан ба энэ нь ор үндэсгүй сануулах арга хэмжээ авсан зүйл үгүй бөгөөд Ж.******* нь дотуур байрны суралцагчдын дунд гарсан аливаа зөрчлийг удаа дараа нуун дарагдуулж дотуур байрны суралцагчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, удирдлагыг худал мэдээллээр удаа дараа хангасан, бусадтай зүй бус харьцдаг зэрэг зөрчлүүдийг нь үндэслэн ганцаарчлан сануулах арга хэмжээ авсан. Ж.******* нь 2021-2022 оны хичээлийн жилийн тайлан хамгаалалтын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдэн коммиссын бүрэлдэхүүн цаашид ажлын ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйдээ анхаарч ажиллахыг сануулж, зөвлөмж зөвлөгөөг өгсөн. Ж.*******гийн энэ үйлдлүүд засарч сайжраагүй бөгөөд алдаа дутагдлууд давтагдан түүнийгээ нуун дарагдуулсан нь илэрсэн тул уг сануулах арга хэмжээг авсан болно гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, 2022 оны 09 сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаал /хх-3/, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын албан тоот /хх-4/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Орхон аймаг дахь МСҮТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын хуулбар /хх-27-38/, Орхон аймаг дахь МСҮТ-ийн А/124 дугаартай Ур чадварын нэмэгдэл олгох журам батлах тухай захирлын тушаалын хуулбар /хх-39/, Орхон аймаг дахь МСҮТ-ийн ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох журам /хх-40-45/, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралт цалийн картын хуулбар /хх-46-47/, Орхон МСҮТ-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн эцсийн гүйцэтгэх удирдлагын багийн тайлан хамгаалалтын үнэлгээ /хх-58/, 2022 оны 09 сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай Орхон аймаг дахь МСҮТ-ийн захирлын тушаал /хх-59/, 2022 оны 08 сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаал /хх-107/, 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Б/07 дугаартай Ажилд томилох тухай Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаал /хх-106/, 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаал /хх-109/ зэргийг бүрдүүлсэн байна.

5. Хариуцагчаас: Орхон МСҮТ-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн эцсийн тайлан хамгаалалтын үнэлгээ /хх-18/, 2022 оны 09 сарын 19-ны өдрийн Орхон аймаг дахь МСҮТ-ийн захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /хх-19-21/, жижүүрийн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /хх-22-23/, 2019 оны 01 сарын 09-ны өдрийн 5 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоол /хх-65-68/, 2021 оны 02 сарын 01-ний өдрийн А/35, А/10 дугаартай Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал, хавсралт /хх-69-72/, 2016 оны 09 сарын 23-ны А/72 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт /хх-73-74/, 2022 оны 10 сарын 03-ны өдрийн Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /хх-75-79/, 2022 оны 01 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-80-83/, суралцагчдийн тэмдэглэл фото зураг /хх-93-97/, Боловсрол, Шинжлэх ухааны яамны харъяа Орхон аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Дотуур байрны жижүүрийн тэмдэглэл-ийн дэвтэр-1 ширхэг /125 хуудастай/, Орхон аймаг МСҮТ-ийн Жижүүр хүлээлцэх дэвтэр 1 ширхэг /50 хуудастай/ дэвтэр зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв-д холбогдуулан 2022 оны Б/74 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаалын дугаарыг андуурсан тул 71 тоот гэж, мөн шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ур чадварын нэмэгдэл 897 360 төгрөг, үр дүнгийн урамшуулал 626 598 төгрөг, нийт 1 523 958 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны Б/71 тоот тушаалаар тус сургуулийн дотуур байрны багш Ж.*******д ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авчээ. /хх59/

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар ажил олгогчийн дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахад хороо байгуулагдаагүй гэсэн хариу өгсөн /хх4/ байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж.******* нь дотуур байрны суралцагчдын дунд гарсан аливаа зөрчлийг удаа дараа нуун дарагдуулж дотуур байрны суралцагчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, удирдлагыг худал мэдээллээр удаа дараа хангасан, бусадтай зүй бус харьцдаг. 2021-2022 оны хичээлийн жилийн тайлан хамгаалалтын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдэн комиссын бүрэлдэхүүн цаашид ажлын ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйдээ анхаарч ажиллахыг сануулж, зөвлөмж зөвлөгөөг өгсөн ч засарч сайжраагүй, алдаа дутагдлууд давтагдан түүнийгээ нуун дарагдуулсан нь илэрсэн... гэж тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Ж.Лхасүрэнд: ...дотуур байранд гарсан зөрчлийг нуун дарагдуулж, удирдлагыг худал мэдээллээр ханган зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1 дүгээр зүйлийн 10 дахь заалтыг үндэслэн сануулах сахилгын арга хэмжээ авсан байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1.-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1 дүгээр зүйлийн10-д өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж заасан байна.

7. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцон арга хэмжээ авахаар хуульчилсан.

8. Хариуцагч байгууллага нь Ж.*******д сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын ямар ямар заалтыг хэрхэн зөрчсөн, сахилгын шийтгэлд тооцогдох болсон үндэслэл тодорхойгүй, энэ талаар тушаалд тодорхой тусгаагүй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5.-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч... гэснийг зөрчсөнөөс гадна ажилтныг ажлын байрны тодорхойлолтгүйгээр ажиллуулж байгаа нь ажил олгогчийг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

10. Хариуцагчийн төлөөлөгч хүүхдүүдийн цонх хагалсныг удирдлагууд захирлын зөвлөлийн шуурхай дээр мэдсэн, өмнө нь мэдэгдэх ёстой байсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж, гэрчээр *******, ******* нарыг асуулгасан.

11. Гэрч П.Тунгалаг: ...дотуур байр 2 багштай, багш нар ажлаа дэвтэр дээр бичиж хүлээлцдэг болсон. Ямар нэг асуудал гарвал шууд удирдлага болох надад мэдэгдэх ёстой байдаг. Захирлын зөвлөлийн шуурхай дээр надад мэдэгдээгүй зүйлүүд яригддаг. Тайлан хамгаалалт дээр Ж.******* доогуур үнэлгээ авсан байсан... гэсэн,

12. Гэрч *******: ...дотуур байр өдрийн дэглэмтэй байх талаар би саналаа хэлж байсан. Энэ өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй... гэсэн.

13. Нэхэмжлэгч: хүүхдүүд цонх хагалсан асуудал гарсан, тэр өдөр амралтын өдөр байсан тул энэ талаар ажил хүлээлцдэг дэвтэрт бичсэн, хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй ярилцаад цонхыг төлүүлэхээр шийдвэрлэсэн, надад нуусан юм байхгүй гэсэн тайлбар гаргасан, дээрх гарсан зөрчлийн талаар жижүүр хүлээлцдэг дэвтэрт тухайн үед бичигдсэн байгааг нуусан гэж үзэхээргүй байна.

14. Хариуцагч мөн 2021-2022 оны хичээлийн жилийн тайлан хамгаалалтын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдэн комиссын бүрэлдэхүүн цаашид ажлын ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйдээ анхаарч ажиллахыг сануулж, зөвлөмж зөвлөгөөг өгсөн ч засарч сайжраагүй, алдаа дутагдлууд давтагдан түүнийгээ нуун дарагдуулсан гэсэн байх ба тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, 2022 оны 6 дугаар сарын тайлан хамгаалалтын үнэлгээ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасныг зөрчсөн байна. /хх18/

Иймд Ж.******* нь сахилгын зөрчил гаргасан нь нотлогдохгүй байх тул Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 тоот тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэлтэй холбогдуулан хассан ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг гаргуулан олгох нь зүйтэй.

15. Ур чадварын нэмэгдлийг сар бүр авдаг бөгөөд тасралтгүй ажилласан сүүлийн сар 4-6 сарын дундаж 149 591 төгрөгийг 6 сараар /9-12, 1-2 дугаар/ тооцож 897 546 төгрөг, улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг өмнө авсан хоёр улирлын дундажаас тооцож 417 735 төгрөг, нийт 1 315 281 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 208 866 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 106 194 төгрөг /35 994₮ + 70 200₮/ гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг баримтлан Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч байгууллагаас сахилгын шийтгэлтэй холбогдуулан суутгасан ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 1 315 281 төгрөг гаргуулан Ж.*******д олгож, нэхэмжлэлээс 208 866 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв-өөс 106 194 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА