Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2023/00042

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 08 207/МА2023/00042

 

 

Ж.Лийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О аймаг дахь Мэргэжил

сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/...................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Лийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

О аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны ....... тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 1.523.958 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

...Тус сургуулийн дотуур байрны багш Ж.Л миний бие үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авсанд, арга хэмжээ авсантай холбогдуулан 2022 оны 09, 10 дугаар сарын ур чадварын нэмэгдэл, улирал бүр олгодог үр дүнгийн 3 дугаар улирлын урамшуулал олгогдоогүйд гомдолтой байна. Сануулах арга хэмжээ авсан тушаалын хуулбарыг 2022 оны 09 дүгээр сарын 26-нд хүлээн авч танилцаад миний бие тушаалд дурьдсан зөрчлийг гаргаагүй тул хуулийн дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч тус Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй гэсэн хариуг 2022 оны 10 дугаар сарын 13-нд өгсөн. Иймд О аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын ....... тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулуулахаар тус шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Л нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Ж.Л миний нэхэмжлэлтэй О аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгч би дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 1. Ур чадварын нэмэгдлийг 2022 оны 09 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл бодож нөхөн олгуулах. 2. Үр дүнгийн урамшууллыг 2022 оны 3 дугаар улирлаас эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл бодож нөхөн олгуулах гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж.Лийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ....... тоот тушаалаар үндэслэлгүй сануулах арга хэмжээ авахуулсан тухай дурдсан ба энэ нь ор үндэсгүй сануулах арга хэмжээ авсан зүйл үгүй бөгөөд Ж.Л нь дотуур байрны суралцагчдын дунд гарсан аливаа зөрчлийг удаа дараа нуун дарагдуулж дотуур байрны суралцагчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, удирдлагыг худал мэдээллээр удаа дараа хангасан, бусадтай зүй бус харьцдаг зэрэг зөрчлүүдийг нь үндэслэн ганцаарчлан сануулах арга хэмжээ авсан. Ж.Л нь 2021-2022 оны хичээлийн жилийн тайлан хамгаалалтын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдэн коммиссын бүрэлдэхүүн цаашид ажлын ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйдээ анхаарч ажиллахыг сануулж, зөвлөмж зөвлөгөөг өгсөн. Ж.Лийн энэ үйлдлүүд засарч сайжраагүй бөгөөд алдаа дутагдлууд давтагдан түүнийгээ нуун дарагдуулсан нь илэрсэн тул уг сануулах арга хэмжээг авсан болно гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3., 123 дугаар зүйлийн 123.2.3.-т заасныг баримтлан О аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ....... тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч байгууллагаас сахилгын шийтгэлтэй холбогдуулан суутгасан ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 1.315.281 төгрөг гаргуулан Ж.Лд олгож, нэхэмжлэлээс 208.866 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино гэж заасантай нэхэмжлэгч Ж.Лийн үг үйлдэл нь харшилж байна. 2-т О аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугар сарын 28-ны өдрийн 142/...................... дугаартай шийдвэрийн 1-т заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3-т заасныг баримтлан гэсэн нь О мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн .......тоот тушаалд заагаагүй өөрөөр хэлбэл Ж.Лийн сахилгын шийтгэлд хамаарахгүй өөрөөр хэлбэл Ж.Лийн сахилгын шийтгэлд хамаарахгүй Үндсэн цалинг 20 хүртэл хувиар бууруулах тухай заалт байна. Түүнчлэн цалингийн нэмэгдэл хөлсийг гаргуулахаар шүүх шийдэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 108 дугаар зүйлийг хэрэглэх ёстойг өмгөөлөгч хэлж байна. 3-т Ж.Л нь /Монгол улсын стандарт MNS 6890:2020/-ын 6.3 Багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, хүүхэд, өсвөр үе, запуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, тэдэнтэй ярилцах, ойлголцох, харилцах ур чадвартай байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. 4-т Ж.Л нь багшлах эрхийн үнэмлэхтэй гэх ба энэ нь дотуур байрын багшийн ажлын байрны шаардлагыг хангах үндэслэл болохгүй, зөвхөн өөрийн үндсэн бакалаврын мэргэжлээрээ багшлах эрхийн үнэмлэх болно. 5-д Шүүхийн шийдвэрт заасан ур чадварын болон үр дүнгийн мөнгөн урамшуулал нь ямар ч нөхцөлд заавал олгогдох урамшуулал биш тул шүүх шууд тооцож заасан нь буруу. Хэрэв уг урамшууллыг нөхөн олгох үндэслэлтэй гэж үзвэл тооцож олгохыг даалгаж шийдвэрлэх ёстой. Ажилтан хэрэгт авагдсан Засгшн газар, яамны журамд заасан шалгуур узуулэпт, ажлын үр дүнгээ үнэлүүлж байж урамшуулал, нэмэгдлээ тооцуулж авах ёстой. Иймд О аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/...................... дугаартай шийдвэрийг хүчингүй болгох буюу тийм боломжгүй гэвэл өөрчлөлт оруулж зөвтгөнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч Р.Н нарын гаргасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд ...миний бие тушаалд дурьдсан зөрчлүүдийг гаргаагүй байхад сануулах шийтгэл оногдуулсан, надад олгогдох цалингаас нэмэгдэл, урамшууллыг хассан тул захирлын ....... тоот тушаалыг хүчингүй болгож, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшуулал 1.524.147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э ...Ж.Л нь дотуур байрны суралцагчдын дунд гарсан аливаа зөрчлийг удаа дараа нуун дарагдуулж, буруу үлгэр дуурайлал үзүүлэх, удирдлагыг худал мэдээллээр удаа дараа хангасан, бусадтай зүй бус харьцдаг зэрэг зөрчлүүдийг үндэслэн ганцаарчлан сануулах арга хэмжээ авсан болно гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх О аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ....... тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч байгууллагаас сахилгын шийтгэлтэй холбогдуулан суутгасан ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 1.315.281 төгрөг гаргуулан Ж.Лд олгож, нэхэмжлэлээс 208.866 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хууль тогтоомж болон Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож ногдуулахаар зохицуулагдсан.

5.Ажил олгогч нь нэхэмжлэгч Ж.Л ...багшийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.10.-д ...өгсөн үүрэг даавгавар биелүүлээгүй гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, хаалттай сануулах арга хэмжээ авахдаа зөрчлийн баримтыг ажилтанд танилцуулж, тайлбар гаргах боломжоор хангаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3. дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч... гэснийг зөрчсөн байна.

6.Түүнчлэн ажил олгогч нь нэхэмжлэгч Ж.Лд хэзээ, ямар үүрэг даалгавар хүлээлгэсэн, биелэлтийг хэрхэн дүгнэсэн, хэн хяналт тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйгээс гадна ажилтны гүйцэтгэх үүрэг нь ажлын байрны тодорхойлолт болон бусад эрх зүйн актанд тодорхой байж улмаар ажил олгогч хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл бүрдэх юм.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Лд өөрт нь гарцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болжээ.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын хөлс, шагнал урамшууллаас бүрдэх бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн хуульд нийцээгүй сахилгын шийтгэл ногдуулсантай шалтгаант холбоотойгоор авч чадаагүй ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал авахаар шаардах эрхтэй.

9.Шүүх нэхэмжлэгч Ж.Лийн нэхэмжилж буй ур чадварын нэмэгдэл, улиралд олгогдох үр дүнгийн урамшууллын хэмжээг сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө олгогдож байсан 3 сарын цалин хөлсөөр тооцож ажил олгогчоос ур чадварын нэмэгдэл, урамшуулал нийт-1.315.281 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 208.866 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1. дэх хэсэгт нийцжээ.

10.Нэхэмжлэгч Ж.Л сахилгын шийтгэл ногдуулснаас хойш тасралтгүй ажилласан хугацаанд олгогдох цалин хөлсийг бүтнээр нь авч чадаагүй явдал нь түүнээс шалтгаалаагүй тул түүнд олгогдох ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалыг хуульд заасан хэмжээгээр тооцож олгохыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэл байхгүй.

11.Шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажил олгогчийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, ажилтны ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй тул Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нгийн гаргасан ...Шүүх цалингийн нэмэгдэл хөлсийг гаргуулахаар шийдэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийг хэрэглэх ёстой. Ажилтан шалгуур үзүүлэлт, ажлын үр дүнгээ үнэлүүлж байж урамшуулал, нэмэгдлээ тооцож авах ёстой. Хэрэв урамшууллыг нөхөн олгох үндэслэлтэй гэж үзвэл тооцож олгохыг даалгаж шийдвэрлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу тийм боломжгүй гэвэл өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/...................... дугаар шийдвэрийг 1 дүгээр заалтанд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 123 дугаар зүйлийн 123.2.1., 158 дугаар зүйлийн 158.1.5. гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 106.194 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О