Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00328

 

 

 

2023 03 02 142/ШШ2023/00328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .................................... Төрийн банк ХХК .................................. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................................С.И.......................................................-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9 793 421.73 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч *******

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн *******, ******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-нд Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс 340502449703 тоот зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ******* 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийн хамтран зээлдэгч *******д хүргүүлсэн байдаг. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэх заалтуудыг дагуу зээлийг гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 8 185 685.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 519 829.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87,906.76 төгрөг, нийт 9 793 421.73 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ...

2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хамтран зээлдэгч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд бичсэн хариу тайлбараа дэмжиж байна. Миний бие *******гийн гуйлтаар зээлийн гэрээнд учир холбогдлыг мэдэлгүйгээр гарын үсэг зурсан нь үнэн боловч энэхүү зээл надад ашиглагдаагүй, би төлөх боломжгүй, ******* уг зээлийг аваад салаад явсан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн;, 58.3.3-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн гэж заасан бөгөөд ирээдүйд үүсэх эрсдэлийг мэдэж байсан бол гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Хэдийгээр ******* миний бие уг гэрээнд хамтран зээлдэгч гэж тусгагдсан ч Төрийн банк ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.3-т Банк, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх ба тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг бэлэн бусаар төлүүлнэ гэж заасан ч ******* нь зээлийн төлбөрийг 2021.01.02-ны өдрөөс хойш төлөөгүй гэж нэхэмжпэгч тайлбарладаг ба ******* нь 2022 01.31-ний өдөр нас барж, 1 жилийн хугацаанд төлбөр төлүүлэх ямар ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, хамтран зээлдэгч гэх миний данснаас ямар ч төлбөрийн таталт хийгдэж байгаагүй. 2.1. Анхан шатны шүүх хуралдаанд даргалагчаас Зээл төлүүлэхээр ямар арга хэмжээ авч байсан бэ" гэсэн асуултад нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч ******* Утсаар холбогдож байсан, нэг удаа очиж уулзсан, хүүхдүүд нь бүгд том болоод хотод ажиллаж байгаа, нэг хүүхдийнхээ орлогоор төлье гэж байсан гэж хариулсан байдаг. Үүнээс үзэхэд ******* уг зээлийг өөрөө бүрэн төлөхөө ухамсарласан, өөрөө төлөх боломжгүй болсон тохиолдолд хүүхдүүд нь төлнө гэсэн ухамсрыг, хариуцлагаа бүрэн илэрхийлсэн гэж үзэж байна. Хэрэв ******* намайг төлөх үндэслэлтэй гэж үзсэн бол ******* тухайн үед надаас авч өгнө гэдэг байдлаар өөрийн санааг илэрхийлэх байсан. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн барьцаа нь юу байсан талаар даргалагчийн асуултад энэ 2 хүний ирээдүйд орж ирэх орлого байсан гэж тайлбарладаг ч уг гэрээний утга нь Барьцаат зээлийн гэрээ Цалингийн зээл гэсэн нэртэй байдаг. Уг гэрээ нь агуулгын хувьд ******* цалингийн зээл авч, зээлдэгч цалингаасаа зээлийг барагдуулах явдал юм. Дээрх гэрээгээр цалингийн зээл олгогдсон болох нь нэхэмжпэгчийн тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцөлүүд, *******гийн дансны хуулга зэрэгт тодорхой тусгагдсан ба зээлийн гэрээнд зээлдэгч амралт, чөлөө авах, өөр албан тушаалд шилжих, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажлаас халагдах нөхцөлд зээлдүүлэгчид хэрхэн мэдэгдэх, зээлийн үлдэгдлийг хэрхэн төлөх талаар заажээ. *******гийн Төрийн банк дахь 340502224308 дугаартай дансны хуулгад цалингийн зээл гэж тэмдэглэсэн. Гэрээнд "...гэрээний үүрэг нь зээлдэгч, хамтран зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон гэж зарлагдсан, нас барсан нөхцөлд түүний ав залгамжлагч гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг хариуцан барагдуулна, банк барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авна. гэж заасан. 3.1. Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан *******д холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн тэтгэврийг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар би ямар нэг үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болох юм. 4.1 Төрийн банк болон *******гийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дээрх заалт агуулгын хувьд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалтад харшлахгүй гэж үзэж байна. Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй надад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Төрийн банк-ны зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Мөн *******г хэзээ ажлаасаа гарсан эсэхийг нь нэхэмжлэгч тал тодруулалгүй гэрээнд заасан заалтуудаа банкны зүгээс ч хэрэгжүүлдэггүй нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 2749 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-4/ итгэмжлэл /хх-5-6/, Төрийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 340502449703 дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8-10/ , *******гийн зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-11-21/, Зээлийн хүү тооцох аргачлал /хх-22/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 2022 оны 02 сарын 16, 2022 оны 04 сарын 11-ний өдрийн мэдэгдэл /хх-23-25/, *******гийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-26/, *******ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-27/, цалингийн зээлийн өргөдлийн маягт /хх-28/, *******ийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-29/, зээлдэгчийн анкет /хх-30/, 2023 оны 02 сарын 02-ны өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-50/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч: *******, ******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-нд Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс 12 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ******* 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг хамтран зээлдэгч *******д хүргүүлсэн. Иймд үндсэн зээл 8 185 685.76 төгрөг, зээлийн хүү 1 519 829.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87 906.76 төгрөг, нийт 9 793 421.73 төгрөгийг хамтран зээлдэгч *******ээс гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь 2018 оны 12 дугаар сарын сарын 05-ны өдөр Төрийн банк ХХК-тай 340502449703 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан, тухайн зээл нь цалингийн зээлийн зориулалтаар зээлдэгч *******гийн ирээдүйд орох цалинг барьцаалсан, гэрээнд хариуцагч ******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба энэ талаар хариуцагч маргаагүй.

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн үндэслэлд нийцжээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан байна.

Зээлдэгч нар 2021 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.

5. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллага нь хамтран зээлдэгчид 2022 оны 02 дугаар сарын 16, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1.-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь гэрээг цуцлах эрхтэй байна.

Хариуцагч зээлийг би аваагүй, зээлдэгч нас барсан гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хамтран зээлдэгч *******ээс зээлийн төлбөрийг бүхэлд нь нэхэмжилсэн.

Үндсэн зээлдэгч ******* нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 236101000931 дугаар лавлагаар нотлогдож байна. /хх80/

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгч нарын хүлээх үүрэг ямар байхыг тодорхой тусгаагүй, зээлдэгч нар зээлийг хэн нь яаж төлөхийг тодорхойлох боломжгүй байх тул тэдгээрийг үүрэг тэнцүү гэж үзэв.

8. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд үндсэн зээлдэгч ******* нас барсан тул түүнд ногдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр Төрийн банк ХХК-ийн *******, С.Идэрцэнгэл нартай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Идэрцэнгэлээс зээлийн гэрээний үүргийн тал хувь болох 4 896 710 төгрөгийг гаргуулан Төрийн банкны Орхон салбар Бүрэнбүст тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс 4 896 710 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 644 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Идэрцэнгэлээс 93 297 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн банк ХХК-ийн *******, С.Идэрцэнгэл нартай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4 896 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбар Бүрэнбүст тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 896 710 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 644 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжаар 93 297 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбар Бзрэнбүст тооцооны төвд олгосугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА